| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/199 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/199
2025 09 19 2025/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000162 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт Г-гийн Д (РД: ...), 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Г.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 0.56% согтолтой “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), гэрч Ц.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дугаар хуудас), гэрч Б.Ц-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн жолоодож явсан автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас);
- Цагдаагийн ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);
- Гэрч Ц.С-ын “...Би өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагаас 02:30 цагийн хооронд замын хяналтын чиглэлээр шөнийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 02 цагт Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах, Цэнгэлдэх хүрээлэн болон Ундарга Увс Шатахуун түгээх станцын хоорондох автомашины зогсоолоос зам руу тээврийн хэрэгсэл гарч ирснийг зогсоож шалгахад Г.Д гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй автомашинаас нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд автомашины багажид 2.4 литрийн пивоны сав байсан. Уг этгээд тухайн үед “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Мөн автомашинд 2 зорчигч байсан. Иймд уг хүнийг цагдаагийн газар дээр авч ирж согтуурлыг шалгахад 0.56% согтолттой байсан. Жолоочийн эрхийг шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дугаар хуудас);
- Гэрч Б.Ц-гийн “...Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах, Цэнгэлдэх хүрээлэнгийн доод талын Ундарга Увс Шатахуун түгээх станцын арын автомашины зогсоол дээр тээврийн хэрэгсэл явж байсныг зогсоож шалгахад Г.Д гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Иймд уг хүнийг цагдаагийн газар дээр авч ирж согтуурлыг шалгахад 0.56% согтолттой байсан. Жолоочийн эрхийг шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Дгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаангом сумын 07 дугаар багийн нутагт байрлах Өгөөж баарны гадна 2 лааз пиво уугаад наадмын талбайн доод талд бетон цутгах ажил хийсэн. ...авга ахын эзэмшлийн “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай автомашин жолоодож Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг, Ундарга Увс шатахуун түгээх станцын дэргэдүүр хатуу хучилттай зам руу гарч байтал замын цагдаа шалгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас) зэргээр 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Г.Д нь согтуурсан /амьсгал дахь спиртийн агууламж 0.56%/ үедээ “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Г.Д нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, уг хугацаа дуусаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)-ээр тогтоогдож байна. Тодруулбал шүүгдэгч согтуугаар автомашин жолоодох үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл эдэлж байсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байжээ.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос давтан үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Г.Д нь “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.56 промиль буюу 0.20 промиль (%)-ээс их гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Г.Д нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, уг хугацаа дуусаагүй байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай автомашин нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.
3.4. Шүүгдэгч Г.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Toyota prius 41” загварын, 40-41 УВХ улсын дугаартай автомашиныг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
4. Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь Гурван тэс ХХК-д даамал ажилтай, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 4’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 5’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
4. Мөрдөгч 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Г.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 18 дугаар хуудас) авчээ.
Шүүгдэгч Г.Дд торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт Г-гийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 5’000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 (таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч Г.Дг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА