Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 70

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр

Шүүгдэгч А.Галсандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамц овогт Аваацэрэнгийн Галсандоржид холбогдох эрүүгийн 20171730001730002 тоот хавтаст хэргийг 2017 оны 08-р сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Жалга гэх газарт оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жамц овогт Аваацэрэнгийн Галсандорж .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч  А.Галсандорж нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Баяндэлгэр сумын төвд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Пүрвдоржийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч А.Галсандорж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 сарын 01-ний өдөр  хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд ахындаа сүү хүргэж өгөх гээд төв замаар явж байхад нэг хүүхэд гэнэт гарч ирээд миний өмнүүр орж мотоциклийн өвдгөвчний хамгаалалтад цохигдож газар унасан. Би сүүг нь хүргэж өгчихөөд эргэж ирэхэд нэг мотоцикльтой хүн чи манай хүүхдийг дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүг Энхбаярын Пүрэвдорж гэдэг. Тэр өдөр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад дэлгүүр орчихоод хөдөө гарах гэж байхад баруун талаас мотоцикль гарч ирээд манай хүүг дайрчихаад яваад өгсөн. Тухайн үед хүүгийн минь хөлнөөс  цус гараад эмнэлэгт ирж оёдол тавиулаад аймаг руу явсан. Аймагт ирэхэд хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлээд бид хот руу явж эмчлүүлсэн. Эмчилгээнд 2.400.000 төгрөг зарцуулсан. Цаашдаа хүүхэд маань эмчилгээнд явахад дахиад мөнгө хэрэглэнэ. Бид өөрсдөө  1.200.000 төгрөг гаргаж, хүнээс  1.200.000 төгрөг зээлж  хүүхдийн эмчилгээнд зарцуулсан. Бид хотод 1 сар болоод ирсэн. Ирээд энэ хүн рүү “ирж уулз” гэж утсаар ярьсан. Цаашид ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байна.Цаашид эмчлүүлэх зардал 7 000 000 төгрөг нэхэмжилнэ.Галсандорж бидэнд 1 200 000 төгрөг төлсөн үүнийг нь хасч тооцно  гэв. 

 

- Гэрч О.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Галсандорж бид 2 хөдөөнөөс сумын төв рүү Галсандоржийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирсэн. Галсандорж мотоциклио унаад би ард нь суугаад явсан юм. Сумын төвд 12 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд сумын төвөөр дэлгүүрүүдийн дундуур замаар баруунаас зүүн зүгт явж байсан чинь замын урд талаас нэг хүүхэд гэнэт гүйж гарч ирсэн. Тэр хүүхэд шүргэгдэх шиг болсон. Тэгэхэд Галсандорж зогсолгүй шууд Буд ахын гадаа ирсэн. Тэгсэн чинь араас нэг ах ирээд та хоёр манай хүүхдийг дайрчихлаа одоо эмнэлэгт байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-19-20/, 

- Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Тэр өдөр хүүхдийн баяр болоод би 6 настай хүү Пүрэвдоржийг дагуулаад цэцэрлэг орчихоод буцаад 12 цаг өнгөрч байхад харих гээд явсан. Манай хүү Пүрэвдорж миний урд 1 метрийн зайд алхаж явсан бөгөөд Оргих дэлгүүрийн урд талд явж байсан баруун талаасаа нэг их өндөр хаазалсан мотоцикль ирээд Пүрэвдоржийг мөргөчихөөд зогсолгүй тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд би дэлгүүрийн гаднаас машинаар эмнэлэг рүү очоод Пүрэвдоржийг үзүүлсэн чинь зүүн хөл нь ил хугаралтай гээд тэр оройдоо аймгийн эмнэлэгт ирж хэвтсэн   гэх мэдүүлэг /хх-23-24/, 

-Техникийн шинжээчийн 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн 17 дугаар дүгнэлтэнд:  1. А.Галсандорж нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-ын в-д заасан “жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж осолд холбогдох эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээнэ” мөн дүрмийн 8.2-т заасан заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/   

 - Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн 233 дугаар  дүгнэлтээр “...Э.Пүрэвдоржийн биед зүүн хөлийн шилбэний шаант ясны ил хугарал тогтоогдож, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 28-р хуудас/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-05-11/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-13/

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р багийн Засаг даргын  2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай А.Галсандоржийн ам бүлийн талаарх  тодорхойлолт /хх-38/

-А.Галсандоржоос хохирогч Э.Пүрэвдоржийн эмчилгээний зардалд 1 200 000 төгрөг төлсөн банкны баримтууд

- А.Галсандоржийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41 /зэрэг баримтуудыг шинжлэн судалсан  болно.

Шүүгдэгч А.Галсандорж нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн орчимд Баяндэлгэр сумын төв замд   улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Пүрвдоржийг мөргөж түүний эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт,  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд,   шинжээчийн 233 дугаартай  дүгнэлт, техникийн шинжээчийн 17 дугаартай дүгнэлт, гэрч О.Гансүх, Д.Отгонбаяр нарын мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

         

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл: Шүүгдэгч А.Галсандорж нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн орчимд Баяндэлгэр сумын төв замд   улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 а, б-д заасан “жолоодох эрхийн үнэмлэх,  тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  улсын дугаартай байх” шаардлагыг хангаагүй,    мөн дүрмийн 9.1-д  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.5 в-д “жолооч зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж осолд холбогдох эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн ажилтанг иртэл хүлээнэ”, 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Пүрэвдоржийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  үйлдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Галсандоржид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул А.Галсандоржийг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Галсандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

  Шүүгдэгч  А.Галсандоржийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг  төлсөн зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнссэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна” гэж заасан тул А.Галсандоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Галсандоржид авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй.

Шүүгдэгч А.Галсандорж нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 1 200 000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр нь 8 200 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг   тус тус  дурдсугай. 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2,  1.5, 1.7,  1.8, 1.9,   36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жамц овогт Аваацэрэнгийн Галсандоржийг автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар  А.Галсандоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Галсандоржид авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Галсандорж нь цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч  Э.Пүрэвдоржид эмчилгээний зардалд 1 200 000 төгрөг төлсөн зэргийг  тус тус дурдсугай.

. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр нь 8 200 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА