| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00618/И |
| Дугаар | 133/ШШ2023/00063 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 133/ШШ2023/00063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГАА ПГ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Х-Д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц эзгүйд, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргыг төлөөлж, нэхэмжлэл гаргасан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын төлөөлөгч, прокурор Л.Г-г оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Сум хөгжүүлэх сангийн зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324 төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 0501455401 тоот дансанд оруулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга болон иргэн Б.Х нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулагджээ.
Зээлийн гэрээний дагуу Б.Х нь 28,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр “Оёдлын цех” байгуулах зориулалтаар авчээ.
Гэрээний дагуу зээл эргэн төлөх хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр дууссан байна. Гэвч зээлдэгч Б.Х үндсэн зээл 27,920,879 төгрөг, зээлийн хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324 төгрөгийг төлөөгүй байна.
Есөнбулаг сумын Засаг даргаас Б.Х зээлийн төлбөрийг гаргуулах зорилгоор тус аймаг дахь Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 251, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэл, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг.
Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаан буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж,
Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Х үндсэн зээл 27,920,879 төгрөг, зээлийн хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг нийт 37,086,324 төгрөгийг гаргуулж, Есөнбулаг сумын Сум хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Б.Х нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулж, 28,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр “Оёдлын цех байгуулах” зориулалтаар авсан.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дугаар сарын 09-ний өдөр дууссан байхад 5 жил 2 сарын дараа нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдож байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зэрэг үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/15 дугаар албан бичиг
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргын тодорхойлолт
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад гаргасан Б.Х хүсэлт
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 251 дүгээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэл
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэл
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл” тэмдэглэл
- Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь/2014.09.18 №16/
- Төлбөрийн хүсэлт/2014.09.22/
- Ерөнхий журналын дэлгэрэнгүй/Б.Х/
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1008 дугаар албан бичиг
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 01/206 дугаар “Төсвийн орлого болгох тухай” акт
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2016 оны 04 дүгээр сарын 116/01 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” акт
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/101 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” акт
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/93 дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/19 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” акт
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/25 дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт
- Сум хөгжүүлэх сангийн зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл/Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум/
-Сум хөгжүүлэх сангийн аудитаар тогтоогдсон төлбөрийн акт, шийдвэрлэлтийн хэрэгжилтийн судалгаа/Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум/
6. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргын тодорхойлолт
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр албан бичиг
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/32 дугаар албан бичиг
- Нас барсны гэрчилгээ
7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/38 дугаар албан бичиг, зээлийн гэрээний хувийн хэргийн материал
- Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь/2014.09.18 №16/
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж
- Төлбөрийн хүсэлт/2014.09.22/
- Итгэмжлэл/Н.О, Б.Х/
- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/Н.О/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 1/15 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 6 хуудас/-ээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг ГАА ПГ гаргажээ.
Уг албан хүсэлтийн үндсэн дээр ГАА ПГ нь Б.Х холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Сум хөгжүүлэх сангийн зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324 төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 0501455401 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл/хавтаст хэргийн 1-3 хуудас/ гаргажээ.
Хариуцагч Б.Х нь “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариу тайлбар/хавтаст хэргийн 38 хуудас/-ыг гарган маргажээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга болон хариуцагч Б.Х нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 16 дугаар “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” бичгээр байгуулагджээ./Хавтаст хэргийн 18-20 хуудас/
Уг “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний 2.1-т “Сангаас олгох 28,000,000 төгрөгийг оёдлын цех байгуулах зориулалтаар зарцуулна”, 2.2-т “Зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, дуусгана”, 3.1-т “Төсөл хэрэгжүүлэхэд зориулан 28,000,000 төгрөгийн зээлийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр олгоно” тус тус зааснаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг болно.
“Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангийн эх үүсвэртэй 28,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Б.Х нь зээл 28,000,00 төгрөг, хүү 1,484,076 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Зохигч нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэсэн шаардлагад нийцэж байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргасангүй.
3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэжээ.
Зээлдүүлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга нь зээлийн гэрээний гол үүргийг биелүүлж, тус сум хөгжүүлэх сангаас 28,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Х “Хаан банк” ХХК дахь 5315365801 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр нотлогдож байна./Хавтаст хэргийн 48 хуудас/
Харин зээлдэгч Б.Х нь гэрээний хугацаанд зээл 79,121 төгрөг, хүүд 310,801 төгрөг, нийт 389,922 төгрөгийг төлж/хавтаст хэргийн 24 хуудас/, үлдэх зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, нийт 29,094,154 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний гол үүргээ биелүүлээгүй байна.
Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсан зээл зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, нийт 29,094,154 төгрөгийг тус тус гаргуулах шаардах эрхтэй.
Уг шаардах эрх нь дуусгавар болсон гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүй болно. Зээл, хүүгийн үлдэгдлийн хэмжээг хариуцагч хүлээн зөвшөөрч, баримтаар үгүйсгээгүй болно.
Харин хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн, шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар маргажээ.
4. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заажээ.
“Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заагдсан зээл төлөх эцсийн хугацаа болох 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дараагийн өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүснэ.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гурван жил байх тул “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр дуусгавар болно.
Уг хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Есөнбулаг сумын Засаг дарга нь хариуцагч Б.Х холбогдуулан “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргажээ. /Хавтас хэргийн 17 хуудас/
Улмаар нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Есөнбулаг сумын Засаг дарга нь хариуцагч Б.Х холбогдуулан “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дахин Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж байжээ./Хавтас хэргийн 16 хуудас/
5. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 251 дүгээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-д “Уригдсан тал Б.Х нь сум хөгжүүлэх сангийн 28,000,000 төгрөгийн үнэтэй оёдлын машин, бусад тоног төхөөрөмжийг буцаан авахыг хүсэж байна” гэж тусгажээ./Хавтаст хэргийн 17 хуудас/
Хариуцагч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Есөнбулаг сумын Засаг даргад бичгээр гаргасан хүсэлтдээ “Миний амьдрал ахуй, улсад ажилласан жилийг минь харгалзан үзэж, энэ машин тоног төхөөрөмжөө буцаан авч, өр ширгүй болгож өгнө үү” гэжээ./Хавтаст хэргийн 15 хуудас/
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 251 дүгээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-д “Сум хөгжүүлэх сангаас 28,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн...Одоо байгаа оёдлын тоног төхөөрөмжийг 37,088,625 төгрөгт тооцож өгнө гэж тайлбар гаргасан” гэжээ./Хавтаст хэргийн 16 хуудас/
Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Х нь сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр төлөх талаар тусгагдаагүй боловч эд хөрөнгөөр орлуулан төлөх агуулгаар нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байжээ.
Энэ тохиолдолд үүрэг хүлээсэн этгээд болох хариуцагч Б.Х нь эрх бүхий этгээд болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын шаардлагыг хүлээн зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаас хойш Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргыг төлөөлж, Б.Х холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иймд “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн, уг хугацаа тасалдаагүй” гэх хариуцагчийн татгалзал эрх зүйн үндэслэлгүй.
6. “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний 2.4-т “Энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө” гэжээ.
Үүнээс үзэхэд зохигч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анз тохирсон гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй. Учир нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт тодорхойлжээ.
Зээлийн гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн торгууль, алданги гэсэн анзын аль төрөлд хамаарахыг тогтоохын тулд тайлбарлах шаардлагатай.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэжээ.
“Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний 2.4 дахь заалтад зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд сарын 0.5 хувийн “торгууль” төлнө гэж тусгасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн агуулгад нийцэхгүй байна.
Учир нь торгууль нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анз байдаг.
Харин зээлийн гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн агуулгад нийцэж байна. Учир нь анз нь Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг байдаг.
Хэдийгээр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний 2.4 дахь заалтад торгуулийг хэмжээг сарын 0.5 хувь байхаар тогтоосон нь алдангид хамааруулахгүй байх эрх зүйн үндэслэлгүй.
Учир нь зээлдэгч нь гэрээний гол үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцон тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн зээлдүүлэгчид өгөхөөр харилцан тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон гэрээндээ тусган баталгаажуулж, агуулгын хувьд харилцан нэгдсэн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэж, хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэлгүй.
Иймдээ ч Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн 2015-2019 онуудын санхүүгийн тайланд аудит хийхдээ хугацаандаа эргэн төлөгдөөгүй сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэлд алданги тогтоожээ.
Энэхүү үйл баримт Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 01/206 дугаар “Төсвийн орлого болгох тухай” акт, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2016 оны 04 дүгээр сарын 116/01 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” акт, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/101 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” акт, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/93 дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт, - Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/19 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” акт, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/25 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар тус тус нотлогдож байна./Хавтаст хэргийн 111-120,131-132 хуудас/
Дээрх аудитын актын хавсралт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн дэлгэрэнгүй мэдээллийн жагсаалт 170 дугаар “Зээлдэгчийн нэр: Б.Х, Зээлийн хэмжээ: 28,000,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 27,920,879 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг” гэж тусгажээ./Хавтаст хэргийн 129 хуудас/
Аудитын актаар тогтоогдсон алдангийн үнийн дүн 7,992,170 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга нь хариуцагч Б.Х алданги 7,992,170 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын алданги шаардах эрхийг баримтаар үгүйсгээгүй, үнийн дүнгийн хувьд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэжээ.
Хэдийгээр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд хариуцагчаас Б.Х гадна хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.О гарын үсэг зурсан хэдий ч нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга нь хуулийн дээрх заалтын дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж эрхтэй.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж үздэг.
Шүүх хөндлөнгийн байгууллагын хувьд хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийг тодорхойлж, нэхэмжлэлд тусгах нь нэхэмжлэгчийн эрхэд хязгаарлалт тогтоох боломжгүй.
8. Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1008 дугаар албан бичигт “Сум хөгжүүлэх санг Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчилж, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбогдуулан 21 аймаг, 330 сумын хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь дансны нэрийг Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчилсөн” талаар дурджээ./Хавтаст хэргийн 58 хуудас/
Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргыг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Х сум хөгжүүлэх сангийн зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 0501455401 тоот дансанд оруулав.
9. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам” нь зохигчийн хооронд зээлийн байгуулагдаж, зээл олголт хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 4.4 дэх хэсэгт “Зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Засаг дарга зээл олгох захирамж гаргана” гэжээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн 1 дэх заалтад “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар дэмжигдсэн 2 төслийг 1 дүгээр хавсралтаар баталсугай”, 2 дахь заалтад “Төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, зээл олгохыг төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч, газар тариалан, бэлчээр, хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нарт даалгасугай” гэжээ.
Уг захирамжийн хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хурлаар дэмжигдсэн төслийн жагсаалт”-ын 1 дэх заалтад “Зээлдэгчийн нэр: Б.Хандаа, төслийн нэр: оёдлын цех, үйл ажиллагааны чиглэл: хөнгөн үйлдвэр, төслийн өртөг 21,580,000 төгрөг, хүссэн зээл 28,000,000 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 21,384,000 төгрөг, сэлбэг материал худалдан авахад 1,828,000 төгрөг, ажлын байрны тоо: 10, шийдвэрлэсэн дүн: 28,000,000 төгрөг”.
Уг бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж, сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрээс 28,000,000 төгрөгийг зээлжээ.
Хариуцагч Б.Х зээл олгохоор шийдвэрлэсэн нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын дээрх захирамж нь бодит байдалд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэй эсэхэд иргэний хэргийн шүүх дүгнэлт хийх эрх хэмжээгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол”-ыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэдэг.
10. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаас хариуцагч Б.Х зээл олгосон шийдвэр хууль бус, гэмт хэргийн шинжтэй гэх хариуцагчийн өмгөөлөгч Д.А-н тайлбар нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
Өмгөөлөгч Д.А тайлбарт дурдсан “сум хөгжүүлэх сангийн зээл олголт нь гэмт хэргийн шинжтэй” гэх асуудлаар эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн гэх баримт иргэний хэрэгт авагдаагүй болно.
Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргыг төлөөлсөн ГАА ПГ нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн үндэслэлгүй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу ГАА ПГ нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргыг төлөөлж, Б.Х холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 37,086,324 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 343,381 төгрөгийг хариуцагч Б.Х гаргуулан улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргыг төлөөлсөн ГАА ПГ нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Х-с сум хөгжүүлэх сангийн зээл 27,920,879 төгрөг, хүү 1,173,275 төгрөг, алданги 7,992,170 төгрөг, нийт 37,086,324/гучин долоон сая наян зургаан мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 0501455401 тоот дансанд оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасныг баримтлан ГАА ПГ нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргыг төлөөлж, хариуцагч Б.Х холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х улсын тэмдэгтийн хураамжид 343,381/гурван зуун дөчин гурван мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ