Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00657

 

“Ган хийц” ХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/00469 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 582 магадлалтай,

“Ган хийц” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ди Эл Жи” ХХК-д холбогдох           

           Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 142.160.454 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 121.626.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Х.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Ган хийц” ХК нь “Ди Эл Жи” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1/2013 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээний 1.3-т зааснаар 24х48х6.5-5.5 метр хэмжээтэй барилгын төмөр хийц үйлдвэрлэх, ажлын зураг боловсруулах, ханын хавтан, завсрын хавтан, угсралт, суурийн ажил /дагалдах хэрэгсэл болон тээврийн зардал/-уудыг хийж гүйцэтгэх, “Ди Эл Жи” ХХК нь гэрээний 1.4, 2.2-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож нийт 330 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болно. Барилгын ажил гүйцэтгэх явцад “Ди Эл Жи” ХХК-ийн өөрсдийн гаргаж өгсөн геодезийн дүгнэлтээр хөрс асгамал гэж байсан ч бодит байдал дээр үнсэн хөрстэй байсан тул ажил удааширч манай компанийн зүгээс өөрсдийн хөрөнгөөр шороо зөөн суурь хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ шалтгааны улмаас хоёр тал гэрээний хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулан эцсийн хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгасан. Барилгын ажил энэ хугацаанд бүрэн гүйцэтгэгдсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төмөр бүтцийг угсарч, гагнаж дууссан акт үйлдэн чанарыг сайн болсон гэж дүгнэн хоёр тал гарын үсэг зуран хүлээлцсэн болно. “Ди Эл Жи” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 105 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 54 545 500 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 40 909 100 төгрөг, нийт 200 454 600 төгрөгийг гэрээт ажлын үнэ гэж төлсөн. Энэ төлөгдсөн мөнгөнд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдоогүй болно. Өнөөдрийн байдлаар “Ди Эл Жи” ХХК-ийн хийгээгүй дутуу төлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татвар тооцон 129 545 454 төгрөг, гэрээний 4.1-д заасны дагуу алданги 12 615 000 төгрөг, нийт 142 160 454 төгрөг байна. Иймд “Ди Эл Жи” ХХК-иас үлдэгдэл 142 160 454 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч “Ди Эл Жи” ХХК-ийн гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Ди Эл Жи” ХХК болон “Ган хийц” ХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1/2013 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын 50 хоногт ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. “Ган хийц” ХК нь ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, ажил хүлээлцэх акт үйлдээгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний 3.1-д “Барилга угсралтын ажлыг хавсралтан дахь зураг төсөл, төсвийн дагуу барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанартай үйлдвэрлэн энэхүү гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулан, захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. “Ган хийц” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг чанаргүй, стандартын дагуу хийж гүйцэтгээгүйгээс “Ди Эл Жи” ХХК нь өөр байгууллагад хандаж доголдолтой хийсэн ажлуудыг засварлуулж дахин гүйцэтгүүлсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцон нэхэмжилж байна. Гүйцэтгээгүй үүрэг болох 129 545 454 төгрөгөөс 0,1 хувиар тооцож 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны 510 хоногийн алданги болох нийт 66 070 500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн “Ди Эл Жи” ХХК нь “Ган хийц” ХК-ийн чанаргүй, дутуу орхиж явсан ажлуудын төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: Анх ажил гүйцэтгэх гэрээндээ барилгын зураг төслийг боловсруулна гэсэн боловч манай барилгатай ямар ч хамааралгүй барилга болох Ховд аймагт баригдаж байгаа барилгын зургыг шууд нэрийг нь сольж гаргаснаас болж алдаа гарч манай компани дахин зураг төслийн “Арчсис” ХХК-иар барилгын зургыг 8 450 000 төгрөгөөр хийлгэсэн. “Ган хийц” ХК нь барилгын дотоод шалыг дүүргэж тэгшлээгүй хаяж явснаас болж “Оргил талын хайрхан” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дутуу хаяж явсан ажлыг нь 3 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. “Ган хийц” ХК нь барилгын ажлыг зургийн дагуу хийгээгүй, чанаргүй хийснээс болж “Фүжи Енжине” ХХК-иар 15 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. “Оргил зуурмаг” ХХК-иас 29 106 000 төгрөгийн бетон зуурмаг авсан. Иймд нийт 121 626 500 төгрөгийг “Ган хийц” ХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч “Ган хийц” ХК-иас хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт: “Гэрээний хугацааг сунгасан тул захиалагч тал гүйцэтгэгч талаас алданги нэхэмжлэх эрхгүй юм. Барилгын бүтцийн /ББ/ зураг нь үйлдвэрлэгч компанид хамааралтай ба энэ зургийн задаргаа нь зургийн ажлын зураг /КМД/ гэдэг болно. Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын зураг /КМД/ боловсруулна гэж заасан бөгөөд манай компаниас нэхэмжилсэн барилгын ажлын зургийн 8 450 000 төгрөг ямар ч үндэслэлгүй юм. Манай компани ББ зургийг өөрсдөө боловсруулан түүний дагуу үйлдвэрлэлт, цаашлаад угсралтын ажлуудаа төлөвлөн хийж гүйцэтгэдэг. Бид энэхүү ажлын зургийг захиалагч байгууллагад хийж өгсөн бөгөөд манай боловсруулсан зургийг “Арчсис” ХХК хуулбарлан барилгын зураг төсөл боловсруулсан. Их хэмжээний асгамал /үнсэн/ хөрсийг зайлуулж, хайрган хөрсөөр орлуулах ажил төлөвлөгдөөгүй тул гүйцэтгэлийг хийлгүй үлдээсэн. Тиймээс шалыг дүүргэж тэгшлээгүй гэсэн 3 000 000 төгрөг нь үндэслэлгүй юм. Барилгын суурийн ажлыг зургийн дагуу чанартай гүйцэтгэн зургийн автор болох “Арчсис” ХХК-ний Б.Эрдэнэчимэгт 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр актаар хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Суурийн ажлыг зургийн дагуу хийгээгүй, дутуу хийсэн гэсэн 15 000 000 төгрөг үндэслэлгүй байна. “Оргил зуурмаг” ХХК-иас “Ди Эл Жи” ХХК-иар дамжуулан бетон зуурмаг аваагүй, “Ган хийц” ХК нь гэрээнд заагдсан ажлаа хийж хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнээс гадуурх, барилгын зураг төсөл боловсруулах, шал, цонх, хаалга гэх мэт ажлыг хийх ёсгүй.” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/00469 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Ди Эл Жи” ХХК-иас 142 160 454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ган хийц” ХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 121 626 500 төгрөгийг “Ган хийц” ХК-иас гаргуулах тухай “Ди Эл Жи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ган хийц” ХК болон хариуцагч “Ди Эл Жи” ХХК-иас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 868 752 төгрөг болон 1 078 770 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ди Эл Жи“ ХХК-иас тэмдэгтийн хураамжид 868 752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ган хийц” ХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 312 688 төгрөгийг хариуцагч “Ди Эл Жи” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 582 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/00469 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “351 дүгээр зүйлийн 351.1.1” гэснийг хасаж, “232.4” гэснийг “232.6” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “352 дугаар зүйлийн 352.2.2” гэж, “232.4” гэснийг “232.6” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/00469 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 582 дугаар магадлалыг хариуцагч “Ди Эл Жи” ХХК нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан эргэлзээтэй, мэргэжлийн бус байсан бөгөөд хэн ч харсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн шинжээчийн байр сууринаас хандаагүй, нэхэмжлэгч “Ган Хийц” ХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалагчийн байр сууринаас хандсан байгаа нь тодорхой байсан тул хариуцагчийн зүгээс тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан эрх, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлт эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ”-гэж заасны дагуу дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болно. Шинжээч хөндлөнгийн байх, мэргэжлийн байх шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчид эргэлзээ төрүүлж байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн ба хариуцагчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүх ИХШХШТХ-ийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт "Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхул шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” гэж зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэж дахин шинжээч томилж эргэлзээг арилгах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх алдааг Давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж тайлбарласанд гомдолтой байна. Хоёр. Шүүх нотлох баримтыг үнэлсэн тухайд: Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хэрэгт авагдсан суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, сэндвич хавтан угсарсан акт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх боловч Х.Алтангэрэл гарын үсэг зурсан байх ба хариуцагч Х.Алтангэрэлийн гарын үсэг биш гэж маргаагүй ....” гэж дүгнэн нотлох баримтын шаардлага хангаагүй актыг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...,”-гэж хуульчилсан, гэтэл шүүх нэхэмжлэгч "Ган хийц" ХК-ийн гаргаж өгсөн хуулбар нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангаагүй хариуцагч талын баримтан дээр тайлбар өгөх үүрэг хүлээхгүй бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Шүүхийн дүгнэсэн суурь хийсэн акт, суурийн нүх ухсан актыг хариуцагч “Ди Эл Жи” ХХК нь танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулаагүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан буюу нэг талын гаргаж өгсөн хуулбар баримт байдаг. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон хангалттай баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх нэгийг нь ч үнэлээгүй байгаа. Тухайлбал: Хариуцагчийн зүгээс Барилгын ажлын улаан дэвтэр, гуравдагч этгээдээр “Ган хийц” ХК-ийн гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгүүлсэн гэрээ, ажлын зураг, барилгыг доголдолтой дутуу хаяж явсан талаарх зураг, гэрээний нэмэлт өөрчлөлт гэх мэт хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой баримтууд байсан. Дээрх баримтуудыг яагаад үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгах ёстой бөгөөд хэрэв уг баримтууд нь хэрэгт хамааралгүй нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй бол тухайн баримтыг ИХШХШТХ-ийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах хүртэл арга хэмжээ авах боломжтой байсан. Талуудын хооронд гэрээг дүгнэсэн буюу ажил гүйцэтгэх гэрээний 3.7 дахь хэсэгт “Ажил дууссанаас хойш гүйцэтгэгчийн бүх бичиг баримтыг ирүүлсний дараа мөн аливаа гологдол, доголдлыг засаж бүх ажилд шинжилгээ хийж гүйцэтгэсний дараа ажил дууссан тухай мэдэгдэл, ажил хүлээлцсэн акт, сертификатыг захиалагчид олгоно” гэж заасны дагуу акт үйлдэж барилгын ажлыг одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна” мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”-гэж хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гүйцэтгэгч “Ган хийц” ХК нь гэрээ болон хуулиар хүлээсэн тус үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн. Гурав. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юу?. Хариуцагч “Ди Эл Жи” ХХК нь гүйцэтгэгчийн ажил хүлээлгэж өгөөгүй хугацааны алдангийг нэхэмжилсэн боловч шүүх шийдвэрлэхдээ гүйцэтгэгч “Ган хийц” ХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2014 оны 02 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул...," гэж үзэн алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь талууд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2 дахь хэсэгт ‘‘Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг өөрчилсөн болон өөрчилж байсан нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг нөхөн хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй”-гэж харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл талууд нэг удаа гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааг сунгаж байгаа нь алдангийг тооцохгүй байх үндэслэл болохгүй гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн асуудал юм. Дээрх гэрээний нэмэлт өөрчлөлтийг талууд байгуулах болсон шалтгаан нөхцлийг тодруулбал: Гэрээний нийт хугацааг талууд 50 хоног байхаар тохирсон бөгөөд гэрээг 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд /50 хоногт/ гэрээнд заасан ажлыг /үр дүнг/ бүрэн гүйцэт гэрээ дүгнэсэн акт болон сертификатын хамтаар захиалагчид хүлээлгэж өгөх, гүйцэтгэгч нь захиалагчийн гүйцэтгэлийн дагуу гэрээнд зааснаар төлбөрийг төлөх харилцан үүрэг хүлээсэн. Гэвч гүйцэтгэгч “Ган хийц” ХК нь 2013 оны 06 сарын 24-ний өдрөөс 2013 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл гэрээнд зааснаар ажил гүйцэтгэх хугацаа 35 хоног өнгөрсөн байхад ямар нэгэн ажил хийгээгүй, ажлаа ч эхлэхгүй байсан бөгөөд захиалагчийн зүгээс гэрээ байгуулсан өдрөөс эхлэн удаа дараа ажлаа явуулахыг шаардаж байсан. Захиалагчийн зүгээс гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох нийт төлбөрийн 3/1-ийг нь буюу 105 000 000 /нэг зуун таван сая/ төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн байсан бөгөөд гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дуусахад зөвхөн далий суурь тавьж л орхисон байсан. Энэ тухай албан бичгийг 2013 оны 09 сарын 03-ны өдөр гүйцэтгэгчид албан ёсоор хүргүүлэн мэдэгдсэн. Захиалагчийн хувьд тус барилгыг ашиглалтад хурдан оруулах зайлшгүй шаардлагатай байсан учир ажлаа хурдан явуулах, мөн ажлын төлбөрөө урьдчилаад өгсөн байсан зэрэг гарцаагүй байдлын улмаас гэрээний хугацааг сунгасан. Ингэж сунгахдаа алдангийг тооцох байдлаар талууд тохиролцсон болно. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 01 сарын 15-ны өдрийн гэрээний 2 дахь хэсэгт заасан талуудын тохиролцоог шүүх буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй харин ч үндсэн хугацааг сунгаснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги төлөх хугацаа мөн хугацаагаар хойшлоно гэж буруу тайлбарлаж дүгнэсэнд гайхаж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж хуульчилсан. Үндсэн үүргийн гүйцэтгэх хугацааг сунгасан нь үүргийн гүйцэтгэлийг нөхөн хэрэглэхгүй байхыг хязгаарласан зохицуулалт Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид байдаггүй бөгөөд харин ч гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлж гэрээний чөлөөт байдлын зарчим дээр үндэслэж болохыг хуулиар зөвшөөрсөн. Захиалагч, гүйцэтгэгч нар нь гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний агуулга, зүйлийг сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн тодорхойлсныг шүүх хязгаарлаж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Зүй ёс нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны алдангийг тооцож, нэхэмжлэгч талаас гаргуулах явдал нь хуульд нийцэх юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний болоод Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэргийг харгалзан үзэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/00469 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 582 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Ган хийц” ХК нь хариуцагч “Ди Эл Жи” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид 142.160.454 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон алданги гэж  121. 626. 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Зохигчид 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1/2013 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч нь 24х48х6.5-5.5 метр хэмжээтэй барилгын төмөр хийц үйлдвэрлэх, ажлын зураг боловсруулах, ханын хавтан, дээврийн хавтан угсралт, суурийн ажлуудыг 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс ажлын 50 хоногт хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан графикийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийт 300.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус гэрээний хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгасан, захиалагч нь гэрээний төлбөрт нийт 200.454.600  төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар маргаагүй байна. 

            2013 оны 11 сарын 12-ны өдрийн хурлын протокол, 2014 оны 02 сарын 10-ны өдрийн “Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт”-аар “Ган хийц” ХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, “Ди Эл Жи” ХХК нь ажлын үр дүнг хүлээж авсан гэж анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцжээ.

Талууд гэрээний үндсэн хугацааг сунгасан, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэсэн тул хариуцагчийг алданги шаардах эрхгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохиролцоогүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсний хөлсийг хохирол гэж нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Суурийн нүх ухсан акт”, “Суурь хийсэн акт”, “Сэндвич хавтан угсарсан акт” нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар дүгнэлт хийсэн, эдгээр баримт нь шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул “...шүүх шаардлага хангаагүй  баримт үнэлсэн”  тухай хариуцагчийн гаргасан гомдлыг  хангах үндэслэлгүй  гэж давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн гэж үзнэ.

Шинжээч эрх зүйн асуудлаар дүгнэлт гаргасан нь буруу, шүүх шинжээчид эрх зүйн асуулт тавиагүй, шүүх энэ дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй тул шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг зөрчөөгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарах зохицуулалтыг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 582 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Ди Эл Жи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.634.840 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН