| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/06364/И |
| Дугаар | 101/ШШ2022/05008 |
| Огноо | 2022-11-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2022/05008
2022 11 30 101/ШШ2022/05008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххх тоот хаягт оршин суух, О.Мын /РД: ххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххх тоот хаягт оршин суух, Б.Бод /РД: ххххххххххххх/ холбогдох
1,967,593 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М,
Хариуцагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.М миний бие 2022 оны 04 сарын 06-ны өдөр Б.Бтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан Улаанбаатар хот, ххххххххххххххххххх тоотын 40 м.кв талбай бүхий орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу би орон сууцны төлбөр тооцоог бүрэн төлсөн.
Гэтэл уг орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгааны төлбөр нийт 1,967,593 төгрөг төлөгдөөгүй байсан бөгөөд үүнийг би 2022 оны 07 сарын 22-ны өдөр төлж барагдуулсан.
Би уг байрыг 2022 оны 07 сард бусдад худалдан борлуулсан бөгөөд Б.Бтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулсанаас өмнөх сорон сууцны ашиглалтын төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн 1,967,593 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү. Б.Бын эвлэрэх саналыг зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасанхариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2022 оны 04 сарын 06-ны өдөр О.Мтай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Улаанбаатар хот, ххххххххххххххххххх тоотын 40 м.кв талбай бүхий орон сууцыг худалдсан. 123,000,000 төгрөгөөр худалдсан.
Би н.Алтансүх гэж хүнд ажил хийж өгсөн бөгөөд н.Алтансүх нь О.Батхишигээс авлагатай байсан ба н.Алтансүх О.Батхишигээс авах авлагадаа авах байрыг түүнтэй яриад миний ажлын хөлсөнд О.Батхишиг шууд надад шилжүүлж өгөхөөр тохирсон.
ххххххххххххххххххх тоотын 40 м.кв талбай бүхий орон сууцыг би н.Алтансүхээс ажлын хөлсөндөө авсан байр ба түүнээс авах авлагын дүнг хэлэх шаардлагагүй байх.
Би тухайн байрыг ийм өртэйг мэдээгүй ба О.Батхишигээс надад олгосон орон сууц захиран зарцуулах итгэмжлэлд орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэснээс бус цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх үүрэгтэй гэж заагаагүй.
Энэхүү 1,967,593 төгрөгийг би төлөхгүй. О.Батхишигээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Би уг нь О.Мд эвлэрэх санал тавьсан боловч миний саналыг зөвшөөрсөнгүй. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг мөнгөнд манай авто машин угаалгын газраар 1 жил үйлчлүүлэн эвлэрэх санал гаргасан гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч О.М нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1,967,593 төгрөгийн нэхэмжлэлүүд, 1,967,593 төгрөгийг төлсөн баримтууд, 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.Б, Б.Соёлмаа, О.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
3415 УАХ улсын дугаартай, тоёота приус 41 маркийн авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар, О.Батхишигээс Б.Бод олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 7949 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 2773 дугаар бүхий нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Б нь өөрийн иргэний үнэмлэхийг хариу тайлбарын хамт нотлох баримтаар ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.Бод холбогдуулан 1,967,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Худалдагч буюу хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч буюу худалдан авагч О.Мтай 2020 оны 04 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан О.Мд Улаанбаатар хот, ххххххххххххххххххх тоотын 40 м.кв талбай бүхий орон сууцыг худалдсан талаар хэн аль нь тайлбарлаж байх ба үүнтэй холбоотой зохигчид маргаагүй.
Дээрхи гэрээний дагуу орон сууцыг худалдан уг гэрээ хэрэгжиж дуусгавар болсон талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх тул гэрээний үнэтэй холбоотой дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
/ХХ-ийн 8-9 дүгээр тал/
Хариуцагч Б.Б нь ххххххххххххххххххх тоотын 40 м.кв талбай бүхий орон сууцыг бусдаас ажлын хөлсөндөө авсан гэх ба ажлын хөлсөнд авсан орон сууцаа тухайн орон сууцны өмчлөгч О.Батхишигээс 2022 оны 03 сарын 07-ны өдөр итгэмжлэл авч уг орон сууцыг О.Мд худалдсан талаараа тайлбарлалаа.
/ХХ-ийн 10 дугаар тал/
ххххххххххххххххххх тоотын орон сууцыг О.М 2022 оны 04 сарын 06-ны өдөр худалдан авсан ба ийнхүү худалдан авахаас өмнө уг орон сууцны ашиглалтын зардал болон сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дор дурдсан төлбөрүүд төлөгдөөгүй байсан ажээ.
-Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт:
2016 оны 07-12 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 22,800 төгрөг,
2017 оны 01-12 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 23,900 төгрөг,
2018 оны 01-04 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 23,900 төгрөг,
2018 оны 05-12 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 22,700 төгрөг
2019 оны 01 сарын төлбөр 29,300 төгрөг,
2019 оны 02-12 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 23,440 төгрөг,
2020 оны 01-09 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 23,440 төгрөг
2020 оны 10-12 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 24,240 төгрөг
2021 оны 01-12 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 24,240 төгрөг
2022 оны 01-04 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 24,240 төгрөг,
Орон сууцны ашиглалтын зардалд: /ОСНАА-н ХҮТ 15-д болон УБЦТС-СХД ХҮТ-д төлөх төлбөрүүдэд/
2022 оны 01 сард 67,266.72 төгрөг,
2022 оны 02 сард 69,061.92 төгрөг,
2022 оны 03 сард 51,211.12 төгрөг,
2022 оны 04 сард 49,077.12 төгрөг болон 04 сарын цахилгааны төлбөрийн үлдэгдэл 1,154.69 төгрөг,
Орон сууцны даатгалын төлбөрт /Хаан даатгал ХХК-д/ 2021 оны 10-11 сар, 2022 оны 01-04 саруудын төлбөр, 1 сарын төлбөр 1,500 төгрөг.
Нийт сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,659,460 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 248,271.57 төгрөг, алданги 59,862.33 төгрөг, нийт 1,967,593 төгрөгийг төлөхөөр байсан байна.
/ХХ-ийн 3-7 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Худалдаж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгдчийн холбооны төлбөр, кабель, интернетийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,
мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна.
Орон сууцыг худалдан авсан нэхэмжлэгч О.М талуудын хооронд байгуулсан гэрээний 4.8-д заасан худалдагчийн төлөх зардал 1,967,593 төгрөгийг төлсөн байх тул тэрээр уг төлбөрийг хариуцагч буюу худалдагч Б.Боос шаардсан нь үндэслэлтэй.
/ХХ-ийн 25-31 дүгээр тал/
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Боос 1,967,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Б нь өөрт хохирол учирсан гэж үзвэл О.Батхишигээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Боос 1,967,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 46,432 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН