Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/05043

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 01 101/ШШ2022/05043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххх, ххххххххх цамхаг, 1200 тоот, ххххххххх цамхаг ХХК-ийн /РД:ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххххххх тоот, П ХХК-д /РД: 6525466/ холбогдох

48,370,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ххххххххх цамхаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ххххххххх цамхаг ХХК нь П ХХК-тай 2020 оны 04 сарын 01-ний өдөр 20/02/01 тоот ажлын байрны түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, ххххххххх цамхаг барилгын 2-р давхрын 450 метр квадрат талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон.

Уг гэрээний дагуу хариуцагч П ХХК түрээсийн талбайд рестораны үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд анх гэрээ байгуулагдсан цагаас түрээсийн төлбөр, барьцаа, эд хөрөнгө шилжүүлсэн төлбөр зэргийг төлөх үүргээ биелүүлээгүй ба түрээслүүлэгчийн зүгээс удаа дараа харж үзэн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж төлбөр төлөх хугацааг хойшлуулж ирсэн.

Гэтэл түрээслэгчийн зүгээс уг төлбөрүүдийг төлөөгүйгээс гадна гэрээг цуцалж төлбөр тооцоог дуусгах санал ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийг хүлээн авч 2020 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж гэрээг цуцалсан.

Гэрээний дагуу төлөгдөх төлбөрүүдийг талуудын эрх бүхий нягтлан бодогч нар тооцож 2021 оны 01 сарын 25-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож акт үйлдсэн. Уг актын дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлүүлэхээр заасан.

Хариуцагч П ХХК-ийн зүгээс одоо хүртэл уг төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч П ХХК-иас гэрээ цуцалсан актын дагуу 32,247,224 төгрөг, алданги 16,123,612 төгрөг, нийт 48,370,836 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Талуудын ирүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгч ххххххххх цамхаг ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн ажлын байрны түрээсийн гэрээний хуулбар, 2020оны 07 сарын 10-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар,

2020 оны 08 сарын 31-ний өдрийн гэрээ цуцалсан акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, П ХХК-ийн ххххххххх цамхаг ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл төлбөрийн хуваарь зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч П ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Ө.Мөнхсайханд 2022 оны 06 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч П ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 23625-р захирамжаар хариуцагч П ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ххххххххх цамхаг ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 48,370,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 32,247,224 төгрөг,

Алданги 16,123,612 төгрөг/

 

Түрээслүүлэгч буюу ххххххххх цамхаг ХХК нь түрээслэгч буюу П ХХК-тай 2020 оны 04 сарын 01-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр ххххххххх цамхаг ХХК ньП ХХК-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг болох Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, ххххххххх цамхаг барилгын 2-р давхрын 450 метр квадрат талбайг рестораны зориулалтаар түрээслэхээр,

2.1-т зааснаар түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг төлөхөөр,

2.2-т зааснаар түрээслэгч рестораныг бэлтгэх, зүгшрүүлэн хүлээн авах эхний 3 сарын хугацаанд төлбөрөөс 2,000,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж 10,000,000 төгрөгийг эхний 3 сарын хугацаанд төлөхөөр,

2.3-т зааснаар түрээслэгч гэрээ байгуулагдсан өдрөөс барьцаа болгон 1 сарын төлбөр буюу 12,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд тэнцүү хуваан түрээслүүлэгч талд төлөхөөр,

Энэхүү гэрээний хугацааг 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 сарын 01-ний өдөр гэж тус тус харилцан тохирсон ба түрээсийн зүйлийг 2020 оны 04 сарын 15-ны өдөр П ХХК-д шилжүүлсэн гэжээ.

 

Мөн дээрх гэрээний талууд 2020 оны 07 сарын 10-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр:

түрээслэгч П ХХК-ийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/10, 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 20/13 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлсөн тул 2020 оны 04 сарын 01-ний өдрийн гэрээний 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад дараахь өөрчлөлтийг оруулжээ.

Үүнд:

1.1.1-т 2020 оны 04 сарын ажлын байрны түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг,

1.1.2-т 2020 оны 05, 06 сарын түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг, барьцаа төлбөрт 6,000,000 төгрөг, бараа материалын төлбөрт 5,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг төлнө,

1.1.3-т 2020 оны 07 сард түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, барьцаа төлбөрт 3,000,000 төгрөг, бараа материалын төлбөрт 2,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөг төлнө,

1.1.4-т 2020 оны 08 сарын түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг, барьцаа төлбөрт 3,000,000 төгрөг, бараа материалын төлбөрт 2,526,482.44 төгрөг, нийт 11,526,482.44 төгрөг гэж өөрчлөх хэмээн тус тус тохиролцсон байна.

 

Дээр дурдсан 2020 оны 04 сарын 01, 2020 оны 07 сарын 10-ны өдрийн гэрээнүүдэд талууд хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа дарж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 3-6 дугаар тал/

 

Түрээслэгч буюу хариуцагч П ХХК болон түрээслүүлэгч буюу ххххххххх цамхаг ХХК нар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой 2020 оны 08 сарын 24-ний өдөр хамтарсан уулзалт зохион байгуулжээ.

Уг өдрийн уулзалтаар түрээслэгч П ХХК гэрээг хугацаанааас нь өмнө цуцлах санал гаргасны дагуу талууд 2020 оны 08 сарын 28-ны өдрөөр гэрээг цуцлан, түрээсийн зүйлийг анх хүлээлцсэн актын дагуу хүлээн авах ажлыг хийн акт үйлдэн хүлээлцсэн тул 2020 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ цуцалсан акт үйлдсэн байна.

Тухайн актын хавсралтаар тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн үлдэгдэл төлөлийн хуваарь, эд хөрөнгийн тооллогын бүртгэлийг тус тус баталсан ба уг актын хавсралт 2-т заасны дагуу түрээслэгч түрээсийн төлбөр, бусад холбогдох бүхий л төлбөрийг төлөх бөгөөд хугацаа хэтрүүслэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохирчээ.

Гэрээ цуцалсан актад түрээслэгч П ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан, түрээслүүлэгч ххххххххх цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар гарын үсгээ зуран байгууллагын тамгаа даран баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 7 дугаар тал/

 

Талуудын хооронд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа ёсоор 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд П ХХК нь 32,247,224 төгрөгийг ххххххххх цамхаг ХХК-д төлөхөөр байсан ажээ.

 

П ХХК нь 2020 оны 04, 05, 06, 07, 08 саруудын түрээсийн төлбөрт нийт 27,000,000 төгрөг,

05, 06, 07, 08 саруудын бараа материалын төлбөрт 9,406,709 төгрөг,

05, 06, 07 саруудын цахилгааны төлбөрт 1,398,401 төгрөг,

Эд хөрөнгийн дутагдал 442,114 төгрөг, нийт 38,247,224 төгрөг төлөхөөс төлсөн нийт төлбөр 6,000,000 төгрөгийг хасч төлбөрийн үллдэгдэл 32,247,224 төгрөг хэмээн талууд харилцан тооцоо нийлэн баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 10 дугаар тал, 10 дугаар хуудасны ар тал, 11 дүгээр тал/

 

П ХХК нь 2020 оны 09 сарын 07-ны өдөр үлдэх төлбөр 32,247,224 төгрөгийг төлөх хуваарийг ххххххххх цамхаг ХХК-д хүргүүлсэн уг мөнгийг төлөхдөө:

2020 оны 10 сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөг, 2020 оны 12 сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 01 сарын 25-ны өдөр 10,247,224 төгрөг төлөхөөр тус тус хуваарь гаргажээ.

/ХХ-ийн 11 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч ххххххххх цамхаг ХХК нь түрээслэгч П ХХК-иас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Талуудын хоорондын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн гэрээ цуцалсан акт болон түрээслэгч П ХХК-ийн гарган ирүүлсэн төлбөр төлөх хуваарьт тус тус зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөр болон бусад холбогдох бүхий л төлбөрийг төлөх бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй түрээслэгч буюу хариуцагч П ХХК алданги төлөх үүрэгтэй.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд н бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул түрээслэгч тал болох П ХХК гэрээний хариуцлага хүлээнэ.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч П ХХК-иас 48,370,836 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххххх цамхаг ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч П ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайханд 2022 оны 06 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн гардуулсан боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 14-21 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Хариуцагч П ХХК-ийн захирал Ө.Мөнхсайхан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч П ХХК-иас 48,370,836 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххххх цамхаг ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ххххххххх цамхаг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 399,805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххххх цамхаг ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН