Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/04713

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид З.Баярмаа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух ххххххххх овогт Д.Ч/РД: хххххххххххх/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух Монгол овогт Д.Т /РД: хххххххххххххххх1/-д холбогдох

25,038,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Чшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 05 сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзварын замд тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар бүхий авто машиныг жолоодон явсан Д.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9г-д Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, 8.11-т Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно гэснийг тус тус зөрчсөнөөс нэхэмжлэгч Д.Ч*******гийн тоёота лексус NH300 маркийн ******* УАХ улсын дугаар бүхий авто машиныг мөргөсөн.

Уг зам тээврийн ослоос болоод нэхэмжлэгч Д.Ч*******гийн тоёота лексус маркийн ******* УАХ улсын дугаар бүхий авто машинд эвдрэл гэмтэл учирч Д.Чөөрийн авто машинд учирсан эвдрэлийг хөрөнгийн үнэлгээний Х******* ХХК-иар үнэлүүлэхэд 23,666,800 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Зам тээврийн осол 00000000000 УНТ улсын дугаар бүхий тоёота приус маркийн авто машины жолооч Д.Тын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх зүйл заалтыг зөрчсөнөөс болж гарсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа буюу дүгнэлт, зөрчил гаргагч Д.Тын болон хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар бүхий авто машины өмчлөгч нь Д.Т ба тоёота лексус NH 300 маркийн ******* УАХ улсын дугаартай авто машины өмчлөгч Д.Чболох нь хэрэгт авагдсан авто машинуудын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээий хуулбараар тогтоогдоно.

Хариуцагч Д.Тыг гаргасан зөрчилд нь 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 0407642 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйл, 5.1-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Д.Тын буруутай үйлдлийн улмаас Д.Ч*******гийн өмчлөлийн тоёота лексус NH 300 маркийн ******* УАХ улсын дугаартай авто машинд 23,666,800 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг болон мөн үнэлгээний ажлын хөлс 1,382,000 төгрөг, дуудлагын хөлс 10,000 төгрөгийг тус тус нэхэмжлэн нийт 25,038,800 төгрөгийг Д.Таас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргахдаа буруу тооцоолсон байх ба дуудлагын хөлс 10,000 төгрөгийг нэхэмжлэлд тусгасан атлаа үнийн дүндээ оруулааүй байна. Мөн 10,000 төгрөгийн зөрүү гарч байх ба хариуцагч Д.Таас авто машинд учирсан хохирол болон үнэлгээний ажлын хөлс нийт 25,038,800 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Чнь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Чинбатад олгосон итгэмжлэл,

Х******* ХХК-ийн авто машинд учирсан хохирлыг үнэлсэн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн үнэлгээ, мөн компанид үнэлгээний ажлын хөлсөнд 2022 оны 05 сарын 12-ны өдөр 1,382,000 төгрөг төлсөн баримт, авто машины эвдрэл гэмтлийн гэрэл зургууд,

Т.Тын оршин суух хаягийн, жолоочийн болон иргэний үнэмлэхний лавлагаа, Тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар бүхий авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар,

Тоёота лексус NH 300 маркийн ******* УАХ улсын дугаартай авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Д.Тд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авсан баримт,

Тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар авто машины жолооч болон тоёота лексус NH 300 маркийн ******* УАХ улсын дугаартай авто машины жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаарх эрх бүхий албан тушаалтны 2022 оны 05 сарын 10-ны өдрийн магадлагаа,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 05 сарын 10-ны өдрийн магадлагаа, Д.Тд 100 нэгжээр торгох арга хэмжээ авсан тухай 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 0407642 дугаар бүхий шийтгэлийн хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Тд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 06 сарын 13-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Чнь хариуцагч Д.Тд холбогдуулан гэм хорын хохирол 25,038,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/Авто машинд учруулсан хохирол 23,666,800 төгрөг,

Үнэлгээний ажлын хөлс 1,382,000 төгрөг,

Дуудлагын хөлс 10,000 төгрөг/

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийг буруу тооцсон талаараа тайлбарлан хариуцагч Д.Таас авто машинд учирсан хохирол 23,666,800 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 1,382,000 төгрөг, нийт 25,048,800 төгрөгийг бус 25,038,800 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжинэ гэж тайлбарласан болно.

Тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2022 оны 05 сарын 03-ны шөнийн 00:30 минутын үед Баянзүрх дүүрэг, 26-р хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварын замд Д.Ч*******гийн өмчлөлийн тоёота лексус маркийн ******* УАХ улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан гэх үйл баримт болжээ.

Уг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэлд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Д.Төгсбаяр ажиллагаа явуулсан ба 2022 оны 05 сарын 10-ны өдрийн дүгнэлтээр:

-Тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ дугаарын авто машины жолооч Д.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9г-д заасан Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, 8.11-т заасан Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно гэснийг зөрчсөн.

-Лексус NH300 маркийн ******* УАХ улсын дугаар бүхий авто машины жолооч Вүэнчи Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэжээ.

/ХХ-ийн , 8-10, 15-17, 19, 22 дугаар тал/

Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Д.Төгсбаяр нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан зөрчил гаргагч Д.Тыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 0407642 дугаартай шийтгэлийн хуудас, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан болохыг Д.Тд мэдэгдсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Мөн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Д.Төгсбаярын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэлээр Д.Тын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ажиллагааг дуусгавар болгосон байна.

/ХХ-ийн 18, 20-21 дүгээр тал/

Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу 2022 оны 05 сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын улмаас ******* УАХ улсын дугаартай, тоёота лексус NH300 маркийн авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Х******* ХХК-иар 2022 оны 05 сарын 05-ны өдөр үнэлүүлэхэд:

Үзлэг хийх үеийн байдал: Нүүр сетка хагарсан, урд буфер хагарч цуурсан, зүүн урд их гэрэл хагарч бутарсан, зүүн урд дохио хагарсан, урд буферийн зүүн урд нэмэлт гэрэл хагарсан, урд буферийн пампер хөөс бутарсан, аккумлятор хагарсан, урд буферийн нэмэлт хар хуванцар таг хагарсан,

агаарын хоолой хагарсан, зүүн урд залгаа лонжром гулзайж тахийсан, урд буферийн тогтоогч хугарсан, зүүн урд крылоны хөмсөгний түгжээ хугарсан, урд буферийн зүүн доод хаалт хагарсан, зүүн урд крыло хонхойж тунарсан байдалтай байв.

Үнэлгээ:

-Нүүр /сетка/, эвдрэл их, 2,560,000 төгрөг, элэгдэл тооцов,

-Буфер /урд/, эвдрэл их, 950,400 төгрөг, элэгдэл тооцов,

-Гэрэл /зүүн урд/, эвдрэл их, 10,056,800 төгрөг, элэгдэл тооцов,

-Дохио /зүүн урд/ эвдрэл их, 2,754,400 төгрөг, эвдрэл их, элэгдэл тооцов,

-Буферын нэмэлт гэрэл /зүүн урд/, эвдрэл их, 1,030,400 төгрөг, элэгдэл тооцов,

-Элгэвч, эвдрэл их, 200,800 төгрөг, эвдрэл их, элэгдэл тооцов,

-Буферийн пампер хөөс урд, эвдрэл их, 91,200 төгрөг, элэгдэл тооцов,

-Аккумлятор, эвдрэл их, 2,382,400 төгрөг, эвдрэл их, элэгдэл тооцов,

-Буферийн нэмэлт хар хуванцар таг /зүүн урд/, эвдрэл их, 384,800 төгрөг, элэгдэл тооцов,

-Агаарын хоолой, эвдрэл их, 224,000 төгрөг, элэгдэл тооцов,

-Залгаа лонжром /зүүн урд/, эвдрэл их, 1,202,400 төгрөг, элэгдэл тооцов,

-Буферын тогтоогч /урд/ эвдрэл их, 127,200 төгрөг, элэгдэл тооцов,

-Крылоны хөмсөг /зүүн урд/, эвдрэл их, 336,000 төгрөг, элэгдэл тооцов,

-Урд буферын зүүн доод хаалт, эвдрэл их, 256,000 төгрөг, элэгдэл тооцов,

-Крыло зүүн урд, эвдрэл их, 80,000 төгрөг, засах,

Шууд зардлын дүн 22,636,800 төгрөг,

-Будах зардал, ажлын хөлс 650,000 төгрөг,

-Эд анги солих, ажлын хөлс 300,000 төгрөг,

-Тэнхлэг шалгуулах, 0 төгрөг,

-200 гр будаг, туслах материал, лак, өнгө гаргах, материалын үнэ 80,000 төгрөг,

Нийт дүн 23,666,800 төгрөг гэсэн байна.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Чнь Х******* ХХК-д үнэлгээний ажлын хөлс 1,382,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 12-ны өдөр төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5 дугаар тал/

Тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл хариуцагч Д.Тын, тоёота лексус NH 300 маркийн ******* УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Д.Ч*******гийн өмчлөлийн хөрөнгө болох нь уг авто машинуудын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 12-14, 23 дугаар тал/

Хариуцагч Д.Т нь өөрийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар бүхий авто машиныг жолоодон явах үед дээрх зам тээврийн осол гарсан талаар маргаагүй бөгөөд тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9г, 8.11 дэх заалтуудыг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарчээ.

/ХХ-ийн 6-23 дугаар тал/

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Хариуцагч Д.Т нь өөрийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн 00000000000 УНТ улсын дугаар бүхий авто машиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин бусдад хохирол учруулсан байх тул тэрээр авто машины өмчлөгч Д.Ч*******д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд хариуцагч Д.Таас авто машинд учирсан хохирол 23,666,800 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 1,382,000 төгрөг, нийт 25,038,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Т.Т нэхэмжлэлийн хувийг 2022 оны 06 сарын 13-ны өдөр гардан авсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 29-33 дугаар тал/

2022 оны 10 сарын 19-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Д.Тд 2022 оны 09 сарын 30-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 19 хоногийн түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 88090484 дугаарын утас руу мессэж илгээн мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

/ХХ-ийн 30, 47, 49-52 дугаар тал/

Хариуцагч Т.Тд 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 20 хоногийн өмнө мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй гэжээ.

Мөн томилогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-т заасныг тус тус баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 54-59 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Таас 25,038,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ч*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 283,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас 283,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч*******д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 16638 дугаар захирамжаар хариуцагч Д.Тын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 25,038,800 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ