Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2023/00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГАА АС ЗД холбогдох

Сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б тэмдэглэл хөтлөв.

Тодорхойлох нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажлаас чөлөөлөгдcөний нэг удаагийн тэтгэмж 5,640,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие Ш.Б нь Говь-Алтай аймгийн Алтай суманд 1970 онд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй. 2019-2020 онуудад Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  даргаар ажиллаж байгаад орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 2020 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт удаа дараа ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авах талаар өргөдөл гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа юм.

Монгол Улсын Засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн тэтгэмж 5,640,000 төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч Алтай сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар “Дарга сонгох тухай” тогтоол

-  Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр “Даргаас чөлөөлөх тухай” тогтоол

- “Нийгмийн даатгалын дэвтэр”/Ш.Б/

- Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/112 дугаар албан бичиг

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 41 дүгээр албан бичиг

- Нэхэмжлэл/Ш.Б 2022.09.12/

- Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/25 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/24 дүгээр албан бичиг

-  Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар “2022 оны төсөв батлах тухай” тогтоол

- Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тус сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн санал, илтгэл

-  Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар “Аймгийн 2022 оны төсөв батлах тухай” тогтоол

- Гэрчид хууль тайлбарласан тухай баримт, иргэний үнэмлэх/Н.Пагмадулам/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/1401 дүгээр албан бичиг

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2022/00574 дүгээр хуралдааны тэмдэглэл

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2022/00533 дугаар шийдвэр

5. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:  Ш.Б-н иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр сонгогдоод 2020 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр чөлөөлөгдсөн үеийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлсэн.

Ш.Б нь ажлаас чөлөөлөгдсөн даруй багшийн ажилдаа орсон байдаг. Мөн сумын Иргэдийн хурлын даргаар 10 гаруй жил ажилласан М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөөд одоо хүртэл эрхэлсэн ажилгүй бөгөөд сумын Засаг даргад орон нутгийн сонгуулийн үр дүнгийн тэтгэмжээс олгох хүсэлтээ ирүүлсэн байдаг.

Иймд сонгуулийн үеийн тэтгэмжийг сумын Иргэдийн хурлын дарга асан Ш.Б, М.Б нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлье. 

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар/М.Б/

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

Үндэслэх нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ш.Б нь “Орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажлаасаа чөлөөлөгдсөн” гэх үндэслэлээр хариуцагч ГАА АС ЗД холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж 5,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1 хуудас/

Хариуцагч ГАА АС ЗД нь “Нэг удаагийн буцалтгүй тусламжийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Ш.Б, М.Б нарт хуваан олгох нь зүйтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ./Хавтаст хэргийн 22 хуудас/

2. Монгол Улсын их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоожээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль явагдаж, дүн гарсан” үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд илэрхий тул түүнийг дахин нотлохгүй.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хурлын дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан нэхэмжлэгч Ш.Б 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ./Хавтаст хэргийн 4 хуудас/

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг даргад тухайн ажлыг эрхэлсэн хугацаанаас үл хамааран нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2020 оны ээлжит сонгуулийн дүнд Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажлаасаа чөлөөлөгдсөн тул урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох болзол хангагджээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль болохоос өмнө буюу Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоол/хавтаст хэргийн 3 хуудас/-оор тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажилласан нь нэхэмжлэгч Ш.Б нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байх эрх үндэслэл биш.

Дээрх үндэслэлээр “Нэг удаагийн буцалтгүй тусламжийг сумын Иргэдийн хурлын дарга асан Ш.Б, М.Бнарт хуваан олгох” тухай хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нотлох баримтаар иргэний хэрэгт гарган өгсөн зохигчоор иргэний хэрэгт оролцоогүй М.Б өргөдөл/хавтаст хэргийн 76 хуудас/-д тус шүүхээс албан бичгээр зохих хариу өгөх нь зүйтэй үзсэн болно.

3. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоол/хавтаст хэргийн 54-59 хуудас/-оор “Говь-Алтай аймгийн 2022 оны төсөв”-ийг баталжээ.

Уг төсөвт сонгуулийн дүнд Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлөгдсөн хүнд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардал 5,640,000 төгрөгийг Алтай сумын суурь зарлагад баталсан болохыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/1401 дүгээр албан бичигт дурджээ./Хавтаст хэргийн 62 хуудас/

Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоол/хавтаст хэргийн 44-46 хуудас/-оор “Алтай сумын 2022 оны төсөв”-ийг баталжээ.

Уг төсвийн илтгэлээс үзэхэд сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн Иргэдийн хурлын болон Засаг дарга нарт олгох тэтгэмжийн зардалд 18,000,000 төгрөг баталжээ./Хавтаст хэргийн 51 хуудас/

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн зарлага хариуцсан мэргэжилтэн Н.П нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож, гэрчийн мэдүүлэг өгчээ.

Гэрч Н.П нь “Говь-Алтай аймгийн 2022 оны төсөвт сонгуулийн дүнгээр ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал 27,258,000 төгрөгийг Алтай суманд баталсан. Уг тэтгэмжийн зардлын дүнг Алтай сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас 2022 оны төсвийг батлахдаа 18,000,000 төгрөг болгон бууруулсан баталсан байсан” агуулгатай мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ./Хавтаст хэргийн 5 хуудас/

Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд орон нутгийн хурлын сонгуулийн дүнд Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Ш.Б-т олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж 5,640,000 төгрөгийн зардал нь хариуцагч ГАА АС ЗД захиран зарцуулах төсөвт батлагджээ.

4. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн мөн хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байдаг.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах бүрэн эрхтэй” гэж Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт, бүх шатны төсвийн захирагч нь төсвийн хэрэгжилтийн талаар “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” үүрэгтэй байхаар мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэгт тус тус заажээ.

Говь-Алтай аймгийн Алтай сумын 2022 оны төсөвт орон нутгийн хурлын сонгуулийн дүнд Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Ш.Б олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж 5,640,000 төгрөгийн зардал батлагдсан байхад хариуцагч ГАА АС ЗД нь төсвийн хэрэгжилтийг хангуулаагүй, батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Аймаг, сумын төсөвт тусгагдсан нэг удаагийн буцалтгүй тусламж авах тухай нэхэмжлэгч Ш.Б-н өргөдөлд хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/112 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 7 хуудас/-ээр шүүхээр шийдвэрлүүлэхээр хариу өгсөн нь хуулийн дээрх заалтад нийцсэнгүй.

Иймд сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж 5,640,000 төгрөгийг хариуцагч ГАА АС ЗД гаргуулан нэхэмжлэгч Боржигин овгийн Ш.Б олгов.

5. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2022/00533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөгчдийн Хурлын дарга П.Ө, Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А нарт холбогдох сонгуулийн үр дүнд албан тушаалаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж 6,717,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ./Хавтаст хэргийн 38 хуудас/

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэдийгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус хурлын даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа боловч тэтгэмжийн тухайд төсөв батлагдсан байгууллагаас олгогдох нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх баталгааг хэрэгжүүлэх, тооцох тал дээр илүү бодитой.

...Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг өөрөө сонгон тодорхойлох хэдий ч зөв тодорхойлоогүйн зэрэгцээ хариуцагчийг солих тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөвтгөж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Иймд Ш.Б ГАА АС ЗД холбогдох сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж 5,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа...” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй болно.

Учир нь урьд шийдвэрлэгдсэн иргэний хэрэгтэй холбоотой боловч өөр хариуцагчид холбогдох нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хамаарахгүй.  

6. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр                                                              баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

Уг хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө нэхэмжлэгч Ш.Б нь сонгуулийн дүнд Говь-Алтай аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлөгдөж, нэг удаагийн тэтгэмж авах болзол хангагджээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Иймд зохигч хоорондох нэг удаагийн тэтгэмж гаргуулах тухай маргааныг тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөж байсан 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлан хянан шийдвэрлэсэн болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч ГАА АС ЗД холбогдуулан нэг удаагийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 5,640,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 105,190 төгрөгийг хариуцагч ГАА АС ЗД гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ГАА АС ЗД “сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж 5,640,000 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч ГАА АС ЗД холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ГАА АС ЗД 105,190 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ