Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/05212

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 12 101/ШШ2022/05212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххх оффис, Х ХХК-ийн /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххххх тоот хаяг, ХХХК /РД: хххххххххх/,

Хариуцагч: ххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Сүхээгийн Б /РД: хххххххххх/, Ганхуягийн Д/РД: хххххххххххххххх/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 292,473,974.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ХХХК-ийн захирал С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч ХХХК, С.Б, Г.Днар Хтай 2020 оны 04 сарын 14-ний өдөр ЗГ/202045058689 тоот бизнесийн зээлийн гэрээ, мөн БГҮ/202045058689, БГХ/202045058689 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.

Улмаар зээлдэгч нар 2020 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ/202045058689-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

Зээлийн барьцаанд С.Б, Г.Днарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204032916 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 204 тоот дахь 94,48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг болон бизнесийн орлого болох ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжих орлогыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар 2022 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,967,123.29 төгрөг, нийт 12,467,123.29 төгрөг төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээ авч зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу арга хэмжээ авахыг мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хариуцагч ХХХК-д олгогдсон гэж ойлгосон ба захирал С.Б нь 2020 оны 07 сарын 30-ны өдөр ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээ сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд 2021 оны 06 сар хүртэл хүлээсэн.

Иймд банк Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч ХХХК, С.Б, Г.Днарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2022 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 199,500,000 төгрөг, зээлийн хүү 90,115,100.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,858,874.22 төгрөг, нийт 292,473,974.65 төгрөгийг хариуцагч ХХХК, С.Б, Г.Днараас гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан С.Б, Г.Днарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 204 тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Y-2204032916 дугаарт бүртгэлтэй, 94.48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон бизнесийн орлого болох ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжих орлогоос тус тус үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

Хариуцагч тал 292,473,974.65 төгрөгийг 278,000,000 төгрөг болгон бууруулан хугацаа олгооч гэдэг санал гаргасныг удирдлагуудад танилцуулсан бөгөөд эвлэрэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Банк ковидын нөхцөл байдалтай холбоотой 2022 оны 02 сар хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ХХХК-ийн захирал С.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын захиалгаар зарласан тендерт оролцож өөрөө буулгагч авто машин 2 ширхэг, ус сордог машин 2 ширхэг, халуун уураар үлээгч тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарч Нийслэлийн засаг даргын тамгын газартай 2019 оны 12 сарын 07-ны өдөр НХААГ-19/090-1/1 тоот гэрээг байгуулан төхөөрөмжүүдийг 2020 оны 02 сарын 04-ний өдрийн дотор нийлүүлэн хүлээлгэн өгөхөөр тохирсон.

2019 оны 12 сараас ковидын нөхцөл байдалтай холбоотой өнөөг хүртэл нийлүүлэлт саатан бараа нийлүүлэлт удааширсан. Манай компани БНХАУ-ын компанид гэрээний төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд одоо авто машинууд БНХАУ-ын Эрээн хотод ирсэн байгаа.

Нийслэлийн засаг даргын тамгын газар 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 03/4388 дугаар албан бичгээр гэрээг цуцалж дахин тендер зарласан ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх гэрээ цуцалсан мэдэгдэл болон дахин тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгосон. Уг асуудлыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн.

Гэрээ байгуулах талаар хамгийн сүүлд 2022 оны 11 сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газарт очиж уулзахад Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуул гэдэг, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь манайх шийдэхгүй гэдэг. Ийм л байдалтай байна.

Манай компанид Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 08 сарын 20-ны өдөр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон.

Зээлийн тооцоололтой холбоотой маргаан байхгүй. Хтай 274,000,000 төгрөгөөр эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Х нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2020 оны 04 сарын 14-ний өдрийн ЗГ/202045058689 дугаар бүхий бизнесийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн БГҮ/202045058689 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн БГХ/202045058689 дугаар бүхий барьцааны гэрээ,

Баянзүрх дүүрэг, 1-р хоро, 12-р хороолол, 13380, Денверийн гудамж, 85-р байр, 204 тоотын 94,48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц 2011 оны 01 сарын 20-ны өдөр С.Б, Г.Днарын өмчлөлд бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

2020 оны 07 сарын 30-ны өдрийн ЗГ/202045058689-1 дугаар бүхий зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаалбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,

ХХХК, С.Б нарын зээлийн дансны хуулга,

Зээлийн өргөдлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ХХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм,

Нийслэлийн засаг даргын тамгын газартай ХХХК-ийн 2019 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер /НХААГ-19/090/-ийн багц 1: Өөрөө буулгагч ачааны авто машин 2 ш /20-24тн/, усны машин сордог 2 ш /10 тн/, халуун уураар үлээгч /шугам хоолойн хөлдөлт гэсгээх тусгай зориулалтын тоног төхөөрөмж/ нийлүүлэх НХААГ-19/090-1/1 дугаар бүхий гэрээ,

Нийслэлийн засаг даргын тамгын газартай ХХХК-ийн байгуулсан 2020 оны 02 сарын 04-ний өдрийг НХААГ-19/090-1/1-1 дугаар бүхий гэрээ,

Нийслэлийн засаг даргын тамгын газартай ХХХК-ийн байгуулсан 2020 оны 04 сарын 06-ны өдрийг НХААГ-19/090-1/1-2 дугаар бүхий гэрээ,

Нийслэлийн засаг даргын тамгын газартай ХХХК-ийн байгуулсан 2021 оны 04 сарын 15-ны өдрийг НХААГ-19/090-1/1-3 дугаар бүхий гэрээ, гэрээ дүгнэх маягт,

ХХХК-ийн Хинд хүргүүлсэн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн гэрээний хугацаа сунгах хүсэлт, Г.Дамдинсүрэнгийн Хинд 2020 оны 11 сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт,

Хны 2021 оны 10 сарын 01, 2021 оны 12 сарын 07-ны өдрүүдийн зээл төлөх мэдэгдэл,С.Баттулгын оршин суух хаягийн талаарх Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргын тодорхойлолт,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 221 дугаар бүхий тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч нарын ирүүлсэн баримтууд:

ХХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 03/4388 дугаар бүхий гэрээ цуцлах мэдэгдэл,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 02/424 дугаар бүхий гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 8054 дугаар бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдаан товлон зарлах тухай захирамж,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 701 дугаар бүхий шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 645 дугаар бүхий магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 50 тоот тогтоол,

2020 оны 04 сарын 14-ний өдрийн ЗГ/202045058689 дугаар бүхий бизнесийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

Х, Нийслэлийн засаг даргын тамгын газар, ХХХК нарын хооронд 2020 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан ШГ/202045058689 дугаар бүхий шаардах эрх шилжүүлэх гэрээ,

2020 оны 07 сарын 30-ны өдрийн ЗГ/202045058689-1 дугаар бүхий зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаалбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,

ХХХК-д хүргүүлсэн Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 03/3976 дугаар бүхий Гэрээний хэрэгжилтийн тухай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн засаг даргын тамгын газар нь итгэмжлэлүүд, Нийслэлийн засаг даргын 2022 оны 08 сарын 08-ны өдрийн Б/99 дугаар бүхий Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн ба гуравдагч этгээд нь 2022 оны 11 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргаагүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ХХХК, С.Бл, Г.Днарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 292,473,974.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2022 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар:

-Үндсэн зээл 199,500,000 төгрөг,

-Зээлийн хүүгийн төлбөр 90,115,100.22 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,858,874.22 төгрөг,

Нийт 292,473,974.65 төгрөг/

 

Зээлдэгч ХХХК, хамтран үүрэг С.Б, Г.Днар зээлдүүлэгч Хтай 2020 оны 04 сарын 14-ний өдөр ЗГ/202045058689 тоот бизнесийн зээлийн гэрээ байгуулан Нийслэлийн засаг даргын тамгын газартай 2019 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ-19/090-1/1, нэмэлт гэрээнүүд болох 2020 оны 02 сарын 04-ний өдрийн НХААГ-19/090-1/1-1, 2020 оны 04 сарын 06-ны өдрийн НХААГ-19/090-1/1-2 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтэд ашиглах зориулалтаар 200,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн зээлдэгч нар нь зээлдүүлэгч Хтай 2020 оны 04 сарын 14-ний өдөр БГҮ/202045058689 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Г.Дамдинсүрэн, С.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 204 тоотын 94,48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204032916 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь мөн өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдлоо.

 

Зээлдэгч ХХХК болон зээлдүүлэгч Хтай 2020 оны 04 сарын 14-ний өдөр БГХ/202045058689 тоот барьцааны гэрээ байгуулан бизнесийн орлого буюу тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний орлого 559,670,000 төгрөгийг барьцаалсан нь барьцааны гэрээ, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба зээлдэгч тал дээр дурдсан гэрээ байгуулсантай холбоотой маргаагүй.

 

Дээрхи гэрээ бүрт зээлдүүлэгч Х түүний төлөөлөгч, зээлдэгч ХХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б, Г.Днар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 10-19, 22-24, 83, 124-126 дугаар тал/

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2020 оны 04 сарын 14-ний өдрийн БГҮ/202045058689 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2020 оны 04 сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

ХХ-ийн 13-14 дүгээр тал/

 

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 204 тоотын 94,48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204032916 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц нь хариуцагч С.Б, Г.Днарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 17 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заажээ.

Зээлдүүлэгч Х дээр дурдсан гэрээг үндэслэн зээлдэгч ХХХК, С.Б нарын нэр дээр 2020 оны 04 сарын 15-ны өдөр 5037757315 тоот зээлийн дансанд 200,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд зээлдэгч 200,000,000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 20-21 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Х болон хариуцагч буюу зээлдэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Хны зээлдэгч нартай байгуулсан дээр дурьдсан бизнесийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч ХХХК нь 2020 оны 05 сарын 15-ны өдөр зээлийн хүү 3,945,205.48 төгрөг,

2020 оны 06 сарын 15-ны өдөр зээлийн хүү 83,584.52 төгрөг,

2020 оны 06 сарын 18-ны өдөр зээлийн хүү 4,000,000 төгрөг,

2020 оны 07 сарын 30-ны өдөр зээлийн хүү 3,938,333.29 төгрөг,

2021 оны 07 сарын 27-ны өдөр үндсэн зээл 500,000 төгрөг тус тус төлсөн ба үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 11,967,123.29 төгрөг төлсөн ба зээл, зээлийн хүүгийн төлөлттэй холбоотой маргаагүй болно.

/ХХ-ийн 20-21 дүгээр тал/

 

Коронавируст цар тахлаас үүдэлтэй зээлдэгч ХХХК нь зээлдүүлэгч Хинд гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасан ба талууд 2020 оны 07 сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан гэрээний хугацааг 2020 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан ба зээлдүүлэгч Х нь зээлдэгч талд 2021 оны 06 сар хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосон гэж тайлбарлалаа.

/ХХ-ийн 18-19, 38,63, 128 дугаар тал/

 

2020 оны 04 сарын 14-ний өдрийн ШГ/202045058689 дугаар бүхий шаардах эрх шилжүүлэх гэрээгээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгч Х, анхны үүрэг гүйцэтгүүлэгч Нийслэлийн засаг даргын тамгын газар, шаардах эрх шилжүүлэгч ХХХК нар нь ХХХК-ийн Нийслэлийн засаг даргын тамгын газартай 2019 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах гэрээний эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу Х шилжүүлэн авч зээлийн төлбөр төлүүлэхтэй холбогдсон талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулахаар тохирчээ.

Гэрээний 1.4-т Гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөл: Гэрээний 1.3-т заасан 200,000,000 төгрөгийг шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэн өгөхөөр талууд харилцан тохиролцов. Энэхүү гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн тохиолдолд анхны үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч нь гэрээний үнийг шаардах эрх шилжүүлэгч /ХХХК/-ийн Х дахь 5037753819 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлнэ,

2.4.1-т Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн шинэ үүрэг гүйцэтгүүлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

/ХХ-ийн 127 дугаар тал/

 

Зээлдэгч нар гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул зээлдүүлэгч Х 2021 оны 10 сарын 01, 2021 оны 12 сарын 07-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх мэдэгдлийг өгч байсан талаар хариуцагч нар маргаагүй.

/ХХ-ийн 40-41 дүгээр тал/

 

Зээлдүүлэгч Х нь зээлдэгч С.Б, Г.Дамдинсүрэн, ХХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 271,512,525,08 төгрөг гаргуулах тухай өргөдлийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2022 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан ба эвлэрүүлэн зуучлагч уулзалт зохион талуудыг урьж оролцуулсан боловч ХХХК-ийн захирал С.Б эвлэрээгүй, Г.Дуулзалтанд ирээгүй байна.

Өргөдөл гаргагч Х маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлагч 2022 оны 03 сарын 02-ны өдөр ажиллагааг дуусгавар болгон тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 62 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 14-ний өдрийн ЗГ/202045058689 тоот бизнесийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Зээлийн төлбөрийг сар бүр 5037753819 тоот харилцах дансандаа төвлөрүүлж зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх,

4.2.8-д Зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх,

4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ,

5 дугаар зүйлийн 5.1.8-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийг хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж тус тус зааснаас дүгнэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б, Г.Днар гэрээний дагуу зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгчийн хамтаар төлөх үүрэгтэй.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд 2019 оны 12 сарын 07-ны өдрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хэрэгжээгүй нь зээлдэгч талын зээлдүүлэгч Хтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь 2020 оны 08 сарын 20-ны өдөр 02/424 дугаар бүхий гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон ба уг гэрчилгээнд БНХАУ-ын Хубэй мужид хэрэгжүүлсэн коронавирусийн цар тахалтай холбоотой Chengli Special Automobile компани 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 07 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаа нь зогссоны улмаас гэрээнд заасан хугацаанд ХХХК тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн ба зээлдүүлэгч Х 2022 оны 02 сарыг хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүүгийн тооцоогүй гэж тайлбарласан болно.

 

Хариуцагч буюу зээлдэгч ХХХҮ, хамтран үүрэн гүйцэтгэгч С.Б, Г.Днар үндсэн зээл 199,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 90,115,100.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,858,874.22 төгрөг, нийт 292,473,974.65 төгрөгий төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ХХХК, С.Б, Г.Днараас нийт 292,473,974.65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч С.Б, Г.Днарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 204 тоотын 94,48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204032916 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, мөн бизнесийн орлого болох гэрээний дагуу шилжин орох орлогоос тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдах нь зүйтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 24260-р захирамжаар Нийслэлийн засаг даргын тамгын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд 2022 оны 11 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар ирүүлээгүй болно.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн засаг даргын тамгын газарт /итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо/ 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 15 хоногийн өмнө буюу 2022 оны 11 сарын 28-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

ХХХК нь Нийслэлийн засаг даргын тамгын газарт холбогдуулан Нийслэлийн засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 03/4388 тоот гэрээ цуцалж гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2019 оны 12 сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх авто машин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг даалгуулах, Геодези, усны барилга байгууламжийн газрын зарласан үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 701 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан:

ХХХК-ийн Нийслэлийн засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 03/4388 тоот гэрээ цуцалж гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг болон Геодези, усны барилга байгууламжийн газрын зарласан үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгон,

2019 оны 12 сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх авто машин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 654 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба хяналтын шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан гэснийг

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээн хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 98-123 дугаар тал/

Хариуцагч ХХХК нь шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон атал Нийслэлийн засаг даргын тамгын газар үүргээ биелүүлэхгүй байгаа хэмээн тайлбарласан бөгөөд ийнхүү үүргээ биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирлоо хариуцагч тал холбогдох этгээдээс нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ХХХК, С.Б, Г.Днараас нийт 292,473,974.65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,690,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХК, С.Б, Г.Днараас нийт 1,690,519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч С.Б, Г.Днарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 204 тоотын 94,48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204032916 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, мөн бизнесийн орлого болох гэрээний дагуу шилжин орох орлогоос тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН