| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2006 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 25.3.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2006
2025 08 25 2025/ШЦТ/2006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч О.Анужин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М,
шинжээч Б.Э /цахимаар/, Д.И,
шүүгдэгч Х.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алгангадас, Т.Багахүү,
нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 240902550 2378 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Э ургийн овогт Х.Б
Монгол улсын иргэн,..................... эрэгтэй, дээд боловсролтой............................. механик инженер мэргэжилтэй, ам бүл 3........................... эхнэр хүүхдийн хамтаар, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Х.Б 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................”-ын байранд соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар эзэмшиж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Х.Б 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ “.................”-ын байранд соёлын биет өвд хамаарах “Хадны зургийн хэсгүүд 3 ширхэг. Агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, Үнсэн самбар 1 ширхэг, 70 см урттай чулуужсан мод 1 ширхэг” зэргийг хууль бусаар эзэмшиж байсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Х.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 59 настай, багаасаа уран зураг, шагай, бөглөө зэргийг цуглуулдаг байсан. 2005 оны үед ............. гишүүнээр ажиллаж байх хугацаандаа зам дээрээс аялал жуулчлалын зориулалтаар зардаг чулууг авч байснаа санаж байна. Өнөөдрийг хүртэл тухайн чулуу нь зарагдаж байгаа. ............... сумын цагдаа н.Д, н.Э гэх хүмүүс тухайн чулуунуудаар усан оргилуур хийчихсэн, .............. үүдэнд байдаг. “.................” гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд соёлын өв биш, сүүлд Хятад Улсад хийгдсэн бүтээгдэхүүн гэж дүгнэсэн. 2014 онд соёлын өвийн хууль гарсан гэдгийг би мэдээгүй. Нэгжлэгийн үед л ийм хууль байдаг гэдгийг мэдсэн, хуулийн сурталчилгаа маш муу байсан, төрийн цагдаа, дэслэгч, ахлагч нар ч тухайн хуулийг мэдэхгүй соёлын өвийг хадгалагдаж байна. Мөн өвөөгөөсөө уламжлагдан ирсэн зүйлийг бүртгүүлэх ёстой гэдгийг мэдээгүй, үүн дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Интернэт, фэйсбүүк орчинд үнэт чулуу, дурсгалт зүйлсийг зардаг талаар мэдээлэл байгаа, үүнийг өмгөөлөгч нартаа өгсөн. Төр миний хувийн складыг үзнэ гэхэд нь үзүүлсэн, бүх зүйлсээ гаргаж харуулсан. Захиалгатай ч юм уу мэдэхгүй, миний уран зургийн цуглуулгыг л үзэх гэж орж ирээд соёлын өвийг олсон. Миний хувьд тухайн соёлын өвийг зарах, завших тохиолдлыг нэг ч удаа үйлдээгүй. Хадгалж байсан, уран зургийн хажууд тухайн чулуунуудыг тавихаар сайхан харагддаг. Миний энэ үйлдэл буруу бол би хүлээн зөвшөөрч байна. Мөн өвөг дээдсээсээ дамжигдан ирсэн зүйлс нь бусдын өмч бол хураалган өгөхөд татгалзах зүйл байхгүй. Яагаад Монгол Улсын иргэн хуулийн дагуу ямар нэгэн зүйлийг хадгалж цуглуулж болохгүй юм бол гэсэн бодол төрж байна. Мөн соёлын өвийн талаарх хуулийг нэлээн сайн сурталчилж өгөхгүй бол маш олон сонирхогч, цуглуулагч нар над руу ярьдаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хүмүүст хариу өгнө гэсэн байр суурьтай байгаа. Би хууль ёсоороо Монгол Улсын төлөө ажиллаж явсан, Монгол Улсын онц хилчнээс гавьяат тээвэрчин хүртэл өнөөдрийг хүртэл зүтгэж байна. Энэ хугацаанд улс эх орны төлөө буруу юм хийх талаар нэг ч удаа бодож байгаагүй. Одоо би үр хүүхэд, найз нөхөд дөө битгий юм цуглуул, мөрөөрөө амьдар гэж хэлдэг болсон. Бусад улс орнуудаар явахаар хувь хүний цуглуулга, тухайн улсуудын музей, уран зураг зэрэг нь улс, эх орондоо асар их хэмжээний орлого оруулж ирж байна. Би саяхан өөр улс руу очиход хувийн цуглуулгыг нь авчихсан, чулуунуудаар нь үзэсгэлэн гаргачихсан, мөнгө олоод байж байна. Яагаад болохгүй гэдгийг би ойлгохгүй байна” гэв,
- шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би чулуужсан модыг 2006 оны үед Өмнөговь аймагт явж байгаад Элсэн манханууд дээр зардаг чулууг нь худалдаж авсан, Хадны зургийн хэсгүүдийг мөн 2007-2008 онд Дундговь аймагт явж байгаад үл таних хүнээс 200-300 мянган төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Би ямарваа нэгэн соёлын өвийг эвдэж сүйтгэж аваагүй. Харин Үнсэн самбар гээд байгаа зүйл нь намайг ухаан орох үед л надад байдаг. Харин Агсарга бүсний чимэглэл нь надад өмнө бэлэг дурсгалд хүн өгч байсан санагдаж байна. Яг хэзээ хэн гэж хүн өгсөн талаар би мэдэхгүй байна. Эдгээр зүйл нь үнэхээр улсад хэрэгтэй зүйл бол би буцааж өгөхөд бэлэн байна. Харин Соёлын өвийн хууль нь 2014 онд гарч байсан. Эдгээр зүйл нь надад 2014 оноос өмнө хадгалагдаж байсан юмаа. Соёлын өвийн хуулиараа зөрчлийн хэрэг юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Би Соёлын өвийн тухай хуулийг уншаад ямарваа зүйлийг бүртгүүлэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Би тогтоолтой танилцсанаас хойш Соёлын өвийн тухай хууль байдаг юм байна. Соёлын өвийг бүртгэж гэрчилгээ өгдөг гэдгийг мэдэж авлаа. ................. нь тухайн байрыг түрээсэлдэг юм. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд түрээсэлж байна. Би Хадны зургийн хэсгүүд 3 ширхэг. Агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, Үнсэн самбар 1 ширхэг, 70 см урттай чулуужсан мод 1 ширхэг эд зүйлсүүд нь Соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл хамаардаг эсэхийг мэддэггүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,
- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М нь: “...Соёл спорт, аялал жуулчлалын яамны чиг үүрэг нь түүх соёлын дурсгалт өвийг хадгалан хамгаалах, уламжлалт зан заншлыг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж хуульчилж тогтоосон чиг үүрэгтэй. Тэгэхээр соёлын яамнаас Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, мөн яаж хадгалах ёстой зэрэг бодлогыг боловсруулж, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийг цагдаагийн байгууллагаас байгуулсан. Бидэнтэй хамтран ажилладаг. Соёлын өвийг хамгаалах чиглэлд ямар нэгэн байдлаар хяналт тавьж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажилладаг. Цагдаагийн байгууллагаас бидэнд энэ хэргийн талаар мэдэгдэж бидний зүгээс мэдүүлэг өгсөн. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна. ...Соёлын өвийг хамгаалах тухай хуулиараа аливаа олдворыг мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч байж ашигладаг. Манай яамнаас археологи, палеонтологийн чиглэлээр авран хамгаалах, хайгуул судалгааны чиглэлээр жил бүр тогтмол тусгай зөвшөөрөл олгож ажилладаг. Жилдээ судалгаа, шинжилгээний зөвшөөрөл 80-90, авран хамгаалах чиглэлээр 70-80 нийтдээ 100 гаран зөвшөөрөл авч ажилладаг. Судалгаа шинжилгээ явуулсан байгууллага, судалгаа шинжилгээ явуулсан талаараа тайлангаа гаргаж өгдөг. Археологи, палеонтологийн олдвор аливаа эд зүйлийн судалгаа нь удаан хугацаанд хийгддэг. Судалгааны явцад иж бүрийн шинжилгээ, тухайн эд зүйлийн гарал үүсэл зэргийг судалдаг” гэв,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тус яаманд ................... ажилладаг. Би шинжилгээний дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлттэй холбоотой соёлын биет өвд хамаарах эд зүйлийг таньж тогтоосон шинжээчийн дүгнэлттэй санал зөрөх асуудал байхгүй. Соёлын өвийг хамгаалах хуульд археологи, палеонтологийн олдвор нь төрийн өмч байна гэж заасан байдаг. Иймд иргэн, хуулийн этгээд өмчлөх, эзэмших эрх байхгүй. Иргэн, хуулийн этгээд нь Түүх, соёлын дурсгалт зүйлийн археологи. палеонтологийн олдворыг хуулийн дагуу өөртөө өмчлөх, эзэмших боломжгүй. Археологи. палеонтологийн олдворыг иргэн, хуулийн этгээд нь олсон тохиолдолд Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгех ёстой. Тэгээд төрд хүлээлгэж өгсний хариуд зохих урамшууллыг авахаар зохицуулсан”, ...Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт: “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч байна” гэж заасан байдаг. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 6 дугаар бүлэгт Соёлын өвийг эзэмших, ашиглах. өмчлөх талаар тусгаж оруулсан байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-67 дугаар хуудас, 70 дугаар хуудас/,
- гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг уран зургийн агуулах бүхий төмөр сейфэн хаалгатай өрөө нь миний болон манай банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийнх биш. ........ байгаа юм. Надад зүгээр л энэ өрөөний түлхүүр нь байдаг. Яагаад гэвэл ямар нэгэн гал, усны гэнэтийн аюул учирсан үед арга хэмжээ авах үүднээс байдаг. Намайг анх 2019 онд уг оффист ажиллаж эхлэхэд л энэ агуулахад дээрх эд зүйлс байдаг байсан. Энэ талаар Х.Б л сайн мэдэж байгаа байх, уг өрөөг надаас өмнө Х.Б хариуцдаг байсан. Эдгээр зүйлсээс би үүдэнд байсан дээрх 3 ширхэг чулуу, чулуужсан модыг бол харж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
- гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт, ................. үйл ажиллагаа явуулж байгаа өрөө, тасалгаа, объектын талбай ............... өмчлөлд байдаг. Би талбайн түрээсийн мөнгөө ....... данс руу шилжүүлж төлдөг. ............... эзэмшигч, өмчлөгч нь Х.Б гэх хүн байдаг. Тус өрөөнд байгаа эд зүйлс миний өмч бол биш, Х.Б гэх хүний өмч байх. 2021 онд Уран зураг хадгалах зориулалт бүхий өрөөний түлхүүрийг Х.Баас хүлээн авч, гал усны аюулаас сэргийлэх үүднээс шалгаж байхаар болсон. Тэр үеэс Уран зураг хадгалах зориулалт бүхий өрөөний үүдэнд чулуунууд байсныг санаж байна. Би хадны зургийн хэсэг 3 ширхэг. агсарга бүсний товруун чимэглэл 25 хэсэг, гуулин илд 1 ширхэг. чулуун баримал 3 ширхэг, үнсэн самбар 1 ширхэг, модон сав 1 ширхэг, чулуун янтай 1 ширхэг, бэхний сав 1 ширхэг, чулуужсан мод 1 ширхэг зэрэг эд зүйлсийг Х.Б хэзээ, хаанаас олж авсан талаар мэдэхгүй. Надад тэр талаар хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас/,
- гэрч П.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Х.Быг 20 гаруй жилийн өмнөөс мэддэг болсон. Би Х.Бтай хамт Ховд аймгийн Зэрэг суманд цогцолборын ажил хийж байсан. Би тэр цогцолборын зургийг нь зурж өгч байсан. Би дүрслэх урлагийн чиглэлээр холбоотой байсан. Х.Б надаас дүрслэх урлагийн мэргэжлийн зөвлөгөө авдаг. Би дүрслэх урлагийн зөвлөгөө өгснийхөө хариуд төлбөр мөнгө авдаг байсан. Миний мэдэж байгаагаар 2011, 2012 онуудад Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт, .................. ............-ын үйл ажиллагаа явуулдаг газарт байх өрөөг Х.Б нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас уран зураг хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг авчирч, байрлуулж байсныг мэднэ. Бодвол дээрх эд зүйлийг хадгалж байсан юм байгаа биз” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/,
- Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04/382 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2024-15 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Байгалийн хадны нүүрэн талд урт эвэртэй зогсож буй янгирыг хортонтуулах арга барилаар тойм дүрсэлсэн. Хүрлийн үед холбогдоно. Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төрөлд хамаарна. Байгалийн хадны нүүр талын толигор хэсэг дээрээ хонхойлгох арга барилаар хоёр морьтныг дүрсэлсэн байна Хүрлийн үед (HTӨVIII-VII зуун) холбогдоно. Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төрөлд хамаарна. Хадны нүүр талын толигор хэсэг дээрээ нэг морьтон болон хоёр Янгирыг хонхойлгох арга барилаар загварчлан дүрсэлсэн байна. Хүрлийн үед (HTӨVIII-Vll зуун) холбогдоно. Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төрөлд хамаарна. Агсарга бүсний товруун чимэглэлүүдийг хүрлээр цутгаж хийсний дараа мөнгөн усны амилгам шармалаар өнгөлсөн. Алт товруу чимэглэлүүдийг бүсний таар бес даавуун хийцлэл дээр хадаж тогтоохдоо цагаан тугалга эсвэл хар тугалганы найрлага өндөртэй зэсийн давтмал хайлшаар арлаж, тавлаж хадсан хийцлэлтэй. чимэглэл нь дээрээ угалзан болон цэцгэн хээний дүрслэлтэй 3 талт болон дөрвөлжин хэлбэртэй товруутай, гурван аралтай байна. Дээрх бүсний товруун чимэглэл, хадгалагдсан байдал, дүрслэл, ур хийц, В бусад газраас олддог археологийн олдвортой адил төстэй зэрэгт үндэслэн дундад зууны үед холбогдох боломжтой хэмээн үзэж байна. Соёлын биет өв, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна. 10 хуудас бүхий модоор хийгдсэн. Нурууг арьсаар бөхөлсөн, тодорхой элэгдэл хоргодол, он цаг зэргийг нь харахад түүх, соёлын дурсгалт зүйл мөн хэмээн үзэж байна. Энэхүү самбар нь XIX-XX зууны эхэн үед холбогдоно. Соёлын биет өв, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь СӨУНБМС (Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан)-д бүртгэлгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай хадны зургийн хэсгүүдийг эх төрхийг алдагдуулж унаган газраас нь зориудаар ховхолж авсан байна. Асуулт 5-д дурдсан хадны зургууд нь хүрлийн үед холбогдох хадны зургийн дурсгал бөгөөд байгалийн хад нь дээрээс хурц үзүүртэй багаж ашиглан ховхолж, зөөж тээвэрлэсэн байж болох гэмтлүүд хадны ирмэг хүрээ хэсгүүдэд хагарсан, цуурсан ул мөрнөөс харагдаж байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудас/,
- Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн 24/03 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн 70 см урттай, угаараа 40см, үзүүр хэсэгт 35см хөндлөн огтлолттой зүйл нь чулуужсан модны (petrified wood) хэсэг бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1, 6.1.5 зэрэг заалтаар соёлын биет өв, палеонтологийн олдвор мөн болно. Монгол нутгаас чулуужсан мод нь Өмнөговь, Дорноговь аймгийн палеонтологийн олдворт газруудаас олддог. Энэхүү олдвор нь гадаад байдал, чулуужилт, цахиуржсан байдал зэргээрээ Юрийн галавын хожуу үед (одоогоос 160-150 орчим сая жилийн өмнө) хамаарах Дорноговь аймгийн нутагт байрлах, улсын хамгаалалтад байдаг Сүйхэнт хэмээх палеонтологийн олдворт газрын чулуужсан модтой ихээхэн төстэй бөгөөд чулуужилт, хадгалалт харьцангуй сайн олдвор байна. Эрдэс чулуулгаас ялгарах шинж нь модны цагариг. ширхэг, судал, ур зэрэг модны онцгой бүтцээ чулуужсан мод хадгалан үлдсэн байдаг. Модны цагариг, судал, ширхэг зэрэг нь олдвор дээр ихээхэн тодорхой харагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн чулуужсан модыг хаанаас хэрхэн олж авсан талаар тодорхой мэдээлэл олж авах нь нэн чухал. Учир нь чулуужсан мод нь цааш үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд тонуулчид үргэлжилсэн томоохон хэмжээтэй олдвороос таслан авсан байх бүрэн боломжтой. Энэ олдвор нь шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдолтой дээж болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 11-р сарын 27-ны өдөр ирүүлсэн 5/14865 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас/,
- шүүгдэгч Х.Бын хувийн байдлыг тогтоосон баримт лавлагаа /хавтаст хэргийн 107-149 дүгээр хуудас/,
- Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 08-р сарын 21-ний өдрийн 4/4537 дугаартай ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл шалгуулах талаар албан бичиг /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга руу явуулсан 10е/12102 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
- Орон байранд нэгжлэг хийсэн тухай 2024 оны 05 сарын 06-ны өдрийн нэгжлэгийн зөвшөөрөл, тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 7-25 дугаар хуудас/,
- Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 5-р сарын 8-ны өдрийн 188 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Багахүү нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн санал: “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Энэ хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэт явуулж чадаагүй. Яагаад гэвэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хууль ёсны эсэх асуудал нь эргэлзээтэй. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахдаа хэлсэн. Мөн хэргийн оролцогч нарт шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан хугацаанд танилцуулж чадаагүйгээс болж миний үйлчлүүлэгч энэ хэрэгт өөрийгөө өмгөөлүүлэх, нотлох баримт гаргаж өгөх асуудлууд нь орхигдсон асуудлууд байдаг. Мөн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн цаг хугацааг тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэхдээ гэмт хэрэг хэзээ, хаана гарсан эсэх асуудлыг нарийн бүрэн гүйцэт шалган тогтоосон байх ёстой. Мөн хэргийг шүүхэд шилжүүлэхээр яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэнийг эргэлзээгүйгээр тогтоосон байх ёстой гэсэн шаардлагыг зөрчсөн. Үүнээс улбаалаад гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нөхцөл байдлаас шалтгаалаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогссон эсэх асуудлууд яригдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсхүл гэмт хэрэг үйлдэгдэх үед хуулийн зохицуулалт байгаа эсэх асуудал гарч ирж байна. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь тогтоогдоогүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчтэй холбоотойгоор тухайн эд зүйлсийг хэзээ олж авсан талаарх баримт, мэдүүлгийг хангалттай өгсөн. Үүнийг няцаасан нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байдаг. 2005-2006 оны үед тухайн эд зүйлийг олж авсан нь тогтоогддог, тухайн цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөгдөж, үйлчилж байсан. Тэгэхээр 2002 оны Эрүүгийн хуульд соёлын өвийг завших талаар зохицуулагдаагүй байдаг. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь хуучин хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Миний үйлчлүүлэгчийн тухайн эд зүйлсийг олж авсан цаг хугацааг хөөж үзвэл 2019 онд тухайн эд зүйлс нь агуулахад хадгалагдаж байсныг гэрч н.Н мэдүүлсэн. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор өөр хэрэг бүртгэлтийн хэрэг дээр 2016 онд үзлэг нэгжлэг хийж байсан, тухайн үед эд зүйлс нь байж л байсан. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг илэрхийлж байна. Энэ тал дээр шүүх анхаарахыг хүсэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шинжээч нар мэдүүлсэн байдаг, Соёлын өвийн тухай хууль дээр ямар тохиолдолд тухайн соёлын биет өвийг бүртгүүлэх ёстой талаар, хэрвээ бүртгүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч нар тодорхой мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн эд зүйлсийг бүртгүүлээгүй тохиолдол байгаа, энэ асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, харин зөрчлийн тухай хуульд заасан асуудал байж болох талтай гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олсон эд зүйлээ төрд хандивлаад урамшуулал авдаг талаар ярьсан. Миний үйлчлүүлэгч ч мөн тухайн эд зүйлсийг завших санаа зорилгогүйгээр аваад одоо төрдөө буцааж өгнө гэдэг байдлыг илэрхийлж ирсэн. Тухайн гэмт хэргийн субъектив тал, субъектийн шинж бүрэн гүйцэт тогтоогдсон эсэх нь маш эргэлзээтэй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь тусгай субъект байдаг гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл тухайн соёлын биет өвийг хамгаалан хариуцаж байгаа этгээдүүд болох археологийн судлаач нар, шинжээч нар, музейн эрхлэгч, албан хаагч, тухайн соёлын биет өвийг хариуцаж байгаа этгээд нь санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр завшиж үрэгдүүлж байгаа үйлдлийг энэ гэмт хэргийн шинж гэж ойлгож байна. Гэтэл миний үйлчлүүлэгч тухайн өөрийн олж авсан эд зүйлсийг худалдан борлуулах зорилгогүйгээр, урьд нь хэн нэгний итгэмжлэгдэн хариуцан аваагүй эд зүйлсийг аваад бүртгүүлээгүй л зөрчил байгаа. Ийм учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн санал: “Соёлын өвийг завших гэмт хэргийг задлаад үзвэл нэгдүгээрт соёлын өв байна, түүнийг завшсан бол гэж байна. Энэ хэрэг дээр завшсан гэдэгт хамаараад явж байгаа. 2006-2007 оны үед иргэн Х.Б хөдөө орон нутгаас гадуур зарагдаад байж байдаг зүйлийг авахад соёлын өв гэдгийг мэдээд авсан юм уу, тэр үед соёлын өв гэдэг нь тогтоогдсон юм уу, эсхүл энэ хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 06, 06 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр соёлын өв мөн байна гэдгийг олж тогтоогоод байгаа юм уу гэдэг эдгээр зүйлийг ялгаж салгаж зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлгээс бусад баримтуудад соёлын өв гэдгийг тодорхойлсон ганцхан шинжээчийн дүгнэлт л байгаа. Бусад гэрч нарыг мэдүүлэгт соёлын өв гэж тодорхойлсон мэдүүлэг гэж байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М өгсөн мэдүүлэг нь гол мэдүүлэг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн ойлголтгүй, ганцхан урлаг судлаач гэдэг мэргэжилтэй хүн, одоогоор ахлах шинжээчээр ажилдаг, яамны мэргэжилтэн, хуулийн нарийн төвөгтэй зүйл заалтыг яг өөрийнхөөрөө ойлгож тайлбарлаж байгаа хүний мэдүүлгээр соёлын биет өвийг завшсан гэсэн ойлголтыг энэ хэрэгт бүхэлд нь өгчихсөн. Гэтэл соёлын өвийг хувьдаа эзэмшиж, галерейдаа тавьж болдог гэдэг ойлголтыг хуулийн бүхий л заалтуудаас харж болж байна. Харин бүртгүүлэх нь сайн дурын үндсэн дээр байх ёстой юм байна гэдгийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгээс харж болж байна. Би хувьдаа ойлгохдоо 2024 оны 05 дугаар сарын 06, 06 дугаар сарын 17-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс эхэлж соёлын өв мөн байна гэдгийг мөрдөгч, шинжээч, шүүгдэгч нар нь мэдсэн. Үүнээс хойш Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор эсхүл мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор бүртгүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. Ингээд өөртөө эзэмших, ашиглах эрх нь нээлттэй болно гэж үзэж байна. Энэ тохиолдолд ямар хуулийн зүйл, заалт зөрчигдсөн бэ гэхээр Зөрчлийн тухай хуульд заасан соёлын өвийг бүртгүүлэх гэдэг зохицуулалт зөрчигдсөн байна. Хоёрдугаарт завших гэдэг нь гэм буруугийн шууд санаатайгаар илэрдэг, тодорхой үйлдлээр илэрч байгаа. Х.Бын өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болоод хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруугийн ямар шууд санаатай хэлбэр яаж завшаад байгаа гэдэг ойлголт огт байхгүй. Энэ тухай асуудлыг мөрдөн байцаалтын явцад тодорхой болгож чадаагүй. Энэ гэмт хэрэг нь хэзээ, хаана үйлдэгдсэн гэдгийг тодруулсан ойлголт байхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шинжээчийн дүгнэлтүүдийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр танилцуулсан, шинжээчийн дүгнэлтүүдэд нэмэлт асуулт тогтоолгож ойлгомжгүй байгаа зүйлсийг асуулгах зорилгоор хүсэлт гаргасан боловч энэ хүсэлт одоо хэрэгт байхгүй, хариуг нь одоо хүртэл өгөөгүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлттэй холбоотой заагдсан эрхээ яллагдагч, өмгөөлөгчийн хувьд эдэлж чадаагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
Аливаа улсын соёлын өв бол өнгөрсөн үеийнхний бүтээсэн биет болон биет бус соёл бөгөөд олон жилийн цаг хугацааны шалгуурыг даван туулж, үнэ цэнэтэй, хүндэтгэлтэй зүйл болгон хойч үедээ өвлүүлэн үлдээсэн соёлын зүйл юм. Түүнчлэн дэлхий дээр зэрэгцэн оршиж буй улс орнууд нь өөрийн түүхэн уламжлал, зан заншил, эрхэмсэг оршихуй, сүр хүч, бахархалаараа ялгаран онцгойроход чухал хүчин зүйл нь соёлын өв бөгөөд түүнийгээ дэлхий нийтэд түгээн таниулж суртчилахаас гадна төр болон иргэдийн зүгээс соёлын өвийг хамгаалан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой үүрэг гүйцэтгэх учиртай.
Тиймээс Монгол улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж тунхагласан.
Хууль тогтоогчийн зүгээс Үндсэн хуульд заасан үзэл санааг тусган соёлын өвийг гадны улс оронд алдахаас сэргийлэх, ард иргэдийн үе дамжин ирсэн соёлын өвийг бүртгэлжүүлэх, иргэдийн эзэмшил, өмчлөлд байгаа соёлын өвийг төрийн хяналтаас гадуур худалдах, бэлэглэж бусдад дамжуулагдахаас сэргийлэх зэрэг зорилгоор үеийн үед Соёлын өвийг хамгаалах талаар холбогдох хуулиудыг батлан гаргаж байсан ба хамгийн сүүлийн шинэчлэн найруулсан одоо мөрдөгдөж буй Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталжээ. Мөн соёлын биет өвийг завших гэмт хэргийг 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлд анх удаа шинээр хуульчилжээ.
Соёлын биет өвийг завших гэмт хэргийн обьектив тал нь гэмт этгээд нь соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй, хяналтад оруулахгүйгээр зөвхөн өөрийн эзэмшил, өмчлөл мэт олон нийтэд ойлгуулж өөрт ашигтай хэлбэрээр дур зоргоороо түгээн суртчилах, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйлдлийг ойлгоно. Субьектив талын шинж нь соёлын биет өвийг төрийн өмч гэдийг мэдсээр байж гэмт этгээдийн санаатайгаар өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлж ашиглах гэсэн шунахай сэдэл санааг ойлгоно.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараас үзэхэд: шүүгдэгч Х.Б нь уран зураг, эртний эдлэл цуглуулагч байх ба түүний цуглуулганд байсан эд зүйл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтуудад заасан соёлын биет өв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Х.Б нь Монгол Улсын иргэн болон эртний эдлэл цуглуулагчийн хувьд соёлын өвийг хамгаалах талаар зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, холбогдох хууль тогтоомжуудыг мэдэж байсан ба өөрт байгаа эд зүйлийг соёлын өв мөн болохыг мэдэх бүрэн боломжтойгоос гадна өөрийн санаачилгаар соёлын ямар төрлийн эд зүйл болохыг мэргэжлийн шинжээчээр тодорхойлуулан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт: “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ.”, 23 дугаар зүйл 23.1 дэх хэсэгт: “Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.” гэж тус тус зааснаар төрийн хяналтад оруулах, мөн Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт: “Дарагдмал үнэт зүйлс дотор түүх, соёлын дурсгалт зүйл байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ...” гэж заасан тус тус үүргээ биелүүлэхээс зайлсхийжээ. Учир нь Х.Б нь өөрийн цуглуулгын уран зургийн үзэсгэлэнгээ гаргах далимдаа эртний эдлэлүүдээ олон нийтэд гаргаж үзүүлж байгаа үйлдэл нь үнэтэй чамин эртний эдлэлүүд байдаг гэдэг ойлголтыг бусдад төрүүлж олны анхаарлыг татах, өөрийн өмчлөл мэт харагдуулах зэргээр ашигтай нөхцөл байдлыг өөртөө бүрдүүлэх, төрийн өмч болох соёлын биет өвийг дур зоргоороо ашиглах шунахай сэдэлт зорилготой байсан гэж үзэв.
Х.Бын өөрийнх нь мэдүүлгээр тус соёлын биет өвүүдийг 2005, 2006 оноос хойш хөдөө орон нутгийн иргэдээс худалдаж авах, найз нөхдүүд бэлэглэх замаар цугларсан эд зүйлс гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тодорхойлон тус гэмт хэргийн гарсан цаг хугацааг мөрдөгчийн зүгээс нотлон тогтоох ажиллагааг хийгээгүй гэж маргаж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилсан байна. Тиймээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан соёлын биет өвүүдийн талаар 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний гомдлоор цагдаагийн байгууллагаас шүүгдэгчийн хамаарал бүхий барилга байгууламжид шалгалт хийж, илрүүлснээр Х.Бт тус соёлын биет өвүүд цугларан тодорхой цаг хугацаанд хадгалагдан, хувьдаа ашиглан завшиж байгаад тус өдөр таслан зогсоогдсон байх тул мөрдөгч, прокурорын зүгээс тус гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоосон гэж үзнээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын зүгээс гаргасан өмгөөллийн саналыг шүүх хүлээн авах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Х.Бын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн байр “.................”-ын байранд соёлын биет өвд хамаарах “Хадны зургийн хэсгүүд 3 ширхэг. Агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, Үнсэн самбар 1 ширхэг, 70 см урттай чулуужсан мод 1 ширхэгш” зэргийг санаатайгаар соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлэлгүйгээр, археологийн олдворыг төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр шунахай сэдэлтээр хууль бусаар эзэмшиж, өөрийн хөрөнгийн адил ашиглах боломжийг өөртөө бий болгож Соёлын биет өвийг завшсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, насны байдал болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжээр торгох ял шийтгэж, өөрийнх нь санал, хохирол төлөх боломжит хугацаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Х.Б нь хууль бус аргаар гэмт хэргийн замаар олж авсан эд зүйл гэж шүүх үзсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан соёлын биет өвийг прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хураан авч улсын орлого болгон, хадны зургийн хэсгүүд 3 ширхэг, Агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, Үнсэн самбар 1 ширхэг зэргийг зохих байгууллага болох Соёлын өвийн үндэсний төвд, 70 см урттай чулуужсан мод 1 ширхгийг зохих байгууллага болох Шинжлэх ухааны академийн палентлогийн хүрээлэнд тус тус шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ургийн овогт Х.Быг Соёлын биет өвийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 4000 /дөрвөн мянган/ нэгж буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт тус тус заасныг журамлан энэ хэрэгт хураагдсан хадны зургийн хэсгүүд 3 ширхэг, Агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, Үнсэн самбар 1 ширхэг зэргийг улсын орлого болгон, зохих байгууллага болох Соёлын өвийн үндэсний төвд, 70 см урттай чулуужсан мод 1 ширхгийг Шинжлэх ухааны академийн палентлогийн хүрээлэнд тус тус шилжүүлсүгэй.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ