Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 13

 

Д.Х нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2019/00051 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Баянговьд оршин суух, Их хойд овогтой Д. Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Х нь сумын Засаг даргын тамгын газрын галчаар сумын Засаг даргын тамгын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын даргын Б\06 дугаар тушаалаар ээлжийн амралтаа эдэлсэн боловч одоог хүртэл ажилд буцаан оруулахгүй байгаа юм. Сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б нь намайг өөрийн хүсэлтээр чөлөө авсан болгож тушаал гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар чөлөөлсөн байна. Миний бие өөрийн хүсэлтээр чөлөө хүсээгүй бөгөөд уг Б/18 дугаар тушаалтай танилцаагүй, ажилдаа орохыг хүлээгээд байсан боловч миний эрхэлж байсан ажлын байранд өөр хүн авсныг мэдээд очиж уулзтал уг тушаалыг танилцуулсан. Миний бие ажилдаа орохыг хүссэн өргөдөл 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр сумын ЗДТГ-т гаргаж өгөхөд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3/340 дугаар албан тоотоор хариу ирүүлэхдээ 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагын галч нарыг ажилд оруулж нүүрс буулгах, орчны цэвэрлэгээ, сантехникийн засвар үйлчилгээний ажил эхэлсэн талаар дурьдсан байсан бөгөөд надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд санаатайгаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөө авсан болгож хууль бусаар өөрийн найзаа ажилд томилсон үйлдэл гаргасан байна. Миний бие хуулийн дагуу ээлжийн амралттай байсан, мөн захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд энэхүү сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заагдсаны дагуу хууль бус захиргааны акт учир хүчингүй болгож өгнө үү. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2 дахь заалтын дагуу илт хууль бус акт бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй байгаа тул үнэн зөвийг тогтоон ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д овогтой Х нь 2010 онд Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын галчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2018 оны 5 дугаар сард Засаг даргын тамгын газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаяр нь ээлжийн амралт олгосон тушаал гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд галч нарыг ажилд нь дуудаж ажил үүргийг нь өгөөд явсан. Гэтэл Д.Ха 10 дугаар сарын 01-ний өдөр дуудаагүй. Нийт 4 орон тоотой. Д.Х нь ганцаараа үлдсэн.  Ч.Б нь Д.Х хэдийд ч дуудахад ирэх боломжтой байсан.  Хоёр ч удаа оронд нь өөр хүн ажиллаж байна гэхээр нь очиход ажлаас халсан тушаал өгсөн. Чөлөө хүсээгүй байхад чөлөө хүссэн тушаал гаргасан. Шүүхэд гомдол гаргаад явахаар нь ажилд нь эргүүлээд томилсон. Хуулиндаа бол ээлжийн амралттай байхад ажлын байрыг нь хадгална гэж заасан байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.260.534 /нэг сая хоёр зуун жаран мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Их хойд овогтой Доржийн Хасбаатарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Х нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.260.534 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.803 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Болдбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Х 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралт олгосон билээ. Засаг даргын тамгын газрын галч нарыг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажилд нь оруулж нүүрс буулгах, орчны цэвэрлэгээ хийх, сантехникийн ажлыг хийлгэж байгууллагын галлагааны хэвийн ажиллагаанд бэлтгэсэн. Гэтэл Д.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Иймд Д.Х байгууллагын дотоод журмын 7.3 дахь заалт /Ажлаас хүндэтгэх шалгаангүйгээр хожимдсон, тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн тооцож цалингаас суутгал хийнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бүтэн 1 өдрийн ажил тасалсан бол ажлаас халах хүртэл сахилагын арга хэмжээ авна /, 5.14 дахь заалт /Ажлын цагаар гадуур зөвшөөрөлгүй явах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр амралт, чөлөө хэтрүүлэх, ажил тасалж, ажлаас хожимдох амрах, завсарлаж, цагаас өмнө явахгүй байх/ гэж заасан байна. Дээрх заалтуудыг шууд зөрчсөн учир ажлаас түр чөлөөлж оронд нь Р.Бямба-Очирыг галчаар түр томилж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан. Д.Хасбаатар нь хариуцсан ажилдаа муу гараатай үедээ халаалтыг муу хүлээлгэж өгдөг гэж ажил хүлээж авдаг галч нарын зүгээс гомдлыг удаа тавьж байсан. Д.Х 2018 оны 10 дугаар сарын 15-нд надруу утсаар ярьж чөлөө хүссэн би албан ёсоор өргөдлөө өг гэж шаардлага тавьсан боловч ямар нэгэн өргөдөл ирүүлээгүй болно.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан. Байгууллагын дотоод журмыг зөрчиж ажлаа 35 хоног тасалсан тул өргөдлийг хүлээж авахаас татгалзсан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь хэсгийг зөрчиж байгаа гэж үзэж байна.

Д.Х нэхэмжлэлтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ

                                                ҮНДЭСЛЭХ нь:

       Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

 

       Нэхэмжлэгч Д. нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

        Хариуцагч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажилд нь томилсон байна.

Д.Х Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын галчийн ажилд эгүүлэн томилсон нь түүний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...” олгохоор заажээ.

Нэхэмжлэгч Д.Х ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс түүнийг ажилд эгүүлэн авсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан байх ба тэрээр дээрх бүх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар олговор авах эрхтэй байжээ.

Анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай шүүхийн шийдвэрээр мөн өдөр хүртэлх хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцож, нийт 1.260.534 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж Д.Х олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлээ болгосон “...Д.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, байгууллагын дотоод журмын 7.3 дахь заалт /ажлаас хүндэтгэх шалтгаангүйгээр хожимдсон, тасалсан тохиолдолд цалингийн суутгал хийнэ, ажлаас халах хүртэл арга хэмжээ авна.., 5.14 дэх заалт /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр амралт, чөлөө хэтрүүлэх, ажил тасалж, ажлаас хожимдох амрах, цагаас өмнө явахгүй байх/ гэж заасан. Мөн ажилдаа муу, гараатай үедээ халаалтыг муу хүлээлгэж өгдөг гэсэн тайлбар гомдлоо нотолж чадаагүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2019/00051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Болдбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.805 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

 

                                               ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

 

                                                                                              Т.ЖАРГАЛСАЙХАН