Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                              ..........

Улсын яллагч                                             ............

Шүүгдэгч                                                      ............

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн........... холбогдох  ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, ......... оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ........... сумд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн  дунд  боловсролтой, жолооч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг Завхан аймгийн ........ сумын ........... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ........... овогт ......... /............../

Шүүгдэгч ............ нь согтуурсан үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн ........ сумын ......... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........... хүнсний дэлгүүрийн урд талын таксины зогсоол дээр түүний таксигаар үйлчлүүлэхээр ирсэн, согтуурсан .............тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар ...........ыг машинаасаа чирч буулгаад шилэн хүзүүнд гараараа цохиж, газарт унахад нь хөлөөрөө эрүүнд нь нэг удаа өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь эрүү ясны цууралт, зүүн шанаа, зүүн хойд тохойд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч ........т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. 

Хохирогч .......... “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  . нь 2025 ...........оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Завхан аймгийн ......... сумын ......... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...........хүнсний  дэлгүүрийн  урд таксины зогсоол дээр .........тай үл ялих зүйлээр шалтаглан  маргалдаж, ...........ыг  машинаасаа чирч буулгаад шилэн хүзүүнд гараараа цохиж, газарт унагааж эрүүний хэсэгт нь  өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

         ............т зодуулж хөнгөн зэргийн гэмтэл авсан талаараа мэдүүлсэн хохирогч Д..........ын “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би найзтайгаа жаахан архи ууж байгаад оройн 21 цагийн үед гэртээ харих гээд ........ багт байрлах ..........хүнсний дэлгүүрийн урд талд байдаг такси байхаар  би машинд нь суугаад “би архи уучихсан согтуу байна та намайг гэрт хүргээд өг дүү нь ганц лааз пиво аваад машинд чинь уугаад явъя” гэж хэлсэн чинь машинд архи уулгахгүй гээд уурлахаар нь би урдаас нь “чи хэзээ ийм том болсон  бэ” гэж хэлтэл миний шилэн хүзүүнд гараараа цохиход би газарт уначихсан чинь хөлөөрөө миний нүүр эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөж авахаар нь намайг яагаад цохиж байгаа юм бэ  гэж хэлсэн чинь чамайг алсан ч яадаг юм гэж хэлчхээд яваад өгөхөөр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм... ...тэнд .........бид хоёроос өөр хүн байгаагүй. ..........согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй эрүүл байсан. Ойр орчимд таксинд явж байсан хүмүүс байсан байж магадгүй тэгэхдээ би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан .......... намайг цохиж байхад ирж салгасан хүн бол байхгүй, ойр орчимд хүн харагдахгүй байсан. Би ........ зодуулсны улмаас баруун талын эрүүний яс цуурсан, хүзүү хөшөөд толгой өвдөөд байгаа. Би ........ цохиж зодсон үйлдэл бол ерөөсөө гаргаагүй. Би ...... цохиулж зодуулсан талаараа хэн нэгэн хүнд хэлээгүй. Би нэгдсэн эмнэлэгт үзүүлж толгойны зураг авхуулсан. ...Надад учирсан хохирлыг барагдуулаад өгчих юм бол надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би биеэ нарийн мэргэжлийн шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан...” гэсэн  мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч .......гийн “.......... нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 115,100 төгрөгийн төлбөр гаргуулсан. ...энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 115,100 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч ........ийн үйлдлийн улмаас хохирогч ........ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн ..............2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ........ дугаартай “...1.Хохирогч ........ын биед гэмтэл учирсан байна. Хохирогч ............ын  эрүү ясны цууралт, зүүн шанаа, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Хохирогч ..........ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Хохирогч ..........ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон  хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч ....... нь хохирогч ..........ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Шүүгдэгч  ........ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд  шүүгдэгч ...........йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч .......... нь хохирогч ..........т хохирол нөхөн төлсөн, хохирогч .......... “...хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдолгүй...” гэсэн хүсэлтээр,  шүүгдэгч  .........  Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 115,100 төгрөг төлсөн болох нь банкны гүйлгээ хийгдсэн хуулбараар тогтоогдсон тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                     2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч ......... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч .........нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ......... нь прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

Иймд шүүгдэгч ......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ......... оногдуулсан 500  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч ............ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч .......... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт  ...............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...............ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ....... оногдуулсан 500  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........... оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000   төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15,000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ........ өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ............ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА