Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Г.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н: /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Д-д холбогдох, эрүүгийн 2119000060028 дугаартай, 1 хавтас, 224 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, яс үндэс халх, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зенитын артиллерийн командын офицер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний *** дугаар ангийн зенитын салааны захирагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Т овогт Г-ийн Д-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгийн 1 дүгээр 58 дугаар байрны 4 дүгээр орц 44 тоотод байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хэвлий тус газарт хутгаар хатгаж, мөн зодооныг салгаж түүний гартаа барьсан хутгыг авахаар очсон Г.Б-ийн нуруу тус газарт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Г-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 3 жил, 4 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 4 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил 5 /таван/ сарын  хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Д-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн шар өнгийн хуванцар иштэй, бариулын урт 11.9 см, ажлын хэсгийн урт 14.5 см урт, нийт 26.4 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийг дүрсжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Б-ийн ...Би тухайн үед санахгүй байсан. ...Д нь хутга барьсан байсан би Д-д хандаж хутгаа тавьчих тоглоом биш ээ гэж хэлээд өшиглөсөн чинь нэг мэдэхэд хутгалуулсан байсан. Яг над руу чиглэсэн санаатай үйлдэл гаргаагүй. Д хутга барьсан ч шууд хутгаараа хутгалах гээд дайраад далайгаад байгаагүй. ...Д бид хоёрын хоорондын харилцаа маш сайн, ажил дээр бол дарга цэрэг шиг, бусад үед сайхан найзууд шиг байдаг юм. Би хаана ч очсон Д-тай байнгын холбоотой байдаг ... гэсэн мэдүүлэг /хх-103-105-р тал/,

            Хохирогч Г.Б-ийн ...Д хутга барьсан байсан энэ үед Б нь та ямар сонин хүн бэ гэж хэлээд Д-ын өөдөөс нь өшиглөж байгаад барьж байсан хутга руу нь ороод хутгалуулсан. Яагаад гэхээр Д нь хутга бариад тодорхой хутгалах үйлдэл хийж байгаа харагдаагүй. Би Д, Б нарын голоор нь ороод салгаад Б-ийг түлхээд Д-ын хутгыг нь авах гээд ноцолдож байхад нь миний нурууны ар хэсэгт зүссэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-106-р тал/,

            Гэрч Э.О-ийн ...Д болон Б нар нь хоорондоо маш сайн харилцаатай ...энхийг дэмжих ажиллагаанд хамт үүрэг гүйцэтгэж байхад Б нь байнгын Д-ыг сайн хүн гэж ярьдаг байсан, байнгын утсаар ярьдаг байсан. Намайг эмнэлэгт Б-ийг сахиж байхад Б-г үзэж байсан эмч болон сувилагч нь хоорондоо санаатай дүрсэн шарх биш байна, санамсаргүй хутгалсан шарх байна гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх 120-121-р тал/,

              Гэрч Б.Г-ын ...Б хэргийн талаар өөрөө санахгүй байна гэж байсан... гэсэн мэдүүлэг /хх 116-117-р тал/,

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны 02/011 дугаарт дүгнэлтэд... асуумж: Өнөөдөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны 02:00 орчимд хутгалуулсан байж болзошгүй гэнэ. Өөрөөр яг яасан, юу болсныг мэдэхгүй байгаа... гэсэн өвчний түүхэн дэх эмчийн үзлэгийн тэмдэглэл, ...Б.Б-ийн биед учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэжээ. /хх 66-р тал/,

            Б.Б-ийн өвчний түүх: ...12 дугаар сарын 15-ны 04:22 цаг эмч нарын хамтарсан үзлэг, асуумж: Өнөөдөр 2020.02.15-нд 02:00 орчимд хутгалуулсан байж болзошгүй гэнэ. Өөрөөр яг яасан, юу болсныг мэдэхгүй байгаа... гэсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх 70-р тал арын хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хэвлийн тус газарт хатгасан байрлал, хөдөлгөөний чиглэл, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харьцаа, хохирогч нарын мэдүүлж буй болсон үйл явдал зэргээс дүгнэхэд Г.Д нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлдээ хандах хандлага нь тухайн үед учирч болох хор уршгийг мэдэж байсан боловч тухайн хор уршигт хүргэлгүйгээр, түүнийг гаргахгүй байж чадна гэж, эсхүл учрах хор уршгийг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хөнгөмсгөөр найдсан болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх нөхцөл байдлыг тогтоогддог.

            Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларч хохирогч, гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байхад яллах талын нотлох баримтуудыг үнэлэхдээ цагаатгах /хөнгөрүүлэх/ талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэл, агуулгаа тусгаагүй нь шийдвэр хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэж байна.

            Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарахаар заасан.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Хохирогч нартай ямар нэгэн харилцааны зөрчилдөөн, маргаан байхгүй. Энэ хэргээс болж өдий зэрэгтэй амьдарна гэж бодсон ажлаасаа халагдсан, би айлын ганц хүүхэд, аав, ээж, эхнэр, хүүхэд нарынхаа нэрийг гаргаж байгаадаа харамсаж байна. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхнэр болох М.Ц-тай Улаанбаатар хотод хуримаа хийсэн. Хуримаа хийгээд эхнэр Баянхонгор аймаг яваад би Зүүнбаянд ирсэн. Яагаад тусдаа явсан гэхээр эхнэр тухайн үед бие давхар, надтай цуг байна гэхээр 10 дугаар сарын шинэ цэрэг татаад ирсэн би бараг 40-50 хоног гэртээ байхгүй мөн бид хоёрын амьдардаг гэр хүйтэн ийм байдлаас болоод тусдаа байсан. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бага охин төрсөн, том охин 4 настай, бага охин 7 сартай. Одоо болтол охиныхоо царайг хараагүй, зулай дээр нь үнэрлээгүй үүндээ гэмшиж, харамсаж явдаг. Нас өндөр болсон өвөө, эмээ байдаг. Хийсэн хэрэгтэй гэмшиж, харамсаж байна. Миний ар амьдралыг харгалзан үзэж хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Г.Д нь тухайн гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн үйлдлийг зориуд хүсэж үйлдсэн энэ шинжийг агуулж байгаа. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ийн мэдүүлэгт салаан дарга Г.Дм нь хутга бариад над руу дайрсан, хутгаа боль гэж хэлэхэд хэвлийн хэсэгт хутгалсан. Хохирогч Г.Б-ийн мэдүүлэгт Г.Д шалан дээр унаад босож ирэхдээ 6 нүдтэй шүүгээнээс хутга аваад босож ирсэн. Энэ бол Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 634 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн санаатай болон болгоомжгүй үйлдлийг тайлбарласан тайлбар байдаг. Санаатай үйлдэл нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг мэдсээр байж хүсэж хийсэн, хор уршиг зориуд хүргэсэн байх нь болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг болохыг тодорхой тайлбарласан байдаг. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад мөн шүүгдэгч Г.Д-ын мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлаад тухайн оногдуулж болох хорих ялын дээд хэмжээний 3.2 хувиас багагүй хугацаа буюу 3 жил 4 сарын хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчим буюу тухайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувьд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ю.Н-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/62 тоот шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ээс давж заалдсан гомдолд үндэслэн түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

              Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Д нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгийн 1 дүгээр ** дугаар байрны * дүгээр орц ** тоотод байх өөрийн гэртээ Б.Б, Г.Б, Ц.Г, С нартай архи ууж согтуурсан, гэмт хэрэг болох үед Б.Б, Г.Б нарын хамт байсан ба Б.Б-той  маргалдсан,  Б.Б Г.Д-ыг түлхэж унагаасанд уурлаж шүүгээнээс хутга авч Б.Б-ийн хэвлийнд хутгалж хэвлийн хөндий нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий хүнд гэмтэл,

 

              -зодооныг салгаж, хутгыг нь авах гэсэн Г.Б-ийн нуруун тус газар нь мөн хутгаар хатгаж, биед нь шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан нь тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байх ба мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан байна.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Г.Д-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн хэвлийд хэвлийн хөндий нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий хүнд гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь түүнд үндэслэж гарсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/011 тоот шинжээчийн дүгнэлт,

 

Хохирогч Г.Б-ийн биед нуруунд хутганы шарх тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар түр сарниулсан гэмтэл болох нь түүнд үндэслэж гарсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/010 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн дүгнэхэд шүүгдэгч Г.Д нь хутгаар хүнийг хатгавал хүн гэмтэж эрүүл мэнд болон амь насанд нь хохирол, хор уршиг учирна гэдгийг ухамсарлах сэтгэцийн хувьд эрүүл,  хэрэг хариуцах чадвартай хүн болох нь тогтоогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

 

Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтад “ ...архи уусан үед Б.Б, Ц.Г 2 маргалдаад байхаар нь би боль гэж гуйсан боловч тэр 2 муудалцаж манай хаалга, хувцасны өлгүүрийг эвдсэн, би уурлаж ... айлгах санаатай хутга гаргасан,  ... хутгалснаа санахгүй байна” гэж гэрчээр /хх-ийн 30-32/ мэдүүлэг өгсөн ба   “ ... гэрчийн мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан, нэмж хэлэх зүйл бол миний хувьд тухайн үед болсон үйл явдлыг бүдэг санаж байна” гэж яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-99/-д тус тус мэдүүлснээс үзэхэд тэрээр өөрийн үйлдэл нь нийгэмд аюултай,  хүнийг гэмтээх хор уршиг учирна гэдгийг мэдэж байсан хэр нь тэр хор уршгийг хүсээгүй боловч хүний бие рүү хутгаар хатгасны улмаас хохирогч Б.Б-д хүнд хохирол,  хохирогч Г.Б-д хөнгөн хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хохирогч Б.Б-ийг хохирогчоор дахин асуусан мэдүүлэгт “ ...одоо бодоход Г.Д хутга барьсан байсан, би Г.Д-д хандаж хутгаа тавчих, тоглоом биш ээ гэж хэлээд өшиглөсөн чинь нэг мэдэхэд хутгалуулсан байсан, яг над руу чиглэсэн санаатай үйлдэл гаргаагүй” гэж  /хх-ийн 105-107/,

 

Хохирогч Г.Б-ийг дахин асуусан мэдүүлэгт “ ... энэ үйлдэл нь санаатайгаар гаргасан үйлдэл биш, одоо бодоход Г.Д нь Б.Б-ийг хутгалах үйлдэл гаргаагүй, мөн Г.Д-ын хутгатай байхад нь Б.Б нь хутгатай баруун гар руу нь өшиглөөд хутгалуулсан” /хх-ийн 108/ гэж тус тус урьдны мэдүүлгүүдээ өөрчилж өгсөн  мэдүүлгүүдэд шүүгдэгч Г.Д бусдыг болгоомжгүйгээр хохироосон гэх  нөхцөл байдал илрээгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт нийцэхгүй, бусад баримтуудаар давхар батлагдан тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол, ... зэвсэг ... хэрэглэсэн” гэсэн гэм буруутай үйлдлийн шинжид,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжид тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ээс гаргасан “ ... гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.   

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Д-ын цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

                                           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                           

                                                                                       А.САЙНТӨГС