| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/02896/И |
| Дугаар | 101/ШШ2022/04113 |
| Огноо | 2022-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/04113
2022 10 10 101/ШШ2022/04113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 0000000000000000000000000 тоот, Б ХХК-ийн /РД: 000000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0000000000000 тоот хаягт оршин суух, Болдбаатарын О /РД: УХ94112630/, Баянцогтын Ш /РД:00000000/ нарт холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа,
Хариуцагч Б.Ш,
Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Энхбаясгалан, Б.Чойжилсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б ХХК нь 2019 оны 03 сарын 31-ний өдөр Б.О, Б.Ш нартай орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан ххххххххххххххххххххх тоотын 2 өрөө, 46,08 м.кв талбайтай орон сууцыг 117,043,200 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон.
Урьдчилгаа төлбөрт 23,515,500 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 93,528,200 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 60 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр сар бүрийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч Б.О, Б.Ш нарын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан.
Гэтэл Б.О, Б.Ш нар нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй, манай компанид их хэмжээний хохирол учруулж байна. Манай компанийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөх шаардлага хүргүүлж байсан бөгөөд тэдний хүсэлтээр 2021 оны 09 сарын 02, 2020 оны 10 сарын 16-ны өдөр тус тус өөрчлөлт оруулж байсан.
Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 1.1 дэх заалтанд худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууцыг хөлсөлсөнд тооцон урьдчилгаа төлсөн төлбөрөөс хасуулан тооцохоор тохиролцсон.
Амьдарсан хугацаа 2019 оны 04 сараас 2022 оны 04 сар дуустал 37 сарын түрээсийн төлбөр 42,624,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 1,152,000 төгрөг, урамшуулал 2,574,950 төгрөг, засварын зардал 2,500,000 төгрөг, нийт хохирол 47,698,950 төгрөг болж байгаа бөгөөд уг мөнгийг орон сууцны төлбөрт төлсөн төлбөрөөс хасч тооцно.
Худалдан авагч Б.О, Б.Ш нарын төлсөн төлбөр нь компанийн хохиролд суутгагдан тооцогдож байгаа болно.
Нэхэмжлэгч Б ХХК нь 2019 он 03 сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул хариуцагч Б.О, Б.Ш нарыг ххххххххххххххххххтоот хаягт байрлах, 2 өрөө, 46,08 м.кв орон сууцнаас албадан гаргаж орон сууцыг чөлөөлж өгнө үү.
Манай байгууллага гэрээнээсээ татгалзчихаад байхад хариуцагч Б.О, Б.Ш нар нь төлбөр төлөөд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Б.О, Б.Ш нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон болон хариуцагч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б ХХК нь биднийг 2019 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон 2020 оны 10 сарын 16, 2021 оны 09 сарын 02-ны өдрүүдийн нэмэлт гэрээний дагуу биелүүлэх гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, графикийн дагуу төлбөрөө төлөхгүй компанид их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж ххххххххххххххххххххх тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Б.О, Б.Ш бид Б ХХК-тай байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу болон графикт төлбөрийн төлөлтийн дагуу 2021 оны 09 сарын 22-ны өдрийг хүтэл нийт 45,615,000 төгрөгийн төлбөр төлсөн.
Гэтэл коронавируст цар тахалтай холбоотойгоор Монгол улсын Засгийн газраас 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 сарын 14-ний өдөр хүртэл, 2020 оны 12 сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл, 2021 оны 02 сарын 11-ний өдрөөс 02 сарын 23-ны өдрийг хүртэл, 2021 оны 04 сарын 10-ны өдрөөс 05 сарын 08-ны өдрийг хүртэл удаа дараа хатуу хөл хорио тогтоож хувиараа бизнес эрхлэгч бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, хил гааль хаагдаж, бизнесийн маань хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан.
Улмаар 2021 оны 10 сарын 14-ний өдрөөс ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд Эрээний боомт хаагдаж Монгол улс бараа таваар, тавилга модон эдлэлийн хомсдолд орж үнийн хөөсрөл ихэссэн.
Жишээлбэл 1,100 төгрөгийн нугас 4,400 төгрөг, 80,000 төгрөгийн модон хавтан 160,000 төгрөг болж өссөн бөгөөд дээрх зах зээлийн ханшаас 3 дахин нугалсан өндөр үнээр ч олдохгүй байсан болно.
Коронавируст халдварын давагдашгүй нөхцөл байдлын улмаас бидний тавилгын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, түүхий эдийн хомсдолоос үүдэн 2021 оны 10 сараас эхлэн сул зогссон болно.
Сул зогсолт хийснээс үүдэн бид бизнесийн орлогогүй болж Б ХХК-тай 2019 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр 2022 оны 04 сар хүртэл биелүүлэх боломжгүй болсон.
Бид өөрсдийн нөөцөд байсан хавтан материалаараа тавилга хийж дээрх гэрээний төлбөрийг 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэл цаг хугацаанд нь төлж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан.
Гэтэл коронавируст халдварын хүрээнд авагдсан хатуу хөл хорио, хил гааль хаагдсан асуудал зэрэг хүндэтгэн үзэх, бидний хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл шалтгаанаас үүдэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тул биднийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Бид гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсэн үйлдэл огт гаргаж байгаагүй ба цаашид хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулах боломжтой.
2021 оны 10 сараас БНХАУ-ын Эрээн хотод хил дээр ачаа бараа саатан, бараа материал орж ирэхгүй, бизнесээ эрхлэх түүхий эд материалгүй болсонтой холбоотой Б ХХК-д гэрээний үүргийг хойшлуулж өгөх нэмэлт хугацаа тогтоох талаар удаа дараа биечлэн уулзаж, утсаар ярьж санал тавьж байсан боловч уг хүндэтгэн үзэх давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг үл тоож, албан ёсоор хандаагүй.
Одоогийн байдлаар Монгол улсад бараа таваар хил гаалиар хэвийн орж ирж байгаа, нийлүүлэлт хангалттай байгаа тул бид цаашид тавилгын үйлдвэрлэлийн бизнесээ үргэлжлүүлэн ажиллуулж гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой.
Гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид бүрэн гүйцэтгэх боломжтой байхад үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа өгөлгүй гэрээнээс шууд татгалзаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд худалдан авагч бидний эрх ашгийг зөрчиж байна.
2021 оны 09 сарын 02, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээний 1.1-д заасны дагуу орон сууцыг хөлсөлсөнд тооцон гэрээний дагуу төлсөн 45,615,000 төгрөгийг орон сууц хөлсөлсөн төлбөрт суутгасан гэх ба Б.Ш би нэхэмжлэгч Б ХХК-тай нэмэлт гэрээ байгуулан гарын үсэг зурж тохиролцоонд хүрч байгаагүй болно.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 8.2-т гэрээнд оруулж болох нэмэлт өөрчлөлтийн тохиролцоог бичгээр үйлдэж талууд гарын үсгээ зурж баримтжуулна, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан ба Б ХХК нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нийт төлсөн 45,615,000 төгрөгийг орон сууц хөлсөлсөн төлбөрт суутгасан нь үндэслэлгүй.
Мөн бид Б ХХК-ийг нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 07 сарын 04-ний өдөр 6,400,000 төгрөг, 2022 оны 07 сарын 22-ны өдөр 3,200 төгрөг, 2022 оны 10 сарын 05-ны өдөр 6,400,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг төлсөн гэв.
Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Золзаяад олгосон итгэмжлэл, Б.О нарын хохирлын тооцоолол, Б ХХК-ийн Б.Оод хүргүүлсэн гэх 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 21/67 дугаар болон 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 21/33 дугаар бүхий шаардлагууд, албан шаардлага хүлээн авсан тэмдэглэлүүд,
Б.О, Б.Ш нартай байгуулсан 2019 оны 03 сарын 31-ний өдрийн 279 дугаартай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
2019 оны 03 сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2020 оны 10 сарын 16-ны өдрийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 03 сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2021 оны 09 сарын 02-ны өдрийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь,
2019 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаархи Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Б.О, Б.Ш нарын 2022 оны 05 сарын 09-ний өдрийн байдлаархи орон сууцны төлбөр төлөлтийн мэдээлэл болон зээлийн хүү, алдангийн тооцоолол зэрэг баримтуудыг,
Хариуцагч Б.О, Б.Ш нар нь хариу тайлбар, тэдэнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 02/304 дугаар бүхий гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ,
Нарантуул трейд ХХК-тай байгуулсан 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Нарантуул олон улсын худалдааны төвд лангуу, өлгүүр, талбай ажиллуулах түрээсийн гэрээ, Хаан банк дахь Б.Оын 5000873900 тоот дансны хуулга,
Б.О, Б.Ш нарын үйлдвэрлэж буй тавилгуудын гэрэл зургууд, орон сууцны төлбөрт 2022 оны 07 сарын 04-ний өдөр 6,400,000 төгрөг, 2022 оны 07 сарын 22-ны өдөр 3,200,000 төгрөг, 2022 оны 10 сарын 05-ны өдөр 6,400,000 төгрөг төлсөн баримтууд,
Өмгөөлөгч Л.Энхбаясгалан, Б.Чойжилсүрэн нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Б.Оын амбулаториор эмчлүүлэгчийн карт зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.О, Б.Ш нарт холбогдуулан 2019 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой Б.О, Б.Ш нарыг ххххххххххххххххххтоотын 2 өрөө бүхий орон сууцнаас албадан гаргуулж орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.О, Б.Ш нартай 2019 оны 03 сарын 31-ний өдөр орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Б ХХК-ийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур 2 хотхоны 40-р байр, 1-р орцны 9 давхрын 87 тоотын 46.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Ш, Б.О нар нийт 117,043,200 төгрөгөөр зээлээр худалдан авахаар,
Гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгээс 23,515,000 төгрөгийг төлөхөөр,
Үлдэх төлбөр 93,528,200 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 60 сарын дотор, жилийн 8 хувийн хүүтэй төлөхөөр, төлбөрийг 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар болон уг гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Худалдан авагч нар орон сууцны нийт үнэ 117,043,200 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 23,515,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр худалдагч Б ХХК-д хүлээлгэн өгч орон сууцыг өөрсдийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсантай холбоотой хэн аль нь маргаагүй болно.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 17-22 дугаар тал/
Хариуцагч Б.О, Б.Ш нар 2019 оны 03 сарын 31-ний өдөр 23,515,000 төгрөг,
2019 оны 04 сарын 22-ны өдөр 1,000, 000 төгрөг,
2019 оны 05 сарын 30-ны өдөр 1,000, 000 төгрөг,
2019 оны 08 сарын 18-ны өдөр 1,000, 000 төгрөг,
2019 оны 09 сарын 18-ны өдөр 2,800,000 төгрөг,
2019 оны 11 сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг,
2019 оны 12 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг,
2020 оны 02 сарын 06-ны өдөр 2,000, 000 төгрөг,
2020 оны 10 сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг,
2021 оны 08 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг,
2021 оны 09 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 45,615,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу худалдан авагч тал төлөлтүүд хийсэн боловч хуваарьт заасан хугацаанаас хожимдуулах, төлөх дүнг хуваарьт заасан хэмжээгээр бус янз бүрээр төлж тогтоосон хугацаа, хэмжээгээр төлбөрийг төлөх үүргээ зөрчин гэрээний зөрчил үүсгэсэн нь дээр дурдсан төлбөр төлсөн хуваарьт тусгагдсан байна.
Нэхэмжлэгч тал дээрхи зөрчил үүссэн хугацаанд хариуцагч нарт гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардах хуудас, мэдэгдэл өгч байсан болох нь тогтоогдсонгүй.
Талууд 2020 оны 10 сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх ба 2019 оны 03 сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг 1.1 Хэрэв худалдан авагч нь үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзах, цуцлахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд худалдагч тал гэрээ цуцалснаас үүсэх хохирлыг орон сууц хөлсөлсөнд тооцож хөлсийг 1 м.кв-ийг 25,000 төгрөгөөр тооцон, мөн тухайн байрыг ашигласны дараах засвар үйлчилгээтэй холбоотой зардал болон зуучлагчийн хөлс зэрэг холбогдох зардлуудыг тооцож урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс суутган авна,
Мөн 2021 оны 09 сарын 02-ны өдөр анхны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг ....Энэ тохиолдолд худалдагч тал гэрээ цуцалснаас үүсэх хохирлыг орон сууц хөлсөлсөн гэж үзэн тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож, гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцыг худалдагч талд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх өдөр хүртэлх хоногоор тооцож урьдчилгаа төлбөрөөс суутгаж авна гэж тус тус тохирсон гэжээ.
Дээрх нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд 2019 оны 03 сарын 31-ний өдрийн гэрээний оролцогчдын нэг болох худалдагч авагч Б.О гарын үсгээ зурсан ба нөгөө худалдан авагч болох Б.Ш уг гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй байна.
/ХХ-ийн 11-16 дугаар тал/
2020 оны 10 сарын 16, 2021 оны 09 сарын 02-ны өдрүүдэд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх хугацаанаас хойш нэхэмжлэгч тал 2021 оны 06 сарын 14-ний өдөр Б.Шд, 2021 оны 12 сарын 16-ны өдөр н.Амарсайхан гэх хүнд тус тус шаардах хуудас өгсөн гардуулсан гэх ба хариуцагч Б.Ш нь н.Амарсайхан гэгч хүнийг танихгүй гэж тайлбарлалаа.
/ХХ-ийн 7-10 дугаар тал/
Ийнхүү шаардлага хүргүүлсээр атал хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 03 сарын 31-ний өдрийн гэрээнээс татгалзан, гэрээнд зааснаар 2019 оны 04 сараас 2022 оны 04 сар дуустал 37 сарын түрээсийн төлбөр 42,624,000 төгрөг, 1 сарын түрээс 1,152,000 төгрөг, урамшуулал 2,574,950 төгрөг, засварын зардал 2,500,000 төгрөг, нийт хохирол 47,698,950 төгрөг орон сууцны төлбөрөөс суутгагдаж байгаа хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан ба хариуцагч тал ийнхүү суутгаж байгаа нь үндэслэлгүй, гэрээний үүргийг ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл үүсэн гүйцэтгэж чадаагүй, гэрээний харилцааг үргэлжлүүлэх хүсэлтэй гэж тайлбарлалаа.
Хариуцагч Б.О нь Нарантуул олон улсын худалдааны төв-д талбай түрээслэн тавилгын худалдаа эрхэлдэг болох нь Нарантуул трейд ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр тогтоогдлоо.
Б.Ш, Б.О нар нь үүссэн нөхцөл байдалтай буюу коронавируст халдварын улмаас бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотой Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хандахад тэдний хүсэлт болон холбогдох материалыг судлан үзээд 2022 оны 06 сарын 22-ны өдөр 02/304 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгожээ.
Гэрчилгээнд: Б.Ш, Б.О нарын Б ХХК-тай байгуулсан 2019 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарь 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 сарын 22-ны өдрийн хооронд байхаар тохирчээ.... Дээрх гэрээний хэрэгжилтийн хугацаанд ... 2020, 2021 онуудад нийслэл хот нь нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдийг үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан,
БНХАУ-ын коронавируст халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх штабын 2021 оны 10 сарын 14-ний өдрийн Бүх нийтийн эсрэг биетний шинжилгээнд хамрагдах тухай шийдвэрийн улмаас Арвин барилгын материалын газар үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд импортлох боломжгүй болж, 2022 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл хүсэлт гаргагч талд нийлүүлж чадаагүй нь тус газрын 2022 оны 06 сарын 21-ний өдрийн тайлбараар тогтоогдож байх тул үйл ажиллагаа нь саатсан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Монгол улсын Засгийн газраас хуулийн этгээд, байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн нөхцөл байдал, үүсэх болсон шалтгаан нь үүрэг хүлээсэн этгээдийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж Б.О, Б.Ш нарт гэрчилгээ олгож байна гэжээ.
/ХХ-ийн 65-87 дугаар тал/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Ш, Б.О нарыг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй.
Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний үүргийн зөрчил үүссэн боловч хариуцагч Б.Ш, Б.О нарын нэхэмжлэгч Б ХХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн байгаагаас гадна уг хугацаанд тэдгээр нь гэрээний төлбөр тодорхой хэмжээгээр төлж байсныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарч байна гэж үзэхээр байна.
Хариуцагч Б.Ш, Б.О нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 07 сарын 04-ний өдөр 6,400,000 төгрөг, 2022 оны 07 сарын 22-ны өдөр 3,200,000 төгрөг, 2022 оны 10 сарын 05-ны өдөр 6,400,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй ба худалдан авагч нар гэрээний төлбөрт нийт 61,615,000 төгрөг төлжээ.
/ХХ-ийн 90, 103, 120 дугаар тал/
Нэхэмжлэгч Б ХХК нь түрээсийн төлбөрийг 1 метр квадратыг нь 25.000 төгрөгөөр тооцон 46.08 м.кв талбайтай орон сууцны түрээсийн төлбөрт 1.152.000 төгрөг, засварын зардлыг 2,500,000 төгрөгөөр тооцон байрыг засварлана, мөн урамшуулал 2,574,950 төгрөг тус тус төлбөрөөс хасч тооцогдож байгаа гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, мөн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний оролцогч нэг бүр тухайн гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан эсэх нь тодорхойгүй тул дээрхи төлбөрийг хариуцагч нарын орон сууцны талбөрөөс хасч тооцно гэх нэхэмжлэгч Б ХХК-ийн тайлбар үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О, Б.Ш нарт холбогдох 2019 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой Б.О, Б.Ш нарыг ххххххххххххххххххтоотын 2 өрөө бүхий орон сууцнаас албадан гаргуулж орон сууцыг чөлөөлүүлэх тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч Б.О, Б.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр бөгөөд уг гэрээтэй холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдлаа.
Хариуцагч Б.О эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаар хариуцагч Б.Ш тайлбарласан ба шүүх хуралдааны ирцтэй холбоотой зохигчид ямар нэг хүсэлт гаргаагүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О, Б.Ш нарт холбогдох 2019 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой Б.О, Б.Ш нарыг ххххххххххххххххххтоотын 2 өрөө бүхий орон сууцнаас албадан гаргуулж орон сууцыг чөлөөлүүлэх тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН