Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0197/З |
Дугаар | 128/ШШ2023/0200 |
Огноо | 2023-03-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2023/0200
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Н******* Э.Б*******нийн дүгнэлттэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ч.Б*******д холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дүгнэлт гаргагч, Н******* Э.Б*******нэ тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, Ч.Б******* 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 630/Б2211290137 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад холбогдогч Т.А*******ийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан материалыг Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан “Зөрчлийн хэрэг бүртгэлд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянав.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч “Хай голд” ХХК-д буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан этгээдэд бус захирал, иргэн Т.А*******т шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ч.Б*******гийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0009260 дугаар хуудаст холбогдогч “Х*******” ХХК /РД: 6*******/ гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, Ч.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Н******* Э.Б*******нийн шийтгэлийн 0009260 дугаар хуудаст холбогдогч “Х*******” ХХК /6*******/ гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н******* Э.Б*******нийн зүгээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ч.Б*******гийн шийтгэл оногдуулсан 0009260 дугаар шийтгэлийн хуудаст холбогдогч “Х*******” ХХК /РД: 6*******/ гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргажээ.
Прокурорын дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан болох Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ч.Б******* нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөлийг бий болгож байна.
Иймд хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ч.Б*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******нийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн шүүхийн зүгээс энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ч.Б*******д холбогдуулан гаргасан Н******* Э.Б*******нийн 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 66 дугаар дүгнэлтийг хариуцагч хяналт шалгалтын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2023/0197/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар Прокурор нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.2 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН