Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/05242

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 14 101/ШШ2022/05242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоот, Б ХХК-ийн /РД:ххххххххххххххх нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххх тоот, Б ХХК-д /РД: ххххххххххх холбогдох

17,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Д.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Гэрч Т.Мөнх-Итгэлт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б ХХК нь Б ХХК-тай 2016 оны 10 сарын 11-ний өдөр 0332 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр Б ХХК нь компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалттай, 3,400 м.кв газрыг болон орон сууцны зориулалттай, 1,500 м.кв газрыг бусдад худалдахад зуучлах ажиллагааг Б ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохирсон.

Энэ гэрээний төлбөрт Д.Т би Хаан банк дахь хххххххххххтоот данснаасаа Б ХХК-ийн захирал ххххххххххххий Хаан банк дахь ххххххххххххххх тоот данс руу 2017 оны 02 сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 26-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 17,500,000 төгрөгийг төлсөн.

Б ХХК болон Б ХХК-ийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан боловч гэрээ хэрэгжээгүй.

Эвсэг ахан дүүс ТББ-тай холбож өгсөн боловч зуучлалын гэрээний 3.1-т заасан үүргээ Б ХХК биелүүлээгүй.

Эвсэг ахан дүүс ТББ урьдчилгаа 400,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн ба тухайн газарт дээр барилга барьж чадахгүй болоод асуудал үүсч эхэлсэн бөгөөд ххххххххххххтэй холбогдож чадахгүй, олдохоо больсон.

Хүүгийн минь найз Т.Мөнх-Итгэлт намайг өрнөөс гаргаж миний өмнөөс Эвсэг ахан дүүс ТББ-д 650,000,000 гаран төгрөг төлж байж газрыг буцаан авч өгсөн.

Б ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээ хэрэгжээгүй учраас зуучлалын хөлсөнд өгсөн 17,500,000 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч хххххххххххх шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Тын нэхэмжлэлтэй зуучлалын хөлс болох 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д.Тын эзэмшлийн Б ХХК-ийн нэр дээр байдаг Баянгол дүүрэг байрлах Нийслэлийн захирамжтай 1,500 м.кв орон сууцны зориулалт бүхий газрыг тухайн үед зуучлан борлуулахаар манай Б ХХК-тай зуучлалын гэрээг байгуулсан.

Зуучлалын гэрээнд 1,500 м.кв газрыг 1,200,000,000 төгрөгөөр зуучлан борлуулах, зуучлан борлуулсаны ажлын хөлсөнд 3,5 хувийн урамшуулал олгох гол нөхцөлтэй байгуулсан юм.

Тухайн цаг үед зуучлагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж гэрээнд заасан зар сурталчилгаа нийтэд зарлан борлуулах ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд Эвсэг ахан дүүс ГҮББ байгууллагатай иргэн Д.Тыг холбож зуучлан өгсөн.

Тухайн үед иргэн Д.Т, Эвсэг ахан дүүс ГҮББ нарын хооронд газрын эрх шилжүүлсэний урьдчилгаа төлбөр 400,000,000 төгрөгийг бэлнээр Д.Тын дансанд орж газрын эрх шилжүүлэх гэрээг Баянгол дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн.

Үүний үр дүнд гэрээний үүрэг тодорхой хэмжээнд биелэгдсэн гэж үзэн зуучлуулагч талаас надад 17,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл зуучлалын хөлсийг газрын үлдэгдэл мөнгө болох 800,000,000 төгрөгийг орж ирмэгц өгнө гэж тохиролцсон.

Үүнээс хэсэг хугацаа өнгөрсний дараа газар худалдан авсан, зарсан гэх талууд наймаа буцсан гэсэн мэдээллийг надад утсаар мэдэгдсэн. Дээрх наймаа буцсан асуудал нь зуучлагч надаас шалтгаалан ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХХК-ийн захирал Д.Тын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 12230-р захирамж,

Б ХХК, Б ХХК нарын хооронд 2016 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ,

Д.Тын Хаан банк дахь хххххххххххтоот дансны хуулга, Б ХХК-ийн захирал ххххххххххххий 2020 оны 01 сарын 19-ний өдрийн 8,750,000 төгрөг төлнө гэх бичвэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч хххххххххххх нь иргэний үнэмлэхийн хуулбар болон хариу тайлбарыг ирүүлсэн ба Б ХХК-ийн захирал хххххххххххх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг баримтаар ирүүлсэн бөгөөд тэрээр 2022 оны 11 сарын 07-ны өдөр нэхэмжлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 12375-р захирамжаар Хаан банк дахь 5127015509 тоот дансны эзэмшигчдийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Хаан банкнаас 2021 оны 08 сарын 26-ны өдөр 50/7565 тоот лавлагааг ирүүлжээ.

 

Хариуцагч талын хүсэлтийн дагуу 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 21965-р захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүрэг, 18-р хороо, Модны 2-ын замын урд талд Гранд Хилл зочид буудлын урд далангийн хойд хэсэгт байрлалтай, 1.500 м.кв хэмжээтэй, 160019/0135 18640310729941 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн газрын алба 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 03-06/18 тоот албан бичгээр дээрх газрын хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 06 сарын 03-ны 13941-р захирамжаар Б ХХК-ийн оршин байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа хаяг, гүйцэтгэх удирдлагын талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 10/5234 тоот албан бичгээр баримтыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч ххххххххххххд холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2022 оны 05 сарын 23-ны өдрийнг 12865 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тыг нэхэмжлэгч Б ХХК-иар, хариуцагч ххххххххххххийг хариуцагч Б ХХК-иар сольж, нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Б ХХК нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

 

Зуучлуулагч Б ХХК нь зуучлагч Б ХХК-тай 2016 оны 10 сарын 11-ний өдөр ГР-03/32 тоот үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулан зуучлагч нь Баянгол дүүрэг, 18-р хороо, орон сууцны 67-р байрны баруун урд талд байршилтай, эзэмших эрхийн 000305671 дугаар бүхий гэрчилгээтэй, дүүргийн захирамжтай 3,040 м.кв газар, нийслэлийн захирамжтай 1,500 м.кв газар орон сууцны барилга барих зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 1,200,000,000 төгрөгөөр худалдах, зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, хэлцэл хийхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, зуучлуулагч нь үйлчилгээний хөлс төлөх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.

Дээрхи зээлийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-6 дугаар тал/

 

Дээрх гэрээний 2.2-т Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож зургаан сарын хугацаатай байгуулсан болно гэсэн байх бөгөөд гэрээг сунгасан талаар тэмдэглэгээ хийсэн байх бөгөөд гэрээ байгуулагдсан тухайд хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх удирдлага хххххххххххх маргаагүй.

 

Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 160019/0135, 18640310729941 дугаартай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалтай 1,500 м.кв талбай бүхий газрын эзэмшигч Б ХХК болох нь газар эзэмших эрхийн 000305671 дугаар бүхий аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрын хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 114-250, 2 дугаар хавтасны 1-4 дүгээр тал/

 

Б ХХК-ийн захирал Д.Т Хаан банк дахь хххххххххххтоот данснаасаа Б ХХК-ийн захирал ххххххххххххий Хаан банк дахь 5127015509 тоот данс руу 2017 оны 02 сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг зуучлалын үйлчилгээний хөлсөнд төлсөн болох нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч уг мөнгийг авсан талаараа маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-9, 56 дугаар тал/

 

Зуучлагч Б ХХК нь зуучлуулагч Б ХХК-ийг Эвсэг ахан дүүс нийгэмлэг ГҮТТБ-тай холбож өгсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба тус байгууллага 2017 оны 02 сард Б ХХК-ийн захирал Д.Тт газрын урьдчилгаа төлбөр 400,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөхдөө зээлийн гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбар болон гэрч Ж.Билгүүн, Т.Мөнх-Итгэлт нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.

 

Эвсэг ахан дүүс нийгэмлэг ГҮТТБ нь Б ХХК-ийн захирал Д.Ттай 2017 оны 02 сарын 22-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 03 сарын 27-ны өдөр Б ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18640310729941 дугаартай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалтай 1,500 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 202-203 дугаар тал/

 

Нийслэлийн засаг даргын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн А/487 дугаар бүхий газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18640310729941 дугаартай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалтай 1,500 м.кв талбай бүхий газрыг Эвсэг ахан дүүс нийгэмлэг ГҮТТБ-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн 2017 оны 07 сарын 19-ний өдөр 000321915 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 156-170 дугаар тал/

 

Эвсэг ахан дүүс ГҮТББ-ын тэргүүн Жаргалсайханы Билгүүн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Баянгол дүүрэг, 18-р хороо, 67-р байрны урд байрлах 1.500 м.кв хэмжээтэй газрыг шилжүүлэн авах үед би гишүүн байсан. 2018 оноос тэргүүнээр ажиллаж байгаа. ... Манай тэргүүн н.Ууганбаяр энэ хүмүүстэй уулзсан. Газар худалдаалах зарыг Үнэгүй мн-ээс харсан. ххххххххххххтэй 1 удаа уулзаж байсан байх. Сайн санахгүй байна. Б ХХК-д 400,000,000 төгрөг өгсөн.

1,500 м.кв талбайтай газар манай нэр дээр гарсан. ... Зар дээр 3,000 м.кв газар зарна гэсэн байсан.

Анхнаасаа бид 3,000 м.кв газар авна гэж төслөө хийсэн байсан. Үлдэх 1,540 м.кв газартай холбоотой би тухайн үед байгаагүй болохоор би сайн мэдэхгүй.

Бид мон трейд ХХК-тай манайх 1,050,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан байсан ба зуучлал хийхдээ зээлийн гэрээ байгуулсан.

Д.Тт өгсөн 400,000,000 төгрөг дээр зураг төслийн мөнгө, 400,000,000 төгрөгийн 3 жилийн банкны хүү нэмээд нийт 621,000,000 төгрөгийг Д.Т манайд буцааж төлсөн.

Зээлийн гэрээ хийсэн. Яагаад зээлийн гэрээ хийх болсоныг мэдэхгүй. 1,500 м.кв газрыг манайх өөртөө шилжүүлж аваад үлдсэн 1,540 м.кв талбайтай газрын төлбөрт 650,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө өгөхөөр тохирсон байсан гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 93-96 дугаар тал/

 

Т.Мөнх-Итгэл шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Би Д.Т эгчийн талийгаач хүү н.Харцагын багын найз. 2019 онд н.Харцагын эхнэр н.Болороо ээж хүнд байдалд орчихлоо туслаач гэсэн.

Д.Т эгчийн Б ХХК нь өөрийн эзэмшилд байсан Баянгол дүүрэг дэх газрын эрхээ шилжүүлэх гээд хххххххххххх гэж хүн зуучилсан байсан. Баримтуудыг нь үзэхэд Эвсэг ахан дүүс гэж байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулалгүй шууд газрын эрхээ шилжүүлсэн байсан.

Д.Т нь 2017 оны 02 сард Эвсэг ахан дүүс гэж байгууллагаас 400,000,000 төгрөг зээлсэн гэрээ байсан. Тэгсэн мөртлөө газраа Эвсэг ахан дүүс гэж байгууллагад шилжүүлсэн байсан.

Би барилгын салбарын хүн учраас ийм луйврын асуудал гардгыг маш сайн мэднэ. Зээл өгсөн мэт гэрээ байгуулдаг.

Би Эвсэг ахан дүүс гэж байгууллагатай уулзахад тэр асуудал батлагдсан. Тэр байгууллага бид Д.Тт 400,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн төлбөрт 200,000,000 төгрөгийн хүү, алданги тооцно, мөн дээрээс нь улсад төлөх татваруудыг төлөөд нийт 623,000,000 төгрөг өгөөд газраа шилжүүлж авах эрхтэй болно гэсэн.

Би Д.Т эгчид зуучилсан хххххххххххх гэж хүнтэй холбогдох гээд олон удаа оролдсон, чадаагүй.

Эвсэг ахан дүүс гэж байгууллага Д.Т эгчийн газрыг 1,000,000,000 төгрөгөөр зарах гэж байсан.

Би өөрөөсөө 623,000,000 төгрөгийг бэлнээр болон орон сууцаар Эвсэг ахан дүүс гэж байгууллагад төлж Д.Т эгчид газрыг нь авч өгсөн.

2020 оны 02 сарын 04-ний өдөр Хаан банк дахь 5212057188 тоот данснаасаа 350,000,000 төгрөг авч бэлнээр өгсөн, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, 546-р байр хаягт байрлах, 10 давхар орон сууцны барилгаас 53,88 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 2-ыг, 48,65 м.кв 2 өрөө орон сууц 1-ыг, 3 ширхэг орон сууцыг нийт 250,000,000 төгрөгт тухайн үеийн ханшнаас доогуур үнээр бодож Эвсэг ахан дүүс гэж байгууллагад өгсөн.

Газрыг Д.Т эгчийн охин Д.Цолмонтуяагийн нэр дээр шилжүүлсэн ба би хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Би 623,000,000 төгрөг гаргасан болохоор Д.Т эгч надад буцааж төлөх болсон.

Энэ мөнгийг төлүүлэх цорын ганц арга бол төсөл боловсруулаад барилга барьж түүнээс Д.Т эгчид ноогдох хэсгийг өгөх байсан. Уг газарт 10 давхар, 1 орцтой, 118 айлын барилга баригдаж 2020 онд ашиглалтанд орсон.

Барилга баригдаад ашиглалтанд орсны дараа би Д.Т эгчийн ашгаас 623,000,000 төгрөгөө суутган авсан гэв.

 

Эвсэг ахан дүүс нийгэмлэг ГҮТТБ нь Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18640310729941 дугаартай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалтай 1,500 м.кв талбай бүхий эзэмшлийн газраа Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 сарын 03-ны өдрийн А/298 дугаар захирамжийн дагуу иргэн Тын Цолмонтуяа, Түмэн-Өлзийн Мөнх-Итгэлт нарын эзэмшилд шилжүүлэн өгсөн ба 2020 оны 03 сарын 12-ны өдөр уг газар дээрх 2 иргэн болох Т.Цолмонтуяа, Т.Мөнх-Итгэлт нарын эзэмшилд бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 213-250 дугаар тал/

 

Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18640310729941 дугаартай, давхар гараж, үйлдвэрлэлийн зориулалтай 1,500 м.кв талбай бүхий газрыг Эвсэг ахан дүүс нийгэмлэг ГҮТТБ өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа Б ХХК-ийн захирал Д.Тт зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 400,000,000 төгрөгийг зураг төслийн мөнгө, мөн 400,000,000 төгрөгийн 3 жилийн банкны хүү, нийт 621,000,000 төгрөгийг Б ХХК-ийн захирал Д.Таас авсан болох нь Эвсэг ахан дүүс нийгэмлэг ГҮТТБ-ын тэргүүн Ж.Билгүүн, Т.Мөнх-Итгэлт нарын гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон болно.

 

Талуудын хооронд 2016 оны 10 сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3-т Энэхүү гэрээнд заасан бүх нөхцлүүд биелэгдсэнээр гэрээ дуусгавар болно,

3.1-т Зуучлагч өөрт ноогдсон үүргийг дараах үе шаттайгаар биелүүлнэ,

А. Тухайн хөрөнгөтэй ижил төрлийн хөрөнгийг худалдан авахаар захиалга өгсөн мөн сонирхсон этгээдүүдэд хамгийн түрүүнд танилцуулж, хөрөнгөтэй холбоотой мэдээллийг захиагаар болон э-шуудангаар явуулна,

Б. Сонирхогч талуудад хөрөнгийн талаарх мэдээллийг хэвлэмэл байдлаар өгөхөөс гадна газар дээр нь үзүүлэх ажлыг гүйцэтгэнэ,

В. Зуучлагч нь хөрөнгийг сонирхогч талаас тухайн хөрөнгөнд өгч буй үнийн санал, гэрээнд тусгагдах заалтууд, худалдан авахад хийгдэх төлбөр тооцоо хийх нөхцөл, бусад саналуудыг тухай бүрт нь зуучлуулагчид мэдэгдэнэ,

Г. Зуучлагч нь хөрөнгийг худалдан авах саналуудыг бүртгэж, сонирхогч талыг зуучлуулагчтай уулзуулна гэж тус тус заасан байна.

 

Уг гэрээний 3.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсанаар зуучлагчийн үүрэг дуусгавар болно гэж заасан ба зуучлагч нь гэрээнд заасан хэлцэл хийхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй, тухайн газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрх шилжүүлэн авагч Эвсэг ахан дүүс нийгэмлэг ГҮТТБ-д шилжсэн бөгөөд зуучлагч гэрээний дагуу үйлчилгээг зуучлуулагчид үзүүлээгүй байна.

 

Б ХХК-ийн захирал хххххххххххх нь Б ХХК-ийн захирал Д.Таас үйлчилгээний хөлсөнд авсан 17,500,000 төгрөгөөс 8,750,000 төгрөгийг 2020 оны 04 сарын 30-ны өдрийн дотор буцаан өгнө хэмээн 2020 оны 01 сарын 19-ний өдөр бичгээр тайлбар гаргаж байсан ба мөн хариуцагч тал шүүх хуралдаанд энэ талаараа тайлбарлаж байсан болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 10, 63 дугаар тал/

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба Б ХХК нь зуучлалын гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй тул Б ХХК нь үйлчилгээний хөлсөнд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заажээ.

Б ХХК-ийн захирал хххххххххххх нь Б ХХК-тай 2016 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан ГХ-03/32 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу зуучлалын хөлсөнд 17,500,000 төгрөг авснаас 8,750,000 төгрөгийг 2020 оны 04 сарын 30-ны өдөр багтаан буцаан өгөх талаараа 2020 оны 01 сарын 19-ний өдөр Б ХХК-ийн захирал Д.Тт бичиж өгч байжээ.

Мөн нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Д.Т нь Б ХХК-ийн захирал ххххххххххххд холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 12230-р захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан байна.

Дээрхээс үзэхэд Б ХХК-ийн гэрээний үүрэгтэй холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 3, 10 дугаар тал/

 

Мөн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 19 хоногийн өмнө буюу 2022 оны 11 сарын 25-ны өдөр хариуцагч Б ХХК-ийн захирал хххххххххххх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарт тус тус мэдэгджээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 53-56 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал хххххххххххх, өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 245,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН