Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 75

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчид холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                    Х.Батсүрэн,

                                    Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         П.Соёл-Эрдэнэ, 

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,   

Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШШ2017/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0882 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ч.Б,

Нэхэмжлэгч Ч.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШШ2017/0015 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Тогтоолын заалт хүчингүй болгох тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0882 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШШ2017/001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

3.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад: Хариуцагчаас “...10 дугаар тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч Ч.Б-д мэдэгдэхээр бүх талын арга хэмжээг авсан боловч нэхэмжлэгчийн тухайн үед оршин суугаа хаяг тодорхойгүй, оршин суугаа хаяг дээрээ байгаагүй, хайгаад олоогүй. Иймд Ч.Б-тай холбогдож чадаагүй, нэхэмжлэгчид мэдэгдэх арга хэмжээг бүх талаар авсан байтал үүнийг анхан шатны шүүхээс үнэлээгүй байна” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлсоор байтал давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг анхаарч үзэхгүйгээр давж заалдах гомдлын хүрээнээс хальж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хуульд заасан журмыг зөрчиж, давж заалдах гомдлын хүрээнээс хэтрүүлэн шүүхийн шийдвэрийг хянасанд гомдолтой байна.

4. Нөгөөтэйгүүр шүүх одоо байгаа үйл баримт, бодит байдалд дүгнэлт өгөх ёстой байтал маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч хариуцагчаас дахин хуулийн дагуу акт гаргавал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар шүүх хуралдааны явцад тодруулсан нь ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан харж, шийдвэр гаргах үндэслэл болгосон мэт сэтгэгдэл төрүүлсэн.

5. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрчлөгдөж намайг ажлаа өг гээд хүсэлт бичүүлж аваад 6 сарын тусламж олгосон. Одоо олгохгүй гэж байгаа нь миний байдлыг дордуулж байна” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан Ч.Б-ын хүсэлт зэргээс үзвэл төрийн албанаас чөлөөлөгдсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон шалтгаанаар чөлөөлөгдөөгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэхдээ нотлох баримтыг бүрэн судлаагүй, захиргааны хэргийн шүүхийн хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн үндсэн зорилго, зорилтоосоо няцсан гэж үзэхээр байна.

6. Хэрвээ маргаан бүхий актын агуулгад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс болон давж заалдах гомдлын хүрээнээс хальж дүгнэлт хийхээр бол бүрэн судалж 48 дугаар тогтоол гарах үндэслэл болсон Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлийг судалсан бол “хариуцагч нэхэмжлэгчтэй ажиллаж чадахгүй” гэх шалтгаанаар холбогдох хууль, журмын дагуу урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байгааг анхаарах шаардлагатай. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний 11 дүгээр тэмдэглэлд “Хурлын дарга чөлөөлөгдөж, шинэ Хурлын дарга томилогдсон байгаа. Үүнтэй холбоотой Хурлын дарга надад цаашдаа хамтарч ажиллах боломжгүй байна. Тийм болохоор Хурлын даргын хэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ асуудлыг оруулж байгаа юм” гэх хэсгийг анхаарна уу.

7. Захиргаа шийдвэр гаргах эрхтэйгээрээ хүн, хуулийн этгээдээс давуу субъект бөгөөд хууль журамд нийцүүлэн акт гаргах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн атлаа Хурлаар хэлэлцэн шийдвэрлэснээсээ өөр агуулга бүхий шийдвэр гарган, дараа нь хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар урамшуулал олгохгүй гэж, өөрийн гаргасан актаа хуулийн дор халхавчлан хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгч Ч.Батжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн атал нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу үүсээгүй эрх хамгаалагдах ёсгүй гэж үзэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

8. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын шийдвэр, акт өөрт нь эерэг үр дагавар үүсгэсэн тохиолдолд хүчингүй болгуулахаар хандах шаардлагагүй, биелэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан төдийгүй хариуцагчаас урамшууллыг олгоно гэж хүлээлгэж байсныг анхаарна уу.

9. Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/882 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч Ч.Б нь Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг тогтоолоор “нэхэмжлэгчид мөнгөн тусламж олгох” тухай тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолоор “өөрөө хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдөж байжээ.

12. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид мөнгөн тусламж олгох үндэслэлийг тодорхой нэрлэн заасан байх бөгөөд үүнд “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэх үндэслэлийг нэрлэн заагаагүй байна. Иймээс нэхэмжлэгчид мөнгө тусламж олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, захиргааны байгууллагаас өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан байна. Улмаар захиргааны байгууллага нь ийнхүү хуульд нийцээгүй тогтоолоо өөрөө хүчингүй болгож, маргаан бүхий 10 дугаар тогтоолыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

13. Нэхэмжлэгчийн “давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргахдаа “Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийг хангасан, мэдэгдэх арга хэмжээг бүх талаар авсан” гэх хэд хэдэн үндэслэл заасан, шүүхээс энэ хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, гол агуулгад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэж байна.

14. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “хариуцагч, нэхэмжлэгчтэй ажиллаж чадахгүй” гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэл болж чадахгүй. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоол гаргах үед уг тушаалын хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан маргах эрх нь нээлттэй байсан атлаа маргаагүй, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн байна. Захиргааны байгууллага нь хуулиар өөрт эрх олгогдоогүй асуудлаар урамшуулал олгох эрхгүй, нэхэмжлэгчийн тухайд хуульд заагдаагүй үндэслэлээр мөнгөн тусламж шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн “талууд харилцан тохиролцсон” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.

15. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор зохицуулсан, тухайн тохиолдолд нэхэмжлэгчид мөнгөн тусламж болох 4986000 төгрөгийг төсвөөс олгох үйл ажиллагаа хэрэгжээгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах зарчимд нийцэхгүй, бодит байдалд хэрэгжээгүй байна. Иймд, гомдлын 7-д заасан “өөрийн гаргасан актаа хуулийн дор халхавчлан хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан буюу “захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх” гэсэн нэхэмжлэлийг хангах хоёр урьдчилсан нөхцөлийг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв болжээ.  

17. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0882 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ      

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ