Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 11

 

Б.Г, Ж.Д нарын

                               нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2018/00079 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 107 дугаар гудамжны 03 тоотод оршин суух Боржигон овгийн Б Г,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Ахуйн үйлчилгээний ордон 0 тоотод оршин суух Их мянган овгийн Ж Д нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Говь-Алтай аймгийн Засаг дарга,

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г би Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, түүнийг төлөөлөн Ч.Ж, мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комиссын дарга Т.Г нартай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хөшөөний суурь хүлээлгэн өгөх, холбогдох тооцоо төлбөрийг хийх ажлыг иргэн Ж.Д хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учир Ж.Д нь мөн нэхэмжлэгч болж байгаа болно. Иргэн Ж.Д хийлгэсэн ажлынхаа хөлсийг одоо болтол өгөөгүй байгаа болно. Тус гэрээнд тохиролцсоноор Б.Г нь Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлыг хугацаанд нь, чанарын шаардлага ханган гүйцэтгэх, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн болно. Гэрээнд зааснаар гэрээт ажлыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн гүйцэтгэж дуусахаар тохиролцсон ба ажлын үр дүнг Б.Г би өөрийн материалаар хийж гүйцэтгэх болсон. Б.Г би ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар уг хөшөөг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. 2017 оны 12 дугаар сарын 15-нд Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “Болор цом” яруу найргийн наадамд уригдан ирсэн зохиолчид, зочид төлөөлөгчдийг болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөллийг байлцуулан Ч.Лодойдамбын 2.7 метр өндөртэй хүрэл хөшөөний нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Гэтэл захиалагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байна. Б.Г миний гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөшөөг хүлээн авах комиссыг ажиллуулахыг удаа дараа шаардсаны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/59 дугаартай, Хөшөөг хүлээн авах комисс томилох тухай захирамж гаргаснаар 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажилласан. Ажлын комисс уг хүрэл хөшөөг хүлээн авах дүгнэлт гаргасан боловч комиссын гишүүн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж гарын үсэг зураагүйгээс өнөөдрийг хүртэл хүрэл хөшөөг хүлээн авсанд тооцохгүй, /комиссын хуралд төрийн сангийн хэлтсийн дарга Ч Ж өөрөө тухайн хөшөөг хүлээн авахыг зөвшөөрчихөөд/ санхүүжилтийн дутууг өгөх болохоор гарын үсэг зурахгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээт ажлын хөлс 85.000.000 /наян таван сая/ төгрөг, үүнээс гэрээний үнийн дүнгийн 35%-ийн урьдчилгаа 29.750.000 төгрөгийг иргэн Б.Г миний Хаан банкны 5057015062 тоот дансанд гэрээний урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Харин ажлын гүйцэтгэлийн 80% гүйцэтгэсэн үед нийт хөлсний 40% буюу 34 сая төгрөг, үлдэгдэл 25%-ийг ажил дуусгавар болоход 21.250.000 төгрөгийг хийснээр гэрээ дуусгавар болох гэрээний үүргээ захиалагч биелүүлээгүй. Захиалагч болох Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс нь ажлын гүйцэтгэл 100 хувьтай, чанарын зохих шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авчихаад гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил дуусгавар болоход бүрэн төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар татгалзаж байгаатай холбоотой гэж үзэж байна. Захиалагч хөшөөний гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч, нээлтийн үйл ажиллагаа хийсэн, өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын төлөөлөгчид, аялагчид, нутгийн иргэд, хуулийн этгээд уг хөшөөг үзэж сонирхож, цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, улмаар тус хөшөөг зорьж ирдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ба хөшөө Говь-Алтай аймгийн соёлын нэгэн өв болсон. Энэ бүхэн нь тус гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан гэдгийг захиалагч хүлээн зөвшөөрсний баталгаа гэж үзэж байна. Гарын үсэг зураагүй нь хөшөөг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Захиалагч гэрээт ажлын хөлснөөс нийт 49.750.000 төгрөг буюу 58.5% төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т заасан захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд 0.3%-ийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэсний дагуу алданги тооцож хүснэгтээр хавсаргав. Нэхэмжлэл гаргах хүртэл гэрээт ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй 55.250.000 төгрөгийн алданги 27.514.500 төгрөг, үлдэгдэл 35.250.000 төгрөгийн хөлс төлөөгүйн алданги 9.729.000 төгрөг, нийт алдангийн хэмжээ 37.243.500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн нийт алдангийн 50 хувь болох 18.621.750 төгрөгийг Б.Г, Ж.Д бид захиалагчаас шаардах эрхтэй. Захиалагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болох хөлсийг бүрэн төлөхгүй хохироож байна. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисст 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Д нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. Хөшөө 130 саяар батлагдаж ирсэн. Дараа нь 85 сая төгрөгөөр гэрээ хийгдсэн. Хурлын дарга барималчтай яриад хөшөөний мөнгийг багасгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Б.Г яриад хөшөөг 85 сая төгрөгт хийгээд өг. Би боржин чулуун хөшөөний суурийг хийгээд өгье гэж хэлэхэд би өөртэй чинь гэрээ хийнэ гэсэн учир би хөшөөний суурийг хийхээр Б.Г гэрээ хийсэн. Тэгэхдээ суурийг 40 см өргөнтэй, 2 метр урттай хийхээр болсон. Суурийг хийх үед өвөл байсан учир би гэр бариад хийж байсан. Тэгээд хийх явцад ганц чулуун суурь санаанд таараагүй учир би 1 метр өргөнтэй хийсэн байдаг. Хөшөөг хийхэд сургууль бол зүгийн муу руу харсан гэж шүүмжлэгдэж байсан. Иймээс тухайн хөшөөний суурийг баруун урагш харуулах ёстой гэж байсан. Хөшөөг 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө авч ирээд 12 дугаар сарын 15-нд суурилуулж “Болор цом”- д оролцож байгаа найрагчид ирж нээлтийг нь хийж байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар нь Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисстой 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-т заасан хоног тутам 0.3 хувийн алданги тооцох 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулах, аймгийн Ч.Лодойдамбын хөшөөг хүлээж авсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт уг хөшөө баримлыг хүлээн авсанд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Уг хөшөөг хүлээн авах комиссын дүгнэлт гарсан байгаа. Уг дүгнэлт дээр комиссын дарга С.Б, Санхүү төрийн сангийн дарга Ч.Ж, архивын эрхлэгч М.М нар гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч Б.Г нь хөшөө баримлыг хүлээж авах орон нутагт патентжуулах гэдэг ажил хийгээгүй учир одоог хүртэл хохирч байгаа. Үүнийг хүлээж авсныг тогтоох үндэслэл байгаа. Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 69 дүгээр тоот тогтоолд барилга байгууламж хөшөө дурсгалыг хүлээж авах дүрмийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Комиссын гишүүд нэг бүрчлэн саналаа өгнө. Санал өгсний дараа хуралдаан хийгээд хуралдаан дээр саналаа илэрхийлнэ гэж заасан. Тэгэхээр комиссын гишүүд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр комиссын хурал хийхэд тухайн гишүүд бүгд оролцоод хүлээн авах саналтай гэдгээ илэрхийлсэн. Уг тогтоол дээр комиссын гишүүд Ч.Ж хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тул ашиглалтад авах саналтай байна гээд өөрөө гарын үсэг зурсан. Комиссын гишүүд болох Д.Ш, Б.Б, Р.П, Б.Н, С.Б, М.М нар бүгд хөшөөг хүлээн авахад татгалзах зүйлгүй гээд саналаа өгсөн. Мөн Ж.Д өөрөө мөн саналаа өгсөн. Комиссын дүгнэлт дээр яагаад гарын үсэг зураагүй учир нь Ч.Ж санхүүжилт байхгүй, би хүлээн авснаа зөвшөөрч байна. Санхүүжилт байхгүй учир хүндрэлтэй байна гээд гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн ахлагч С.Байгалмаа нь санхүү төрийн сангийн дарга гарын үсэг зурсан тохиолдолд би гарын үсэг зурна гэж хэлдэг. Засгийн газрын тогтоолд хөшөөтэй холбоотой баримт бичгийг хамгийн сүүлд архивын эрхлэгч нь хүлээж аваад гарын үсэг зурахаар заасан. Уг хөшөөг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг хөшөөний нээлтийн ажиллагааг хийсэн.Тухайн үед Говь-Алтай аймагт Болор цом тэмцээн болж тухайн тэмцээнд оролцсон бүх найрагчид аймгийн зохих удирдлагуудтай ирж нээлтэд оролцсон. Дараа нь зохиолчдын уулзалт аялал болсон тухайн аялалыг Ж.Д, Б.Г нар өөрсдийн санаачилгаар зохион байгуулаад ийм ажиллагаа хийгдсэн байгаа. Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 тоот тогтоолоор Ч.Лодойдамбын 100 жилийн ойг 2017 онд зохион байгуулах, ойг зохион байгуулах комиссыг байгуулсан. Гуравдугаарт ойгоор хийгдэх ажлын төлөвлөгөөг тус тус баталсан. 2017 оны 9 дүгээр сард Ч.Лодойдамбын хүрэл хөшөөг босгох гэж төлөвлөгөөнд тусгагдсан. Дөрөвдүгээрт зохиолчийн төрсөн газрын буурийг тохижуулах, Ч.Лодойдамбын нутгаар тойрон аялал зохион байгуулах 2017 оны 8-9 дүгээр сард гэсэн энэ нь зохион байгуулагдсан. Үүний дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 27 тоот тогтоолоор Ч.Лодойдамбын 100 жилийн ойг зохион байгуулах ажлын комиссыг батлаад хоёрдугаар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болгосон. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийг төлөөлж Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар түүнийг төлөөлж төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Г, гүйцэтгэгчийг төлөөлж Б.Г нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байгаа. Ч.Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан Ч.Лодойдамбын хөшөөг 2 метр 7 см өндөртэй, боржин чулуун хавтантай хийж гүйцэтгэх, хөшөөний ажлын хөлс болох 85 сая төгрөгийг 3 үе шаттайгаар олгох гэрээ хийгдсэн байгаа. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь Б.Г, Ж. Д нар нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг хөшөөг бүрэн хийсэн. Өөрөөр хэлбэл 5 эскиз хийгдсэн. Хөшөөний үлдэгдэл хөлсийг одоо болтол өгөөгүй. Гэрээний 6.4-т хөшөөний мөнгийг өгөөгүй учир хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцож төлнө гэсний дагуу алданги тооцож нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Д гаргасан нэхэмжлэлд тус ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар бөгөөд захиалагчийг төлөөлж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж гарын үсэг зурсан байна. Тус гэрээг Ч.Лодойдамбын ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргын хувьд ИТХурлын даргаар ажиллаж байсан Т.Г гарын үсэг зурж баталгаажуулсан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын даргыг хариуцагчаар татах үндэслэлгүй байна. Иймд тус иргэний хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын дарга хариуцагчаар оролцох боломжгүй тул хариуцагчаас чөлөөлж, захиалагч болон захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан албан тушаалтнуудыг ажил гүйцэтгэх гэрээний хариуцагчаар оролцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Д нар нь 2017 онд зохион байгуулагдах Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан тус хүний хөшөө баримлыг бүтээх талаар өөрсдийн санаачлагыг гарган хандив цуглуулан ажилласан байдаг. Тэгээд Ж.Д нь уран барималч Б.Г аман тохироо хийж хөшөөний эх загварыг хийлгэн, зохиолчийн ар гэрийнхэнд танилцуулан хандив цуглуулж эхэлсэн. Ингэхдээ ХААН банкинд 5337039246 тоот дансыг 2 дугаар сургуулийн нярав Ванчин овогтой Мөнбиш, захирал Хоохлой овогтой Батболд нарын нэр дээр 2017 оны 01 сарын 02-ны өдөр данс нээлгэж, уг дансанд 500.000 төгрөг байршуулсан байдаг. Ингээд 5 сараас хандивын мөнгө орж эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл тэд өөрсдөө 4.670.119 төгрөгийг л цуглуулж чадсан байдаг. Мэдээж ийм мөнгөөр бүхэл бүтэн хөшөө хийлгэх боломжгүй байсан учир аймаг дахь ой зохион байгуулах комиссын дарга бөгөөд ИТХ-ын дарга Т.Г санал тавьж хамтран ажилласан. Зохион байгуулах комиссын хурал дээр төсөвт тусгагдсан хөрөнгийн эх үүсвэр байхгүй учир дан ганц хандивын хөрөнгийг дайчилъя гэсэн санал гарч байгууллага, сумдын удирдлагуудад захидал явуулж, ажилтан бүрийн оролцоог хангаач, 1 өдрийн цалингийн хөдөлгөөн өрнүүлээч гэсэн. Ингээд хандивын дансыг үргэлжлүүлэн ашиглах болж, 1 дүгээр гарын үсгийг Т.Ганзориг, 2 дугаар гарын үсгийг Ч.Ж нар зурахаар гарын үсгийн баталгаа гарган 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс он дуустал 30.054.081 төгрөгийн хандив цуглуулсан. Ингээд хандивын дансанд нийт 34.724.200 төгрөг цугларснаас 29.709.000 төгрөгийг гүйцэтгэгчид олгосон. Одоо хандивын дансны үлдэгдэл 4.999.926,93 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2017 оны жилийн эцэст хандиваар 34.7 сая төгрөг цугларсан, цаашид мөнгө нэмж орох нь эрсдэлтэй байсан учир 2018 оны аймгийн орон нутгийн төсөвт 20 сая төгрөг тусгаж, 6 дугаар сард олгосон болно. Гүйцэтгэгчид нийт 49 сая 709 мянган төгрөгийг олгосон болно. Улсын комисс хүлээж аваагүй шалтгаан нь 1. Уг хөшөө нь эскиз зургаараа 80-100 см өндөрлөсөн гантиг суурьтай, тохижуулсан талбайтай, гадна гудамжнаас орох шаттай гэх мэт байхаар байсан. Гэтэл суурь нь газраас үл ялиг өндөр, талбайн цутгалт тохижилт хийгээгүй, гаднах шат хийгдээгүй байсан. 2. Комисс ажиллах үед гүйцэтгэгчээс дээрх ажлуудыг гүйцээх талаар ярихад дулааны улиралд хийх боломжтой гэж байсан учраас комиссын гишүүнээр ажиллах үедээ хүлээн авах боломжтой гэж үзэж байсан. Энэ тухай Т.Г даргад танилцуулахад дутуу хийгдсэн ажил хүлээн авч болох юм уу, үлдэгдэл санхүүжилтийг яаж шийдвэрлэх гэж байна гэдэг асуудал гаргасны дагуу комиссын актан дээр гарын үсэг зураагүй болно. Улсын комисс тухайн ажлыг хүлээн аваагүй, комиссын актад гарын үсэг зурагдаагүй байгаа учир нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж хариу тайлбар гаргаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Монгол Улсын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын 100 жилийн ойг удирдан тэмдэглэн өнгөрүүлэх ой зохион байгуулах комиссыг байгуулан, ойн арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байдаг. Тухайн тогтоолтой холбоотой Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлагдсан. Тухайн тогтоолын 3 дахь заалтад Ч.Лодойдамбын хөшөөний хүрэл хөшөөг босгох ажлын санхүүжилтийг хандиваар, хариуцах байгууллага нь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, 9 дэх заалт зохиолчийн төрсөн газрын буурийг тохижуулах ажлын санхүүжилтийг орон нутгийн төсөв хандиваар  хариуцах байгууллага аймгийн Чадраабалын Лодойдамбын сан, орон нутгийн байгууллага хандиваар гэсэн. Мөн 10 дахь заалтад Ч.Лодойдамбын нутгаар зохион байгуулах ажлыг хандиваар, монголын зохиолчдын эвлэлийн аймаг дахь салбар хариуцахаар тус тус заасан төлөвлөгөөг баталсан. Боловсрол соёл урлагийн газрын даргын уриалга хүргүүлэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 239 тоот албан бичигт хөшөөг иргэд ард олны сэтгэлийн хандиваар бүтээнэ гэсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 8 дугаар тогтоолоор хөшөөг бүтээх ажилд орон нутгийн төсвөөс 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Б.Г 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас Ч.Лодойдамбын хөшөө барих ажлыг 100 хувьтай чанарын зохих шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авсан гэх зүйлд дараах тайлбарыг өгч байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх захиалагч нь уг ажлыг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг заасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэг зааснаар тухайн гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/59 дугаар захирамжаар орон нутгийн төсвийн хөрөнгө, хандивын хөрөнгөөр Ч.Лодойдамбын хүрэл хөшөө, зохиолчийн төрсөн нутгийн буурийг тохижуулах ажлыг хүлээж авч ашиглалтад оруулах комиссыг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажил хүлээн авах акт үйлдсэн байх бөгөөд тус актад гүйцэтгэгчийг төлөөлж “Шадар туслагч” ХХ Компаний Ж.Д, захиалагчийг төлөөлж ажилласан комиссын дарга С.Б, комиссын гишүүн Ч.Ж нар нь гарын үсэг зураагүй уг акт баталгаажаагүй байдаг. Тухайн ажлын хэсгийн комиссын гишүүд саналдаа хөшөөний ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх мөн төрсөн газрын буурин дээр Соёмбыг баруун хойт толгойд хийх, хогийн сав хийх зэрэг тухайн ажлын доголдлыг арилгуулахаар саналыг гаргасан. Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4 дэх хэсэгт комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргах бөгөөд комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр ажил хүлээж авах комиссын акт баталгаажаагүй. Тухайн хүрэл хөшөө орон нутгийн болон сургуулийн өмчлөлд бүртгэлгүй байгаа. Иймээс Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж ажлаа биелүүлээгүй байх тул энэ ажлын хөлсийг шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Б.Г, Ж.Д нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Дашдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэглэх ёсгүй хууль, тогтоолыг хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь судалж үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Гэрээнд заагдаагүй ажлыг хийгээгүй мэтээр үнэлэлт дүгнэлт өгсөн, тухайн үед мөрдөгдөөгүй гараагүй байсан тогтоолыг утга, агуулгын хувьд зөрүүгүй адил гэж дүгнэж хэрэглэсэн, Хийсэн ажлыг хийж гүйцэтгээгүй мэтээр үнэлж, дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учир дээрх шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх бүрэлдэхүүн хөшөөг барилга байгууламж гэж үзэж барилгын тухай хууль, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм (Засгын газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 317-р тогтоол)-ыг хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль, тогтоолыг буруу хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж хуульчилж үүнийг дагаад Монгол улсын Засгын газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 317 дугаар тогтоол (барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм) батлагдсан. Энэ заалтаас дүгнэлт хийхэд хөшөө нь барилга байгууламж биш болж байна.

Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхөд хариуцагч аймгийн Засаг даргын тамгын газар, Ч.Лодойдамба 100 жилийн ойн комисс нь “Ч.Лодойдамба” хөшөөний нээлтийг тус аймагт 2017 оны 12 дугаар сард болсон “Болор цом 2017” яруу найргийн тэмцээний үед хүлээж аваад, тууз хайчлаад баярын хурал хийгээд шагнал урамшил, сайшаал, магтаалыг нь хүртээд, төрсөн газрын буйр нутгаар нь зохиолчдын тойрон аялалыг зохион байгуулсан байгаа нь хүлээн авах комиссын хэлсэн үг тухайн үеийг баримтжуулсан фото зургуудаас тодорхой харагдаж байгаа болно. (ХХ-н 20, 23, 26, 83, 91, 92, 93, 94, 101, 102, 119, 120, 121, 182, 185-р хуудас)

Шүүх бүрэлдэхүүн нь шийдвэртээ:  Хөшөөний чулуун шалны ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх, төрсөн буурины хөшөөний орчимд хогийн сав хийх, баруун хойд толгойд соёмбо хийх, барималчаас хугацаатай баталгаа гаргуулах, гадна гудамжнаас орох шаттай байх байсан нь ажил гүйцэтгэх гэрээний 1.1-дэх заалтыг биелүүлээгүй нь хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь гэрээнд хийхээр заагдаагүй ажлыг хийгээгүй мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байгаа ба мөн хийнэ, хий гэсэн ажлыг нь бүрэн хийгээд захирамжаа хэрэгжүүлээч гэсэн хүсэлт өгсөөр байтал хүлээж авахгүй өдий хүрсэнийг үнэлээгүйд харамсаж байна. (ХХ-н 8, 27, 28) Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан нь захиалагч Аймгийн Засаг даргын тамгын газар, Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа учир гүйцэтгэгч Б.Г нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан ажлын хөлсийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т заасан алдангийн хамт нэхэмжлэх үндэслэлтэй байна. Мөн Засгын газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр батлагдсан 317 дугаар тогтоол нь цаг хугацааны хувьд гараагүй байсан учир утга агуулга нэг гэж хэрэглэх үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Б.Г нь аймгийн Засаг даргын тамгын газар түүнийг төлөөлж аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж, Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс, түүнийг төлөөлж аймгийн ИТХ-ын дарга Т.Г нартай 2017 оны 10 сарын 25-нд Ч.Лодойдамбын 2м 40см өндөртэй боржин чулуун суурьтай хүрэл хөшөөг 2017 оны 10 дугаар сарын 25-с 2017 оны 12 дугаар сарын 5-ны дотор бүрэн хийж гүйцэтгэх, захиалагч тал хөшөөний хөлс 85 сая төгрөгийг 3 үе шаттайгаар төлөх, хугацаа хэтэрвэл биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3% алданги тооцох, ажил гүйцэтгэх гэрээг талууд харилцан тохиролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сайн дураараа байгуулсан байдаг. Ажил гүйцэтгэгч Б.Г нь иргэн Ж.Д хамтран Ч.Лодойдамбын хүрэл хөшөө хийх ажлыг захиалагчийн болон түүний үр хүүхдүүдийн санал зөвлөмжийг тухай бүрд нь тусгаж чанарын өндөр төвшинд, зөвшөөрсөн схизийн дагуу өөрийн бүтээлч хөдөлмөрөөр 2м 70см өндөртэй, боржин чулуун суурьтай, 16м2 талбайтай, 30 см өндөр шаттай ажлыг нарийн ур хийцээр нэг бүрчлэн хийж гүйцэтгэсэн болно.

Мөн иргэн Ж.Д түүний төрсөн газрын буйран дээр гэрээнд заагдаагүй ажлыг аймаг орон нутгийн нэр хүнд тухайн төрийн хошой шагналт нэрт зүтгэлтний хийж бүтээсэн хөдөлмөрийг нь хүндэтгээд өөрийн санаачилгаар 3.2 тн жинтэй 1м 30 см өндөртэй чулуун хөшөөг 1 м өндөртэй чулуун суурин дээр суурьлуулж байгалийн чулуугаар ширээ сандал хийж тохижуулсаны зэрэгцээгээр зохиолч, сэтгүүлчдийн тойрон аялагчдыг төрсөн буйран дээр нь хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн болно. (ХХ-н 15, 17-р хуудас) Ж.Д туслан гүйцэтгэгч тул гэрээний үүргийг захиалагчаас шаардах эрхгүй гэж дурджээ. Ж.Д нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсөө тусдаа нэхэмжлээгүй. Б.Г хамтарч нэхэмжлэл гаргасан болно. Б.Г, Ж.Д нарын хооронд нэхэмжлэлийн талаар, ажлын хөлсний талаар ямар нэгэн маргаан байхгүй. Туслан гүйцэтгэгч, гүйцэтгэгчээр нэг санаа зорилготой л уг хөшөөг хийсэн болно. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учир Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2018/00079 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д нар Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг

тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шаардлагын үндэслэл болж буй гэрээний агуулга, үндсэн шинж, үр дагавартай харьцуулан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд буюу “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримал барих гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн үүнд талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээдэг.

Түүнчлэн захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заажээ.

Гэрээнд заасан ёсоор ажил гүйцэтгэгч нь захиалагчийн шаардсан гэрээний зүйл болох хөшөө баримлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн байгаа нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэсэнд нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулсан гэрээнд ажлын хөлс 85.000.000 төгрөг, үүнээс гэрээний үнийн дүнгийн 35 хувийн урьдчилгаа 29.750.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд харин ажлын гүйцэтгэлийн 80 хувийг гүйцэтгэсэн үед нийт хөлсний 40 хувь буюу 34.000.000 төгрөг, ажил дуусгавар болоход үлдэгдэл буюу 25 хувь 21.250.000 төгрөгийг нэхэмжлэгч /гүйцэтгэгч/-д өгөхөөр тохиролцсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ уг хөшөө баримлыг хүлээж авах ажлын комиссын акт баталгаажаагүй, өмчлөлд бүртгэлгүй, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлс шаардах эрх байхгүй гэжээ.

Гэрээний үндсэн зүйл болох “хүрэл” хөшөө барималаас тусдаа, чулуун шалны ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх, Ч.Лодойдамбын төрсөн буурины хөшөөний орчимд хогийн сав хийх, соёмбо баруун хойт толгойд хийх зэрэг ажлуудыг дулааны улиралд нэмж хийхээр хөшөөг хүлээн авах үед тохиролцон нь үндсэн гэрээний үүрэгт хамааралгүй гэж үзнэ.

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс гэрээнд заасан алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлын  үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөгийг гаргуулж Б.Г, Ж.Д нарт олгосугай...” гэж,

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Дашдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.309 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412.309 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412.309 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

 

           ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

 

                                                                         Т.ЖАРГАЛСАЙХАН