Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/MA2017/0281/З

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ж.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: ““Хайрхан” ХХК-ийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах, “Хайрхан” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Хүрэлбаатараас Н.Сонинцэцэгт шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Хайрхан” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Хайрхан Чех” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сарантуяагийн “Хайрхан” ХХК-ийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах, “Хайрхан” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Хүрэлбаатараас Н.Сонинцэцэгт шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Хайрхан” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Хайрхан Чех” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Ж.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд У.Мөнхбат би нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 108 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчийн маргаж буй хуулийн этгээдийн өөрчлөлт оруулан бүртгэхэд үндэслэл болсон “Хайрхан” ХХК-ийн 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд хувь нийлүүлэгч Н.Хүрэлбаатар гарын үсгээ зурсан болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9-т ... эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлт, мөн 5 дугаар зүйлийн 5.4.12, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15, 19 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр албан тушаал зэргийн бүртгэлийг хөтлөхдөө, Компанийн үүсгэн байгуулагчаас эрх үүрэг, хариуцлагаа өөр иргэнд шилжүүлсэн шийдвэр, компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн шинэ гэрээ, дүрэм, шинээр хөрөнгө нэмж оруулсан иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулсан зэрэг нотлох баримтуудыг огт байхгүй байхад, Улсын бүртгэл хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан тайлбарыг шийдвэртээ буруугаар дурдаж, буцаан хэрэглэхгүй хуулийг буцаан хэрэглэсэн.

Тодруулбал, “Хайрхан” XXK-ийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байтал шүүх 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэглэж буй нь буруу юм. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд түүнийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй байхад анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглэж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “... баримтуудыг огт байхгүй” хэмээн маргасан байдлаар шийдвэртээ тусгасан нь нэхэмжлэл болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг гуйвуулан бичсэнд гомдолтой байна.

Бидний хувьд ямар ч баримтгүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн гэж маргаагүй бөгөөд харин тухайн үед мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон журмыг зөрчиж бүртгэл хийсэн хэмээн маргаж байгаа болно.

2. Шийдвэрт “Талийгаач Н.Хүрэлбаатарын амьд сэрүүн байхдаа үйлдсэн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 3.1-д компанийн эрх хүлээн авсан өдрөөс өмнөх захиран зарцуулах, удирдах, төлөөлөх зэрэг эрхийг эдэлнэ” гэж компанийн эрх хүлээн авагч болох Х.Сонинцэцэгт компанийн төлөөлөх эрхийг олгосон хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Тухайлбал:

/ 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчилсэн нотариатчийн үйлдлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн шийдвэр1-ээр хүчингүй болгосон. Харин захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болсон компанийн эрх шилжүүлэх гэрээг шийдвэрийнхээ үндэслэл болгох ёсгүй юм.

/ 1997 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл2-д улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг тодорхой заажээ. Харин хавтаст хэрэгт Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт өргөдөл гаргах эрхийг олгосон баримт буюу итгэмжпэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь хэсэгт “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжпэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” шаардлагатайг тусгайлан заасан байхад хуулиар шаардсан баримт бичгийг үл харгалзан улсын бүртгэл хийснийг шүүх зөвтгөж буй нь үндэслэлгүй юм.

“Хайрхан” ХХК-ийн хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3-т заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь зөвхөн Н.Хүрэлбаатар өөрөө байсан. Харин компанийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулах өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байх боловч Н.Хүрэлбаатар нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Хэдийгээр хавтаст хэрэгт Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт олгосон итгэмжлэл байхгүй хэдий ч шүүх Х.Сонинцэцэгт эрх олгогдсон хэмээн дүгнэжээ. Харин Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т зааснаар “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсноор төлөөлөх эрх дуусгавар” болсон байдаг.

Компанийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулах өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр албан ёсны болдог. Гэтэл шүүх компанийн эрх шилжүүлэх гэрээний хугацаа болох 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Х.Сонинцэцэг нь тус гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх үүснэ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Ийнхүү анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдээгүйн зэрэгцээ ямар хуулийн зүйл заалт, баримталж дээрх дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүй байна.

3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Хүрэлбаатарын тухайд өөрийн компанийг том охин болох Х.Сонинцэцэгт шилжүүлэх хүсэл зориг байсан бөгөөд энэхүү шийдэл санаагаа хэрэгжүүлэхийн тулд компанийнхаа эрхийг бүхэлд нь одоогийн эзэмшигч Х.Сонинцэцэгт шилжүүлсэн, үүнийгээ хууль ёсны болгохын тулд эрх шилжүүлсэн гэрээг хөндлөнгийн этгээд болох нотариатчаар гэрчлүүлж, хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлтийг хийлгэх эрхийг Х.Сонинцэцэгт олгож, өөрөө өргөдлийн маягтад гарын үсгээ зурсан гэж дүгнэхээр байна”“ гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй.үйл явдлын тухай хийсвэр дүгнэлт хийжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2016/00608 дугаартай шийдвэрээр Ж.Сарантуяа нарын 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Хайрхан” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхбаярт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэлцлийн нэг тал Н.Хүрэлбаатар нь Монгол Улсын хүний гавьяат эмч П.Бумбагарын нэрэмжит Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн ба 2008 оны 7 дугаар сарын 12,13-ны өдрүүдийн үзлэгийн тэмдэглэлд “Өвчтөний биеийн байдал хүнд, зовиур амьсгаадна, дотор муухайрна, үзлэгт: Ухаантай боловч орчны харьцаа сул, асуултанд ганц нэг үгээр сул хариулна...” гэх ба Н.Хүрэлбаатар нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Монголын Улсын хүний гавьяат эмч П.Бумбагарын нэрэмжит Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх гэрээний нэг тал Н.Хүрэлбаатар нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, хяналт тавих чадвартай байсан, мөн хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой байсан эсэхийг тодруулах, эсхүл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах үндэслэл байгаа эсэхийг тодруулах, энэ тухай тэмдэглэл үйлдэх үүргээ биелүүлээгүй байна” хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Н.Хүрэлбаатарыг хүсэл зоригоо илэрхийлэх чадваргүй байхад “Хайрхан” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ хийсэн тухай дурджээ.

Энэ утгаараа нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.

4. Шийдвэрт 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэгч “Хайрхан” ХХК-ийн өөрчлөлтийг бүртгэсэн нь бүртгэл хуульд харшлаагүй, хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна нэхэмжпэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэснийг хүлээн зөвөөрөхгүй боломжгүй байна.

• 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл цахим шуудангаар буюу баталгаат илгээмжээр хүргүүлж болно” гэж заажээ. Харин шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах өргөдлийг гуравдагч этгээд Х.Сонинцэцэг өгсөн5 гэж тайлбарладаг. Гэвч өмнө нь дурдсанчлан Х.Сонинцэцэгт олгосон итгэмжлэл байхгүй, хуульд зааснаар өргөдөл гаргагч нь өөрөө ирээгүй байхад өргөдлийг хүлээн авч бүртгэсэн нь хууль зөрчсөн.

• Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч УБ-05 маягт дээр Н.Хүрэлбаатарын гарын үсэг байсан учраас өргөдлийг өөрөө л гаргасан гэж үзнэ6 хэмээн шүүх хуралдаан үед тайлбарласан. Гэтэл УБ-05 магт нь 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр буюу Н.Хүрэлбаатар нас барсан өдрөөс хойш байх тул өөрөө гаргах ямар ч боломжгүй болно.

• 2004 оны 20 дугаар тогтоолоор баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх журмыг тухайн үед дагаж мөрдөж байжээ. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан тухай болон хуулийг этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт бусад мэдээллийг агуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтыг улсын хэмжээний нэгдсэн бүртгэлийн дэвтэрт хөтөлнө” гэж заасан.

Тус журмын 2 дугаар зүйлийн 2.11-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим сан дахь мэдээллийг нотлох баримт бичиг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт бүхий дэвтэр болно. Улсын бүртгэлийн цахим сан дахь мэдээлэл, бүртгэлийн дэвтэр дэх мэдээллүүд зөрвөл бүртгэлийн дэвтэр дээрх мэдээллийг үндэслэл болгоно” гэж заасан байх бөгөөд үүнээс үзэхэд бүртгэлийн дэвтэр чухал ач холбогдол бүхий баримт бичиг болохыг илтгэж байгаа юм. Гэтэл хариуцагч тус бүртгэлийн дэвтэр байхгүй хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүйн зэрэгцээ тухайн үед мөрдөгдөж буй журмыг зөрчиж бүртгэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ж.Сарантуяа нь “Хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өөрчлөлтийг “Н.Хүрэлбаатар нь өөрөө компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлэх ямар ч боломжгүй байхад бүртгэлийг хийсэн, Н.Хүрэлбаатараас хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй байхад ... эрх бүхий этгээд биш хүний хүсэлтийг үндэслэн хувьцааг шилжүүлсэн” зэрэг үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.

“Хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр уг хуулийн этгээдийн эд хөрөнгө, үүсгэн байгуулагчийн эрх, үүргийг Х.Сонинцэцэгт шилжүүлэх өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулсан байна. Улмаар, улсын бүртгэлийн байгууллага “Хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэсэн нь  хуулиар тогтоосон журамд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь “Хайрхан” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн албанд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардагдах баримтууд болох Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж, компанитай холбоотой өөрийн эрх үүрэг, эд хөрөнгийг өөрийн охин Х.Сонинцэцэгт шилжүүлэх хүсэлт[1], “Хайрхан” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл[2], Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.

Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 2008 онд хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага байна. Гэтэл 2008 онд бүртгэлд өөрчлөлт хийгдэх үед байгаагүй, сүүлд тогтоогдсон тухайлбал эрх шилжүүлэх гэрээг баталсан нотариатын үйлдэл хүчингүй болсон зэрэг тэр үед үүсээгүй байсан нөхцөлд үндэслэж 2008 оны бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Н.Хүрэлбаатар нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан байхад 23-ны өдөр бүртгэл хийлгэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандсан байх боломжгүй хэмээн маргасан байна.

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн “Өөрчлөлтийг бүртгэсэн огноо” гэх хэсэгт 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэж бичигдсэн нь бүртгэл хийлгэхээр өргөдөл гаргасан огноо бус түүнийг үндэслэн бүртгэл хийсэн огноо гэж үзэхээр байна. Түүнчлэн, Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлт болоод бусад баримт бичгүүдэд зурагдсан гарын үсгийг Шинжээчийн дүгнэлтээр Н.Хүрэлбаатарын өөрийнх нь гарын үсэг мөн гэж дүгнэсэн зэргээс “Н.Хүрэлбаатарыг нас барснаас хойш өөрчлөлт оруулах өргөдөл гаргасан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн “Хайрхан” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хүчингүй болсон зэрэг сүүлд үүссэн нөхцөл байдлуудыг үндэслэн уг хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх асуудалтай холбогдуулан улсын бүртгэлийн байгууллагад хандсан нэхэмжлэлийн шаардлага, агуулга гаргаагүй, энэ үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагын тайлбар авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна. Тиймээс энэ шүүхийн шийдвэрээр уг асуудалд дүгнэлт өгөөгүй бөгөөд үүнтэй холбоотой маргаан гарч улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр, магадлал хязгаарлахгүй болохыг дурдав.

Учир нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь “2008 онд бүртгэл хийхдээ хууль зөрчсөн” гэсэн агуулгаар гарсан тул шүүх энэ хүрээнд нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 1 хавтасны 86 хуудаст

[2] Хэргийн 1 хавтасны 82 хуудаст