| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-08-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
2025 08 29 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.Н, Н.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435001150315 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Н-ын Э (РД: .....), 1966 оны 10 дугаар сарын 25-ны өдөр .... аймгийн .. суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг, ам бүл нэг, ... аймгийн ... сумын ... /.. дүгээр/ баг, .... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, ... ургийн овогт Б-н Н (РД: ...), 2001 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл гурав, эх, дүүгийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... гэх газарт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Н.Э Б.Н нар нь бүлэглэж Монгол Улсын хилээр орж ирсэн Оросын Холбооны Улсын иргэн, хохирогч Х.Эгийн 6’000’000 төгрөгийн үнэлгээ бүхий гурван тооны адуу буюу олон тооны малыг 2024 оны 05 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг дэвсгэрээс өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад зарж борлуулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), хохирогч Х.Эгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149 дүгээр хуудас), гэрч Ц.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас), гэрч Эын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас), тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас), Б.Н, Н.Э, Бгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 50-72 дугаар хуудас), дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас), адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас), Б.Тын тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас), эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах шалтгаанаар гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас), адууны тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 111-125 дугаар хуудас), алдагдсан гэх гурван тооны адуутай холбоотой баримт бичгүүд (1 дэх хавтаст хэргийн 127-130 дугаар хуудас), Х.Эгийн морины тухай мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 136-139 дүгээр хуудас), хохирогч Х.Эгийн хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 136-139 дүгээр хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Тын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-154 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Тын дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас), гэрч Дын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-168 дугаар хуудас), гэрч Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170-171 дугаар хуудас), гэрч Оийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 178-179 дугаар хуудас), гэрч Мийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас), гэрч Оын мэдүүлэг (хавтаст хэргийн 197 дугаар хуудас), гэрч Эгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199-201 дугаар хуудас), гэрч Дгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас), гэрч Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас), гэрч Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас), шинжээчийн 24 дүгээр дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас), шинжээчийн 15 дугаар дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 223-235 дугаар хуудас), шинжээчийн 245 дугаар дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас);
- Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), прокурорын газрын албан тоот (1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Хилийн цэргийн 0245 дугаар ангийн дэргэдэх тагнуулын тасгийн дарга дэд хурандаа Б.Бын албан тоот (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар хуудас), 11 дүгээр хуудас 2024.11.13 өдөр хилээр алдагдсан адуу, 12 дугаар хуудас Сын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас), тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас), Б.Н, Н.Э, Б нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 50-72 дугаар хуудас), тухайн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас), хохирогч Х.Эгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 148 дугаар хуудас), Б.Тын тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 152-153 дүгээр хуудас), гэрч Ц.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн169 дугаар хуудас), гэрч Мийн мэдүүлэг (хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас), гэрч Оын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197 дугаар хуудас), гэрч Эгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 199-201 дугаар хуудас), гэрч Дгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас), гэрч Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас), гэрч Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (2 дахь хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), Б.Н болон өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа бичсэн хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), Н.Эд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол (2 дахь хавтаст хэргийн 27 дугаар хуудас), яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн санал, хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас), Б.Наас яллагдагчаар авсан мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан үнэлээд:
- Хохирогч Х.Эгийн “...Миний бие Тува Улсад мал маллан амьдардаг бөгөөд 2024 оны 03 дугаар сарын сүүлээр миний 4 тооны зөв гуяндаа “А үсгэн тамгатай адуу алга болж, Монгол Улстай хиллэх хил орчмоос 1 тооны адуу нь нэг сарын дараа олдсон. Манайх хилээс дотогш 30 орчим километр газарт байдаг манай адуу мал хил тал руу бэлчдэг. Тухайн алга болсон 3 тооны адууны хувьд гэвэл хоёр хээр зүсмийн гүү, хонгор зүсмийн 3-4 настай гүү алга болсон. Манайх нийт 195 орчим тооны адуутай бөгөөд тухайн алга болсон 3 тооны адууны бичиг баримт байгаа. Манай адуу бэлчиж байх хугацаанд бол торны хажууд хэд хэдэн удаа ирж байсан учраас уг 3 адуу бэлчээрээр Монгол Улс тал руу орсон гэж үзэж байна. Манай Улсын хил орчмын зарим газар нь торгүй байдаг. Би өөрийн 3 тооны адууг Монгол Улсад байгаа гэдгийг зургаар харж мэдээд цагдаатай ирж уулзаад Завхан Тэс суманд очиж, өөрийн 3 тооны адууг нүдээр очиж таньсан. Би Тэс суманд очоод адуугаа үзсэний дараа Н.Э гэх хүн ирэхээр нь уулзаж, танд миний адууг хэн яаж өгсөн талаар асуухад Б.Н гэх залуу авч ирж өгсөн гэж хэлсэн. ...Өөрийн оршин суугаа газрын хэсгийн цагдаад бүртгүүлсэн. Гэхдээ Монгол Улс руу бол мэдэгдсэн зүйл байхгүй. Миний хувьд 3 тооны адуу алдсан, 11 тооны адуу гээсэн зүйл байхгүй. Би өөрийн нэг адууг 4 сая төгрөгөөр үнэлж байгаа боловч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149 дүгээр хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Б.Н уг гурван тооны адууг анх харсан гэх газарт үзлэг хийв. Үзлэгийг Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Нисэх” гэх газарт гэрч Б.Нын өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 800 метр зайнд яваад Б.Н “энэ газар тухайн гурван тооны буюу Завхан аймгийн Тэс сумын Н.Эд өгсөн гурван гүү энд байсан” заав” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас);
- Хохирогчийн адуу тамгалдаг тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас);
- Иргэний нэхэмжлэгч Б.Тын адуу тамгалдаг тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас);
- Хохирогчийн гурван тооны адууны тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 111-125 дугаар хуудас);
- Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн Хаан банк дахь харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 50-61 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Н.Э, Б.Н нарын Хаан банк дахь харилцах дансны “...Н.Эгийн харилцах данснаас Б.Нын харилцах данс руу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1’500’000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3’000’000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1’000’000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 5’000’000 төгрөг шилжүүлсэн” гэх агуулгатай хуулга, тухайн данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 62-74 дүгээр хуудас);
- Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл “...эзэмшигч нь тодорхойгүйгээр зарагдсан адуунд үзлэг хийж, эзэмшигчийн тогтоох зорилгоор худалдан авсан Б.Тыг оролцуулан Завхан аймгийн Завхан Тэс сумын Зүр багийн 2 дугаар хэсгийн 1007 тоот хашаанд ...эхлүүлэв” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93, 96-97 дугаар хуудас);
- Гар утсанд үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох зорилгоор Б.Нын эзэмшлийн гар утсанд үзлэг хийх ажиллагааг тус аймгийн Цагдаагийн газрын 4 тоот өрөөнд эзэмшигч Б.Ныг оролцуулан 14 цаг 05 минутад эхлүүлэв” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас);
- Иргэний нэхэмжлэгч Б.Тын “...2024 оны 05 дугаар сард ээжийн дүү болох Ц.Б надтай утсаар холбогдоод “адуу сонирхох уу, сумын төвд Н.Э гэх хүний хашаанд зарах адуу байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн айлд би ганцаараа мотоциклтой очиход Н.Э, Ц.Б хоёр цуг байсан бөгөөд уг айлын хашаанд эрлийз 3 тооны адуу, мөн унаж байсан байрын нэг адуу байснаас гурван хольцтой адууг нь зарна гэж хэлээд надад үзүүлсэн. ...Уг адууг хаанаас ирсэн, хэний адуу болох талаар асуухад Н.Э нь надад “Таван Тэс сумаас сумаас хүнээс худалдаж авсан адуу” гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед Ц.Б ах ерөнхийдөө түрүүлж очоод ярилцаад тохиролцсон байсан. Би сүүлд очоод үлдэгдэл хоёр адууг нь сонирхож худалдан авахаар болж, би хоёр хээр адууг худалдаж аваад түүнээс хэд хоногийн дараа аавын болон өөрийн данснаас нийт 7’400’000 төгрөг шилжүүлж өгсөн. ...Би тухайн үед “танаас худалдаж авсны дараа янз бүрийн асуудал гарахгүй биз, мөн хулгайн зүйл биш биз дээ” гэхэд “ямар нэгэн асуудал байхгүй, хүнээс худалдаж авч ирсэн адуу” гэж хэлсэн.
...Миний худалдаж авсан хоёр адуу эрлийз зөв гуян дээрээ том “А” үсгэн тамгатай адуу байсан. Манай суманд “А” үсгэн тамгатай адуу байхгүй. Би дотроо монголчууд том үсэг дардаггүй гэж бодоод Н.Эгаас “тамга нь хаанахын адуу вэ, энэ хулгайн адуу биш биз дээ” гэж лавлаж асуухад “хүнээс худалдаж аваад ачиж ирсэн цустай адуу сонирхож байвал аваарай” гэж хэлэхээр л авсан.
...Э нь надад хүнээс худалдаж авсан адуу гэж хэлсэн боловч гарал үүслийн бичиг үзүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд урд аймгаас адуу худалдаж авч байхад бол гарал үүслийн бичиг өгч байсан. Харин Э нь нэг сумын хүн учраас шууд худалдаж авсан. Тухайн хүний адуу биш гэдгийг мэдсэн боловч уг хүнд итгээд худалдаж авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас);
- Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн “...2024 оны 06 дугаар сарын эхээр манай сумын иргэн Н.Этай сумын төвд таараад бид жоохон хууч хөөрч байтал “Увс аймгаас зарагдах 3 гүү ирсэн байгаа, чи сонирхохгүй юм уу, одоо манай хашаанд байгаа” гэсэн. Би тэр өдрөө оройхон хашаанд нь очиж үзэхэд сартай зээрд, хээр, халтар зүсмийн гурван байдсан гүү хашаан дотор нь малын хайсанд хашчихсан сул байсан. Тухайн гүүнүүд надад таалагдаад байхаар нь авах болоод үнэ ханшаа тохиролцоод нэгийг нь өөрөө авахаар, нөгөө хоёрыг хүргэх ахын хүүхэд Б.Тд хэлсэн. Тэр дор нь Б.Тыг дуудаж үзүүлтэл бас л авахаар болоод бид тэр гурван гүүг худалдаж авсан юм. Тухайн үедээ нэг гүүг нь 3’700’000 төгрөгт бодож тооцоо хийхээр болоод нэгийнх нь мөнгийг би, нөгөө хоёр гүүний мөнгийг манай дүү Б.Т хийхээр тохиролцоод шууд тууж авчраад Б.Тын хашаанд хийсэн.
...Миний тухайд сүүлд буюу 2024 оны 10 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Тагнуулын газраас хүмүүс ирж уулзаж, адуу авсан талаар асууж тодруулахад нь мэдсэн. Би тэр үед Н.Эд “ах дүүдээ хулгайн адуунууд зарсан юм биш үү” гэхэд надад хариулахдаа ямар ч асуудал байхгүй зүгээрээ, чи санаа зоволтгүй гэсэн. ...Ер нь бол надад худалдаж авсан мөнгө болох 3’700’000 төгрөгийн хохирол учирсан. Дээрээс нь тэжээл болон тэжээсний хөлс нийлээд 1’200’000 төгрөг болно. Нийт надад учрах хохирол нь 4’900’000 төгрөгийн хохирол учирч байна. Тухайн гүүний эзэмшигч нь гүүгээ авна гэх юм бол би Н.Э гэх хүнээс дээрх учирсан хохирлоо нэхэмжилнэ. Учир нь энэ хүнээс худалдаж энэ данс руу мөнгийг шилжүүлсэн тийм учраас энэ хүнээсээ хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас);
- Гэрч Г.Дын “...Би Н.Э ахтай хамт 2024 оны хавар 03, 04 дүгээр сард байх /өдрийн сайн санахгүй байна/ 1 удаа явсан. Тэгэхэд би Завхан аймгийн Тэс суманд гэртээ байсан ба Н.Э ах гар утсаар залгаад “элсний хаяа Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Нисэх гэх газар очиж хүнтэй уулзах ажил байна, мосттой машин хэрэгтэй байна яваад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь очоод Н.Э ахыг аваад өөрийнхөө Harrier загварын, 36-88 УНК улсын дугаартай автомашинаар Увс аймгийн Зүүнхангай сумын Нисэх гэх газар руу явж Зүүнхангай сумын Б.Н гэх айлд очсон. Тухайн айлд ээж нь гэсэн 1 хүн байсан ба нэг их удалгүй Б.Н гэх залуу гаднаас ороод ирсэн. Тэгээд цай хоол болсон, би гараад машиндаа нэг ороод айлд нэг ороод байж байсан. Тэр үед Н.Э ах тухайн айлд байсан Б.Н гэх залуутай адуу мал ярьж байсан. Би энэ 2 хүн адуу малын талаар ярих ажилтай юм байна гэж ойлгосон. Н.Э ах бид хоёр Б.Ныг аваад тэднийд ойрхон байсан 2 азарга адуу буюу 30 гаран адууг очиж харсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-168 дугаар хуудас);
- Гэрч Э.Бгийн “...Миний бие ...2024 оны 12 дугаар сарын 05-нд Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 0262 дугаар салбар буюу 6 дугаар заставд, салбарын захирагчаар ажиллаж байгаа. Ажил чиг үүргийн хувьд хилийн 233.2-238 дугаар тэмдэг хүртэл буюу Баруунтуруун сумын Баян айраг багаас Зүүнтуруун баг хүртэлх улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, албаны үйл ажиллагааг удирдах ажил эрхэлдэг. ...237 дугаар тэмдэгт нь миний хариуцсан бүс нутагт хамаардаг бөгөөд тухайн тэмдэгт нь уулын орой дээр байдаг. Хилийн тэмдэг хоорондын зай нь янз бүр байдаг бөгөөд зарим газар нь 3-4 орчим километр зайтай. Уг 237 дугаар тэмдэгтийн ойролцоо бол 3-5 судалтай өргөстэй тор байдаг. Уг 237.1-238 хүртэл Тэс сумын гол хилээр өргөн урсаж гардаг. Миний хувьд тухайн 2024 оны хавар ажиллаж байгаагүй бөгөөд тэр талаар мэдэх зүйл байхгүй бөгөөд одоогийн байдлаар түүнтэй холбоотой хилийн зөрчил бүртгэгдэн шалгагдаж байгаа зүйл байхгүй. ...237-238 дугаарт тэмдэгт хүртэл бол Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт хамаардаг. Харин 238-аас эхлээд Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэр эхэлдэг. Уг хилээр урсан гарч байгаа голын эрэг хүртэл тортой боловч яг гол урсаж байгаа хэсгээр бол тор байхгүй. Адуу малын хувьд бол голоо дагаад хилээр хөлөөрөө орж гарах боломжтой. ...Намайг ирснээс хойш бол хилийн ойролцоох адуунууд дунд бол “А” үсгэн тамгатай адуу нөхөж бүртгэгдсэн зүйл байхгүй. Ер нь бол энд “А” үсгэн тамгатай адуу байхгүй. Харин хилийн залгаа болох Тува улсын иргэдийн адуу үсгэн тамгатай байдаг. Баруунтуруун, Тэс сумын иргэдийн адуу дором, хас гэсэн тамгатай. ...Яг хөлөөрөө хилийн зөрчил илрэхгүй боломжгүй газар нь бол Тэсийн гол дагаж орж ирэх боломжтой. Тухайн гол нь Тэс сумын нутагт хамаардаг. Харин Элсний хаялга гэх газар Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт хамаардаг. ...Тухайн Баруунтуруун сумын иргэн Б.Н нь хилийн 236 дугаар тэмдэгтийн ойролцоо хилээс 6-7 орчим километр зайд өвөлжөө нь байдаг. Тухайн хүний адуу мал алдсаныг бол мэдэж байгаа. Гэхдээ би тухайн цаг хугацаанд ажиллаж байгаагүй учраас тэр талаар сайн хэлж мэдэхгүй бөгөөд одоогийн байдлаар тухайн хүний адуутай холбогдуулан хилийн зөрчил бүртгэгдсэн зүйл байхгүй. Нын өвөлжөөний ар хэсгээр тортой бөгөөд тухайн айлаас баруун зүгт Тэсийн гол хилээр урсаж гардаг мөн л уг голын хэсэг бол торгүй байдаг. Харин голын хувьд бол Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт хамаардаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас);
- Гэрч О.Оийн “...Манайх Увс аймгийн Баруунтуруун суманд оршин суудаг боловч Завхан аймгийн Тэс суманд ойрхон учраас ойр зуурын зүйлээ авдаг. Тийм учраас 2024 оны өвөл, хавар Завхан аймгийн Тэс сум руу орж Н.Э гэх хүнтэй уулзаж малын өвс тэжээл авахын тулд 5 сая төгрөг зээлж, сүүлд адуу зарахаар болсон. Уг мөнгөөр дараа нь өвс тэжээл авсан. Харин өртгийн адууг 2024 оны 06 сард хүрэн гүү худалдаж, үлдэгдлийг өгөөгүй, өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас);
- Гэрч Т.Мийн “...Би Зүүнхангай сумын иргэн Б.Н гэх хүнийг сайн танина. ...Би 2024 оны 05 дугаар сарын эхээр байх /яг өдрийн сайн санахгүй байна/ Завхан аймгийн Тэс сумаас Увс аймгийн Зүүнхангай, Баруунтуруун сумын нутгийн чиглэлд өөрийн 1 тооны адуугаа гээсэн адуу малаа хайж яваад Баруунтуруун сумын нутаг Нисэхийн түнг гэх газар Зүүнхангай сумын иргэн Б.Н гэх хүнтэй таарсан. 1 тооны адуу хайж яваа талаараа хэлэхэд манай энүүгээр болон манай адууны захад 3 тооны адуу ирсэн, ямар нэгэн хүн ирж авахгүй юм эзэнгүй байна гэж хэлсэн. Очиж харахад 2 халтар хээр, 1 зээрд нийт 3 тооны бага гүү байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас);
- Гэрч М.Оын “...Би 2024 оны 04, 05 дугаар сар байх /яг өдрийн сайн санахгүй байна/ Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг Нисэх гэх газар малтайгаа отроор явсан юм. Тухайн үед Б.Нын гэр нь уг газар байсан. Нэг өдөр Б.Н бид хоёр адуу малаа хараад явж байтал Б.Н “манай адуунд 3 тооны байдсан гүү ирж нийлсэн байна, салахгүй байна” гэж хэлсэн. Бид хоёр тэр 3 тооны гүүг харахад нэг хойд хөл нь цагаан өсгийтэй зээрд зүсмийн гүү, 2 хээр зүсмийн гүү байсан. Би тухайн 3 гүүг /адуу/-г хараад манай мал байсан газрын ойр орчим тухайн адууны тамгатай ижил тамгатай малтай хүн байхгүй гэж ярьсан. Тэгэхэд Б.Н энэ 3 адууг хайсан хүн байвал надад хэлээрэй гэж байсан. Бид хоёр гэр гэр рүүгээ явсан түүнээс хойш би уг 3 тооны адууг харсан зүйл байхгүй, мөн Б.Н бид хоёр уг 3 тооны адууны талаар дахиж ярьсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197 дугаар хуудас);
- Гэрч Ш.Эгийн “...Би 2024 оны хавар, 04 дүгээр сарын үед байх Баруунтуруун сумын нутаг Нисэх гэх газар Б.Нтай хамт гол руу орж уургын мод авах ажлаар явж байтал Б.Нын хул азаргатай адууны захад 3 тооны байдсан гүү байсан. Тухайн үед “3 тооны гүү ирсэн, эзэн гарч ирэхгүй байна, энэ 3 тооны адууг асуусан хүн байвал надад хэлээрэй” гэж байсан. Тухайн 3 тооны адуу зөв талдаа байх “А” үсгэн тамгатай байсан. Тэгээд би манай нутагт дарагддаггүй тамга байна гэж хэлсэн. ...зээрд нь хойд хөлний өсгий цагаан байсан. ...зээрд гүү эрлийз гэж хэлэхээр өндөр адуу байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас);
- Гэрч Г.Нийн “...2024 оны 05 дугаар сард манай зээгийн төрсөн өдөр болж байхад байх би ажлаа тараад гэртээ ирэхэд манай хашаанд 3 тооны адуу туугдаж ирсэн байдалтай байсан. Би гэр рүүгээ ороход манай гэрийн үүдний амбаарт миний нөхөр Н.Э нэг бага залуутай суусан. Би мэнд ус болоод гэр рүүгээ орсон. Би хувцсаа солиод буцаад гараад ирэхэд нөгөө залуу явчихсан байсан. Би нөхөр Эгаас ямар учиртай хүн вэ гэж асуухад “Увс аймгийн Зүүнхангай сумаас надад адуу авч ирж өгсөн хүн” гэж хэлсэн. Би тэр талаар дахин асуусан зүйл байхгүй тэгээд өнгөрсөн өөр ямар нэгэн гаднаас мал авч ирсэн зүйл байхгүй. Би 2024 оны 05 дугаар сард байх манай хашаанд адуу авч ирсэн гэх тэр залууг урьд өмнө харж байгаагүй, 20 гаран насны бага залуу байсан. Би одоо харвал танихгүй байх тухайн үед хальт харсан, би нэрийг нь асуусан зүйл байхгүй сүүлд буюу саяхан Н.Э цагдаад дуудагдсан гэхэд ямар учраас дуудсан талаар асуухад 2024 оны тэр 3 тооны адуу авч ирж өгсөн залуу Б.Н гэдэг тэр адууны талаар асууж байна гэж байсан. Өөр зүйл мэдэхгүй. ...би ямар тамгатай ямар зүстэй байсан талаар мэдэхгүй байна бас санахгүй байна, 3 тооны бараан голдуу адуу байсан шиг санагдаж байна. ...тухайн үед машин тэрэг харагдаагүй, манай нөхөр мориор тууж ирсэн гэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас);
- Криминалистикийн шинжилгээний 24 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн зээрд, хээр, халтар зүсмийн адуунуудын гуянд дарагдсан А үсгийн дүрслэл бүхий тамга нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн А үсгийн дүрслэл бүхий тамгатай ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас);
- Хөрөнгийн үнэлгээний 15 дугаартай “...эрлийз эм адууны зах зээлийн үнэлгээг 2’000’000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 225 дугаар хуудас) зэргийг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2.1. Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол:
Оросын Холбооны Улсын харьяа Тува Улсын харьяат, хохирогч Х.Э 2024 оны 03 дугаар сарын сүүлээр 4 тооны зөв гуяндаа “А” үсгэн тамгатай адуу бэлчээрээс алдсан байх бөгөөд нэг адууг нь Тува Улсын нутгаас буюу Монгол Улстай хиллэдэг хил орчмоос нэг сарын дараа олжээ.
Харин гурван тооны адуу нь Монгол Улсын хилээр нэвтэрч 2024 оны 04 дүгээр сараас 05 сарын эхэн хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан нь улсын яллагчийн яллах талын нотлох баримтаар дурдсан гэрч Ш.Э, Т.М, М.О нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх гэрч нарт тухайн “А” үсгэн тамгатай гурван тооны адуу байгаа талаар шүүгдэгч Б.Н хэлсэн байх бөгөөд агуулгын хувьд алдуул мал байгаа талаар зар тараасан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Н нь уг гурван тооны “А” үсгэн тамгатай гүүг 2024 оны 05 дугаар сарын эхээр Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг дэвсгэрээс тууж Завхан аймгийн Тэс сумын Зүр /1 дүгээр/ баг, Доон 3-302 тоотод байх шүүгдэгч Н.Эд аваачиж өгсөн. Шүүгдэгч Н.Э тухайн гурван тооны адууны нэг бүрийг нь 3’700’000 төгрөгөөр үнэлж, иргэний нэхэмжлэгч Ц.Бд нэг тооны гүүг, иргэний нэхэмжлэгч Б.Тд хоёр тооны гүүг тус тус зарсан.
Иргэний нэхэмжлэгч Ц.Б, Б.Т нарын худалдан авсан “гурван тооны адуун дээр дарсан А” үсгэн тамга нь хохирогч Х.Эгийн тамга болох нь криминалистикийн шинжилгээний 24 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Нэгтгэн дүгнэвэл Оросын Холбооны Улсын харьяа Тува Улсын харьяат, хохирогч Х.Э 2024 оны 03 дугаар сарын сүүлээр Тува улсын нутаг дэвсгэрээс алдсан “А” үсгэн тамгатай гурван тооны адуу Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан. Энэ талаар шүүгдэгч Б.Н гэрч Ш.Э, Т.М, М.О нарт зар түгээсний дараа буюу 2024 оны 05 дугаар сарын эхээр Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг дэвсгэрээс тууж Завхан аймгийн Тэс сумын Зүр /1 дүгээр/ баг, Доон 3-302 тоотод байх шүүгдэгч Н.Эд аваачиж өгсөн. Шүүгдэгч Н.Э тухайн гурван тооны адууг буюу тус бүрийг нь 3’700’000 төгрөгөөр үнэлж, иргэний нэхэмжлэгч Ц.Бд нэг тооны гүүг, иргэний нэхэмжлэгч Б.Тд хоёр тооны гүүг тус тус зарсан үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Улсын яллагч “Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Н.Э, Б.Н нар нь бүлэглэж Монгол Улсын хилээр бэлчээрээр орж ирсэн Оросын холбооны Улсын иргэн хохирогч Х.Эгийн 6’000’000 төгрөгийн үнэ бүхий 3 тооны гүү буюу олон тооны малыг 2024 оны 05 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг дэвсгэрээс өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, бусдад зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж өгсөн мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар нь үйлдсэн болох нь хөтөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон” агуулгатай дүгнэлт;
- Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нар болон миний зүгээс юу байна вэ гэвэл хилийн дотор байсан 3 тооны гүүг Б.Н гэдэг хүн авч Н.Эд зарсан гэдэг энэ үйл баримтыг бол зөвшөөрч байгаа юм.
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон тогтоох нь яллагдагч Н.Эг Б.Нтай бүлэглэн Монгол Улсын хилийн бэлчээрээр орж ирсэн Оросын холбооны Улсын иргэн Х.Эгийн 6’000’000 төгрөгийн үнэ бүхий 3 тооны адуу буюу олон тооны адууг 2024 оны 05 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг дэвсгэрээс өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрөөр хэлбэл Х.Эгийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, нууцаар авч бусдад зарж борлуулсан гэж тодорхойлж. Тэгээд цааш нь ярихдаа урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн байна гэсэн. Энэнээс хэд хэдэн асуудлууд гарч ирнэ. Нэгдүгээрт мал хулгайлах гэмт хэрэг юм уу? нэг бол алдуул мал юм уу? гэдэг дээр прокурорын тогтоосон хэсэг дээр юу харагдаж байна гэвэл Монгол Улсын хилээр бэлчээрээр орж ирсэн гэдгийг прокурор тогтоосон юм шиг байгаа юм. Хэдийгээр хавтаст хэрэгт энэ хэсгээр ингээд ороод иржээ гэдгийг тогтоосон зүйл байхгүй боловч прокурор ингэж дүгнэж.
...малын хулгай бол тухайн хүний өмч хөрөнгийг өөрийн идэвхтэй үйлдлээр тухайн малын байршсан газраас нь гэдэг юм уу, тухайн айлын хашаа, хотноос нь тухайн хүнийхээс шууд очоод хөөгөөд, туугаад нууц далд аргаар аваад ирж байгаагаараа өөр, энэ бол идэвхтэй үйлдлээрээ ялгардаг. Харин адуул мал дээр юу вэ? гэвэл сая миний хэлдэг шиг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас адуул малыг ашиглаж байгаа этгээдийн эзэмшилд түр шилжин ирсэн байхыг хэлж байгаа юм.
...Дараачийн ээлжид үйлдлээрээ нэгдсэн гэж байна. Яг хаана нэгдчихэв гээд би гайхаад байгаа юм. Тувагаас 3 адуу ороод ирэхэд нь Н.Э, Б.Н хоёрын санаа сэтгэл нэгдээд байгаа юм уу?, нэг болбол тэр 3 адуу Б.Нын адуу руу очоод нийлэхэд нь энэ хоёр тууж аваачаад нийлүүлээд ингээд байгаа юм уу? энэ тохиолдол дээр Н.Э ганц удаа л очсон. Б.Нынд ганц удаа очиход тэр 3 адуу байгаагүй, үзээгүй, хараагүй гэдгийг хэлж байгаа. Тэгвэл Б.Н туугаад Н.Эд хүргээд өгчхөж байгаа дээр нэгдэж байна уу?, яг худалдаж авч байгаа дээр нь нэгдэж байна уу. Н.Э чинь яриад байна шүү дээ, одоо зүгээр google дээрээс хайхад л тэр гоё халиуны зураг байж байдаг юм шүү дээ, яг ийм А үсгийн тамгатай. Тэгээд энэ хүн итгээд авчихсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр яаж одоо бүлэглэсэн гэж үзээд байгаа юм, үнэхээр бүлэглэсэн гэж байгаа бол хүн тус бүрийн тухайн хэрэгт оролцсон үүрэг оролцоо, хэлбэрийг нарийвчлан тогтоох ёстой. Гэхдээ энэ дээр нь ингэж тогтоогоод ингэчихсэн ийм зүйл байхгүй байдаг. Ингэхээр ойролцоо төрлийн гэмт хэргийг яллан зүйлчлэх тал дээр эргэлзээ гарч байгаа учраас би бол Б.Ныг алдуул мал ашиглах буюу Эрүүгийн хуулийн17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж харж байгаа. Адуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас, хулгай нь бас л бусдын өмчлөл, эзэмшилд байсан үед. Өөрийн чинь одоо тодорхойлоод байгаа яллагдагчаар татаж байгаа тодорхойлолт дээр ингэж байна. Бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр авчихсан гэж байна. Тэгэхээр одоо ингээд тэр А.Бямбадоржийг асуугаагүй гэдэг юм уу, энэ нөхцөл байдлуудыг нарийвчлан тодорхойлж чадаагүй учраас эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байгаа учраас эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдэх нь зүйтэй байна гэж би харж байгаа. Харин Н.Эгийн хувьд бол яагаад одоо хулгайгаар зүйлчлээд ороод ирж байгааг би ойлгохгүй байгаа. Энэ хүн хүргээд л өгсөн. Нэгд өртэй байсан. Хоёрт худалдаж авсан. Хэрвээ гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэж Н.Э мэдэж байгаад авч байгаа бол энэ чинь мөнгө угаах гэмт хэрэг болно шүү дээ. Тэгвэл энэ хэрэг дотор чинь ёстой жинхэнээсээ мэдээд байж авчхаж байгаа этгээд чинь тэр Б.Т байгаад байна шүү дээ, өөрийнх нь мэдүүлгээр. Тэгтэл Б.Тыг болохоор бүр тэр ажил мэргэжлийнхээ онцлогийг, хүлээсэн үүргийнхээ дагуу энэ бүх зүйлийг мэдээд байж авчхаад байхад чинь тэрийг татахгүй байж зүгээр л худалдаа хийчихсэн нэг ийм бие муутай хүнийг малын хулгайгаар ингээд давхар зүйлчлээд ороод ирж байгаа нь үнэхээр боломжгүй байна. Тийм учраас би бол Н.Эг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна” гэх агуулгатай дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцжээ.
Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжгүй, харин шүүгдэгч Б.Нын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Н.Эгийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж мэтгэлцжээ.
Дээр тогтоогдсон үйл баримтад хийсэн прокурорын хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсэг нь үндэслэлтэй гэж дүгнэв.
3.2. Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчин байрлаж байгаа өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа буюу эзэнгүй малыг ойлгоно. Эзэнгүй, ижлээсээ тасарсан, өөр орон нутагт бэлчиж байгаа мал бүхнийг алдуул мал гэж үзэхгүй бөгөөд тухайн малыг авч эзэмшилдээ байлгаж байгаа, эзэнгүй мал гэдгийг мэдсэн этгээд нь орон нутгийн захиргаанд тэмдэглүүлж, эзэнгүй мал байгаа талаар тухайн орон нутгийн иргэдэд зар түгээсний дараа үүсэх ойлголт юм.
Хохирогч Х.Эгийн гурван тооны адуу нь Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс Монгол Улсын нутаг дэвсгэрт ирсэн, шүүгдэгч Б.Н нь тухайн гурван тооны адууг алдуул мал талаар гэрч Ш.Э, Т.М, М.От мэдэгдэж зар түгээсэн тул дээрх малыг алдуул мал гэж үзнэ.
Хэдий шүүгдэгч Б.Н нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тус тус заасан үүргийнхээ хүрээнд алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргээ биелүүлээгүй боловч малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Нын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бус тус хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэв.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Улсын яллагч шүүгдэгч нарыг үйлдлээрээ нэгдсэн гэж буруутгаж байгаа боловч хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Эг Б.Нтай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх, эсхүл үйлдлээрээ нэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
3.4. Шүүгдэгч Н.Э, Б.Н нарын Хаан банк дахь харилцах дансны хуулга, тухайн данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 62-74 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Н.Э нь шүүгдэгч Б.Нын харилцах данс руу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1’500’000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3’000’000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1’000’000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 5’000’000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тухайн гүйлгээнүүдийг “зээлүүлсэн” гэх утгаар бус “ахаас нь, Тэс Амгалан” гэх утгаар шилжүүлсэн байна. Шүүгдэгч нар дээрх төлбөрийг зээл гэж, улсын яллагчийн зүгээс гурван морины мөнгийг урьдчилан төлсөн гэх агуулгаар тайлбарлаж байх боловч аль алиных нь тайлбарыг нотолсон баримт байхгүй байна.
Харин энэхүү үйл баримтыг хэн нэгэнд ашигтай, эсхүл ашиггүй байдлаар тайлбарлах гэхээсээ илүү бодитойгоор дүгнэвэл шүүгдэгч Н.Э шүүгдэгч Б.Нт 10’500’000 төгрөгийг шилжүүлсэн, шүүгдэгч Б.Н нь уг мөнгийг эргэн төлөөгүй, хохирогч Х.Эгийн гурван тооны морийг Н.Эд хүргэж өгсөн үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Э нь гэрч Г.Дын хамтаар Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт очиж шүүгдэгч Б.Нын хоёр азарга адууг харсан, мөн адууны худалдаа хийж байсан зэргээс үзвэл шүүгдэгч Б.Нын адууны тамгыг мэдэх, ялгах боломжтой этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Э нь тухайн гурван тооны “А” үсгэн тамгатай адууг шүүгдэгч Б.Нын адуу биш гэдгийг мэдсээр байж буюу бусдын адууг зарж байгааг мэдсээр байж худалдаж авсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Э нь 10’500’000 төгрөгийн авлагадаа гэмт хэрэг үйлдэж олсон адуу гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Б.Наас дээрх гурван тооны адууг авсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Н.Эгийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн” гэх мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангажээ.
3.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилнө.
Шүүгдэгч Б.Нын хохирогчийн алдуул гурван тооны адууг шүүгдэгч Н.Эд зарсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан байна. Мөн шүүгдэгч Н.Э нь шүүгдэгч Б.Нын гэмт үйлдэлд урьдчилан үгсэн тохиролцож нэгдсэн, эсхүл үйлдлээрээ нэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл өөр өөр гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь шүүгдэгч Б.Наас гурван тооны адууг гарал үүслийн гэрчилгээгүйгээр, түүний адуу биш гэдгийг мэдсээр байж өрөндөө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Иймд Увс аймгийн прокурорын гарын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Н.Э, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж, шүүгдэгч Н.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж тус тус хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтов.
3.6. Шүүгдэгчийн нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн улмаас хохирогч Х.Эд 6’000’000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар (1 дэх хавтаст хэргийн 225 дугаар хуудас) нотлогджээ.
Хохирогч Х.Эгийн “...миний бие 3 адууны үнэ болон бусад зардалд нийт 6’500’000 төгрөгийг Б.Н, Н.Э нараас бэлнээр хүлээж авлаа. Цаашид нэхэмжлэх хохирол, төлбөр, сэтгэл санааны хохирол байхгүй” гэх хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 141 дүгээр хуудас)-ээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн нь нотлогдож байна.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Б.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 45 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 55 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 56 дугаар хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт (2 дахь хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас), Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын гаргасан тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь эхийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 46 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 50 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 62 дугаар хуудас), Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн Засаг даргын гаргасан тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь хамтран амьдрагчийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв. Харин тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол, хор уршгийн байдлыг харгалзан үзээд түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, түүний оршин суугаа Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр, мөн шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах” гэх санал;
- Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Б.Н бол малчин хүн, зорчих эрх хязгаарлах ялыг нэг талаас зөвшөөрч байгаа боловч бас нэг зүйлийг харгалзан үзмээр байна. Яагаад гэвэл энэ жил Увс аймгийн хувьд маш их зудын байдалд орохуйц нөхцөлд байж байгаа. Тэгээд нүүдэл суудал хийх юм бол багаасаа гарахгүй болчихоор их л төвөгтэй болно. Дээрээс нь өндөр настай хоёр хүнтэй амьдардаг учраас өвс тэжээл авахад ч гэсэн сумын төв рүүгээ ороод өвс тэжээлээ ч авах боломжгүй байдалд орохоор байна. Тэгэхээр энэ дээр нэг бол зорчих эрх хязгаарлах ялыг арай бүсийн хүрээг нь томсгоод сумын хэмжээгээр болгодог юм уу, нэг бол сая би бас шинжлэн судалсан торгох боломжтой. ...Н.Эгийн хувьд бол хэдийгээр сумын төв дээр байдаг боловч энэ хүний хувьд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр эрүүл мэндийн байдал дээр нь асуудал үүсэх вий дээ гэж бодоод байна. Байнга эмчилгээнд явж байдаг, өмнө нь шүүхэд бас хандаж хүсэлт гаргаж байсан юм. Тэгэхээр зорчих эрх хязгаарлах ял маань эргээд энэ хүний хувьд эмчлүүлэх асуудалд нь саад учрах вий дээ, уг нь энд бас сонгох санкцтай, энэ дээр бас тэнсэх боломжтой зүйл, анги байгаа. Тэгэхээр Н.Эгийн хувьд оролцоо, биеийнх нь нөхцөл байдлыг мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ард нь үлдэж байгаа ахуй амьдралынх нь байдал зэргийг харгалзаж үзээд энэ хүнийг тэнсээд өгөөч, тэгэх юм бол дараагийн удаа энэ хүний хувьд бол дахиж нэг их гэмт хэрэг хийгээд байхаар тийм нөхцөл байдал бол харагдахгүй байнгаа учраас ийм саналтай байна” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. Гэвч шүүгдэгч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал шүүгдэгч Б.Нын өрөндөө өгсөн гурван тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж мэдээгүй гэж худал мэдүүлж байсан тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэх хуульд заасан урьдач нөхцөлийг хангаагүй тул шүүгдэгч Н.Эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Б.Нын анх эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял; шүүгдэгч Н.Эгийн анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон. Нөгөөтэйгөөр энэхүү заалтын агуулга нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрүүдийг тогтоосон агуулгатай юм.
Шүүгдэгч Н.Э нь Завхан аймгийн Тэс сумын Зүр /1 дүгээр/ баг, Доон 3-302 тоотод оршин суудаг тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тэс сумын Зүр /1 дүгээр/ багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх журамтай.
Шүүгдэгч нар хохирогчийн 3 тооны адууг тус бүрийг нь 3’700’000 төгрөгөөр зарж, нийт 11’100’000 төгрөгийн орлого олсон. Хохирогчид 6’000’000 төгрөгийг төлсөн байх тул гэмт хэрэг үйлдэж олсон /11’100’000₮-6’000’000₮=/ 5’100’000 төгрөгийн ашгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 5’100’000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Наас 2’550’000 төгрөг, шүүгдэгч Н.Эгаас 2’550’000 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүл
4. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй авсан байх ба тэдгээрийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдгээрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг CD диск нь нотолгооны ач холбогдолтой гэж үзэж хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Мөн иргэний нэхэмжлэгч нарын гурван тооны адууг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Н.Э, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж, шүүгдэгч Н.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч З ургийн овогт Б-н Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч Ц ургийн овогт Н-ын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Н.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 5’100’000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Наас 2’550’000 төгрөгийг, шүүгдэгч Н.Эгаас 2’550’000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солихыг;
- Шүүгдэгч Б.Нт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Н, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг CD дискийг хэргийн хамт хадгалж, иргэний нэхэмжлэгч нарын гурван тооны адууг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА