| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0832/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/764 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/764
2025 09 09 2025/ШЦТ/764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,
улсын яллагч Б.Цэцэгмаа /биечлэн/,
шүүгдэгч П.Б /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506052372241 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт П-ийн Б /РД:ЕП00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ Амгалан хотхоны 000 дугаар байрны зогсоол дээр Б.Э-тай үл ялих зүйлээр маргалдан зодож, түүний биед дээд уруулд сэтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын завжинд шарх хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан, хохиролд 850.000 төгрөг төлсөн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр сайн дураараа хүсэлт гаргасан. Цаашид нийгэмд биеэ зөв авч явна, хохирогч шүүх хуралдаанд биеэр оролцохгүй гэсэн. Цаашид хохирогчтой холбоотой байж, биеийг нь асууж явна...” гэв.
2. Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дэлгүүрт бараа өгөх гээд дэлгүүрийн гадна талын талбай дээр ирээд зогсоол дээр зогсож байхад мотециклтой хүн ирээд зогссон. Тэр хүн ирээд надад хандаж чи ямар учиртай хүн бэ, энд яагаад зогсож байгаа юм бэ, чи ямар чипээр онгойлгож орж ирсэн бэ гэхээр нь би дэлгүүрт бараа өгөх гэж ирсэн, гаднаас чип хаалга онгойлгогчоор онгойлгож орж ирсэн гэж хэлсэн. Тэгтэл манай байранд гадны машин орж ирдэггүй, одоо гар гээд байхаар нь дэлгүүрт бараа өгөх гээд байна гэж хэлээд машиндаа суугаад байж байтал гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд, намайг явуулахгүй машины урд ирээд зогсоод байсан. Би машины цонхоор явмаар байна гэж хэлтэл тэр хүн чи миний бичиг баримт харна гээд байсан биздээ гэж хэлээд миний машины урд талд хамар дээр суучихаар нь би машинаас бууж очоод би явах гээд байна гэж хэлээд тэр хүнийг түлхэхэд эргэж хараад миний нүүрэн тус газарт, уруул хэсэгт нэг удаа цохиж, дараа нь толгой руу хэд хэдэн удаа цохиж, баруун мөр рүү нэг удаа цохиж авахаар нь би доошоо тонгойж гарыг нь нэг гараараа барьж аваад доош нь дарж байхад хүмүүс ирээд салгасан. Дараа нь тэр хүн дахин цохих гэж дайраад байсан. Миний уруулнаас цус гарсан гараад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
3. Гэрч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 23-ны өдриин Шинэ-Амгалан хороололын 000 дугаар байранд байдаг А дэлгүүрт түгээлэлт өгөх гээд уг байр руу машин гарах үед нь зөрж ороод түгээлэлтээ өгчөөд гарч явах гэсэн чинь нэг танихгүй мотоцикил унасан хүүхдээ дагуулсан эрэгтэй ирээд яаж танайх хаагуур орсон юм гэж асуусан. Тэгэхээр нь машин гарах үед зөрөөд орсон гэж хэлсэн чинь танайх тусгай чип байгаа бол наадахаа өг энүүгээр машин орохгүй би уг байрны СӨХ-ийн зөвлөлийн гишүүн байна, одоо гар зайл гээд уурлаад байсан. Тэгээд Э ах машинаа хөдөлгөөд явах гэсэн чинь машины урд талд нь налж, суугаад явуулахгүй болохоор Э ах буугаад явлаа холдооч гэж хэлсэн чинь эргэж хараад уруул хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод барьцалдаж аваад, Э ах нүүрээ хамгаалаад нөгөө хүнийг тэврээд авсан. Тэгээд Э ахын уруулаас цус гараад байхаар нь би 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Тухайн үед Э ах уг хүнтэй муудалцсан зүйл байхгүй нөгөө хүн зайл одоо гар гэж хэлсэн. Би машин дотор байсан болохоор хэл амаар доромжилсон эсэхийг мэдэхгүй байна. Э ахын уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
4. П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед охиноо цэцэрлэгээс нь аваад хотхон руугаа орсон чинь машин гардаг хэсгээр 1 машин зөрөөд орохоор нь очоод шаардлага тавиад хэдэн үг хэлсэн. Тэгтэл жолооч залуу ойлгохгүй хэрүүл маргаан үүсгээд байхаар нь машиных нь урд талд хааж зогсоод СӨХ-ийн даргын гар утас руу залгаад дуудах үед нөгөө залуу бууж ирээд явлаа, холдооч гээд түлхээд авахаар нь миний уур хүрээд эргэж хараад нөгөө залуугийн уруул хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9, 10 дугаар хуудас),
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн Т.Чимэд-Очирын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/6842 дугаартай “Б.Э-ийн биед дээд уруулд сэтэрсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд шарх хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
7. Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 6843 дугаартай “П.Б-ийн биед баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна, Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
8. Хохирогч Б.Э-ийн “...миний бие цагдаагийн байгууллагад зодуулсан гэсэн гомдол гаргасан. Холбогдогч П.Б нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоох шинжилгээ хийлгэхгүй, миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч П.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч П.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч Б.Э нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч П.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, яллагдагч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийвдэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-ийн Б /РД:ЕП00000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР