| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/03107/И |
| Дугаар | 101/ШШ2022/03918 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/03918
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 000000000000000000 хаягт оршин суух, Б.Дийн /РД: 0000000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоот хаягт оршин суух, СО-д /РД: ............/ холбогдох
2,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Отай 2019 оны 10 сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 27-р хороо, 41-р гудамж, Дунд Дарь Эх, 2107 тоот дахь 2 давхар хувийн сууцны 1 давхрын 60 м.кв талбай бүхий 1 өрөөг 1 жилийн хугацаатай, сарын 300,000 төгрөгөөр түрээслэсэн.
Уг орон сууц нь 2 давхар, нийт 360 м.кв талбайтай ба нийт 7 өрөөтэй бөгөөд 1 өрөөг нь түрээслэсэн. Тэрээр өдөр өнжүүлэх ажиллуулна гэж түрээслэсэн ба төлбөрөө сар сард нь өгч байсан. Эхлээд өдөр өнжүүлэх ажиллуулж байгаад ковид гарч өөрсдөө тэнд амьдрах болсон.
С.О түрээсийн байрыг 2021 оны 09 сарын 10-ны өдөр чөлөөлсөн ба 2020 оны 04 сараас 2021 оны 03 сар дуустал нийт 12 сарын түрээсийн төлбөр 3,600,000 төгрөгийг төлөөгүй.
3,600,000 төгрөгөөс цувуулж өгөөд 1,950,000 төгрөг үлдсэн ба 2021 оны 04 сараас 2021 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслэсэн түрээсийн төлбөр нь 1,500,000 төгрөг болсон.
Ингээд нийт 3,450,000 төгрөг болж байгаа ба 2021 оны 04 сарын 09-ний өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 06 сарын 01-ний өдөр 300,000 төгрөг бэлнээр, 2021 оны 07 сарын 02-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлсэн.
Үлдэгдэл төлбөр 2,550,000 төгрөг болж байгааг С.Оас нэхэмжилсэн. Тухайн үед түүнд төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон, мөнгө өгье гэсэн сэтгэл байсан бол өгөх байсан. Тооцоо нийлье гэж С.Од хэлж байсан, байнга надтай тааралдахгүй байна гэж байхгүй шүү дээ.
С.О сүүлд надад 1,500,000 төгрөг өгье гэхээр нь би боломжгүй гэдгээ хэлсэн бөгөөд 2,000,000 төгрөг өгвөл асуудлаа дуусгавар болгоно гэж хэлж байсан ба үүнийгээ дэмжиж байна. Түүний амьдралын байдлыг нь харгалзаад 2,000,000 төгрөгийг С.Оас нэхэмжилж байна. 550,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие 2019 оны 10 сарын 10-ны өдөр Б.Дын эзэмшлийн нийтийн байранд өрөө түрээслэн өдөр өнжүүлэх ажиллуулах гэрээ хийн 2021 оны 09 сарын 10-ны өдөр нүүсэн. Энэ хугацаанд нийт төлөх ёстой 6,800,000 төгрөгөөс дансаар болон бэлнээр 4,850,000 төгрөг төлсөн.
Тухайнд үедээ төлбөрийг сар бүр хуваарьт өдөр төлж чаддаггүй байсан ч боломжоороо цувуулж төлж ирсэн. Учир нь ковидын нөхцөл байдлаас болж орлогогүй болсон. Нөхөр хувиараа барилгын ажил хийдэг боловч хөл хорионд орж ажилгүй, үе үе бага ажил олох боловч бас ковидын хөл хорионд орж орлогогүй суудаг.
Би 2020 оны 08 сараас Таван тогой ХХК-д гэрээт ажилтанаар орж 500,000 төгрөгөөс боломжоороо түрээс төлсөн. 2,550,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Хэдийгээр миний бие гэрээ хийн хугацаанд нь төлбөрөө тооцоо барагдуулах учиртай ч бидний санхүүгийн нөхцөл байдалд 2 жил гаран үргэлжилсэн ковидын давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Ковидын үеийн энэ төрлийн маргаан зохицуулах хууль эрх зүйн гаргалгаа гаргаж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Доос хүлцэл өчин нэг зүйлийг дурдахад 2021 оны 09 сарын 10 хүртэл тооцоогоо тулгах санал тавьсан ч зайлсхийж байсан. Миний тооцоогоор төлбөрийн үлдэгдэл 2,550,000 төгрөг биш 1,950,000 төгрөг байх ёстой.
Миний гэрээт ажил зогссон тул одоо хүртэл ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, 2 хүүдийн мөнгөөр болон группын мөнгөөр амьдарч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д нь 2019 оны 10 сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн тооцоолол, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагч Б.О нэхэмжлэлийн хувийг гардан авч үүнтэй холбоотой тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч С.Од холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч Б.Д нь 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 550,000 төгрөгөөр багасган хариуцагч С.Оас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Б.Д нь хариуцагч буюу түрээслэгч С.Отай 2019 оны 10 сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан С.Од Баянзүрх дүүрэг, 27-р хороо, 41-р гудамж, Дунд Дарь Эх, 2107 тоот дахь 2 давхар хувийн сууцны 1 давхрын 60 м.кв талбай бүхий 1 өрөөг 1 жилийн хугацаатай, сарын 300,000 төгрөгөөр, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр, 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээг байгуулжээ.
Уг гэрээнд нэхэмжлэгч Б.Д, хариуцагч С.О нар хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 3-5 дугаар тал/
Дээр дурдсан түрээсийн байрны өмчлөлтэй холбоотой талууд маргаагүй бөгөөд хариуцагч С.О тухайн 60 м.кв талбай бүхий 1 өрөөг 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэсэн талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч буюу түрээслэгч Оыг 019 оны 10 сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт:
2020 оны 04 сараас 2021 оны 03 сар дуустал 3,600,000 төгрөг төлөхөөс 1,950,000 төгрөг үлдсэн,
2021 оны 04 сараас 2021 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл 1,500,000 төгрөг,
нийт 3,450,000 төгрөг төлөхөөс 2021 оны 04 сарын 09, 2021 оны 07 сарын 02, 2021 оны 06 сарын 01-ний өдрүүдэд тус тус 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг төлсөн,
Үлдэх 2,550,000 төгрөгөөс түрээслэгч буюу хариуцагч Оын амьдралын байдлыг харгалзан 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.1.2-т “Гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй”,
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгч Б.Д нь түрээслэгч С.Оас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч С.О 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл нийт төлөх ёстой 6,800,000 төгрөгөөс дансаар болон бэлнээр 4,850,000 төгрөг төлсөн, одоо 1,950,000 төгрөг төлнө гэх маргаж байх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч С.Оас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч С.О нар нь хэргийн харьяаллын талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдлаа.
2022 оны 07 сарын 20-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч С.Од Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд Дарь Эхийн 41-р гудамж, 2041 тоот хаягт оршин суух хаягаар нь шуудангаар мэдэгдэхэд тэрээр хуралдааны товыг хүлээн авахаас татгалзсан нь шуудангийн баримтад тусгагджээ.
Мөн хариуцагч Оын нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 000000 дугаарын 91220419 дугаарын утас руу тус тус шүүх хуралдаан болохоос 20 хоногийн өмнө мессэж илгээн мэдэгджээ.
Тэрээр 000000 дугаарын утаснаас ар гэрийн гачигдал гарсан тул очих боломжгүй гэх хариу ирүүлсэн тул түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 11 цагт товлосон хуралдааныг жич товлохоор хойшлуулсан байна.
/ХХ-ийн 18, 19-22, 27-29 дүгээр тал/
2022 оны 09 сарын 28-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болох талаар хариуцагч Оын нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн гэж тодорхойлсон 000000 дугаарын утас руу 2022 оны 09 сарын 16-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 12 хоногийн өмнө мэдэгдсэн байна.
Шүүгчийн туслах 0000000 дугаарын утсаар 2022.09.28-ны өдрийн 08 цаг 48 минутанд хариуцагч Оын 000000 дугаарын утас руу залган 2022.09.28-ны өдрийн 09 цагт товлосон хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад тэрээр “Би Асралт мед” эмнэлэгт хэвтэж байна, хэвтэрт байна” гэсэн хариуг өгчээ.
“Асралт мед” эмнэлгийн лавлах утас болох 77770110 дугаарт залган энэ талаар тодруулахад Санжаажавын О /РД: ИЭ71070882/ гэх иргэн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн байдлаар манай эмнэлэгт бүртгэгдээгүй, хэвтээгүй байна” гэх хариуг өгсөн байна.
/ХХ-ийн 30-32 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг.
Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд хариуцагч Оыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж үзэж хариуцагч Оын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч С.Оас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,250 төгрөгөөс илүү төлсөн 1,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож, үлдэх хэсэг 55,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮ