Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Д.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Т /зайнаас цахимаар/,

Хохирогч: С.Б /зайнаас цахимаар/,

Хохирогч: У.Н /зайнаас цахимаар/,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ю.Н /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Д-д холбогдох, эрүүгийн 1919000170027 дугаартай, 3 хавтас, 697 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Т нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агро техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дугаар баг, Соёмбо ** тоотод оршин суух, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Д-ийн Д-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн А/0102 чиглэлийн хатуу хучилттай замд 83-** УБЛ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2 дугаар бүлэг ...Замын тэмдэг, тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл, 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. /дүрмийн 10.6/ “уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин буцаж эргэх үйлдэл хийсний улмаас иргэн Ө.У нь 17-** УНМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үедээ Д.Д-ийн жолоодон явсан 83-** УБЛ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд тал руу хажуугаас нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, 17-** УНМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Б, У.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ө.У-ын тээврийн хэрэгсэлд хор уршгийн 6.757.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

 

Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-оос 969103 төгрөг гаргуулж хохирогч З.Б-д, 554383 төгрөгийг гаргуулж хохирогч У.Н-д, 5626400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.У-т тус тус олгож, Ө.У-ын нэхэмжлэлийн шаардлагаас 1406600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хохирогч нар нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Т нар давж заалдсан гомдолдоо: “...1. Шинжээчийн дүгнэлтийн талаар прокурор шинжээчийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр томилж, дүгнэлт гаргуулахаар холбогдох материалыг хүргүүлсэн мөртлөө уг хэрэгт ач холбогдол бүхий нөхөн үзлэгийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн. 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар томилсон тогтоолдоо 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг хавсаргасан. /1 хх-ийн 3 дугаар хуудас, 3 хх-ийн 55 дугаар хуудас/

Мөн яллах дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 103 дугаартай дүгнэлтийг баримталсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзахаар заасан ба энэ талаараа дүгнэлтдээ тусгасан боловч мөн хуулийн 16.2. Энэ хуулийн 16.1.6, 16.1.7-д заасан үндэслэл байвал шинжээч үндэслэлээ тодорхой зааж шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзаж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд энэ тухайгаа нэн даруй мэдэгдэнэ” гэснийг зөрчиж хэргийн талаар буюу зам тээврийн ослын талаар дүгнэлт бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЗ/363 дугаартай захирамж, Улсын дээд шүүхийн 559 дугаартай тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 65 дугаартай магадлалд заасан ажиллагааг хийгээгүй шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж гарсан 72 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дахин үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн шүүгч өөрийн гаргасан захирамжаа биелүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хэрэгт хэргийн газрын үзлэгийг дахин хийсэн гэх хэрэгт хавсаргасан сд хэрэгтээ хамт ирүүлээгүй, хэргийн газрын үзлэг 5 удаа хийгдсэн боловч сүүлийн 3 үзлэгийн үр дүнгээр дүгнэлт гаргуулаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

            2. Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.

            8. Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

            9. Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

            10. Хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.

            13. Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь дүгнэнэ.

            14. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.

            15. Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэн гэж тус тус заасан шүүх ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгийн бичлэг хэрэгт хавсаргаагүй байхад энэ талаар тодруулаагүй. Хэргийн газарт хийгдсэн ач холбогдолтой үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргуулаагүй.

            3. Хавтас хэрэгт хохирогч У.Н, Ө.О, иргэний нэхэмжлэгч Ө.У нар нь тухайн осол болох үед 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 70-80 км цагийн хурдтай явж байсан талаар хангалттай тогтвортой, хохирогч Н, О нар нь шүүх хуралдаанд мөн тогтвортой мэдүүлгийг өгсөөр байтал, Ө.У нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь өөрөө Ө.У Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэхдээ 20 хувь буруутай гэж үзсэн нь тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн дүгнэлт гаргуулалгүйгээр ямар үндэслэлээр гэм бурууг 20 хувь гэж тогтоосон болох тухайн 20 хувь нь зам тээврийн осол гарах шалтгаант холбоо мөн эсэхийг тодруулалгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

            Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дахь хэсэгт заасан “журам зөрчих” гэмт хэрэг байхад яллагдагч нь ямар журам зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт байхгүй, хэргийг тал бүрээс бүрэн бодитой яллах цагаатгах нотлох баримт цуглуулах талаар тусгасан журмыг зөрчин нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бүх шатны шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

            Иймд Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулан хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргасан” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор шинжээчийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр томилж дүгнэлт гаргуулахаар холбогдох материалыг хүргүүлсэн байдаг. Гэвч тухайн хэрэгт ач холбогдолтой гэх хэргийн газрын үзлэгийг 2020 оны 12 дугаар 17-ны өдөр хийсэн. Үүнийг харахад ямар нэг байдлаар ойлгомжгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шинжээч томилсон хэр нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын үзлэгийг дахин нөхөж хийснээр ямар ач холбогдолтой, юуг тулгуурлаж хийсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа. Мөн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг хавсаргаж хүргүүлсэн байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 103 дугаартай дүгнэлтийг баримталсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 16.1.7 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй байхад шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар оруулан шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа. Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 363 дугаартай шүүгчийн захирамж, Улсын дээд шүүхийн 559 дугаартай тогтоол, Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 65 дугаартай магадлалд заасан ажиллагааг өнөөдөр хийгээгүй. Шүүгчийн 363 дугаартай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил гаргасан гэж үндэслэсэн байгаа, мөн 72 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлт үйлдэхэд мөн шүүхийн тогтоолыг хянаж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн үндэслэл байна. Хэргийн газрын үзлэгийг 5 удаа хийсэн боловч сүүлийн 3 удаагийн үзлэгт шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно. Хэрэгт ач холбогдол бүхий баримт байхгүй байна гэж үзэж байгаа нь мөрдөгчийн тэмдэглэсэн бичлэг бүхий CD байхгүй байна. Хохирогч С.Б, У.Н, иргэний нэхэмжлэгч Ө.У нар тухайн осол болох үед тээврийн хэрэгслээр 70-80км цагийн хурдтай явж байсан талаараа хангалттай, тогтвортой мэдүүлдэг. Ө.У-ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар дүгнэлт гаргаагүй. Шүүгч Ө.У-ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэхдээ гэм буруутай гэж үзэх нь тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн дүгнэлт гаргуулалгүйгээр ямар үндэслэлээр гэм буруу тогтоогоогүй нь нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан журам зөрчих гэмт хэрэг байхад яллагдагч нь журам зөрчсөн талаар нэг ч дүгнэлт байхгүй, иргэний нэхэмжлэгч Ө.У нь журам зөрчсөн гэж шүүх дүгнэсэн хэр нь тухайн журам зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх талаар ямар нэг дүгнэлт гаргаагүйгээр шийдвэрлэсэн. Бүх шатны шүүхийн шийдвэрийг биелээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах, хэрэг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргасан” гэв.

 

            Шүүгдэгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн ярьсан зүйлтэй санал нэг байна. Нотлох баримтгүйгээр намайг шийтгэсэн гэдгийг илэрхийлж гомдолтой байна. Тиймээс нотлох баримтыг дахин бүрдүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулж, үнэн зөвөөр нь шийдүүлж прокурорт хэргийг буцаах саналтай байна” гэв.

 

            Хохирогч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хурал олон дахин болж байгаа учир мэдүүлгээ дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Миний хүсэх зүйл хохирлоо барагдуулах шаардлагатай байна. Би жил бүр, улирал болгонд толгой, тархиндаа эмчилгээ хийлгэдэг. Хохирлоо барагдуулахыг л хүсэж байна” гэв.

 

            Хохирогч У.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэгт нэмж, хасах зүйл байхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлгээрээ явна. Д.Д-ийн өөрийнх нь буруу, би харсан, яагаад байнга шүүхээр давж заалдаад байгааг нь ойлгохгүй байна. Хохирлоо хурдан барагдуулмаар байна” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг дээр шинжээчийн дүгнэлт 1, 3, 5, 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг удаа дараа дүн шинжилгээ хийсэн. Энэ дүгнэлтүүд дээр шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэж шинжээчийн дүгнэлтүүдээр гарсан. Шүүх хуралдаанд С.Б, У.Н нар ялангуяа С.Б тухайн үед гарсан нөхцөл байдлыг, хэн нь аль зам дээр байсан гэдгийг тодорхой мэдүүлдэг,  шүүгдэгч мөн л шүүх хуралдаан дээр мэтгэлцэж байсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хохирлыг ямар учраас удаагаад байгаа юм бэ, бүх л шинжээчийн дүгнэлтийг Д.Д хүлээн зөвшөөрдөггүй. Дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг ямар үндэслэлээр хийх юм бэ, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

            Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдсан гомдолтой танилцлаа. Энэ хэрэг гараад 3 жил болж байгаа. Д.Д-ийн зүгээс байнга шинжээч томилуулах хүсэлт гаргадаг. Шүүх, прокурорын шатнаас хэд хэдэн удаа шинжээч томилсон. Тухайн үед шинжээч дүгнэлтээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн үүрэг, тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан. Хэрэгт байгаа нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт гаргуулж байсан. Шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Мөрдөгч хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний аргаар бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргасан, прокурорын зүгээс хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний аргаар бэхжүүлсэн, дуу, дүрсний аргаар бэхжүүлээгүй баримтуудыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргав гэсэн тогтоол үйлдсэн. Хохирогч С.Б-аас гаргаж өгсөн CD-ний хамт шүүхэд хүргүүлсэн байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гаргасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, шүүгдэгч Д.Д нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны 2021/ШЦТ/55 тоот шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

    Учир нь: Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Т нарын давж заалдсан гомдолд үндэслэн түүнд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

                Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянан үзвэл 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Д.Д нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Улаанбаатар-Сайншанд чиглэлийн А/0102 хатуу хучилттай замд 83-** УБЛ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орох үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас чигээрээ явж байгаа иргэн Ө.У-ын жолоодож явсан 17-** УНМ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан ба Ө.У-ын автомашинд зорчиж явсан С.Б-ийн эрүүл мэндэд зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины шарх, нүдний алимны доргилт, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд,

 

                -хохирогч У.Н-ийн биед зүүн шуу ясны хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл,

 

                -иргэний нэхэмжлэгч Ө.У-ын жолоодож явсан 17-** УНМ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинд 6.757.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тус тус тогтоогдсон байна.

               

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, маргадаг.

 

              Шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/01 тоот Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-аас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тэрээр эс зөвшөөрч гомдол гаргасан тул Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор С.Ц гомдлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож /2-р хх-ийн 207-208/ шийдвэрлэжээ.

               

              Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь дараах үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Үүнд:

 

              1.Хэрэгт хэргийн газрын үзлэгийг 2018 оны 12 дугаар сарын 29 /1-р хх-ийн 3-9/, нөхөн үзлэгүүдийг 2019 оны 02 дугаар сарын 17 /1-р хх-ийн 10-15/, 2020 оны 09 дүгээр сарын 08-нд /2-р хх-ийн 217-219/,  /2-р хх-ийн. 220-222/, 2020 оны 12 дугаар сарын 17 /3-р хх-ийн 39-44/  тус тус хийсэн ба зам тээврийн осол болсон газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 багийн нутаг “Өлзийт” зөрлөгийн орчимд болсон нь тэмдэглэлүүдээр тогтоогдсон ба хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлүүдээс хэргийн үйл баримт өөрчлөгдөх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

              Хэргийн газрын болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд нь гар бичмэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус бэхжүүлэгдсэн ба үзлэгийг СД-ээр хуулбарласан талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

 

              2. Хэрэгт зам тээврийн ослын талаар мөрдөгчийн тогтоолоор томилогдсон Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Х.Е-ний 2019 оны 01 дүгээр сарын 21-ний 04 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 83/, 2019 оны 03 дугаар сарын 15-ны мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 162-163/,  мөрдөгчөөс томилсон нэмэлт шинжилгээ хийлгэхээр бүрэлдэхүүнтэй Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны дүгнэлт /1-р хх-ийн 216/, прокурорын тогтоолоор томилогдсон дахин шинжилгээ хийсэн Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны 214 тоот дүгнэлт /1-р хх-ийн 227-228/,  прокурорын тогтоолоор томилогдсон дахин шинжилгээ хийсэн Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны 72 тоот дүгнэлт /2-р хх-ийн 182-184/, прокурорын тогтоолоор томилогдсон дахин шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны 103 тоот дүгнэлт /3-р хх-ийн 51-54/ зэрэг 5 дүгнэлт, 1 мөрдөгчийн магадлагаа гарсан ба тэдгээрт жолооч Д.Д-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт Замын тэмдэглэгээ: 1.Хэвтээ тэмдэглэл 1.4. 1.1-1., 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно, мөн дүрмийн 10.1 “... жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” ,  10.6-д заасан “ ... уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон гэж тус тус дүгнэсэн.

 

              Харин мөрдөгчөөс нэмэлт шинжилгээ хийлгэхээр томилсон бүрэлдэхүүнтэй Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны дүгнэлт /1-р хх-ийн 215-216/-д жолооч Ө.У-ыг ЗХД-ийн 12.3-т зааснаар “ ... аюул, саад учирсан тохиолдолд хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсөн гэж гарсан боловч уг нэмэлт дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д заасан нэмэлт шинжилгээ хийх үндэслэл,  журамд нийцүүлж гаргаагүй байх тул түүнийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт олж авсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй ба харин бусад хуульд нийцсэн шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаагаар жолооч Ө.У-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэжээ.

 

               2020 оны 09 дүгээр сарын 08-нд /2-р хх-ийн 217-219/,  /2-р хх-ийн. 220-222/,  2020 оны 12 дугаар сарын 17 /3-р хх-ийн 39-44/ өдрүүдэд хийсэн хэргийн газрын нөхөн үзлэгийг хийсний дараа буюу прокурорын тогтоолоор дахин шинжилгээ хийхээр томилогдсон 2021 оны 01 дүгээр сарын 07-ны Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 103 тоот авто техникийн шинжилгээний дүгнэлт /3-р хх-ийн 51-54/ гарсан.

 

              Шинжээч нар “ ...жолооч Ө.У, Д.Д нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх гэсэн асуулт нь тэдний тусгай мэдлэгийн хүрээнээс хальсан тул хариулах боломжгүй” , “2 тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол хэргийн материалд үндэслэн Тоёота Ноакс маркийн 83**6 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй араас чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өнгөрүүлээгүй хөдөлгөөн үйлдсэнээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна”  гэсэн дүгнэлтийг гаргасан,  шинжээч нар прокуророос тавьсан асуултуудад бүрэн хариулах боломжгүй гэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчөөгүй ба тэднийг тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, тусгай мэдлэгт хамааралгүй асуудлаар шинжилгээ хийж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

               Иймд уг дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д заасан “Шинжилгээ хийх журам”-д нийцсэн гэж үзнэ.

 

              Мөрдөгч болон прокуророос дахин шинжилгээ хийхээр томилогдсон шинжээч нар нь урьд гарсан шинжилгээ үндэслэлтэй эсэх гэсэн мөрдөгч, прокурорын асуултад “шинжээч нь шинжилгээний үнэн зөвийг хариуцах тул шинжилгээг үндэслэлтэй эсэх талаар хариулах боломжгүй” гэж тус тус хариулсныг  шинжилгээ хийж байгаа шинжээч нарыг мөрдөгч, прокурорын асуусан асуулт болгонд заавал хариулах ёстой гэдэг үндэслэлээр тэднийг буруутгах боломжгүйн гадна шинжээчдийг шинжилгээ хийхдээ өмнөх шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг шүүх хянан хэлэлцэж шийдвэр гаргахад зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт нь автотээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын талаар тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудал тул шүүх шийдвэр гаргахдаа эдгээр шинжээч нарын дүгнэлтүүдийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

              Шинжээч нарыг мөрдөгч, прокурор нараас томилсон,  шинжээч нар нь хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээх тул тэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж шинжээчээр томилсон тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан  /1-р хх-ийн 82, 214, 225, 2-р хх-ийн 178-181, 3-р хх-ийн 47-49/  ба шинжээч нар тус тусын дүгнэлтүүдээ тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол, хэргийн материалтай танилцаж шинжилгээ хийсэн нь шинжээчийн дүгнэлтүүдэд тус тус тусгагдсан байх тул эдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан “Шинжилгээ хийх” үндэслэл, журмын дагуу шинжилгээ хийгдэж хэрэгт олж авсан тул тэдгээрийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

 

              3.Хэрэгт хохирогч У.Н “ ... бид нарын явж байгаа чиглэлээр зүүн гар тийшээ дохио өгөөд баруун гар тийшээ засмал замын хажуу тал руу зогсож байгаа харагдсан.  Би бодохдоо тэр машиныг зогсох гээд буруу тийш дохио өглөө гэж бодсон, тэгээд бид нарын сууж явсан автомашиныг хажуугаар нь гарах гээд ойртоод иртэл урд зогсох гэж байсан машин гэнэт замын эсрэг тал руу дараад машины урдуур ороод ирсэн “ гэсэн мэдүүлэг,

 

              -гэрч Э.О-ийн “ ... урд цагаан өнгийн НОАХ машин явж байсан, тэгээд тэр машин зүүн гар тийшээ дохио өгөөд баруун гар тийшээ засмал замын хажуу талын шороон хэсэг рүү зогссон,  би бодохдоо манай машиныг өнгөрөөчихөөд эргэх байх гэж бодсон, ... манай машиныг ойртоод иртэл гэнэт замын эсрэг тал руу дараа бид нарын машины урдуур ороод ирсэн. Би приус машины урд талд сууж явсан учир сайн харсан, хурдан хугацаанд цагаан машин зам дээр буцаж эргэсэн” гэсэн мэдүүлэг,

 

              -гэрч Ч.Г-ийн “ ... эвдэрсэн машин дээр очоод машиныхаа ар талд зогсох гээл эргэх дохио өгөөд хурдаа сааруулаад эргэтэл ардаас приус машин ирээд мөргөсөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 213-р хуудасны ар тал/ зэргээр шүүгдэгч Д.Д хөвөөнөөс эргэх үйлдэл хийх үед зам тээврийн осол болсон нь мөн тогтоогдсон байна.

 

              Шүүгдэгч Д.Д гэрч Ч.Г-ийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн энэ мэдүүлгийг худлаа мэдүүлэг, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан гэж маргаж байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 17-нд түүнийг гэрчээр дахин асуусан мэдүүлэгт “ ... миний өгсөн мэдүүлэг мөн байна, тухайн үедээ яаруу сандруу авсан учир сайн харалгүй гарын үсэг зурсан байна, зарим хэлсэн зүйлийг дутуу бичсэн байна, одооны мэдүүлэгт нөхөж өгсөн” гэж /3-р хх-ийн 62-63/  мэдүүлсэн.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Гэрч” гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн гэж тодорхойлсон ба хэргийн талаар гэрчилсэн эдгээр хохирогч, гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулж, худал мэдүүлэг өгсөн бол Зөрчлийн болон Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага тооцох учрыг сануулж,  гарын үсэг зуруулж баталгаажуулсны үндсэн дээр авсан мэдүүлгүүд байх  тул эдгээр  мэдүүлгүүд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т заасан “Мэдүүлэг авах журам”-д нийцсэн гэж үзнэ.

 

Эдгээр бүх нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

              Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг “ ... шүүгдэгч Д.Д нь буцаж эргэх үйлдэл хийхдээ ардаа яваа тээврийн хэрэгслийг харсан хэдий боловч эргэх үйлдлийг хийж амжина гэсэн итгэлээр араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь зөв болсон.

 

              Шүүгдэгч Д.Д Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт.  Замын тэмдэглэгээ: 1.Хэвтээ тэмдэглэл 1.4. 1.1-1., 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно, мөн дүрмийн 10.1 “... жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” ,  10.6-д заасан “ ... уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн нь мөрдөгчийн тогтоолоор томилогдсон Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Х.Е-ний 2019 оны 01 дүгээр сарын 21-ны 04 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 83/, 2019 оны 03 дугаар сарын 15-ны мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 162-163/,  прокурорын тогтоолоор томилогдсон дахин шинжилгээ хийсэн Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны 214 тоот дүгнэлт /1-р хх-ийн 227-228/, прокурорын тогтоолоор томилогдсон дахин шинжилгээ хийсэн Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны 72 тоот дүгнэлт /2-р хх-ийн 182-184/, прокурорын тогтоолоор томилогдсон дахин шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны 103 тоот дүгнэлт /3-р хх-ийн 51-54/ зэрэг 4 дүгнэлт, 1 мөрдөгчийн магадлагаа зэргээр тогтоогдсон.

 

              -Үүний улмаас  хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/072 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 54-55/,

 

              -хохирогч У.Н-ийн эрүүл мэндэд зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учирсан нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0174 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 174-175/ зэргээр тус тус тогтоогдсон ба эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар удаан сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэсэнд тус тус нийцсэн.

 

              - иргэний нэхэмжлэгч Ө.У-ын жолоодож явсан 17-** УНМ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинд 6.757.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ны техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 54-56/-гаар тогтоогдсон.

 

              Эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэсэн гэм буруутайд тооцох гэмт хэргийн шинжид тус тус нийцжээ.

             

              2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гарсан шүүгдэгч Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

              Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хууль зүйн үндэслэлтэй.

 

              Иргэний нэхэмжлэгч Ө.У-ын 17-** УНМ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинд учирсан 6.757.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг шийдвэрлэхдээ зам тээврийн осол болсон газарт хурдны дээд хязгаар нь 50 км цагийн хурдтай явах ёстой байсан газар байсан болох нь  хэргийн газрын нөхөн үзлэг хийгдсэн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 10-15, 2-р хх-ийн 217-219, 220-222, 3-р хх-ийн 39-44/-ээр тогтоогддог ба анхан шатны шүүх  гэрч Э.О, хохирогч У.Н нарын мэдүүлгүүд, шинжээчийн 72, 103 дугаартай зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт зэрэгт тус тус үндэслэж иргэний нэхэмжлэгч Ө.У-ыг тухайн замын нөхцөлд тохирсон хурдны дээд хязгаараас хэтрүүлсэн буюу 75-80 км цагийн хурдтай явж Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24-т заасан заалтыг зөрчсөн байна, гэхдээ энэ үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлээгүй гэж дүгнэж өөрийнх нь автомашинд учирсан хохирлыг 20%-иар багасгаж хохирлын 80% буюу 5.626400 төгрөгийг шүүгдэгч Д.Д-оор төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

              Учир нь: хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн өөрийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн  гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийн хариуцах гэм хорын хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т нийцсэн гэж үзнэ.

 

              Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.Т нараас гаргасан “ ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдээс гаргасан 103 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан, шинжээч нар мөрдөгч, прокуроруудын асуултуудад бүрэн хариулаагүй, хэргийн газрын үзлэгийг дахин хийсэн тухай СД хэрэгт хамт ирээгүй, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн сүүлийн 3 удаагийн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй, иргэний нэхэмжлэгч Ө.У-ын хохирлыг 20%-иар бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлууд нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Т нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                       

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                           

                                                                                           А.САЙНТӨГС