| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/04625/И |
| Дугаар | 101/ШШ2022/04483 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/04483
2022 10 27 101/ШШ2022/04483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Хулууд овогт О.Х /РД: ххххххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххх тоот хаягт байрлах Б ХХК /РД: 2890429/-д холбогдох
112,533,323 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Х миний бие 2022 оны 04 сарын 11-ний өдөр Б ХХК-тай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Манлай-Ханги хүртэл 10 км авто замын ажилд өөрөө буулгагч техник түрээслүүлэх гэрээг байгуулсан.
Тухайн гэрээгээр 0000000БНА, 00000000 УБЧ, 00000УБЧ, 00000000000000 УНО, 0000000000ТТА улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч /дамп/-ийг тус бүрийг нь 1 сарын 16,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон.
Би Б ХХК-ийн захирал Э.Бтай 2022 оны 04 сарын 09-ний өдөр Мишээл экспо дээр уулзаад гэрээнийхээ нөхцлийг тохирсон. Би уг нь Дарханы замын ажилд техникээ гаргахаар тохирсон байсан боловч Э.Б захирал түрээс найдвартай, хугацаандаа өгнө гэхээр нь зөвшөөрсөн.
Гэрээний дагуу 2022 оны 04 сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 сарын 30-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслээ уг зам дээр ажиллуулсан ба энэ хугацааны бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Тухайн хугацаанд бид гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Тооцоо нийлэх болоход би өөрийнхөө өмнөөс жолооч н.Мэнд-Амар ахыг явуулж Б ХХК-ийн захирал Э.Бтай тооцоо нийлүүлсэн. Өмнөговь аймгийн Ханги боомтод тооцоо нийлсэн.
Тооцоо нийлсэн баримтаар Б ХХК нь 2022 оны 04 сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 сарын 30-ны өдрийн хоорондох түрээсийн төлбөрт 112,533,323 төгрөг төлөхөөр тооцоо гарсан.
Би жолоочийн цалинд өдрийн 100,000 төгрөг өгөхөөр жолооч нартайгаа тохирсон байсан ба түрээсийн төлбөрөөс үүдэлтэй жолооч нарын цалин, шатахууны зардал, бусад зардлыг төлж чадахааргүй болж ажлаа зогсоосон.
Б ХХК-ийн захирал Э.Б тооцоо нийлсэн акттай холбоотой маргаагүй бөгөөд төлбөрийг удахгүй төлнө гэсэн боловч төлөхгүй байсаар өдий хүрч байна.
Иймд Б ХХК-иас түрээсийн төлбөрт 112,533,323 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б ХХК-ийн захирал Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Хийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тус Б ХХК нь 2022 оны 03 сарын 21-ний өдөр Б ХХК-тай байгуулсан авто замын барилгын ажлын гэрээний дагуу Таван толгой-Манлай-Ханги замын төсөл ажлыг эхлүүлсэн.
Т ХХК нь манай компанитай 2022 оны 06 сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан Б ХХК-тай байгуулсан гэрээний бүхий л хийх ажил, гэрээний ашиг орлого, ажлын хөлс, эрх үүрэг, үүний улмаас үүсэх хариуцлыг гэрээгээр шилжүүлэн авсан.
Энэ нь тус компанитай байгуулсан 2022 оны 06 сарын 28-ны өдрийн гэрээгээр тогтоогдоно.
Өөрөөр хэлбэл О.Хийн нэхэмжилж байгаа тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 112,533,323 төгрөгийг манай компани хариуцахгүй, харин Т ХХК хариуцан төлнө.
Тухайн сум орон нутгийн иргэд газар шороогоо ухуулахгүй гээд эсэргүүцэл үзүүлээд сул зогсолт их гарсан. Уг замын ажлаас болоод Б ХХК маш их алдагдалд орж төлбөрийн чадваргүй болсон.
Ажилчдын хоол хүнс, цалин, хөрсний шинжилгээний зардал, талбайн туршилтын судалгааны зардал, кемп байгуулах зардал гэх зэргээр зардал их гарсан.
Манай компанитай тооцоо нийлсэн баримт байх боловч уг тооцоог О.Х өөрөө хийгээгүй, тэрээр өөрөө гарын үсгээ зураагүй тул үүнийг зөвшөөрөхгүй.
Т ХХК нь уг замын ажилтай холбоотой гэрээний төлбөрийг хариуцах талаараа 2022 оны 07 сарын 26-ны өдрийн 22/07 тоот албан бичгээр мэдэгдсэн. Манай компани төлбөрийг хариуцахгүй гэв.
Талуудын ирүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгч О.Х нь иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж хойшлуулах тухай хүсэлт, О.Хийн оршин суугаа хаягийн талаарх Налайх дүүргийн 8-р хорооны засаг даргын 2022 оны 06 сарын 27-ны өдрийн тодорхойлолт,
Б ХХК-тай байгуулсан 2022 оны 04 сарын 11-ний өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,
О.Хийн ББТ санхүүгийн нэгдэл ХХК-тай байгуулсан 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 5,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, мөн өдрийн батлан даалтын гэрээ,
О.Хийн Хас банктай байгуулсан 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 14,900,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ, 2022 оны 06 сарын 16-ны өдөр Б ХХК-тай тооцоо нийлсэн баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Б ХХК нь хариу тайлбар, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Т ХХК-тай байгуулсан 2022 оны 06 сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээ,
2022 оны 03 сарын 21-ний өдөр Б ХХК-тай байгуулсан авто замын барилгын ажлын гэрээ,
Б ХХК-д хүргүүлсэн 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 07/06 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж түрээслэх гэрээний үүргийн биелэлтэд 112,533,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Б ХХК нь Б ХХК-тай 2022 оны 03 сарын 21-ний өдөр авто замын барилгын ажлын гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Таван толгой-Манлай-Ханги хатуу хучилтат замын төсөл 2-х хэсэг төслийн тендерт оролцохоос өмнөх барилгын түр ажлыг хариуцан ажиллах,
Барилгын ажил нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 олны 08 сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх,
Б ХХК энэ гэрээнд заасан хугацаанд авто замын барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх,
Энэхүү авто замын барилгын ажлын үндсэн агуулгад: Түр барилга байгууламж барих, замын бетон хийц, газар шорооны ажил, дэд суурь, ус тогтворжуулсан хөрс, ус тогтворжуулсан хайрга, замын туслах байгууламж гэх мэт. Мөн барилга угсралтын явцад хийгдэх хэмжилт, явган хүний замын засвар, үйлчилгээ хийх гэх мэт ажлууд багтана. Тодорхой мэдээллийг зураг төсөл, газар дээрхи бодит нөхцөл байдалд үндэслэнэ.
Ажлын хөлснөөс бусад бүх зардлыг Б тал болох Б ХХК хариуцна гэжээ.
/ХХ-ийн 57-62 дугаар тал/
Түрээслэгч Б ХХК нь Б ХХК-тай байгуулсан дээр дурдсан авто замын барилгын ажлын гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч О.Хтэй 2022 оны 04 сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан 0000000БНА, 00000000 УБЧ, 00000УБЧ, 00000000000000 УНО, 0000000000ТТА улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч /дамп/-ийг түрээслэхээр,
Тухайн өөрөө буулгагч тус бүрийн сарын түрээсийн төлбөрт 16,000,000 төгрөгийг төлөхөөр,
Гэрээний хугацааг ажлын талбайд техник очсоноос хойш ажил дуусах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар харилцан тохиролцон гэрээг байгуулжээ.
Уг гэрээнд талууд хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа дарж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 6-8 дугаар тал/
Дээр дурдсан түрээсийн техникүүд болох 0000000БНА, 00000000 УБЧ, 00000УБЧ, 00000000000000 УНО, 0000000000ТТА улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч /дамп/-ийн эзэмшил, өмчлөлтэй холбоотой болон мөн дээрх 5 ширхэг өөрөө буулгагчаар гэрээний дагуу ажил гүйцэтгэсэнтэй холбоотой хариуцагч Б ХХК маргаагүй болно.
Гагцхүү иргэдийн эсэргүүцлээс болоод сул зогсолт гарсан тул сул зогсолтын төлбөрийг хариуцахгүй, мөн уг гэрээний төлбөрийг Т ХХК хариуцахаар манай компанитай гэрээ байгуулсан тул тус компани төлбөрийг хариуцна гэж маргаж байна.
Түрээслүүлэгч О.Х нь 2022 оны 04 сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд техникээр талбайд ажил гүйцэтгэсэн гэх ба тэрээр түрээслэгч Б ХХК-д тооцоо нийлэх хүсэлт гаргаснаар талууд 2022 оны 06 сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн гэжээ.
Тооцоо нийлсэн баримтад 0000000БНА, 00000000 УБЧ, 00000УБЧ, 00000000000000 УНО, 0000000000ТТА улсын дугаар бүхий техникүүдийг 2022 оны 04 сарын 11-ний өдөр талбайд ирсэн гэж тусгасан байна.
2022 оны 04 сард дээрхи 5 ширхэг түрээсийн техникүүд тус бүр 20 хоног ажилласан,
2022 оны 05 сард 00000000000000 дугаар бүхий техник 17 хоног сул зогсолт хийн, 14 хоног ажилласан.
00000000 дугаар бүхий техник 12 хоног суг зогсон, 19 хоног ажилласан,
00000дугаар бүхий техник 3 хоног сул зогсон, 28 хоног ажилласан,
0000000дугаар бүхий техник 7 хоног сул зогсон, 26 хоног ажилласан,
0000000000дугаар бүхий техник 7 хоног сул зогсон 24 хоног ажилласан гэж тооцоо нийлэн түрээслэгч Б ХХК нь өөрийн тамгаа даран баталгаажуулсан тул уг тооцоо нийлсэн баримтыг хүчин төгөлдөр баримт гэж үзэв.
/ХХ-ийн 63 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.2-т өөрөө буулгагч дамп, 1 сарын /30 хоног/ түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг,
5.5-д Дээрх техникүүдийг ажилд гарсан өдрөөс эхлэн түрээсийн тооцоог бодож эхэлнэ,
5.6-д Сар болгоны сүүлээр тасалбар болгон тооцоо нийлж төлбөрийг нэхэмжилнэ. Төлбөрийг нэхэмжилснээс хойш ажлын 14 хоногт багтаан түрээслүүлэгчийн Хаан банк дахь 5749475933 тоот дансанд шилжүүлдэг байна. Ажилласан өдөр, сараар тооцно,
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т 318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч О.Х нь түрээслэгч Б ХХК-иас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.
Б ХХК нь Т ХХК-тай 2022 оны 06 сарын 28-ны өдөр 22/06 дугаар бүхий хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээний 4.1-т Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн ПК25100-аас ПК35100 авто замын ажлыг гүйцэтгэхэд зориулан хийгдсэн Б ХХК-ийн нэр дээрх бүх гэрээний үүрэг, төлбөр тооцоог Т ХХК хариуцна гэж заасан байна.
/ХХ-ийн 55-56 дугаар тал/
Түрээслүүлэгч О.Х нь түрээслэгч Б ХХК-тай 2022 оны 04 сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд талуудыг түрээсийн гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 06 сарын 28-ны өдөр Б ХХК нь Т ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан төлбөрийн талаар тохиролцсон тул Т ХХК-ийг түрээсийн төлбөрийг хариуцна гэж үзэх боломжгүй.
Хариуцагч Б ХХК сул зогссон өдрийн төлбөрийг хариуцахгүй гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д Ажлын талбар дахь аливаа сул зогсолт, байгалийн аюул гамшгаас болсон сул зогсолт, ажил гүйцэтгэж байгаа компанийн дотооод болон гадаад харилцааны шалтгаанаас үүдэх сул зогсолтыг Б тал бүрэн хариуцан ажиллах үүрэгтэй гэсэн ба гэрээнд Б талыг Б ХХК гэж тодорхойлсон,
Мөн гэрээний 5.4-т Байгалын бэрхшээл, давагдашгүй хүчин зүйлээс болж зогссон өдрийн төлбөрийг үндсэн төлбөрийг 50 хувиар тооцон олгоно гэж тус тус заасан байна.
Талуудын хоорондын 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 4, 5 сарын түрээсийн хоногийн тооцоо гэсэн баримтад тусгагдсанаар 0000000БНА, 00000000 УБЧ, 00000УБЧ, 00000000000000 УНО, 0000000000ТТА улсын дугаар бүхий техникүүдийг 2022 оны 04 сарын 11-ний өдөр талбайд ирэн тухайн сард тус бүр 20 хоног,
2022 оны 05 сард 00000000000000 дугаар бүхий техник 14 хоног,
00000000 дугаар бүхий техник 19 хоног,
00000дугаар бүхий техник 28 хоног,
0000000дугаар бүхий техник 26 хоног, нийт 211 хоног ажилласан гэсэн байх ба тухайн тооцоо нийлсэн баримтад түрээслүүлэгч О.Х гарын үсэг зураагүй нь түрээслэгч тал болох Б ХХК-ийн түрээсийн төлбөрөө төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.6-д заасны дагуу техникийн ажилласан өдрөөр төлбөрийг тооцох үндэслэлтэй ба 16,000,000 төгрөг/30 хоног=533,333 төгрөг /1 хоногийн түрээсийн төлбөр.
211 хоног*533,333.333 төгрөг=112,533,333 төгрөгийг хариуцагч Б ХХК төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Б ХХК тухайн аймаг орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой сул зогсолт хийсэн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй ба Б ХХК-ийн Б ХХК-д хүргүүлсэн 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 07/06 дугаар бүхий албан бичигт Өмнөговь аймгийн Манлай-Ханги чиглэлийн авто замын далангийн ажил санхүүгийн байдлаас түр зогсоосон байсныг 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн хийж дуусгана гэсэн байгааг дурдлаа.
/ХХ-ийн 87 дугаар тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 112,533,323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Хд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 112,533,323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Хд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Хийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Хэс 650,416 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б ХХК-иас 720,616 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Хд олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 сарын 04-ний өдрийн 18359 дугаар захирамжаар хариуцагч Б ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 112,533,323 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН