Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/192

 

 

 

 

 

 

    2025        09         10                                     2025/ШЦТ/192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000560100 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Ц-гийн С (РД: ....), 1979 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Ц.С нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын сахиул, манаачаар ажиллаж байхдаа тус газрын 6545 дугаартай агуулахын цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч 663’000 төгрөгийн үнэ бүхий 39 шуудай малын хивэг, 238’000 төгрөгийн үнэ бүхий 7 шуудай малын овьёос зэргийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 901’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), агуулахын цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас), хивэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас), эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 65-66, 68, 70 дугаар хуудас), гэрч Б.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), гэрч О.Цийн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), гэрч З.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), гэрч Б.Дийн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), гэрч Н.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), гэрч Л.Дгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас), гэрч С.Цын мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), гэрч С.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), гэрч Х.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас), гэрч О.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), гэрч Ш.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),  шинжээчийн 50 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 103 дугаар хуудас), мөрдөгчийн хохирлын тооцооны тэмдэглэл (хавтаст хэргийн 106 дугаар хуудас), шинжээчийн 21 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас), шүүгдэгчийн автомашины үнэлгээ (хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дийн мэдүүлэг (хавтаст хэргийн 68, 70 дугаар хуудас), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас), өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн түүний эрүүл мэндийн талаарх баримтууд зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Н.Доос ...гаргасан нь: ...... сумын 4 дүгээр багт байх сумын Засаг даргын тамгын газрын агуулахаас хивэг 39 шуудай, овьёос 7 шуудай хулгайлагдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 22 минутад хүлээн авч” гэх агуулгатай тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-11 дүгээр хуудас);

- Цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас);

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас);

- Шуудайтай хивэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дийн “...... сумын Засаг даргын тамгын газар нь 2024 оны 03 дугаар сард сумын аюулгүй нөөцөд Увс аймгийн Улаангом сумаас 50 кг уутанд савласан 25 кг жинтэй малын хивэг, 1 ширхгийн худалдах үнэ 18,000 төгрөгөөр нийт 1000 уут буюу 25 тонн хивэг татан авалт хийж ... сумын 4 дүгээр багийн нутагт байрлах, нутгийн удирдлагын ордны хашаанд байх 65-45 дугаартай чулуун агуулахад хадгалсан. Түүнээс хойш Хөдөө аж ахуйн тасагт миний бие тэдгээрийг ард иргэдэд худалдан борлуулж байгаа юм. Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед тухайн малын хивэг, тэжээл хадгалж байгаа агуулахад орж тус сумын иргэн н.Б гэх хүнд 20 уут хивэг гаргаж өгч худалдан борлуулсан. Үлдэгдэл малын хивэг, овьёосоо тоолж үзэхэд 424 уут малын хивэг, 64 уут овьёос үлдсэн байсан. Би малын хивэг, овьёос хадгалж байсан агуулахыг цоожлоод явсан. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим иргэн н.Нямбаярт хивэг гаргаж өгөхөөр 65-45 дугаартай чулуун агуулахын цоожийг нээхээр түлхүүрийг нь хийж эргүүлэхэд цоож доод хэсэг болон дээд хэсгээр  хоёр хэсэг болон салсан. Би агуулахад орж үзэхэд хэвтээ 10, босоо 10 уутаар хурааж тавьсан 4 эгнээ хивгээс дээд талын хэсгээс энд тэндээс нь хүн авсан байдалтай байсан. Би хивэг тоолж үзэхэд 424 уут хивгээс 385 уут болж 39 уут хивэг, мөн 64 уут овьёосноос 57 уут болж 7 уут овьёос дутсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас);

- Гэрч Б.Бийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... сумын Засаг даргын тамгын газарт өрөөндөө ажилтай байж байтал Засаг даргын тамгын газрын хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршоо хариуцсан мэргэжилтэн М.Д миний гар утас руу өдрийн 14 цагийн орчим залгаад тамгын газрын агуулахад хулгай орж малын хивэг, овьёос хулгай авсан байна гэж хэлсэн. Би гарч М.Дтой уулзахад “би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай сумын иргэн н.Бд хивэг гаргаж өгөөд цоожлоод явсан. Тухайн үед би агуулахад байсан малын хивэг тэгшилж хураасан байсан дээд хэсгээс энд тэндээс авсан байсан. Мөн агуулахын гадна цоож эвдэрсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар хуудас);

- Гэрч О.Цийн “...2025 оны 03 дугаар сард 1000 уут буюу 25 тонн улаан хивэг, “Дайчин монгол” ХХК-аас гэрээ хийж хүлээн авч малчдад 18000 төгрөгөөр худалдаж байсан. Засгийн газрын тогтоолын дагуу Улсын Онцгой комиссоос хуваарилсан 5 тонн овьёосыг багийн дарга нар мал бүхий айл өрхөд тарааж үлдсэн овьёосыг Засаг даргын тамгын газрын агуулахад хадгалж байсан. ...Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн М.Дид 1000 уут улаан хивгийг тараах үүргийг өгч байсан. Тухайн агуулахын түлхүүр манаачид байхгүй итгэмжлэн хариуцаж байсан хүн нь хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршоо хариуцсан мэргэжилтэн М.Дид түлхүүр нь байсан. Манаач бол гэрээнд заасны дагуу Засаг даргын тамгын газрын контор, аж ахуйн хашаанд  байгаа хөрөнгө, агуулах савыг гаднаас хариуцах үүрэгтэй, түлхүүр манаачид байхгүй, манаач итгэмжлэн хариуцаж байгаагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас);

- Гэрч Л.Дгийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ... сумын 04 дүгээр багийн нутаг байх миний нөхөр н.Бат-Очирын нагац эгч Лхагваагийн хашаанд манайх гэрээ барьж өвөлжиж байгаа юм. Тэгээд би тухайн өдөр гэр бүлийн найз Б.Цын эхнэр С.Бийн гар утас руу өөрийн дугаараас орой 19 цаг 37 минутын үед залгаж танай нөхөр Б.Ц байна уу? Би О.Ц даргын гэрээс очиж малын хивэг авах гэсэн юм. Танай нөхөр Б.Ц байвал машинаа асааж ирээд надад хивэг гэрт хүргэж өгөх боломж байна уу? гэж асуучих гэхэд С.Б нөхөр Б.Цад утсаа өгсөн. ... 30 орчим минутын дараа Б.Ц манай гэрт өөрийн ачааны Маяти загварын автомашинтай эхнэр С.Бийн хамт манай гэрт хальт орж ирээд бид гурав гарч Б.Цын автомашинд сууж О.Ц даргын гэр рүү явж байтал сургуулийн дотуур байрны урд талын замд Б.Цын унаж явсан тээврийн хэрэгслийг араас ирж явсан автомашин сигналдаж шахаж зогссон. Тухайн автомашины жолооч нь манай сумын Засаг даргын тамгын газарт манаач ажилтай Ц.С байсан. Ц.С нь жолоо барьж явсан Б.Цтай юм ярьж зогсож байгаад Б.Цад зарах хивэг байна гэж хэлэхэд би хивэг авахаар О.Ц даргын гэр рүү явж байна гэхэд “чи надаас авчих” гэж Ц.С хэлсэн. Би чиний хивэг хаана байгаа юм бэ? гэхэд “бэлэн ачиж явна” гэж хэлсэн. Чиний хивэг ямар үнэтэй бэ? гэхэд шуудайг нь 10000 төгрөгөөр зарж байна ийм хямдхан хивэг байхгүй гэж хэлсэн. Би чамаас 5 шуудай хивэг авъя гэж хэлэхэд Ц.С зэрэгцэж зогсож байсан өөрийн унаж явсан суудлын жижиг машины хойд талын суудлыг унагааж ачсан байсан шуудайтай хивгээс арын багажийн нээж Б.Ц тэр хоёр 5 шуудай хивэг ачаад явах гэхэд Б.Ц “Ц.Ст 5 шуудай хивэг байна гэнэ, түүнийгээ бас зарна гэж байна авах уу” гэж эхнэр С.Бээс асуухад “өөрөө мэдэхгүй юу” гэж хэлсэн. Б.Ц дахин Ц.Сын машинаас 5 шуудай хивэг ачиж явах гэхэд Ц.С одоо 1 шуудай тариа байгаа гэхэд чи хэд гэж байгаа юм гэхэд 15000 төгрөгөөр авахгүa юу гэхээр нь би авъя гэж гэж хэлсэн. ...Ц.С нь архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн дансны дугаараа сайн мэдэхгүй байсан тул цуг явсан С.Б Ц.Саас эхнэр н.Гантогтохынх нь дугаарыг авч залгаад дансны дугаарын авч 115000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр Ц.Саас ямар учиртай хивэг хямд үнээр зарж байгаа талаар асууж тодруулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас);

- Гэрч Б.Цын “...Л.Дд Ц.Ст зарах хивэг байна гэнэ гэхэд Л.Д “ямар үнэтэй хивэг байгаа юм” гэхэд Ц.С “10000 төгрөг гэж байна” гэж хэлсэн. Би “чи битгий худлаа яриад бай” гэхэд өөрийн унаж явсан автомашины арын багажийг нээхэд цагаан шуудайтай хивэг байсан. Ц.Саас надтай цуг явсан  Л.Д 5 шуудай хивэг худалдаж авахаар болоод миний автомашинд ачсан. Тэгж байтал Ц.С “миний автомашинд дахиад 5 шуудай хивэг байна, чи авчих” гэхээр нь би зөвшөөрч автомашин дотор байсан 5 шуудай хивгийг өөрийн автомашинд ачсан. Надад дахин “нэг шуудай тариа байна, чи авах уу” гэхээр нь би авахгүй гэхэд надтай цуг явсан Л.Д “тэгвэл би авъя” гэж хэлээд авч миний автомашинд ачсан. ...Л.Дгийн жимобайлын дугаараас 115000 төгрөг миний эхнэр С.Б шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар хуудас);

- Гэрч С.Бийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ...Л.Д миний гар утас руу залгаад “танай нөхөр Б.Ц байгаа юу би танай нөхрийн автомашинаар О.Ц даргын гэрээс очоод 10 шуудай хивэг гэртээ хүргүүлж авах гэсэн юм” гэсэн. ...миний нөхөр “Ц.Ст хивэг байна” гэж хэлэхэд манай найз Л.Д “үнэ хэд гэж байгаа юм” гэхэд 10000 төгрөг гэж байна гэхэд 5 шуудай хивэг авсан. Миний нөхөр “Ц.Ст дахиад 5 шуудай хивэг байна гэнэ авчих уу” гэж хэлээд 5 шуудай хивгийг нь худалдаж аваад автомашиндаа ачсан. Тэгж байтал Ц.С дахин “миний машинд 1 шуудай тариа байна чи авахгүй юу” гэхээр нь миний нөхөр “авахгүй” гэхэд манай найз Л.Д “тэгвэл би авъя” гэж хэлээд худалдаж авсан. Тэгээд манай гэр утсанд нэгж байхгүй байсан тул манай найз Л.Дгийн данснаас мөнгө шилжүүлэх гэхэд Ц.С дансаа буруу хэлээд байсан тул манай найз Л.Д Ц.Сын эхнэр н.Гантогтохын дугаар руу залгаж дансны дугаарын авч 115000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дугаар хуудас);

- Гэрч Х.Бийн “...Тэгээд намайг тэдний гэрт цай ууж дуусаад гарахад сумын тамгын газрын хашааны зүүн талын булангийн чулуун агуулахын хүн орох жижиг хаалга нээчихсэн өөрийн машиныг агуулахын үүдэнд хойд талаар нь ухраагаад зогсчихсон байсан. Тэгээд Ц.С ах бид хоёр хивэг хадгалж байсан чулуу агуулах руу орж тэнд хураалгатай байсан хивгээс Ц.С ахын автомашин руу зөөж байтал Ц.С ах боллоо гэж хэлсэн. ... би гэртээ унтаж байтал 2025 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 05 цагийн үед манай байшингийн цонхыг хүн цохиод байхаар нь хаалгаа нээхэд Ц.С ах байсан. Тэгээд намайг хивгээ ав гэж хэлээд манай хашаанд автомашинтай явж орж зогсоод хашаан дотор буулгаж орхиод явсан. Би “та яасан бэ? би таныг хүлээж байгаад унтсан байна” гэхэд “би явах гэхэд хүн таараад гэртээ байж байгаад ирлээ” гэж хэлсэн. ...Ц.С ах тухайн хэвгийг “миний өөрийн хивэг, би мөнгийг нь өгсөн” гэж хэлж байсан. Тухайн өдөр Ц.С жижиг суудлын Nissan загварын бор шаргал өнгийн автомашинаар хивэг ачиж зөөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас);

- Гэрч О.Бгийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед ... сумын 4 дүгээр багийн 1-2 тоотод байрлах гэртээ эхнэр Ш.Бын хамт байтал манай дээд талын ... сумын Засаг даргын тамгын газрын манаач Ц.С манай дээд талын хашаанаас намайг дуудсан. Би гэрээс гарахад Ц.С сумын Засаг даргын тамгын газрын хашаан дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд намайг “та надаас 5 шуудай малын хивэг аваач” гэхээр нь “ахад нь хивгийн хэрэг байхгүй” гэж хэлээд гэртээ орсон. Эхнэр Ш.Бад “Ц.С намайг хивэг ав гээд байна” гэж хэлээд сууж байтал Ц.С дахин намайг дуудсан. Манай эхнэр Ш.Б гэрээс гарч “би чамайг захиргаанд чинь хэлнэ шүү” гэж хэлчхээд гэрт орж ирсэн. Удалгүй Ц.С мод барьж манай нохойтой зодолдоод гэрт орж ирээд “та яасан зүгээр юм өгч байхад авдаггүй хүн бэ?” гэж хэлсэн. Мөн эхнэр бид хоёроос “архи байна уу?” гэж асуухаар нь байхгүй гэхэд “мөнгө байна уу?” гэхээр нь надад 5 литр бензин байна чи аваад яв гэж хэлсэн. Ц.С манай гэрт байсан 5 литр бензин аваад гэрээс гараад явсан удалгүй миний эхнэр Ш.Б гэрээс гараад буцаж орж ирэхдээ Ц.С манай хашаанд 5 шуудай хивэг давуулаад шидчихсэн байна. Мөн тамгын газрын чулуун агуулахаас хүнтэй хамт юм зөөж автомашинд ачиж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар хуудас);

- Гэрч Ш.Бын “...Би хэсэг хугацааны дараа гэрээс гарахад манай хашаан дотор 5 шуудай хивэг давуулаад хаячихсан тамгын газрын хашааны арын хашаанд байх агуулах руу жижиг автомашин ухарч зогсоод юм зөөгөөд байх шиг байсан. Тухайн үед орой болсон байсан тул би сайн анзаарч хараагүй буцаж гэрт орж ирээд өөрийн нөхөр О.Бд Ц.С манай хашаа руу 5 шуудай хивэг хашаа давуулж хаячихсан байна. Мөн хашаан дотор агуулахаас юм зөөгөөд байх шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас);

- 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгө үнэлгээний “...Увс аймгийн ... суманд 2025 оны 03 дугаар сарын байдлаар 25 кг савлагаатай 1 шуудай хивгийн зах зээлийн үнэлгээг 17000 төгрөгөөр, 30 кг савлагаатай 1 шуудай овьёосны зах зээлийн үнэлгээг 34000 төгрөгөөр тус тус тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103 дугаар хуудас);

- 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Santigo гэх бичиглэлтэй цоожны эд анги нь эвдэрч гэмтсэн их биеийн дээд хэсэгт 05х1.5 см бүхий талбайг хамарсан олон тооны жижиг хэмжээтэй өнгөц зураасан мөр /гэмтэл/ үүссэн байх бөгөөд гогцоо хэсэг нь салж хэлбэр нь өөрчлөгдөж мурийсан байх тул эвдлэгч багаж хэрэгсэл ашиглан цохих буюу хөших хүчний үйлчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл: шүүгдэгч Ц.С нь Увс аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын сахиул, манаачаар ажиллаж байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутагт байх тус сумын Засаг даргын тамгын газрын 6545 дугаартай агуулахын цоожийг эвдлэн орж, 663000 төгрөгийн үнэ бүхий 39 шуудай малын хивэг, 238000 төгрөгийн үнэ бүхий 7 шуудай малын овьёос зэргийг авч, улмаар Nissan Tiida загварын, 13-83 УВХ улсын дугаартай автомашинаар зөөж тээвэрлэн бусдад зарж нийт 901000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн гэмт хэрэгт хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэж, мөн түүний өмгөөлөгч “...Шүүгдэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа талаар мэдүүлсэн байгаа. Гаргасан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна” гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

шүүгдэгч Ц.С нь Увс аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын сахиул, манаачаар ажиллаж байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутагт байх тус сумын Засаг даргын тамгын газрын 6545 дугаартай агуулахын цоожийг эвдлэн орж, 663’000 төгрөгийн үнэ бүхий 39 шуудай малын хивэг, 238’000 төгрөгийн үнэ бүхий 7 шуудай малын овьёос зэргийг авч, улмаар Nissan Tiida загварын, 13-83 УВХ улсын дугаартай автомашинаар зөөж тээвэрлэн бусдад зарж нийт 901’000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

3.2. Аливаа эд хөрөнгө хадгалах зориулалтай агуулахад эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно. Тухайлбал хулгайлах гэмт хэргийг агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилдэг. Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг цоожтой агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжтэй гэж үзнэ.

 “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна.

“Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно[1].

Шүүгдэгч Ц.С нь тухайн хивэг, овьёосыг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, хулгайлан эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор “Nissan tiida” загварын, 13-88 УВХ улсын дугаартай автомашиныг ашигласан тул түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.

3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Ц.С нь 901’000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дийн “..Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учирсан хохиролд нийт 603000 төгрөг төлж барагдуулсан. Тухайн мөнгийг Ц.Сын төрсөн эх Т.Цэрэнпил нь 2 удаагийн гүйлгээгээр ... сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 100150652400 тоот данс руу шилжүүлж, баримтыг авч ирж өгсөн. Ц.Санжав гэмт хэрэг үйлдэж хулгайлсан 39 шуудай хивэг, 7 шуудай овьёосноос бусдад зарж борлуулсан байсныг хураан авсан 13 шуудай хивгийг цагдаагийн байгууллагаас үзлэг хийж бидэнд буцааж олгосон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), шуудайтай хивэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас), Хаан банкны шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар (хавтаст хэргийн 134 дүгээр хуудас), мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 134 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дугаар хуудас), Увс аймгийн ... сумын Жаргалант багийн Засаг даргын гаргасан шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 142 дүгээр хуудас), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Түүний хувийн байдал болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ. 

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно. Тухайлбал тус хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой.

Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдач нөхцөлийг хангажээ.

Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нөхцөлийг хангасан байх тул өмгөөлөгчийн саналыг хангах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

3.2. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгийг улсын төсөвт шилжүүлдэг. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan tiida” загварын, 13-83 УВХ улсын дугаартай автомашиныг зарсан гэх тул тухайн автомашины үнэлгээ болох 1400000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Ц.Саас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

3.4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/512 дугаартай захирамжаар шүүгдэгч Ц.Ст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 6 хоног хоригджээ.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна. Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.

 4. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг, эвдэрхий цоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, камерын бичлэг бүхий Си Ди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ургийн овогт Ц-гийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дахь хэсгийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan Tiida” загварын авто машины үнэлгээ болох 1400000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж  улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг, эвдэрхий цоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг Си Ди дискийг хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА

 

[1] Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол