| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/05085/И |
| Дугаар | 101/ШШ2022/03822 |
| Огноо | 2022-09-21 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/03822
2022 09 21 101/ШШ2022/03822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 00000000000000 тоот хаягт оршин суух, Дугархаван овогт Болдын С /РД: ххххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0000000000000хаягт байрлах Н ХХК /РД: ххххххххххх/,
Хариуцагч: 000000000000 тоот хаягт оршин суух, Амбагай овогт Дариймаагийн г /ххххххххххххх/ нарт холбогдох
0000000000000 тоотын 55,76 м.кв орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангиас зүүм программаар хариуцагч Д.г,
Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.С нь 2016 оны 03 сарын 24-ний өдөр Н ХХК, захирал Д.гтой 0000000000000 тоотын 55,76 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв үнийг 1,750,000 төгрөгт тооцож, нийт 97,580,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Талуудын хооронд байгуулсан 2016 оны 03 сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 2.1-т заасны дагуу маргаан бүхий орон сууцны гэрчилгээ Б.Сийн нэр дээр гарах байсан ч гараагүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ хэзээ гарах талаар Н ХХК-ийн захирал Д.гоос асуухад хүлээж бай, гарна гэдэг байсан ч 2017 оны 01 сарын 16-ны өдөр орон сууцны гэрчилгээ иргэн Д.гын нэр дээр гарсныг сүүлд мэдсэн.
Орон сууцны үлдэгдэл төлбөр 65,759,480 төгрөгийг 2021 оны 01 сарын 25-ны өдөр Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг зээлэн авч тухайн өдрөө Н ХХК-д үлдэгдэл төлбөрөө бэлнээр тушаасан.
Орон сууцны төлбөрт 31,820,519 төгрөгийг төлсөн байсан ба үлдэх 65,759,480 төгрөгийг төлснөөр Н ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ Б.С биелүүлсэн.
2016 оны 03 сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.6-д Худалдан авагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсөн нөхцөлд орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгнө гэж заасны дагуу орон сууцны өмчлөх эрхээ Д.гоос шилжүүлэн авах гэтэл тэрээр Д ХХК-тай 2019 оны 04 сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан орон сууцыг маань зээлийн барьцаалсан байсан.
Иймд Н ХХК-тай байгуулсан 2016 оны 03 сарын 24-ний өдрийн ОСГ-01 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Сайхан хотхон, 7А байр, 2 давхрын 9 тоотын 55,76 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч Болдын С болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани Б.Стэй 2016 оны 03 сарын 24-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 97,580,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Сайхан хотхоны 7А байрны 9 тоотын орон сууцыг зээлээр худалдсан.
Тэрээр гэрээний урьдчилгаа төлбөр 31,820,519 төгрөгийг төлсөн талаар маргахгүй. Б.С хамгийн сүүлд 2020 оны 10 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийн төлөлт хийн үүнээс төлөлт хийхгүй байсаар 2021 оны 01 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй зөвшилцсөн.
Б.Стэй зөвшилцсөний үндсэн дээр Д.гын 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг Т ХХК-тай Б.С зээлийн гэрээ байгуулан орон сууцны үлдэгдэл төлбөр 65,759,480 төгрөгийг зээлэн авч Н ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлснөөр түүний манай компанитай байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон.
Манай компани Б.Сийн хуримтлагдсан алдангиас 4,057,603 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн хасалт хийсэн ба 65,759,480 төгрөгийг бид үйл ажиллагаандаа зарцуулсан.
Д.г 2019 оны 04 сарын 23-ны өдөр Д ХХК-тай 2019 оны 04 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Б.Сийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Сайхан хотхоны 7А байрны 9 тоот орон сууцыг барьцаалан зээл авсан байсан. Б.С төлбөрөө төлж дуусгасан ч түүний орон сууц Т ХХК-ийн барьцаанд байгаа тул гэрчилгээг нь гаргаж өгөх боломжгүй болсон.
Д ХХК нь Т ХХК болж нэрээ өөрчилсөн ба одоо Г ХХК болж нэрээ өөрчилсөн байгаа.
Б.С нь Д.гын 100 хувийн хувьцаа эзэмшдэг Т ХХК-д 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 69,122,152.73 төгрөг болон тус компаниас хөнгөлсөн 4,057,603 төгрөг, нийт 73,179,946 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Т ХХК одоо зээл олгох үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа ба бусдад олгосон зээлээ шаардан авах ажиллагаа явуулж байна. Миний хувьд тус банк бус санхүүгийн байгууллагын 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.гын итгэмжлэлээр мөн байгууллагыг төлөөлдөг учраас энэ талаар тайлбарлаж байна.
Д.гын Д ХХК-тай байгуулсан 2019 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй. Бид 2019 оны 11 сараас хойш Г ХХК-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар удаа дараа хүсэлт гаргасны дагуу тухайн үед хариуцан ажиллаж байсан ажилтан н.Саранбаатар, Тогтох нартай 2021 оны 03 сарын 25-ны өдөр аман хэлэлцээр хийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоохоор болсон.
Г ХХК-д үндсэн зээлийн үлдэгдэл 35,218,652.36 төгрөг, 2021 оны 03 сарын 25-ны байдлаар зээлийн хүү 23,245,449.12 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар 5,390,900 төгрөг, нийт 63,855,001.48 төгрөгийн өглөгтэй байгаа.
Харин нэхэмжлэгч Б.С Т ХХК-д нийт 69,122,152.73 төгрөг төлөх ёстой тул зээлийг шилжүүлээд асуудлыг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй.
Г ХХК нь өнөөдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэн 20,909,856.04 төгрөгийг нэхэмжлэн нийт 90,909,856.04 төгрөгийг төл гэсэн.
Д.г нь эрүүгийн хэрэгт холбогдон 2021 оны 08 сарын 09-ний өдрөөс хоригдон улмаар эрүүгийн хэрэг нь 2022 оны 03 сарын 30-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Д.г цаашид ажил хөдөлмөр эрхэлж орлого олох ямар ч боломжгүй болсон төдийгүй түүний хамаарал бүхий компаниудын бүх хөрөнгө, данс битүүмжлэгдэн хохирогч нарын төлбөрт төлөгдөхөөр болсон учир Г ХХК-ийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 20,909,856 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй болоод байгаа.
Б.Сийн Т ХХК-д төлөх зээлийн үлдэгдэл 69,122,152.73 төгрөгийг Д.гын Г ХХК-д төлөх ёстой 63,855,001 төгрөгт дүйцүүлэн шилжүүлж шийдвэрлэх боломжтой.
Б.С нь Г ХХК-д зээлийн үлдэгдэл төлбөрийг шууд төлж тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд, эсвэл Д.гын 100 хувийн хувьцаа эзэмшдэг Т ХХК-д зээлийг бүрэн төлсөн тохиолдолд бид Г ХХК-д зээлийг шууд төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх боломжтой гэв.
Хариуцагч Д.г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.С нь Н ХХК-тай 2016 оны 03 сарын 24-ний өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Сайхан хотхон, 7А байр, 2 давхрын 9 тоотын 55,76 м.кв талбай бүхий орон сууцыг 97,580,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болсон.
31,820,519 төгрөг төлсөн талаар маргаангүй. Үлдэгдэл төлбөр 65,759,480 төгрөгийг Д.г миний 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг Т ХХК-иас 2021 оны 01 сарын 25-ны өдөр зээлэн авч орон сууцны үнийг төлж дуусгасан.
Т ХХК нь одоо зээл олгохгүй байгаа, олгосон зээлээ буцаан авах ажиллагаа явуулж байгаа ба тус байгууллагыг одоо М.Уянга төлөөлж байгаа.
Г ХХК-иас 12 орон сууц барьцаалан зээл авсан ба тус байгууллагын зээлийн барьцаанд одоо Б.Сийн байр үлдсэн бөгөөд бусад 11 байрыг эзэд нь зээлийг нь төлөөд байраа авсан.
Би Б.Стэй найзын хувьд байрны зээлээ төлөхгүй байх хугацаанд нь байраа хураан авалгүй, боломжтой байх үедээ 4,000,000-5,000,000 орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандалмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.г нь Г ХХК-тай 2019 оны 04 сарын 23-ны өдөр 1032130101000036 зээлийн гэрээ байгуулан 400,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай буюу 2021 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд авсан.
Энэхүү зээлийн барьцаагаар 12 үл хөдлөх хөрөнгө барьцаалан 1032130101000036-1 тоот барьцааны гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үндсэн дээр Д.гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302 Улаанхуаран гудамж, 7а байрны 9 тоот хаягт байршилтай 55,76 м.кв байршилтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө Г ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байгаа бөгөөд түүний зээлийн үлдэгдэл 98,331,255.97 төгрөг байна.
Д.г нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Талуудын ирүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, А.Дөлгөөнд олгосон итгэмжлэл, 2016 оны 03 сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ,
Т ХХК-тай 2021 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, Н ХХК-д 2021 оны 01 сарын 25-ны өдөр 65,759,480.68 төгрөгийг төлсөн баримтыг,
Хариуцагч Н ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар Б.Сийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөх төлбөрийн тооцоолол,
Д ХХК-д хүргүүлсэн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн болон 2020 оны 02 сарын 06-ны өдрийн хүсэлтүүд зэрэг баримтуудыг,
Хариуцагч Д.г нь хариу тайлбарууд,
Бие даасан шаардлага гаргаагүй Г ХХК нь Д.гтой байгуулсан 2019 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Д.гын зээлийн дансны хуулга, итгэмжлэлүүд, дүрэм,
Д ХХК-ийн нэрийг Т ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 580 дугаар бүхий тушаал,
Т ХХК-ийн оноосон Г ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 362 дугаар бүхий тушаал,
Хариу тайлбар, Н ХХК-д хүргүүлсэн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
2022 оны 02 сарын 10-ны өдрийн хххххххххх дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ххххххххххххххххххххх тоотын 55.76 м.кв талбайтай орон сууцны хувийн хэргийн хуулбарыг,
Т ХХК-иас хххххххххххххххххххххххххххх 55.76 м.кв талбайтай орон сууцны зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбарыг,
Д ХХК, Т ХХК-иас ххххххххххххххххххххххххххххх тоотын 55.76 м.кв талбайтай орон сууцны зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь 0000000000000 тоотын 55,76 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад /Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс/ даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н ХХК-тай 2016 оны 03 сарын 24-ний өдөр ОСГ-01 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдан авагч Б.С Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Сайхан хотхон, 7а байр, 2 давхар, 9 тоотын 55,76 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000 төгрөгөөр, нийт 97,580,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-10, 64-72, 175-187 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон тохиолдолд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулах ба нэгэнт бий болсон орон сууц санал болгон тохирсон үнийг төлж буй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч Б.С нь гэрээ байгуулсан 2016 оны 03 сарын 24-ний өдрөө орон сууцыг хүлээн авсан бөгөөд тэрээр уг орон сууцанд амьдарч байгаа талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.
2016 оны 03 сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 1.2-т Худалдан авагч нь гэрээний 1.1-д дурдсан үнийн дүнгээс 20 хувь болох 19,516,000 төгрөгийг төлж орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна,
1.3-т Худалдан авагч нь гэрээний 1.1-д дурдсан үнийн дүнгийн 80 хувь буюу 78,064,000 төгрөгийг худалдагчид хавсралт-1 нөхцөлтэйгээр төлөхөөр тохиролцсон болно,
1.4-т Гэрээний 1.3-т дурдсан үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах хугацаа нь 180 сар буюу 2016 оны 03 сарын 24-ний өдрөөс 2031 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл байна,
1.5-д Хүү нь жилийн 5 хувь байна гэж заасан ба гэрээ ёсоор Б.С нь сар бүрийн 24-ний өдөр үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 617,880 төгрөгийг төлснөөр 2031 оны 02 сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болохоор талууд тохиролцжээ.
Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Н ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 03 сарын 24-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.7-д Худалдан авагч энэ гэрээний 1.3-т дурдсан төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өмчлөх эрх үүснэ,
2.6-д Худалдан авагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсөн нөхцөлд орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгнө гэж тус тус заажээ.
Б.С нь Н ХХК-тай 2016 оны 03 сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх явцад түүний зээлээр худалдан авч буй Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302, Улаанхуаран гудамж, 7а байр, 9 тоотын 55,76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь Н ХХК-ийн захирал Д.гын өмчлөлд 2017 оны 01 сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна.
Д.г нь Газар капитал партнерс ББСБ ХХК-тай 2017 оны 01 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн уг гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302, Улаанхуаран гудамж, 7а байр, 9 тоотын 55,76 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан ба 2017 оны 05 сарын 08-ны өдөр зээлийн төлбөрийг төлж дуусгавар болгосон,
Мөн Газар капитал партнерс ББСБ ХХК-тай дахин 2017 оны 05 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрхи орон сууцыг барьцаалан 2018 оны 03 сарын 28-ны өдөр зээлээ бүрэн төлсөн,
Мөн дээрхи байгууллагатай 2018 оны 03 сарын 28-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийг 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч Б.Сд 2016 оны 03 сарын 24-ний өдрийн гэрээний дагуу зээлээр худалдсан орон сууцыг барьцаалсан ба 2019 оны 02 сарын 22-ны өдөр зээлийг төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн байна.
Д.г нь Д ХХК-тай 2019 оны 04 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 400,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн, зээлийн гэрээний үүрэгт Н ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 11 орон сууцыг болон иргэн Д.гын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302, Улаанхуаран гудамж, 7а байр, 9 тоотын 55,76 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 76-142, 145-158 дугаар тал/
Т ХХК 2020 оны 04 сарын 06-ны өдөр бүртгэлийн байгууллагаас Д.гтой байгуулсан 2019 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан 12 орон сууц тус байгууллагын барьцаанд бүртгэлтэй эсэх талаар лавлагааг хүсэхэд Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 11-1647541 тоот лавлагаагаар Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302 Улаанхуаран гудамж, 7а байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.г бүртгэлтэй байна. ... уг орон сууцанд Д-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Мөн 2019 оны 357 тоот прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэсгийн мөрдөн байцаах тасгаас захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байна гэжээ.
/ХХ-ийн 138-141 дүгээр тал/
Хариуцагч Н ХХК, түүний захирал Д.г нь Б.Стэй 2016 оны 03 сарын 24-ний өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302, Улаанхуаран гудамж, 7а байр, 9 тоотын 55,76 м.кв талбай бүхий 2 өрөө, 97,580,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг түүнд зээлээр худалдан, худалдан авагч гэрээнд заасан төлбөрийг төлсөөр атал уг орон сууцыг 2017 оны 01 сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлэн, бусадтай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт барьцаалж байсан нь хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.С нь 2016 оны 03 сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Н ХХК-д 2021 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 31,820,519 төгрөг төлсөн талаар,
мөн тэрээр 2021 оны 01 сарын 25-ны өдрийн байдлаар 2016 оны 03 сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 65,759,480.68 төгрөгийг төлөхөөр байсан талаар талууд хэн аль нь маргаагүй.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.С нь Д.г захиралтай Т ХХК-тай 2021 оны 01 сарын 25-ны өдөр 00210034 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 65,759,480.68 төгрөгийг сарын 0,42 хувийн хүүтэй, 141 сарын хугацаатай зээлэн авч мөн өдөр нь Н ХХК-д орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 65,759,480.68 төгрөгийг төлснөөр Б.С уг гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болжээ.
65,759,480.68 төгрөгийг төлсөн нь кассын зарлагын мэдүүлэг болон кассын орлогын баримтаар тогтоогдсоныг дурдлаа.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11-15, 59-63, 167-174 дүгээр тал/
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно
243 дугаар зүйлийн 243.1-т .Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.С нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсөө төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дугархаван овогт Болдын Сийг 0000000000000 тоотын 55,76 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад /Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс/ даалгах нь зүйтэй гэж үзэв.
Д ХХК-ийн нэрийг Т ХХК болгон өөрчилсөн нь, Т ХХК оноосон нэрээ Г ХХК болгон өөрчилсөн нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 580 дугаар болон 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 362 дугаар бүхий оноосон нэрийг өөрчлөхийг зөвшөөрөх тухай тушаалуудаар тогтоогдсоныг дурдлаа.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 161-164 дүгээр тал/
2022 оны 09 сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 5 хоногийн өмнө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандалмаад мэдэгдэхэд тэрээр хүлээн авлаа гэсэн хэдий ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, ирэх боломжгүй байсан тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй тул гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б.Сийн Н ХХК-тай 2016 оны 03 сарын 24-ний өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан 0000000000000 тоотын 55,76 м.кв орон сууц нь Д.г нарт холбогдох эрүүгийн хэрэгт төлбөрт хураагдсан талаар зохигч тайлбарласан ба зохигч шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлээ гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Сийг 0000000000000 тоотын 55,76 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад даалгасан нь уг орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзах үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл Т ХХК нь Б.Стэй байгуулсан 2021 оны 01 сарын 25-ны өдрийн, Г ХХК нь иргэн Д.гтой 2019 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дугархаван овогт Болдын Сийг 0000000000000 тоотын 55,76 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад /Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс/ даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 716,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК, Д.г нараас нийт 716,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 21370 дугаар захирамжаар хариуцагч Н ХХК болон Д.г нараас эд хөрөнгөтэй холбоотой буюу 0000000000000 тоот дахь 55,76 м.кв талбай бүхий орон сууцтай холбоотой тодорхой ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН