Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 69

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч Ж.Отгонсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пунцаг овогт Жаргалсайханы Отгонсүхэд холбогдох эрүүгийн 173000005 тоот хавтаст хэргийг 2017 оны 08-р сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 13-8 тоотод оршин суух,  хэрэг хариуцах чадвартай,  Пунцаг овогт Жаргалсайханы Отгонсүх.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ж.Отгонсүх нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим Уулбаян сумын 4-р баг Их цагаан гэх газрын худаг дээр тус сумын иргэн Д.Очирхуягийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   яллах  болон  хөнгөрүүлэх   талын   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Ж.Отгонсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар 17-нд өглөө 09 цагт хонио услах гээд худаг дээр ирсэн. Тэгэхэд Очирхуягийн хонь худаг руу орж ирэхээр нь худгийн мотор асаагаад хонийг нь усалж өгөөд гаргасан. Тэгээд 12 цагийн алдад би өөрийнхөө хонийг ус руу оруулах гэтэл Очирхуяг ах үхрээ шууд туугаад оруулж ирсэн. Би хонио услаад гаргая гэтэл танайх манай нутагт нүүж ирчихээд юугаа хуцаад байгаа юм гэхээ р нь би заамдаж аваад тавьсан. Тэгээд хонио гаргаж байтал тэнэмэл зулбасага, гичийнээс гарсан хүүхэд гэхээр нь очоод мөргөөд унагасан гэв.

 

- Хохирогч Д.Очирхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим Уулбаян сумын 4 дүгээр багийн Их цагаан гэх газрын худагт хонио эхэлж услаад дараа нь үхрээ услах гэтэл манай эхнэр Оюун-Эрдэнийг Отгонсүх гэх залуу хэл амаар доромжлоод байхаар нь би хартал намайг юугаан хараад байгаа юм гээд хүрч ирээд цамцаар боож байгаад  өргөж  шидээд  газар хэвтэж байхад дээрээс 2 удаа цохичихоод яваад өгсөн. Би худгийнхаа моторыг ачих гэж байтал дахиж ирээд намайг мөргөхөд хажууд байсан ченж Ариунаа салгаад  явуулсан тул  гомдолтой байна. Улаанбаатар хотод  10 хоног эмнэлэгт хэвтэж 382 000 төгрөгийн зардал гаргасан түүнийгээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

- Гэрч Ц.Ариунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Уулбаян сумын 4 дүгээр багийн Их цагаан гэх газрын худаг дээр очиж Очирхуяг гэх хүнээс 4  хонь худалдан авах гэж байхад худаг дээр байсан Отгонсүх гэх залуу Очирхуяг ахыг үхрээ услах гэж ороход  уурлаад Очирхуяг ахыг өргөөд шидчихээд  дээрээс нь цохисон. Би Отгонсүх гэх залууг хорьсны дараа хоорондоо маргалдаж байгаад Очирхуяг ахыг нэг удаа Отгонсүх гэх залуу мөргөчихөөд яваад өгсөн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, 

 - Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06-р сарын 20-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтээр “...Д.Очирхуягийн биед 2 нүдний эргэн тойронд, хамарт цус хуралт, баруун шанаанд, эрүүний баруун буланд, хамар, хамрын үзүүрт зулгаралтууд, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2 шүдний хөдлөл гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 11-р хуудас/

- Ж.Отгонсүхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.Отгонсүх нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим Уулбаян сумын 4-р баг Их цагаан гэх газрын худаг дээр мал усалж байхдаа хохирогч Д.Очирхуягтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Очирхуяг, гэрч Ц.Ариунбаатар нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд,  шинжээчийн 241 дугаартай дүгнэлт,  шүүхийн хэлэлцүүлэгт  судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Отгонсүхэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,  хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон тул Ж.Отгонсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

         Шүүгдэгч Ж.Отгонсүхэд  ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,  1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Ж.Отгонсүх нь  цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн, бичгийн  баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Очирхуягт баримтаар нэхэмжилсэн 409500 төгрөгийг төлсөн болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2,  1.5, 1.8, 1.9,   36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Пунцаг овогт Жаргалсайханы Отгонсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол   учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонсүхийг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Отгонсүхэд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Отгонсүх нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Отгонсүхэд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           6. Ялтан Ж.Отгонсүх нь  цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн, бичгийн  баримтаар хураагдсан зүйлгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Очирхуягт  409500 төгрөгийг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө  гардан  авснаас  хойш  14  хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн 

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА