Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

 

     2025       09         19                                     2025/ШЦТ/200

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баасанхүү, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000152 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-ийн А (РД: ...), 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар /.../ багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баасанхүү “шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ... сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /4.84% согтолттой/ үедээ “Toyota prius-20” загварын, 35-52 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас), согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЗШ/103 дугаартай шийтгэврийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ГХЗ/14 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас), Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч хошууч С.М-гийн гаргасан эрх хасах шийтгэлийн тооцоо (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас), гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), гэрч Ж.С-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн жолоодож явсан автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);

- Цагдаагийн ерөнхий газраас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);

- Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ГХ/14 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЗШ/103 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас);

- Гэрч Б.Б-ын “...Б.Атой хамгийн сүүлд 2025 оны 06 дугаар сарын 13-нд уулзсан. Тэр өдөр би Б.Аыг гэр бүлийнхээ хамтаар манайд ирж цай ууж, хоол ид гэж дуудсан. Орой 8 цагийн үед манайд эхнэр, 2 хүүхдийн хамт ирээд хоол идэж, цай ууцгаасан. Би хоолны дараа 0.5 литрийн савлагаатай “Агар” нэртэй архи задалж өгсөн. Тэр архийг Б.А бид хоёр эхнэрүүдтэйгээ цуг хувааж ууцгаасан. ...Тухайн үед Б.А өөрийнхөө “Toyota prius 20” загварын автомашиныг жолоодож сумын төвд байх гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);

- Гэрч Ж.С-ийн “...2025 оны 06 дугаар сарын 13-ны орой 08 цагийн үед манайд цай уухаар ирсэн. ...Б.А манайд өөрийнхөө “Toyota prius 20” загварын, 35-57 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...Тухайн үед хоол цай идсэний дараа миний нөхөр 0.5 литрийн савлагаатай “Агар” нэртэй архи задалсан. Б.А, Б.Б, Т.Д бид 4 хувааж ууцгаасан. Манайхаас орой 09 цаг өнгөрч байхад өөрийнхөө автомашин бариад гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);

- Гэрч Д.Аын “...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны орой сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад “Toyota prius 20” загварын, 35-52 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тус сумын ИТХ-ын нарийн бичиг ажилтай Б.А гэгч жолоодож явсан. Тухайн жолоочийн бичиг баримтыг шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан байсан. Би Б.Аыг тээврийн хэрэгслээс нь буулгах үед архи, согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь цагдаагийн хэсгийн байранд авч ирээд согтуурлыг шалгаж үзэхэд 4.84% согтолтой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Б.Б ахын гэрт очоод хоол унд идээд сууж байтал Б.Б ах “Агар” нэртэй 0.5 литрийн нэг шил архи задалсан. Тухайн архийг Б.Б, түүний эхнэр Ж.С, миний эхнэр Т.Д бид 4 хувааж уусан. Орой 22 цагийн үед би Б.Барсболд ахын гэрээс эхнэр хүүхдүүдийн хамт өөрийн  “Toyota prius 20” загварын, 35-52 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож сумын төвд байх өөрийн гэр рүү явсан. ...Цагдаагийн хэсэг дээр ирээд согтуурал шалгах багажаар миний согтуурлыг шалгахад 4.84% согтолттой гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас) зэргээр 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ... сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.А нь согтуурсан /4.84% согтолттой/ үедээ “Toyota prius-20” загварын, 35-52 УВХ улсын дугаартай автомашин жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЗШ/103 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас);

- Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ГХ/14 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 118 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.М-гийн гаргасан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн тооцооны баримт зэргээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЗШ/103 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шүүгдэгч Б.Аод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал шүүгдэгч согтуугаар автомашин жолоодох үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл эдэлж байсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байжээ.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос давтан үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Б.А “Toyota prius 20” загварын, 35-52 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодох явцад түүний амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 4.84 промиль буюу 0.20 промиль (%)-ээс их байсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлсон.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЗШ/103 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан, тус хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Toyota prius 20” загварын, 35-52 УВХ улсын дугаартай автомашин нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.

3.4. Шүүгдэгч Б.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Toyota prius 20” загварын, 35-52 УВХ улсын дугаартай автомашиныг 2025 оны 06 дугаар сарын 13-ны орой жолоодсон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй тул хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь Увс аймгийн ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг ажилтай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийнхээ хор уршгийг ойлгож ухамсарлахгүйгээр удаа дараа нийгэмд аюултай үйлдлээ давтаж байгаа гэх хувийн байдал, амьсгал дахь спиртийн агууламж их буюу их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодоод зогсохгүй гэр бүлийн гишүүдийн амь насыг эрсдэлд оруулж тэдгээрийг тээвэрлэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Мөрдөгч 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Аод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) авсан.

 Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗАЯА