Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/05185

 

 

 

 

 

 

 

 

2022 12 09

101/ШШ2022/05185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоотод оршин суух, Хар дархад овогт Н.М /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ххххххххххххххххххххх тоотод оршин суух, Тээл овогт М.З /рд:/-т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.З-т 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 00-00 УБС улсын дугаартай кровн 171 маркийн автомашиныг 4,800,000 төгрөгөөр худалдсан. М.З нь надад 3,100,000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь 700,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг төлсөн. Бид итгэлцлийн гэрээг бичгээр хийж, үлдэх төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч одоо болтол үлдэх төлбөрөө төлөхгүй байна. Уг машиныг би банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж авсан байсан. Уг зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг байсан ба уг мөнгийг М.З төлнө гэж амалсан боловч төлөөгүй байна. М.З нь утасаа авахгүй холбоо барих боломжгүй болгож, 2 жил сураггүй алга болж, би эрэн сурвалжилах хэлтэст 2022 оны 10 сарын 6-ны өдөр өгснөөр хаяг, утсыг нь олсон. Иймд М.З-аас машины төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, банк бусын зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, бусад зардал 200,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бусад зардалд нэхэмжилсэн 200,000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэх 2,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М.З нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардан авсан боловч тэрээр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан бичиг, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэлцлийн гэрээ, баталгааны баримт,

3.2 Хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.М-Э нь хариуцагч М.З-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгаж, 2,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч М.З нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр итгэлцлийн гэрээ гэх баримт үйлдэж, уг баримтад Н.М-Э-ээс 00-00 УБС улсын дугаартай кровн 171 маркийн автомашины төлбөрт 3,100,000 төгрөгийг өгсөн, үлдэх мөнгийг 3 сарын хугацаанд сар болгоны 25-нд төлж барагдуулахаар тохиролцов гэжээ. /хх-6/

 

3.1 Мөн хариуцагч М.З нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталгаа гаргах нь гэх баримт үйлдэж, уг баримтаар М.З миний бие Н.М-Э гэдэг хүнд мөнгийг өгч барагдуулна. 15-ны өдөр гэхэд 1 сая төгрөг өгнө гэжээ.

 

3.2 Нэхэмжлэгч Н.М-Э нь хариуцагч М.З-т 00-00 УБС улсын дугаартай кровн 171 маркийн автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,800,000 төгрөгөөр худалдсан, уг автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж, нийт 2,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.3 Хэрэгт авагдсан дээрх хариуцагч М.З-аас үйлдсэн итгэлцлийн гэрээ, баталгаа гэх баримтууд, нэхэмжлэгч Н.М-Э-ийн тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 41-06 УБС улсын дугаартай кровн 171 маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талууд уг гэрээг амаар байгуулах эрхтэй.

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...автомашиныг нийт 4,800,000 төгрөгөөр худалдсан. Үүнээс бэлнээр 3,100,000 төгрөгийг авч, сүүлд дахин 700,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг авсан. Одоо машины төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийн төлбөр 1,600,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

4.2 Хариуцагч М.З-аас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталгаа гэх баримтаар 1,000,000 төгрөгийг Н.М-Э-д төлнө гэж бичгээр хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа байдал, нэхэмжлэгч Н.М-Э-ээс гаргасан автомашины төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг үлдсэн гэх тайлбараас тус тус үзэхэд хариуцагч М.З нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.М-Э-д төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

4.3 Харин нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагад миний төлөх ёстой байсан зээлийн төлбөр 1,600,000 төгрөгийг хариуцагч М.З нь төлнө гэж надад амласан тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.4 Нөгөө талаар, нэхэмжлэгч Н.М-Э нь автомашиныг 4,800,000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэж тайлбарлах атлаа автомашины төлбөрт тооцон түүний банк бус санхүүгийн байгууллагад төлөх 1,600,000 төгрөгийг хариуцагч М.З төлөхөөр тохирсон гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь нэхэмжлэгчийн тайлбарласнаар автомашины үнэ 4,800,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлөх 1,600,000 төгрөг гэвэл нийт 6,400,000 төгрөг байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс уг байдлыг тодруулахад ...банк бус санхүүгийн байгууллагад төлөх 1,600,000 төгрөгийг машины үнэд тооцон надад төлнө гэж амласан юм. Ер нь бол машинаа нийт 4,800,000 төгрөгөөр зарахаар тохирсон. 4,800,000 төгрөгөөс гадна 1,600,000 төгрөг байгаа гэж тайлбарласан нь зөрүүтэй байна.

 

5. Хариуцагч М.З нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардан авсан боловч тэрээр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

5.1 Хариуцагч М.З нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хариу тайлбар гаргаагүй байгаа нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэгч Н.М-Э-ээс 00-00 УБС улсын дугаартай кровн 171 маркийн автомашиныг худалдан авсан, тухайн машиныг эзэмшлийг өөртөө бүрэн шилжүүлж авсан үйл баримтад маргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үзэж хариуцагч М.Зо-аас автомашины үлдэх төлбөр 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

6.1 Нэхэмжлэгч нь бусад зардал 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт хэсэгт зааснаар уг татгалзлыг батлах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч Н.М-Э нь хариуцагч М.З-ыг эрэн сурвалжлуулж, цагдаагийн байгууллагаас түүний оршин суух хаягийг Баянзүрх дүүргийн хххххххххххххх тоот болохыг тогтоосон байна. /хх-4/

 

7.1 Шүүхээс Баянзүрх дүүргийн 5ххххххххххххххх3 тоот хаягаар хариуцагч М.З-т мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Тэрээр нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суух хаягийг Баянзүрх дүүргийн ххххххххххххххх тоот болохоо шүүхэд мэдэгдсэн. /хх-14/

 

7.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.З нь шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирдэггүй, шүүхээс түүний оршин суух хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тодорхойлолтыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн байна. /хх-21-23 дугаар тал/

 

7.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хариуцагч нь хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй байна.

 

7.4 Шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, цагдаагийн байгууллагад түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлэхийг даалгасан. /хх-ийн 24-38/

 

7.5 Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэслэгч Б.Балдандорж нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудсаар Баянзүрх дүүргийн хххххххххххх тоот хаягийг шалгахад Очирсүх гэх иргэн гарч ирж, М.З гэх хүн энд байдаггүй гэх хариу өгсөн. Тухайн хорооны зохион байгуулагчаас тодруулахад тус хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх хариу өгсөн гэжээ. /хх-41/

 

7.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж, 77.7 дахь хэсэгт Зохигч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж тус тус заасан.

 

7.6.1 Шүүх хуралдааны товыг хариуцагч М.З-т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргад хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн хороонд бүтэц өөрчлөлт орж, 5 дугаар хороо нь 31 дүгээр хороо болсон байх ба тухайн хорооны Засаг даргаас М.З нь тус хорооны Монел хххх тоотод бүртгэлгүй оршин суудаггүй гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн. /хх-40/

 

7.7 Иймд хариуцагч М.З нь шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирдэггүй, шүүхэд тайлбар гаргах, нотлох баримтаа цуглуулж өгөх эрх, үүргээ хэрэгжүүлдэггүй, шүүхэд оршин суух хаягаа өөрчилсөн болохоо мэдэгдээгүй, буруу хаяг өгдөг, түүний шүүхэд мэдүүлсэн утасны дугаараар холбогдоход утсаа авдаггүй, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг авахаас татгалзсан, шүүх хуралдааны товыг мэдсээр атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.З-аас 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.М-Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бусад зардал 200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ