Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/04802

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 14 101/ШШ2022/04802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххххххххххх, Т группын төв байр, Т интернэйшнл ХХК-ийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххххххххххххххххх тоот, М ХХК-д /РД: хххххххххххххх/ холбогдох

62,120,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т интернэйшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т интернэйшнл ХХК нь М ХХК-тай харилцан тохиролцож өөрийн худалдаалдаг виноны нэр, лого бүхий виноны хундага болон бусад виноны дагалдах хэрэгсэл захиалж 2021 оны 07 сарын 05-ны өдөр бараа бүтээгдэхүүн захиалгаар бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу захиалагч болох манай Т интернэйшнл ХХК нь нийт 6 төрлийн 62,120,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалж гүйцэтгэгч болох М ХХК нь гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнийг захиалга, зааврын дагуу бүрэн нийлүүлэхээр тохиролцсон.

Гэрээний нөхцлийн дагуу бид 2021 оны 07 сарын 07-ны өдөр 18,636,240 төгрөг, 2021 оны 07 сарын 09-ний өдөр 12,424,160 төгрөгийг нийт 50 хувь урьдчилгаа болох 31,060,400 төгрөгийг М ХХК-д нэхэмжлэхийн дагуу шилжүүлсэн.

М ХХК нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 08 сарын 13-ны өдөр манайд бүрэн нийлүүлэхээр гэрээгээр тохиролцсон. Гэвч энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй байна.

Бидний зүгээс гэрээний хугацаанд нийлүүлэлгүй хожимдсон ч гэрээг цуцлалгүй, хүлээсээр байсан ба 2021 оны сүүлчээр хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байсныг мөн харгалзан хугацаа өгсөөр байсан. Захиалсан бараа бүтээгдэхүүнийг бид харилцагч байгууллагууддаа хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ханган нийлүүлэх үүрэг хүлээж гэрээлсэн байсан бөгөөд бараа бүтээгдэхүүн хугацаандаа ирээгүйгээс бид харилцагч байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч хамтын ажиллагаанд маань сөрөг нөлөө үзүүлж хохирол амссаар байна.

Анх бараа бүтээгдэхүүн захиалахад хугацаандаа найдвартай ирнэ гэж байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хугацаа хоцроож ирж байгаа, 7 хоногийн дараа ирнэ, хил дээр байна, удахгүй ирнэ гэсээр байсан ба гэрээний дагуу алдангийн хариуцлагаа хүлээгээд захиалсан барааг нийлүүлэх тухайгаа илэрхийлж байсан.

Бараа ачигдан ирж байгаа нотолгоо шаардсан ч бидэнд гаргаж өгөөгүй. 2022 оны эхнээс эхлэн тус компанийн захирал болон хариуцсан хүмүүстэй нь холбоо барихад хүндрэлтэй болж утсаа авахгүй, уулзахгүй байх, мессэжинд хариу өгөхгүй зэрэг хүндрэлтэй нөхцлүүд үүсэх болсон.

Бид 2022 оны 04 сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Ийнхүү гэрээний үүргэ биелүүлэх ёстой хугацаанаас хойш 8 сар гаруй хугацаа өнгөрч М ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчиж хугацаа өгсөөр атал биелүүлээгүй тул цаашид хүлээх шаардлагагүй гэж үзэж 2022 оны 05 сарын 05-ны өдөр 02/1119 тоот албан бичгээр бараа бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээг 2022 оны 05 сарын 05-ны өдрөөр цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 2021-02/199 тоот бараа бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу гүйцэтгэгч болох М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги тооцож Иргэний хуулийн дагуу энэхүү алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх тул нийт 31,060,400 төгрөгийн алданги, урьдчилгаа төлбөрт өгсөн 31,060,400 төгрөг, нийт 62,120,800 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Т интернэйшнл ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 2021-02/199 тоот бараа бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт,

М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал Б.Ариунжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, М ХХК-ийн нэхэмжлэх,

М ХХК-д 2021 оны 07 сарын 07-ны өдөр 18,636,240 төгрөг, 2021 оны 07 сарын 09-ний өдөр 12,424,160 төгрөгийг нийт 50 хувь урьдчилгаа болох 31,060,400 төгрөг шилжүүлсэн баримтууд,

М ХХК-д хүргүүлсэн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 02/760 дугаар бүхий мэдэгдэл, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 02/1119 дугаар бүхий гэрээ цуцлах мэдэгдэл,

Т интернэйшнл ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, М ХХК-ийн төлөх төлбөрийн тооцоолол, харилцсан захидлууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 07 сарын 06-ны өдөр гардан авсан бөгөөд М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т интернэйшнл ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн захиалгаар бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 62,120,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч буюу захиалагч Т интернэйшнл ХХК нь хариуцагч буюу гүйцэтгэгч М ХХК-тай харилцан тохирч 2021 оны 07 сарын 05-ны өдөр 2021-02/199 дугаар бүхий Бараа бүтээгдэхүүн захиалгаар бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэгч М ХХК нь гэрээний 2.1-т заасан дарсны нэр, лого бүхий хундага болон бусад дагалдах хэрэгслийг 2021 оны 08 сарын 13-ны өдөр гэхэд эцсийн байдлаар хүлээлгэн өгөхөөр,

Гэрээний нийт үнийн дүнг 62,120,800 төгрөг гэж тохирон, захиалагч Т интернэйшнл ХХК гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 дотор урьдчилгаа 30 хувь 18,636,240 төгрөгийг,

Үйлдвэрлэгч рүү бүтээгдэхүүний захиалга хийгдсэний дараа буюу захиалга хийгдсэнийг батлах баримт бичгийг гүйцэтгэгч тал захиалагч талд өгснөөс хойш ажлын 3 хоногийн дотор гэрээний нийт дүнгийн 20 хувь 12,424,160 төгрөгийг,

Захиалга хүлээн авч гэрээ дүгнэх акт үйлдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор үлдэх 50 хувь 31,060,800 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 2021-02/199 дугаар бүхий гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5-15 дугаар тал/

 

Захиалагч Т интернэйшнл ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т заасан төлбөрийг буюу урьдчилгаа 30 хувийн төлбөр 18,636,240 төгрөгийг 2021 оны 07 сарын 07-ны өдөр, гэрээний нийт дүнгийн 20 хувь 12,424,160 төгрөгийг 2021 оны 07 сарын 09-ний өдөр тус тус төлсөн нь захиалагч Т интернэйшнл ХХК-ийн Хаан банк дахь 5022421869 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 17-18 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т зааснаар гүйцэтгэгч нь бүтээгдэхүүнийг 2021 оны 08 сарын 13-ны өдөр гэхэд эцсийн байдлаар хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч гүйцэтгэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй бөгөөд захиалагч Т интернэйшнл ХХК нь гүйцэтгэгч М ХХК-д 2022 оны 04 сарын 04-ний өдөр 02/760 дугаар бүхий мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.

/ХХ-ийн 20 дугаар тал/

 

Захиалагч Т интернэйшнл ХХК нь гүйцэтгэгч М ХХК-д Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон хэдий боловч үр дүн гараагүй тул 2022 оны 05 сарын 05-ны өдөр 02/1119 дугаар бүхий гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 19 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,

232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, эсвэл доголдолтой гүйцэтгэсний улмаас дахин засварлаж гэрээт ажлыг гүйцэтгэж гэрээгээр тохиролцсон хугацаа хэтэрсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч гүйцэтгэгчид төлөх төлбөрийн дүнгээс алдангийг суутгаж авах эрхтэй гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу хариуцагч буюу гүйцэтгэгч М ХХК нь захиалагч буюу Т интернэйшнл ХХК-д ямар нэгэн үр дүн хүлээлгэн өгөөгүй ажээ.

 

Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

18,636,240 төгрөг+12,424,160 төгрөг=31,060,400 төгрөг,

31,060,400 төгрөг+15,530,200 төгрөг /урьдчилгаа төлбөрт хүлээлгэн өгсөн 31,060,400 төгрөгийн 50 хувь/

Нийт 46,590,600 төгрөг.

 

Захиалагч Т интернэйшнл ХХК нь нийт гэрээний үнэ 62,120,800 төгрөгийн 50 хувь 31,060,400 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн ба гүйцэтгэгч М ХХК-д гэрээний төлбөрт 31,060,400 төгрөгийг хүлээлгэн өгсөн тул дээрх хүлээлгэн өгсөн дүнгээс алдангийг тооцох үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 46,590,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т интернэйшнл ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,530,200 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч М ХХК-д 2022 оны 07 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 29-34 дүгээр тал/

 

2022 оны 11 сарын 14-ний өдрийн 16:30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнх-Эрдэнэд шүүх хуралдаан болохоос 18 хоногийн өмнө буюу 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 17:10 минутанд мэдэгдсэн ба тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

/ХХ-ийн 32, 45 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч М ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 46,590,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т интернэйшнл ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,530,200 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т интернэйшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 468,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 390,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т интернэйшнл ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН