| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/04552/И |
| Дугаар | 101/ШШ2022/04434 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2022/04434
2022 10 26 101/ШШ2022/04434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххх тоот хаягт оршин суух, Э.Жгийн /РД: ххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Б.Эд /РД: хххххххххххх/ холбогдох
6,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Од,
Хариуцагч Б.Э,
Гэрч Д.Пүрэв-Очир,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Ж өөрийн өмчлөлийн 000000 УНР улсын дугаартай тоёота алфард маркийн авто машинаа 2021 оны 01, 02 сарын орчим Баянгол дүүргийн 10-р хороололд байрлах Токио гэдэг нэртэй засварын газарт аваачиж оношлуулсан ба манайх янзлахгүй, Шар хаданд янзлана гэж хэлсэн бөгөөд ингээд Б.Этай холбогдсон.
Э.Жгийн 000000 УНР улсын дугаартай тоёота алфард маркийн авто машин 2020 оны 03 сард Монгол улсад орж ирсэн ба орж ирснээс нь хойш огт унаагүй, засвар хийж унах байсан.
Уг авто машиныг Япон улсаас интернэтээр дуудлага худалдаагаар 30,000,000 орчим төгрөгөөр авсан ба авто машинд засвар үйлчилгээ шаардлагатай гэсэн тэмдэглэгээ байсан.
Ингээд 2021 оны 03 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Эмнэлгийн 5-315г тоот хаягт байрлах засварын газарт буюу Б.Э гуайн засварын газарт авто машинаа аваачин үзлэг, оношлогоог хийлгэсэн.
Б.Э гуайгаар авто машинаа асаалгах гэж очсон бөгөөд ямар ч байсан машиныг маань асаасан. Түүнд 2,210,000 төгрөг өгсөн.
Кроп устай байна гэсэн ба тосыг нь соль гэсэн тул солихоор явахад машин орилоод явахгүй байсан, үүнийг хэлэхэд кропоо соль гэсэн. Өөрийн ах гэх хүнээс кроп ав, олдоц муутай байдаг гэсэн тул зөвшөөрсөн.
Ингээд Д.Пүрэв-Очиртой холбогдон Э.Ж 2021 оны 11 сарын 06-ны өдөр хурдны хайрцагны үнэ 6,620,000 төгрөгийг Долгорсүрэнгийн Нарантуяа гэх хүний Хаан банк дахь 00000000000000000 тоот дансанд шилжүүлэн машинаа хүлээн авсан.
Э.Ж авто машинаа 2021 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд машинаа унахад ямар нэгэн доголдол мэдэгдээгүй. Уг машинаар хүүхдээ хүргэж өгдөг байсан, хөдөө гадаа огт яваагүй.
2022 оны 06 сарын 06-ны өдөр их дэлгүүрийн орчим явж байхад гэнэт зогссон. Өөрийн зардлаар Б.Эы засварын газарт аваачихад машиныг үзэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй.
Э.Ж Б.Этай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн гэж үзэж байгаа. Б.Эд машинаа хүлээлгэн өгч түүнээс хүлээн авсан.
Түүнийг авто машины кропыг соль гэж буруу оношлон, буруу зөвлөгөө өгсөн гэж үзэж байгаа. Тухайн кроп чанарын шаардлага хангаагүй ч юм уу, ер нь кроп солих шаардлагагүй байсан ч юм бил үү гэж үзэж байгаа.
Иймд Б.Эы гэрээний үүргээ биелүүлээгүй, буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол хурдны хайрцагны үнэ 6,620,000 төгрөг, машин ачилтын хөлс 80,000 төгрөг, нийт 6,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би автын инженер мэргэжилтэй, 1988 онд сургууль төгссөн. 13 жил авто засварын үйл ажиллагаа эрхэлж байна.
Э.Жгийн тоёота алфард маркийн 000000 УНР улсын дугаартай авто машин Япон улсаас орж ирэхдээ усанд бүтэн орсон, асахгүй, явдаггүй машин байсан.
Уг авто машиныг Баянгол дүүргийн 10-р хороололд байдаг н.Жагаа гэх эзэнтэй засварын газарт асааж чадахгүй болсон тул 2021 оны 02 сард Э.Ж машинаа манай засварын газарт ачиж ирсэн.
Уг авто машины зах зээлийн үнэ 90,000,000 орчим төгрөг бөгөөд Э.Ж Японы дуудлага худалдаанаас 30,000,000 төгрөгөөр авсан гэж байх ба энэ машин нь хар тамгатай буюу гэмтэлтэй машин, засвар шаардлагатай машин гэсэн үг.
Э.Жгийн машиныг Токио засварын газарт бүрэн задалсан байсан. Машиныг үзэхэд усанд орсноос болоод цахилгааных нь утас зэвэрсэн, усны төвшин хянах самбар руу нь орсон, эд анги дутуу, компьютерийг нь салгасан байсан.
Би машиныг нь 10 хоногийн дотор 2,210,000 төгрөгийн засвар хийж асааж өгсөн. Машиныг засахаас өмнө кропны усыг асгаад тосыг нь сольсон. Ингээд машиныг нь асааж өгсөн ба асаасны дараа дахиад тосыг нь солиулсан.
Э.Ж засварын хөлс 700,000 төгрөг дутуу төлсөн байсан ба мөн Япон улсаас компьютер захих шалтгаанаар засварын газарт маань түүний машин хадгалаатай байж байгаад 2021 оны 11 сард захьсан компьютер ирэн машиндаа тавиулсан.
Японд хурдны хайрцаг үнэтэйгээс гадна олдохгүй байна гэсэн шалтгаанаар Э.Ж Б.Энхтөгсөөр дамжуулан П.Пүрэв-Очиртой холбогдон үнэ ханшаа тохирсон.
2021 оны 11 сард Д.Пүрэв-Очир манай хашаанаас Э.Жгийн машиныг чирч авч яван 2 хоногийн дараа хурдны хайрцагийг суурилуулсан гээд унаж авчирч өгсөн.
Э.Ж 2022 оны 11 сарын 06-ны өдөр манай засварын газар ирж дутуу тооцоогоо хийн П.Пүрэв-Очирын эхнэрийн дансанд хурдны хайрцагны үнэ болон тосны үнийг шилжүүлээд машинаа унаад явсан.
Э.Ж машин нь анх ямар байдалтай байсныг нуугаад байна.
Э.Ж нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр машинаа унаад явснаас хойш 7 сарын дараа манай засварын газрын гадаа машинаа буулгаж орхисон байсныг тухайн өдөр хурдны хайрцагны эвдрэл гэж оношлоод хурдны хайрцаг сольж тавьсан Д.Пүрэв-Очиртой холбогдохыг зөвлөж засварын газар руу нь явуулсан.
Би өөрийн хийх зүйлээ хийн машиныг нь асааж өгсөн тул Э.Жгийн гаргасан хурдны хайрцагтай холбоотой нэхэмжлэлийг би хариуцахгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Э.Ж нь нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 сарын 06-ны өдөр Хаан банк дахь 00000000000000000 тоот дансанд 3,000,000 төгрөг болон 3,620,000 төгрөгийг алфард кропны үнэ гүйлгээний утгатай шилжүүлсэн баримт,
2022 оны 06 сарын 14-ний өдөр 5028175940 тоот дансанд ачигч алфард гэсэн гүйлгээний утгатай 80,000 төгрөг шилжүүлсэн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч Б.Э нь Э.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч Б.Эд холбогдуулан 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Авто машины хурдны хайрцагны үнэ 6,620,000 төгрөг,
Авто машин ачилтын хөлс 80,000 төгрөг/
Нэхэмжлэгч Э.Ж тоёота алфард маркийн авто машиныг Япон улсаас дуудлага худалдаагаар худалдан авсан ба 2020 оны 03 сард авто машин Монгол улсад орж ирснээс хойш унаагүй, засвар хийж унах байсан.
2021 оны 03 сарын 31-ний өдөр машинаа Б.Эы засварын газарт ачиж аваачин асаалган түүний зөвлөн оношлосноор хурдны хайрцагыг солиулж 2021 оны 11 сарын 06-ны машинаа хүлээн авч замын хөдөлгөөнд оролцсон.
2022 оны 06 сарын 06-ны өдөр гэнэт зогссон. Б.Э буруу зөвлөгөө өгч оношлосон гэж үзэж байгаа тул түүнээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд 6,700,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж,
Хариуцагч Б.Э Тухайн машин Япон улсаас орж ирэхдээ усанд бүтэн орсон, асахгүй, явдаггүй машин байсан. Уг авто машиныг өмнө өөр засварын газарт задлуулсан байсан.
Машин усанд орсноос цахилгааных нь утас зэвэрсэн, усны төвшин хянах самбар руу нь орсон, эд анги дутуу, компьютерийг нь салгасан байсан.
Би машиныг 10 хоногийн дотор 2,210,000 төгрөгийн засвар хийж асааж өгсөн. Э.Ж Япон улсаас компьютер захин 2021 оны 11 сард компьютер нь ирэн машиндаа тавиулсан.
Э.Ж Б.Энхтөгсөөр дамжуулан Д.Пүрэв-Очиртой холбогдон үнээ тохирч 2021 оны 11 сард Д.Пүрэв-Очир манай хашаанаас Э.Жгийн машиныг чирч авч яван 2 хоногийн дараа хурдны хайрцагийг суурилуулсан гээд унаж авчирсан.
Э.Ж 2022 оны 11 сарын 06-ны өдөр ирж П.Пүрэв-Очирын эхнэрийн дансанд хурдны хайрцагны үнэ, тосны үнийг шилжүүлэн машинаа унаад явсан. Би өөрийн хийх зүйлээ хийн машиныг нь асааж өгсөн тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж тус тус тайлбарлаж байна.
Д.Пүрэв-Очир шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Би 1990 оноос авто машин засварын ажил эрхэлж байна. Япон улсаас дуудлага худалдаагаар авто машины сэлбэг худалдан авч борлуулаад 10 жил болж байна.
2021 оны 11 сард Б.Энхтөгс холбогдоод усанд тоёота алфард байна. Танд кроп бий юу, асаагаад хөдлөх гэсэн кроп нь болохгүй байна гэсэн.
7,500,000 төгрөгийн үнэтэй гэхэд Б.Энхтөгс үнэтэй байна, уг машинд их юм сольж байгаа, засвар их хийгдэж байгаа гэсэн тул ярилцан үнээ буулган 6,500,000 төгрөг болгосон.
Б.Эы хашаанаас машиныг очиж авсан ба уг машинд Японоос компьютерээр хянагдаад тестлэгдсэн бүтэн кроп тавиад өөрөө унаж буцаан аваачиж өгсөн. Би хуучин, задаргааны сэлбэг огт худалддаггүй. Сэлбэг худалдаж эхэлснээс хойш анх удаа ийм маргаан гарч байна.
Мөнгөө шилжүүлсний дараа машиныг нь өгөөрэй гэж Б.Эд хэлсэн, 2021 оны 11 сарын 06-ны өдөр эхнэрийн маань дансанд кропны мөнгө, тосны мөнгө нийт 6,620,000 төгрөг орсон.
2022 оны 06 сарын 06-ны өдөр асахгүй байна гэж ирсэн. Шавар шавхай руу хүчилж зүтгэсэн үү ремен нь тасраад холбож байдаг төмрүүд касчер руу нь орсон байсан. Хүчилж зүтгэснээс эвдрэл үүснэ.
Зүгээр явж байгаад гэнэт эвдрэнэ гэж байхгүйг Э.Жд хэлсэн. Кроп тавьсан хугацаанд 2021 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш 2022 оны 06 сарын06-ны өдөр хүртэл ийм юм болохгүй байна гээд нэг ч удаа ирээгүй.
Дахиад кроп тавиулья гэсэн ба 7,500,000 төгрөг гэхэд үнэтэй байна, Оросоос 5,000,000 төгрөгөөр авна гэхээр нь би тэр кропоо аваад тавиулчих гэсэн. Ийм л зүйл болсон.
Кропны эвдрэл надтай хамааралтай гэж байгаа бол би мөнгийг нь өгч болно. Э.Жгийн машинд тавьсантай адил ажиллагаатай кроп авчраад өгвөл болж байна гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч Б.Этай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо түүнээс нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Э.Ж Япон улсаас тоёота алфард маркийн авто машин худалдан авч уг авто машин 2020 оны 03 сард Монгол улсад орж ирсэн гэх ба тэрээр засварлаж байж унах байсан гэж тайлбарлалаа.
2021 оны 03 сард уг авто машинаа засварлуулахаар Баянгол дүүрэгт байрлах Токио нэртэй засварын газарт очиход засах боломжгүйгээ илэрхийлэн хариуцагч Б.Эы засварын газарт хандахыг зөвлөснөөр Э.Ж 2021 оны 03 сарын 31-ний өдөр машинаа тээвэрлэн аваачсан байна.
Хариуцагч Б.Э уг авто машиныг асааж өгөх үүргээ биелүүлэн ажлын хөлсөнд 2,210,000 төгрөг авсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй.
Э.Жгийн авто машины хурдны хайрцаг эвдрэлтэйгээс машин замын хөдөлгөөнд оролцох боломжгүйг Б.Э түүнд зөвлөснөөр тэрээр Д.Пүрэвдоржоос 6,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч Д.Пүрэвдорж уг авто машины хурдны хайрцагыг сольж тавин Э.Ж 2021 оны 11 сарын 06-ны өдөр түүний эхнэр гэх Д.Нарантуяагийн Хаан банк дахь 00000000000000000 тоот дансанд 6,620,000 төгрөгийг төлж авто машинаа хүлээн авсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан ба ийнхүү Э.Ж 2021 оны 11 сарын 06-ны өдөр авто машинаа хүлээн авч замын хөдөлгөөнд оролцох болсноор тэрээр ажлын үр дүнг хүлээн авчээ.
Мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор ... гаргана гэж заасан ба Э.Ж нь 2021 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэгч талд гүйцэтгэсэн ажилтай нь холбоотой ямар нэг гомдол гаргаж байгаагүй ажээ.
2022 оны 06 сарын 06-ны өдөр Э.Жгийн өмчлөлийн 000000УНР улсын дугаартай тоёота алфард маркийн авто машинд эвдрэл гэмтэл учирсан нь ажил гүйцэтгэгч Б.Э гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, түүний буруутай үйл ажиллагаатай холбоотой болох нь тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Эд холбогдох 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Эд холбогдох 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 22182 дугаар захирамжаар хариуцагч Б.Эы эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 6,700,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН