| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2023/0005/З |
| Дугаар | 159/ШШ2023/0006 |
| Огноо | 2023-03-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 159/ШШ2023/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2023/0007/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Бат-Эрдэнэ
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар нь тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Бат-Эрдэнийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С.Бат-Эрдэнэ намайг тус багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаартай захирамжаар Д.Баярсайханыг тус багийн Засаг даргаар томилсон тухай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргаар томилуулах тухай” 04 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийг багийн Засаг даргаар сонгож, багийн Засаг даргаар томилуулахаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн зөвлөлөөс хуралдааны тогтоолыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад хүргүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга тогтоолыг хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/76 тоот албан бичгээр 04 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүйд тооцож, дахин багийн иргэдийн Нийтийн хурлыг зарлаж багийн Засаг даргыг сонгох сонгуулийг явуулах тухай хариуг Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн зөвлөлд хүргүүлж, зөвлөл албан бичгийг хүлээн аваад 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот албан бичгээр дахин С.Бат-Эрдэнийг багийн Засаг даргаар томилж өгөх тухай хариуг хүргүүлжээ.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул С.Бат-Эрдэнээс шүүхэд хандан Зүүнбүрэн сумын Засаг дарга тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Бат-Эрдэнийг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, томилсон шийдвэр гаргахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн С.Бат-Эрдэнэ миний бие 2005 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл 17 жилийн хугацаанд тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар ажилласан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т зааснаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтад иргэн Д.Баярсайхантай өрсөлдөн 179 хүний санал авч 53.9%-ийн олонхийн саналаар ялалт байгуулсан. Ингээд тус сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Сундуйжавын Бат-Эрдэнэ намайг багийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн. Гэтэл томилсонгүй. Дахин тус сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор багийн Засаг даргад Сундуйжавын Бат-Эрдэнэ миний биеийг томилуулахаар сумын Засаг даргад тогтоол хүргүүлсэн боловч томилох захирамж гаргаагүй байж, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх Б/32 дугаартай захирамж гаргасан.
Ингээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа, журам, болзол шаардлагыг зөрчиж, Зүүнбүрэн сумын Засаг даргын орлогч Б.Батчулуун нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/38 дугаартай захирамжаар багийн засаг даргад Д.Баярсайханыг томилсон. Намайг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2022 оны 10 дугаар сарын 07- ны өдрийн Б/32 дугаартай захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хянан үзээд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/528 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удаа дараа албан тоотоор захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар сумын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлэхгүй байгаа болно. Иймд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар нь тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар Сундуйжавын Бат-Эрдэнэ миний биеийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С.Бат-Эрдэнэ намайг тус багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаартай захирамжаар Д.Баярсайханыг тус багийн Засаг даргаар томилсон тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа болно. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар нь тус сумын Бэлчэр багийн Засаг даргаар С.Бат-Эрдэнийг томилохгүй байгаа тул томилуулах захирамж гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах, 2022 оны Б/38 тоот захирамжийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлд тайлбар хүргүүлж байна.
Бэлчир багийн Засаг даргаар С.Бат-Эрдэнийг томилохгүй байгаа тул томилуулах захирамж гаргуулах тухайд: Бэлчир 2 дугаар багийн Засаг дарга С.Бат-Эрдэнэ нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэн санал авахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчин Цагааннуур сумын өөр багийн харьяалалгүй иргэдийг санал хураалтад оролцуулсан гэсэн гомдлыг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтын дээд шатны дарга нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно гэснийг үндэслэн багийн Засаг даргад томилохоос татгалзан дахин нэр дэвшүүлэхийг 2022 оны 1/78 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/13 тоот албан бичгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд санал хүргүүлсэн боловч одоог хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа болно. Дахин нэр дэвшүүлэн сонгогдон, иргэдийн гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд хуулийн хүрээнд шийдвэрлэх болно.
Ажилгүй байсан үеийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, цалинг нөхөн олгуулах тухайд: С.Бат-Эрдэнэ нь ажлын цаг бүртгүүлдэггүй ажлын цагаар ажлын байраа лацдаад орхидог, ажлын байр, тамга тэмдэг, тоног төхөөрөмжөө түр орлон гүйцэтгэгчид шилжүүлж егөөгүйгээс 2022 оны жилийн эцсийн хүн малын тоо тооллогын ажил удааширч саатсан, статистик мэдээ мэдээллийн ажил тасалдсан багийн хүн амын бүртгэлийн сангийн код өөрчлөн нэвтрэх боломжгүй болгосон зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйн доголдол, төрийн үйлчилгээний залгамж чанарыг алдагдуулсан, тамгын газрын дарга Б.Дүүрэнбаяр ажлын байр чөлөөлж өгөх талаар ярилцахаар дуудахад ирээгүй, сумын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/264 тоот албан бичгээр ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг очиход ажлаа өгөөгүй, мөн 10 дугаар сарын 16-ны өдөр Тамгын газрын дарга Б.Дүүрэнбаяр, хэсгийн төлөөлөгч н.Буяндэлгэр, миний бие Э.Саранбаатар нь дуудан уулзах гэхэд Дархан-Уул аймагт явж байна гэх шалтгаанаар ирээгүй зэрэгээр С.Бат-Эрдэнэ нь төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг саатуулан доголдолд оруулж байсан зэргээс үзэхэд энэ хүнд миний зүгээс ажилгүй байсан үеийн эрүүл, мэнд, нийгмийн даатгал, цалинг нөхөн х олгох боломжгүй гэж үзэж байна. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш цалинг нь олгож байна.
Иргэн Д.Баярсайханыг багийн Засаг даргаар түр томилсон 2022 оны Б/38 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухайд: Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар түр орлон гүйцэтгэж байсан Д.Баярсайханыг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тасалбар болгон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.” гэжээ.
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ шүүхэд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар нь тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Бат-Эрдэнийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С.Бат-Эрдэнэ намайг тус багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын “Багийн засаг даргад нэр дэвшүүлсэн санал хураалтын дүнгийн тухай” тогтоолоор Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хуураалтад 332 иргэн оролцож хүчинтэй 328 саналын хуудас хүчингүй 4 саналын хуудас тоологдсон бөгөөд санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Бат-Эрдэнэ 179 санал буюу 53.9%, нэр дэвшигч Д.Баярсайхан 149 санал буюу 44.8% санал хураалтын дүн гарчээ.
2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Багийн Засаг даргаар томилуулах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшиж 179 санал буюу 53.9%-иар олонхийн санал авсан Сандуйжавын Бат-Эрдэнийг багийн Засаг даргаар томилуулахаар Зүүнбүрэн сумын Засаг даргад уламжилжээ.
2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Зөвлөл байгуулах тухай” тогтоолоор Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн хурлын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/76 тоот албан бичгээр “тус сумын 2 дугаар багийн иргэн Д.Баярсайханаас ирүүлсэн 2 дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтад өөр сумын харьяалалтай иргэн санал өгсөн тул уг санал хураалтыг хууль бус гэж үзсэн өргөдлийг гаргасан үндэслэлээр Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 04 дугаартай тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасныг үндэслэн татгалзаж байгаа тул тус хуралдааныг бүхэлд нь хүчингүйд тооцож, 14 хоногийн дотор багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлаж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулах тухай албан бичгийг Бэлчир 2 дугаар багийн зөвлөлд хүргүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Зүүнбүрэн сумын Засаг даргад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн 03 дугаартай хариу албан бичигт “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалт нь багийн Засаг даргыг сумын Засаг дарга нэг удаа буцаах гэсэн болохоос багийн иргэдийн Нийтийн Хурлыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй” талаар хариу албан бичигт дурджээ.
Зүүнбүрэн сумын Засаг даргаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Бэлчир 2 дугаар багийн хурлын даргад хүргүүлсэн 1/89 тоот албан бичигт “багийн Засаг даргыг сонгох санал хураалтад тус багийн харьяаллгүй хүн санал өгсөн талаар нэр дэвшигчээс гомдол гаргасан тул С.Бат-Эрдэнийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтын хүрээнд татгалзаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтын дагуу 2022 оны 05 дугаар сарын 06-ны дотор багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлж материал ирүүлэх” талаар дурджээ.
Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Зүүнбүрэн сумын Засаг даргад 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн 04 тоот албан бичигт “Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн С.Бат-Эрдэнэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.2, 56.4.3, 56.4.4-т заасан шаардлагыг хангасан мөн хуулийн 56.5.2-т заасантай нийцэж байгаа тул дахин сонгууль явуулах, нэр дэвшүүлэх шаардлагагүй тул саналыг хүлээн авах боломжгүй иймд санал хураалтад оролцсон иргэдийн 179 буюу 53.9%-ийн санал авсан тул С.Бат-Эрдэнийг багийн Засаг даргаар томилж өгнө үү “ талаар дурджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны болон үзлэгийн явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргийг үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.1-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшигч нарыг тодруулж, санал хураалтад С.Бат-Эрдэнэ, Д.Баярсайхан нар оролцож санал хураалтын дүнгээр С.Бат-Эрдэнэ 179 санал буюу олонхийн санал авсан тул Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Зүүнбүрэн сумын Засаг даргад албан ёсоор уламжилсан үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Дээд шатны засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татагалзсан тохиолдолд зохих шатны хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ” гэж зааснаар Зүүнбүрэн сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сард 1/76, 1/89 тоот хоёр удаагийн албан бичгээр Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшигч С.Бат-Эрдэнийг томилохоос татгалзаж байгаагаа илэрхийлж, нэр дэвшигч нарын дунд дахин санал хураалт явуулж олонхийн санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар дахин уламжилахыг хариу албан бичигтээ дурдсан нь нэр дэвшигчийг томилохоос татгалзсан эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй, хууль зөрчөөгүй, хуульд заасан нэр дэвшигчийг нэг удаа татгалзах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна.
Зүй нь Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурал нь Зүүнбүрэн сумын Засаг даргын зүгээс нэр дэвшигч С.Бат-Эрдэнийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан тохиолдолд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу, мөн хуулийн 56.5-д заасан журмаар буюу нэр дэвшигч нарыг тодруулж, дахин санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар Зүүнбүрэн сумын Засаг даргад дахин уламжлах учиртай байтал хуульд заасан дээрх ажиллагааг хийлгүй сумын Засаг даргад 2022 оны 04 болон 05 дугаар сард хүргүүлсэн 03, 04 тоот албан бичигтээ багийн Засаг даргад дахин нэр дэвшигч нар дээр санал хураалт явуулах шаардлагагүй гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй байх тул хариуцагч Зүүнбүрэн сумын Засаг даргын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргыг томилохоос татгалзсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар нь тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Бат-Эрдэнийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С.Бат-Эрдэнэ намайг тус багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР