Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

     2025       09         10                                     2025/ШЦТ/191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000155 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт Г-ийн Б (РД: ...), 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эхийн хамт ... аймгийн .. сумын 03 дугаар багт оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, 2’800’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө “Toyota ist” загварын, 36-33 УВХ улсын дугаартай автомашиныг 0.73% согтолттой жолоодсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас), согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/832 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас), гэрч Б.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), гэрч Б.Х-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), гэрч Д.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/1487 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: Гэрч Ц.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13, 15 дугаар хуудас);

- Гэрч Б.А-ын “...2025 оны 06 дугаар сарын 19-ний орой 11 цагийн үед сумын төвийн хойд талд байдаг голын арын дэнж дээр уулзсан. Тухайн үед Г.Б өөрийнхөө “Toyota ist” загварын, 36-33 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...сумын төвийн ард байх “Гэдрэгэ” гол дээр пиво ууцгаасан. Сумын төвөөс гарч яваад гудамжинд Б.Х-тэй таарсан бөгөөд бид гуравтай хамт Б.Х автомашинд суугаад явсан. Бид 4  пиво ууж дуусаад шөнө 02 цаг өнгөрч байхад сумын төв рүү орж явтал сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгасан. ...Тухайн үед Г.Б өөрийнхөө “Toyota ist” загварын, 36-33 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

- Гэрч Б.Б-ын “...“Гэдрэгэ” гол орохоор явж байгаад Г.Бтай таарсан. Б.А бид хоёр Г.Бын автомашинд суугаад сумын төв орсон. Сумын төв ороод ченж Т-гийн дэлгүүрээс Г.Б 2 пиво авсан. ...Сумын төвийн ард байх “Гэдрэгэ” гол дээр очиж дэлгүүрээс авсан 2 пивоо ууцгаасан. Шөнө 02 цаг өнгөрч байх үед буцаад сумын төв рүү орсон. Сумын төв рүү ороход сумын хэсгийн төлөөлөгч зогсоон шалгаж Г.Быг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж хэлээд хэсгийн байранд авч ирж үлээлгэж шалгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);

- Гэрч Б.Х-гийн “...Би Г.Бын автомашинд суугаад хамт гол орцгоосон. Гол дээр очоод 2 пиво хувааж уучхаад хариу буцаад сумын төв орж явтал сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгасан. Г.Быг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар цагдаагийн хэсгийн байранд аваачиж үлээлгэж шалгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Г.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд Б.Амарбат, Б.Бумбаяр нартай уулзсан. Тухайн пивыг ууж дуусгаад цаг нэлээн орой болсон байсан тул сумын төв рүү буюу гэр, гэр рүүгээ явах гээд бүгд миний автомашинд суусан. Сумын төв орох замд хэсгийн төлөөлөгч намайг зогсоосон. ...Цагдаагийн хэсэг дээр ирээд согтуурал шалгах багажаар миний согтуурлыг шалгахад 0.73%-ын согтолтой гарсныг надад харуулж намайг ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтуурсан /0.73% согтолттой/ үедээ “Toyota ist” загварын, 36-33 УВХ улсын дугаартай автомашин жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас);

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/1487 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Г.Б нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, 2’800’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна. Тодруулбал шүүгдэгч согтуугаар автомашин жолоодох үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдэлж байсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байжээ.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос давтан үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Г.Б нь “Toyota ist” загварын, 36-33 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.73 промиль буюу 0.20 промиль (%)-ээс их гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлсон.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан, уг хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Toyota ist” загварын, 36-33 УВХ улсын дугаартай автомашин нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.

3.4. Шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Toyota ist” загварын, 36-33 УВХ улсын дугаартай автомашиныг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, эрх хасах нэмэгдэл ялыг эдэлж байгаа гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Г.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага эдлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын эдлээгүй үлдсэн хоног дээр 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа “...зорчих эрх хязгаарлах ял бас энэ зүйл заалтад байгаа учраас миний үйлчлүүлэгч дахиж алдаа гаргаж энэ танхимд орж ирэхгүй гэдэгт итгэж байгаа. Цаана нь бас хүлээж байгаа хамт амьдардаг, өөртэй нь хамт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч, алдаа оноог нь ойлгож байгаа ээж нь бас шүүх хурлын шийдвэрийг хүлээгээд байж байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзахад буруугаа ойлгож, энэ цагдан хоригдсон хугацаандаа буруугаа илүү их ойлгож ухамсарласан гэдэгт итгэж байгаа учраас түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагыг эдэлж дуусаагүй атлаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, 2’800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/1487 дугаартай албан бичгээр шүүгдэгч Г.Б нь торгох ялыг эдэлж дууссан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс уг ялын хугацааг тоолох журамтай. Тодруулбал оногдуулсан үе гэдэг нь шийтгэх тогтоол гарсан цаг хугацааг ойлгох тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолно.

Дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялаас 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 103 хоногийг буюу 3 сар 13 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдэлсэн, 1 жил 2 сар 17 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 2 сар 17 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жил 2 (хоёр) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тогтоов.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Мөрдөгч 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) авсан. Тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/510 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тодруулбал шүүгдэгчийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 6 хоног цагдан хорьсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан уг хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй.

 Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч ургийн овогт Г-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримлан шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 2 (хоёр) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 (дөрөв) жил 2 (хоёр) сар 17 (арван долоо) хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХЗАЯА