Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/05157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххххх тоот хаягт оргин суух, Б.Аийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Б.Бд /РД: *******/-д холбогдох

2,399,442 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А******* миний бие Б.Бтай 2019 оны 05 сарын 07-ны өдөр Газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 05 сарын 10-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан.

Ингээд Б ХХК-ийн эрх, хувьцааг болон уг компанийн нэр дээр олгосон нэгж талбарын 133017/0174-******* дугаар бүхий, ******* дугаар гэрчилгээтэй, газрын эзэмших эрх, барилга барихтай холбоотой бүх зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг 410,000,000 төгрөгөөр Б.Бд худалдахаар тохиролцож, компанийн эрх, хувьцааг болон газрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.

Гэвч Б.Б гэрээний үүргээ зөрчсөн тул түүнд холбогдуулан гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргахад 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Б.Б нь Б ХХК-ийг шилжүүлэн авснаас хойш уг компанийн нэр дээр бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 679 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын төлбөрийг төлөөгүйгээс газар эзэмших эрх цуцлагдах, хүчингүй болох нөхцөл байдал бий болсон.

Иймд би арга буюу 2019 оны газрын төлбөрт 824,448 төгрөг, 2020 оны газрын төлбөрт 824,448 төгрөг, 2021 оны 1-р улирлын газрын төлбөрт 217,774 төгрөгийг 2021 оны 05 сарын 20-ны өдөр, 2021 оны үлдэгдэл төлбөр 326,660 төгрөгийг 2021 оны 12 сарын 16-ны өдөр, 2022 оны эхний улирлын газрын төлбөр 206,112 төгрөг, нийт 2,399,442 төгрөгийг төлсөн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т ... үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг ... хохиролд тооцно гэж зааснаар газрын төлбөрт төлсөн 2,399,442 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.А******* нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газрын төлбөр төлсөн баримтууд, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар,

Баянзүрх дүүргийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 85 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайд 2022 оны 06 сарын 20-ны өдөр нэхэмжлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Б.Бд холбогдуулан газрын төлбөрт төлсөн 2,399,442 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Б.А******* нь Б.Б, Т.Х******* нарт холбогдуулан тус шүүхэд компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон газар, түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн Б ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Тус шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус цуцалж,

уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн Б ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Т.Х******* нарт даалган шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар зохигч маргаагүй.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр доорх үйл баримтууд тогтоогджээ.

Б.А*******, Б.Б нарын хооронд 2019 оны 05 сарын 10-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 05 сарын 07-ны өдөр газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус байгуулагдан эрх шилжүүлэгч Б.А******* Б ХХК-ийн 1,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаатай, 1 гишүүнтэй компанийн 100 хувийн хувьцааны эрхийг болон Б ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 679 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх, эрх хүлээн хүлээн авагч 410,000,000 төгрөг төлөхтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Б.А*******, Б.Б нарын хооронд байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэрээ-ний дагуу хариуцагч Б.Б Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө улсын бүртгэлд,

Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Г*******ийг томилж улсын бүртгэлд,

2019 оны 06 сарын 11-ний өдөр хариуцагч Т.Х*******, Б.Б нар уг хувьцааг 50, 50 хувиар эзэмшихээр улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн байна гэжээ.

 

Б.А******* нь дээрх гэрээнүүдийн дагуу үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Б.Б нь дээрхи гэрээнүүдийн дагуу 410,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний нэг тал болох Б.А******* нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээнүүдээс татгалзан, гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн Б ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээрхи үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 9-16 дугаар тал/

 

Тус шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 85 дугаар бүхий хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Б.Баас дээр дурдсан гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн Б ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн газрыг буцаан шилжүүлэн авах үйл явцаас өмнө эрх хүлээн авагч талд шилжүүлсэн байсан Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* нэгж талбарын дугаартай, 679 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын төлбөр төлөгдөөгүй байсан ажээ.

 

Нэхэмжлэгч Б.А******* ийнхүү Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* нэгж талбарын дугаартай, 679 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг шилжүүлэн авмагцаа 2019 оны газрын төлбөрт 824,448 төгрөг, 2020 оны газрын төлбөрт 824,448 төгрөг, 2021 оны 1-р улирлын газрын төлбөрт 217,774 төгрөгийг 2021 оны 05 сарын 20-ны өдөр,

2021 оны үлдэгдэл төлбөр 326,660 төгрөгийг 2021 оны 12 сарын 16-ны өдөр, 2022 оны эхний улирлын газрын төлбөр 206,112 төгрөг, нийт 2,399,442 төгрөгийг төлсөн нь газрын төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4-7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй,

227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан тул Б.А******* нь газрын төлбөрт төлсөн 2,399,442 төгрөгийг дээрхи гэрээнүүдийг байгуулсан Б.Бгаас нэхэмжлэх эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Баас 2,399,442 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А*******д олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайд 2022 оны 06 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 22-26 дугаар тал/

 

Мөн хариуцагч Б.Бын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба 2022 оны 12 сарын 07-ны 16 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 14 хоногийн өмнө хариуцагч талд мэдэгдсэн болно.

Тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

/ХХ-ийн 49-51 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Баас 2,399,442 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 53,342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН