2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2199

 

 

                                                             

                                                                                                                     

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

           улсын яллагч Б.Тэгшбаяр /цахимаар/,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Э.Батбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн 2405 04785 0321 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, дулаан цахилгаан түгээх 4 дүгээр цахилгаан станцад хөгжлийн мэргэжилтэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. **********,*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** “....Тэр орой би хэсэг найзуудтайгаа явж байсан. Тэд нар нэлээн олуулаа байсан. Тодорхой хэмжээнд маргаан үүсээд байх байсан. Манай эхнэр салгах гээд ирсэн. Манай эхнэрийг газарт унагаад зодсон. Манай эхнэр жирэмсэн байсан. Тухайн үед үр зулбасан. Эхнэрээ татаад босгоод ирсэн чинь хамар амнаас нь цус гарсан байсан. Тэгээд та нар жирэмсэн хүн зодчихлоо гэсэн чинь зугтаагаад явсан. Энэ хүмүүс олдохоосоо өнгөрлөө гэж бодоод машиных нь цонхыг хагалсан. Тэр үед болчимгүй үйлдэл гаргасандаа харамсаж байна ...”гэв.

 

Эрүүгийн 2405047850321 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ***** мэдүүлэг  (хавтаст хэргийн 10-11 дэх тал ), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал ),“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23281/ДД№31780040 дугаартай машин, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 17-18 дахь тал ),2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 23-29 дэх тал ),

            шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирол төлбөрийн баримт (хавтаст хэргийн 20 дахь тал ), мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 21 дэх тал ), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 30  дахь тал ), яллагдагч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал ),  шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа 1 хуудас...”  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нэмэлтээр “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2405047850321 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч түүний гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *********** нь 2024 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Royal House” зочид буудлын хойно зам дагуу байрлуулан тавьсан хохирогч ******** эзэмшлийн ********* улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан, урд гупер болон капот, хойд хаалгыг нь зурж гэмтээсний улмаас 1,640,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ************* “...Миний өөрийн эзэмшлийн автомашин болох “Toyota Harrier” маркийн автомашиныг манай хүү ********* ихэвчлэн унаж явдаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хүү над руу залгаад “ааваа хүмүүс машины цонх хагалчихлаа” гэж ярихаар нь би хүүдээ “цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлсэн...Би өөрийн автомашиныг маргааш нь харахад урд салхины шил нь хагарч, толь нь хугарсан, мөн энд тэндээ зурагдсан байсан...Нийт 1,640,000 төгрөг гэж гарсан байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 10-11 дэх тал ),

 мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** “...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 01 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Royal House” зочид буудлын хойно...аавын машин болох “Toyota Harrier” маркийн ******** улсын дугаартай машины гадна найзтайгаа хоёулаа зогсож байсан. Доороос алхаад ирж байсан хүмүүс манай найз руу хараад “юугаа харсан юм” гэхээр нь “хараагүй” гэсэн чинь хэл амаар доромжлоод байх үед цуг явж байсан эмэгтэй нь бид хоёроос уучлалт гуйгаад аваад явсан. Гэтэл удалгүй тэр эрэгтэй буцаж ирээд манай найзыг “ахын дүү хүн рүү битгий муухай харж бай” гээд алгадсан. Манай найз бид хоёр согтуу хүмүүстэй хэрэггүй гэж хэлээд тэр согтуу хүнээс уучлалт гуйгаад явуулах гэтэл дахиад цаанаас тэр хүнтэй хамт явж байсан хүмүүс бүгдээрээ ирээд бид хоёр луу дайраад эхлэхээр нь бид хоёр зугтаасан. Нэлээн хол зугтаагаад харж байтал нэг нь манай машины шил, цонхыг юмаар цохиж, зүүн толь хугалж, хойд хаалга зурж гэмтээж байгаа нь харагдсан учир цагдаад дуудлага өгсөн.../машиныг эвдсэн гэх эрэгтэйг одоо харвал/...танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал ),

 

“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23281/ДД№31780040 дугаартай машин, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 17-18 дахь тал ),

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 23-29 дэх тал ) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг бол субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.

 

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөд халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа  ******* “эхнэр болон найзуудыг нь хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч ********* эзэмшлийн тээврийн  хэрэгсэлд идэвхтэй үйлдлээрээ халдаж, урд салхины шилийг чулуугаар хагалж, урд гупер болон капот, хойд хаалгыг нь зурж гэмтээж  хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч ********* 1,640,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн (хавтаст хэргийн 17-18 дахь тал) тайлангаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч ********* үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2405047850321 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон *********  1,640,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай гүйлгээний баримт (хавтаст хэргийн 20 дахь тал) хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хамгийн багаар торгох ялын хэмжээг тогтоож  өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус  гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2405047850321 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ