Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/188

 

 

 

 

 

   2025       09         08                                     2025/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, хохирогч О.Л, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000690134 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Н-гийн О (РД: ....), 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эцэг, эх, ахын хамт ... аймгийн ... сумын... дугаар баг, ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Н.О нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ... сумын “Хээр морьт” гэх газарт иргэн О.Гын эзэмшлийн “Toyota prius 20” загварын, ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч О.Лгийн биед сээрний 9 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), О.Гын Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), гэрч Х.Огийн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас), хохирогч О.Лгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), хохирогч О.Лгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх баримт (хавтаст хэргийн 63-82 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч О.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 121-123 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-15 дугаар хуудас), шинжээчийн 157 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас), шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас), шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас), автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-47 дугаар хуудас), Н.Огийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 60 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас), шүүгдэгч Н.Огийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дугаар хуудас), шүүгдэгч Н.Огийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 117 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч О.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 123 дугаар хуудас) зэрэг болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас),

- Шүүгдэгч Н.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 159 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас);

- Шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

- Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-47 дугаар хуудас),

- Хохирогч О.Лгийн өвчний түүх (хавтаст хэргийн 64-82 дугаар хуудас),

- Хохирогч О.Лгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл;

- Хохирогч О.Лгийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз Х.Отэй уулзахаар төрсөн ах О.Гын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Х.Огийн найз Н.О гэх эмэгтэйн хамт ... сум руу явсан. Би ... суманд очиход тухайн сумын наана байрлах “оросын” гэх зогсоол дээр Х.О байсан. Бид гурав цааш ... сумын төв орж Х.Огийн автомашиныг үлдээгээд буцаад ... сумаас гарч Улаангом сум руу явах замд Н.О автомашин бариад Х.О бид хоёр гурав гурван лааз 0.5 литрийн пиво уусан. Дахин пиво уух гэтэл шөнө болоод дэлгүүр ажиллахгүй байсан тул би гэрээс 1 шил архи аваад Х.О бид хоёр бага зэрэг уунгаа ... сум руу явж байтал аймгийн төв рүү орох ажил гарсан тул би тухайн уух гэж байсан архиа асгаад буцаж аймгийн төв рүү явсан. Тухайн үед Н.О архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тул автомашин жолоодоод хажуу талд нь Х.О суугаад би хойд талд нь хэвтэж явсан. Тэгтэл гэнэт автомашин онхолдож /осолдож/, нэг сэрэхэд Х.О намайг автомашинаас гаргасан. Бид нар гараад хартал миний хамраас цус гарсан, би өөрийн хамаатны ах болох н.Очирбатыг дуудаж эмнэлэгт хүргүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас);

- Гэрч Х.Огийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 23-ны орой найз Н.О, О.Л нартай уулзах гэж Увс аймгийн төвөөс ... сум руу дуудсан. Н.О, О.Л нар аймгийн төвөөс ... сум руу орох замд байх “Оросын зогсоол” гэх газарт хүрч ирсэн. Тухайн газар О.Л бид хоёр Snow нэртэй пивоноос 3, 3 ширхгийг уучхаад аймгийн төв рүү Н.Огаар автомашин бариулж явсан. Аймгийн төв ороод дэлгүүрээс архи авах гэхэд шөнийн 02 цаг болоод дэлгүүр хаачихсан байсан тул О.Л гэрээсээ 0.75 литрийн хэмжээтэй Экс гэх нэртэй архи авсан. Бид 3 аймгийн төвөөс ... сум руу яваад ... сумын доод талд автомашиндаа уусан. Уг архинаас О.Л бид хоёр 300 грамм орчим уугаад үлдсэн архийг тухайн газраа асгасан. Бид нар тэндээ ярилцаж байтал Н.О би өглөө ажилтай хэдүүлээ эрт аймгийн төв рүү явъя гэж хэлсэн. Тухайн газраас Н.О автомашиныг жолоодоод аймгийн төв рүү явсан. Би тухайн үед жолоочийн эсрэг талын суудал дээр суусан ба хөдөлж эхлээд унтчихсан. Гэнэт автомашин эвгүй эргэх шиг болохоор нь сэрэхэд автомашин замын хажуу хэсэг рүү өнхөрч унасан. Бид гурав унасан автомашин дотроос цонхоор гараад хоорондоо ярилцаад цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй автомашинд учирсан хохирлыг барагдуулахаар тохиролцсон. Тухайн газраас аймгийн төв рүү ирээд гэртээ байтал “О.Л эмнэлэг дээр очсон байна” гэж дуудахаар нь яваад очиход тэр 103-ын ... тусламжийн тасагт хэвтэж байсан. Бид нар бие нь ямар байгаа талаар асуухад нуруу өвдөөд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Н.Огийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө Увс аймгийн ... сумын нутаг дэвсгэрт хохирогч О.Л нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаар өөрийн жолоодож явсан “Toyota Prius 20” загварын, ...улсын дугаартай автомашины жолоог шүүгдэгч Н.Од шилжүүлсэн. Улмаар шүүгдэгч Н.О нь тухайн автомашиныг жолоодож, хохирогч О.Л, гэрч Х.О нарыг тээвэрлэж яваад ... сумын нутаг дэвсгэр, “Хээр морьт” гэх газарт, замаас гарсны улмаас уг автомашин онхолдож зам тээврийн осол гарсан байна.

2.2. Хохирогч О.Лгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 159 дугаартай “...О.Лгийн биед сээрний 9 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хоёр нүдний эргэн тойронд цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо. ...Сээрний 9 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас)-ээр уг зам тээврийн ослоос болж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эсхүл хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Н.О Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан “Toyota pruis 20” загварын, ...улсын дугаартай автомашин онхолдож, улмаар уг ослын улмаас хохирогч О.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдийг хангажээ.

Тодруулбал шүүгдэгч Н.Огийн “Toyota pruis 20” загварын, ...улсын дугаартай автомашин жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг хангаж байна.

3.2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:.

Шүүгдэгч Н.Огийн үйлдлийн улмаас хохирогч О.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч О.Л нь хохиролд буюу эмчилгээний зардалд 500’000 төгрөгийн нэхэмжилсэн. Харин хохирогч “...Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас) мэдүүлжээ.

Иргэний нэхэмжлэгч О.Га “...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл дээр үнэлгээ гаргуулахад 4’500’000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан бөгөөд тухайн үнэлгээний төлбөрийг нэхэмжилж байна. Тухайн Н.О гэх эмэгтэй нь миний хохирол гэж 1’250’000 төгрөг төлсөн. Өөр ямар нэгэн хохирол төлөөгүй байгаа бөгөөд би үлдэгдэл 3’300’000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх нэхэмжлэл (хавтаст хэргийн 123 дугаар хуудас) гаргажээ.

4.1. Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эмчилгээний зардалд 500’000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн зардлаа нотолсон баримт ирүүлээгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр түүний нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй юм. Иймд хохирогчийн эмчилгээний зардлаа нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч О.Л гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 349’970 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаярын мэдүүлэг, эрүүл мэндийн  даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл зэргээр нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Н.Огаас 349’970 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь үндэслэлтэй байна.

4.2. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуульд заасан хэм хэмжээгээр зохицуулдаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 497, 499, 505, 510, 511 дүгээр зүйлүүдэд заасан хэм хэмжээгээр шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, тус зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдын автомашиныг жолоодож яваад уг гэмт хэргийг үйлдэж бусдад хохирол учруулсан бол тухайн хохирлыг автомашин эзэмшигч нь тэргүүн ээлжид хариуцан арилгах үүрэгтэй.

“Toyota prius 20” загварын, ...улсын дугаартай автомашин нь иргэний нэхэмжлэгч О.Гын нэр дээр байсан боловч хохирогч О.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай ах тэр автомашинаа надад өгөөд өөрөө шинэ автомашин авахаар Улаанбаатар хот руу явж байсан” гэх мэдүүлэг, даргалагчийн “эрхийг шилжүүлээгүй л болохоос өмчлөгч нь та байсан гэсэн үү?” гэх асуултад хохирогч “тийм” гэж, даргалагчийн “энэ үнэн үү?” гэж асуултад иргэний нэхэмжлэгч “Үнэн” гэж хариулснаас дүгнэвэл тухайн автомашины эзэмшигчийг хохирогч О.Л гэж үзнэ. Тодруулбал тухайн автомашины өмчлөгчөөр О.Га бүртгэлтэй боловч тэрээр төрсөн дүү болох хохирогч О.Лд бэлэглэснээр эзэмшил шилжсэн байна. Өөрөөр хэлбэл уг автомашинд учирсан хохирлыг О.Га бус О.Л шаардах эрхтэй.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хохирогч О.Л нь шүүгдэгч Н.Од “Toyota prius 20” загварын, ...улсын дугаартай автомашины жолоог шилжүүлэн өгч, шүүгдэгч Н.Од ашиглах боломжийг олгожээ. Иймд автомашинаас үүссэн хохирол, хор уршгийг хохирогч О.Л хариуцан төлөх үүрэгтэй.

Гэвч гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдийг тухайн хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас автомашинд учирсан 4’535’000 төгрөгийн хохирлын тавин хувийг буюу 2267’500 төгрөгийг шүүгдэгч Н.Огаар төлүүлэх үндэслэлтэй. Шүүгдэгч Н.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоогдсон О.Гад 1750’000 төлсөн, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч 520’000 төгрөг төлсөн байх тул автомашинд учирсан хохирлыг төлсөн гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эцэг, эх, ахын хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Н.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас) авсан ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/492 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Н-гийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ог тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.О энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Огаас 349’970 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, иргэний нэхэмжлэгч О.Гын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА