Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00058

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 26 101/ШШ2023/00058

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххх тоот хаягт байрлах Т ХХК /РД: 5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух Ц.С РД: ххххххх/,

Хариуцагч: ххххххххххххххххх тоот хаягт оршин суух Б.Ж /РД: хххххххххх/ нарт холбогдох

6,492,858.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэвээн,

Хариуцагч Ц.С, Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэвээн хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Снь хамтран зээлдэгч Б.Жгийн хамт Ттай 2018 оны 01 сарын 05-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг зээлэн авсан. Эдгээр зээлдэгч нар 2018 оны 12 сарын 03-ны өдөр 340701993293 тоот цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4,240,000 төгрөг дээр нэмж 9,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлэн, нийт 13,240,000 төгрөгийг зээлсэн.

2018 оны 01 сарын 05-ны өдөр зээлэн авсан 6,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 03-ны өдөр зээлэн авсан 9,000,000 төгрөгийг тус тус зээлдэгч Ц.Сийн 340701993293 тоот дансанд шилжүүлсэн.

Зээлдэгч Ц.С, хамтран зээлдэгч Б.Ж нар 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 8,910,501.15 төгрөг, хүүгийн төлбөрт 9,727,930.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,642.99 төгрөг тус тус төлсөн.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн.

Иймд зээлдүүлэгч Т зээлдэгч Ц.С, Б.Ж нартай байгуулсан гэрээг цуцалж, 2022 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6,089,498.85 төгрөг, зээлийн хүү 392,537.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,822.31 төгрөг, нийт 6,492,858.93 төгрөгийг хариуцагч Ц.С, Б.Ж нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Ц.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 01 сарын 05-ны өдөр Тнаас 6,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 2018 оны 12 сарын 03-ны өдөр үлдэгдэл зээлэн дээрээ нэмээд 9,000,000 төгрөг зээлэн хашаа худалдан авсан. Зээл авсан талаар маргаан байхгүй ба 2022 оны 05 сараас зээлээ төлж чадаагүй.

Үндсэн зээл 6,089,498.85 төгрөг, зээлийн хүү 392,537.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,822.31 төгрөг, нийт 6,492,858.93 төгрөгийг эхнэр Б.Жг төл гэхгүй, би төлнө гэв.

 

Хариуцагч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Ц.Сийн зээлийг шахаж төлүүлэх үүрэгтэй хамтран зээлдэгчээр орсноос биш зээлийг төлнө гэж хамтран зээлдэгчээр ороогүй. Бид тусдаа амьдраад 2 жил болж байгаа, би 3 хүүхдийн хамт амьдарч байгаа гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Т ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Ц.С, Б.Ж нарын Ттай байгуулсан 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 340701993293 тоот барьцаат цалингийн зээлийн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд,

Зээлийн дансны хуулга, зээлийн шимтгэл төлсөн баримтууд, зээлийн өргөдлийн хураамж төлсөн баримтууд, 6,000,000 төгрөгийн мемориалын баримт, 9,000,000 төгрөгийн мемориалын баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,

Ц.С, Б.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон цалингийн тодорхойлолтууд, зээлдэгчийн анкетууд, зээл хүссэн өргөдөл, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд, Ц.Сийн банкинд гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ц.С, Б.Ж нар 2022 оны 10 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба шүүх хуралдаанд тайлбараа гаргасан байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Ц.С, Б.Ж нарт холбогдуулан 6,492,858.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2022 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар:

Үндсэн зээлийн үлдэгдэл 6,089,498.85 төгрөг,

Зээлийн хүүгийн үлдэгдэл 392,537.77 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,822.31 төгрөг/

 

Зээлдэгч нар нь Ттай 2018 оны 01 сарын 03-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг зээлэн авсан талаар хэн аль нь тайлбарлаж байх ба зээлдэгч Ц.С, хамтран зээлдэгч Б.Ж нар хашаа худалдан авах, гэрийн хэрэгцээнд зарцуулах зорилгоор 9,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлэн авах хүсэлт гаргажээ.

 

Зээлдэгч Ц.С, хамтран зээлдэгч Б.Ж нар 2018 оны 12 сарын 03-ны өдөр зээлдүүлэгч Ттай 340701993293 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 2018 оны 01 сарын 03-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн зээлийн үлдэгдэл 4,240,000 төгрөг дээр нэмж 9,000,000 төгрөг, нийт 13,240,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдлоо.

 

Дээрхи зээлийн гэрээнд зээлдүүлэгч Т, зээлдэгч Ц.С, хамтран зээлдэгч Б.Ж нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 7-40 дүгээр тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.

 

Зээлдүүлэгч Т зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Ц.Сийн нэр дээр 2018 оны 01 сарын 05-ны өдөр 340701993293 тоот зээлийн данс нээн 2018 оны 01 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд зээлдэгч нар нийт 15,000,000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 15-24 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т болон хариуцагч буюу зээлдэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Т ХХК-тай зээлдэгч талын байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч нар нь 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс хойш 2022 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 8,910,501.15 төгрөг, хүүгийн төлбөрт 9,727,930.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,642.99 төгрөг тус тус төлсөн нь зохигчийн тайлбар, зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 15-24, 28-31 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээний 2.2.1-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ,

3.2-т зээлдэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон ба 3.2.1-т Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх ...,

3.3.-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заасан ба дээрхээс үзэхэд хамтран зээлдэгч Б.Ж нь зээлдэгчийн нэгэн адилаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

/ХХ-ийн 7-14 дүгээр тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно,

6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг цуцлах талаар заасан ба зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу Т зээлийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан нь үндэслэлтэй болно.

/ХХ-ийн 7-14 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ ёсоор хариуцагч буюу зээлдэгч Ц.С, хамтран зээлдэгч Б.Ж нар үндсэн зээлд 6,089,498.85 төгрөг, зээлийн хүү 392,537.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,822.31 төгрөг, нийт 6,492,858.93 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ц.С, Б.Ж нарын Ттай байгуулсан 2018 оны 12 сарын 03-ны өдрийн цалингийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.С, Б.Ж нараас нийт 6,492,858.93 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ц.С, Б.Ж нарын Ттай байгуулсан 2018 оны 12 сарын 03-ны өдрийн цалингийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.С, Б.Ж нараас нийт 6,492,858.93 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,035.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С, Б.Ж нараас нийт 189,035,74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН