Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/00087

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 27

101/ШШ2023/00087

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн хххххххххххххх тоотод оршин суух, Тайж нар овогт Г.Б /рд:000000/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн хххххххххххххххх, өөрийн байранд оршин байрлах М д ХХК /рд:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7,787,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ч.А, гэрч Д.Н, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Г.Бий эзэмшлийн хххх УАМ улсын дугаартай Тоуоta Prius 41 Аlphа маркийн тээврийн хэрэгслийг иргэн С.Л жолоодож явах үед Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел, Цагаан давааны урд замд хариуцагч М д ХХК-ийн өмчлөлийн ХХХХ УБЭ улсын дугаартай Кiа Раmах маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хариуцагч М д ХХК-ийн ажилтан Д.Н нь урсгал сөрөн, нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас нэхэмжлэгч Г.Бий эзэмшлийн хххх УАМ улсын дугаартай Тоуоta Prius 41 Аlphа маркийн тээврийн хэрэгслийн урд буфер хагарч цуурсан, зүүн урд их гэрэл хагарсан. Зүүн урд под крыло урагдсан. Капут хонхойж нугаларсан, капутны нугас гулзайсан. Улсын дугаарын хүрээ хагарч, мөн гулзайсан. Агаар шүүгчийн гэрэл хагарч, урд буферийн пампер хөөс бутарсан. Жолоочийн болон зорчигч талын ослын дэр задарч, компьютер болон мэдрэгч шатсан. Моторын дээд хуванцар хаалт хагарсан, радиотор гулзайж хагарсан. Буферийн дотор төмөр хугарсан, зүүн урд болон баруун урд крыло будаг халзарч тунарсан. Агаарын хоолой хагарч, зүүн урд татуурга гулзайсан. Баруун урд болон зүүн урд суудлын бүс гацсан, урд залгаа хоёр лонжром гулзайсан, рулын шатсан. Зүүн урд шанаа гулзайсан, баруун урд их гэрлийн сэнжүүд хугарсан. Мөн урд карказ тунарч гулзайсан зэрэг гэмтэл учирсан байдаг. Хариуцагч М д ХХК-ийн ажилтан Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална ... , Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт түр зогсохыг хориглосон газрыг заах бөгөөд дангаар нь буюу 2.27 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах буюу хашлага дээр тэмдэглэнэ , 1.5 дахь хэсэгт (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин бага)-хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана гэж заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу хариуцагч М д ХХК-ийн ажилтан Д.Нд торгууль ногдуулжээ. Хариуцагч М д ХХК-ийн хамтран ажилладаг даатгагч Миг даатгал ХХК-иас даатгалын тохиолдлын хохирлын нөхөн төлбөрийг авахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн боловч Миг Даатгал ХХК-иас уг тээврийн хэрэгслийг В ангилалтай жолооч жолоодож явсан ба манай даатгалын компанид бүртгэлтэй ангилал нь С ангилал учир хохирлоос үүдэлтэй мөнгөн дүнг Миг Даатгал ХХК-иас гаргах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Ослын улмаас учирсан хохирлыг хөрөнгө, даатгалын үнэлгээний Хас үнэлгээ ХХК-иар үнэлүүлэхэд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ нийт 7,400,000 төгрөг, үнэлгээний үйлчилгээний хөлс 372,000 төгрөг, дуудлагын хөлс 15,000 төгрөг, нийт 7,787,000 төгрөгийн хохирол учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заасан байдаг. Иймд гэм хорын хохиролд 7,787,000 төгрөгийг хариуцагч М д ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Осол 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гарсан байна. Д.Н нь М д ХХК-д 2022 оны 01 сарын дундуур ажилд орсон бөгөөд ажиллаж эхлээд сар ч хүрээгүй энэхүү ослыг гаргаж улмаар ажлын байраа хаяж хэл сураггүй алга болсон байдаг. Тухайн ослын улмаас М д ХХК-ийн өмчлөлийн Кiа Раmах ХХХХ улсын дугаартай авто машинд ч мөн эвдрэл, гэмтэл гарсан байдаг ба жолооч Д.Н нь өөрийн илтэд болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас бусдад төдийгүй манай байгууллагад хохирол учруулсан. Нэхэмжлэлд хавсаргасан Зам тээврийн ослын тодорхойлолтоос үзэхэд жолооч Д.Н нь Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна, байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 дахь заалтыг баримтална гэсэн заалтыг зөрчсөн гэж ойлгогдохоор байна. Харин Д.Н нь нөгөө талын буруутай үйлдлээс болж тухайн осол гарсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Г.Бий өмчлөлийн 69-45 УАМ улсын дугаартай Тоуоta Prius 41 Аlphа маркийн машиныг жолоодож явсан С.Л нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьж явсан болох нь баримтаар тогтоогдсон. Хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсан, урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан зэрэг зөрчил тогтоогдсон тул М д ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан зам тээврийн ослын тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан бичиг,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан бичиг, шийтгэврийн хуудас, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл, Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М д ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 7,787,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М д ХХК-ийн жолооч Д.Н нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирол учирсан гэж,

1.3 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Г.Бий өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.Л нь тухайн осол гарах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсаны улмаас осол гарах шалтгаан болсон гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч Г.Б нь хххх УАМ улсын дугаартай, ZVW0000 арлын дугаартай, Тоуоta Prius 41 Аlphа маркийн тээврийн өмчлөгч болох нь Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон. Уг ZVW0000 арлын дугаартай, Тоуоta Prius 41 Аlphа маркийн тээврийн хэрэгсэл нь өмнө нь ХХХХ ДОА улсын дугаартай байсныг өөрчилж хххх УАМ улсын дугаар болгосон үйл баримт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

3.1 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел, Цагаан давааны урд замд хариуцагч М д ХХК-ийн өмчлөлийн ХХХХ УБЭ улсын дугаартай Кiа Раmах маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хариуцагч М д ХХК-ийн ажилтан Д.Н нь урсгал сөрөн, нэхэмжлэгч Г.Бий эзэмшлийн хххх УАМ улсын дугаартай Тоуоta Prius 41 Аlphа маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарлаж, маргаагүй.

 

3.2 Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч Ч-аас уг ослын газарт шалгалт явуулж, М д ХХК-ийн ажилтан Д.Н нь урсгал сөрсөний улмаас С.Л жолоочтой автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болохыг тогтоож, жолооч Д.Н-г шийтгэврийн хуудсаар 100,000 төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн байна. /хх-54-55/

 

3.2.1 Жолооч Д.Н-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж, уг ослыг материалжуулан шалгаагүй болох нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 28жн/899 тоот албан бичгээр тогтоогдсон. /хх-53/

 

3.3 Мөн уг осол гарах үед Г.Бий эзэмшлийн эзэмшлийн хххх УАМ улсын дугаартай Тоуоta Prius 41 Аlphа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.Л нь согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодон явсан болох нь Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалд авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогчоос авсан мэдүүлэг, шийтгэлийн хуудас зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-80-88/

 

3.3.1 Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Б-оос ...Би гудамж, замд ажилладаггүй. Согтуу жолооч болон ослыг шийддэг. Л нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар жолоо барьсан гэх үндэслэлээр би түүнд холбогдох хэргийг маргааш нь шийдсэн юм гэж,

Гэрч Д.Н-аас ...Би Б ангилалтай жолооч боловч компанийн ахлах ажилтан н.М-ы даалгасны дагуу Ц ангилалтай жолоочийн барьдаг машиныг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр барьж байсан. Борлуулалтаа хийгээд орж ирэхэд н.М намайг Ц ангилалтай машин барь гэсэн. Би болохгүй, ангилал өөр гэж хэлэхэд хүчээр хүмүүсийн явах дургүй Сонсголон руу явсан. Сонсголонгийн зам маш их түгжрэлтэй байдаг тул жолооч нар явах тун дургүй. Тус машин маань ч бүрэн бус байсан. Гэхдээ би очиж бараагаа буулгачхаад ирж байтал цагдаа өнгөрөөд нэгийгээ чирсэн машин уяа нь тасраад зогссон байсан тул дохио өгөөд урсгал сөрөөд ортол хурдтай машин өөдөөс ирж байхаар нь гэрлээ шилжүүлээд, сигналдаад зогссон. Мөргөхөд нь би эмэгтэй хүн байна гэж хараад тэр хүмүүсээс эмэгтэй хүн байсан уу гэхэд байгаагүй гэсэн. Гэтэл 2 хөл дээрээ тогтож чадахгүй согтуу 2 хүн бууж ирсэн. Үлээлгэж байсан цагдаа нар тэр хоёрыг аваад явсан. Цагдаа ирээд надад захиргааны арга хэмжээ авсан. Нөгөө машин халз урдаас ирээд мөргөсөн тул эвдрэл гарсан. Гэхдээ би нүдээр хараад юу нь эвдэрсэн талаар сайн мэдэхгүй гэж тус тус мэдүүлсэн.

 

3.4 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Г.Бий өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хариуцагч М д ХХК-ийн ажилтан Д.Н нь урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас зам тээврийн осол гарсан байна.

 

3.4.1 Замын цагдаагийн алба хаагч нь тухайн ослын газар дээр шалгалт явуулж, жолооч Д.Н-д торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг материалжуулан шалгаагүй буюу ослын газрын бүдүүвч зураг үйлдээгүй, үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй нь нэхэмжлэгчийн буруутай этгээдээс гэм хорын хохирол шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заасан.

 

4.1 Хариуцагч М д ХХК нь жолооч Д.Н-г тус компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн осол гарах цаг хугацаанд ажиллуулж байсан үйл баримтын талаар маргаагүй, тайлбарласан.

4.1.1 Мөн гэрч Д.Н-аас гаргасан ...Би В ангилалтай жолооч боловч М д ХХК-ийн ахлах ажилтан н.Мэндсайханы даалгасны дагуу С ангилалтай жолоочийн барьдаг машиныг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр барьж бараа хүргэж өгсөн гэх мэдүүлгээр хариуцагч компани нь өөрийн ажилтан жолооч Д.Н-д компанийн бараа хүлээлгэн өгөх зааврыг өгч ажиллуулж байх үед осол гарсан болох нь тогтоогдсон.

 

4.1.2 Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ч.А-аас ...хариуцагч талыг буруутай гэж үзэж байна. С ангилалгүй жолоочоор тээврийн хэрэгслийг жолоодуулсан байна гэж дүгнэлт гаргасан.

 

4.2 Иймд дээрх үйл баримтууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч буюу ажил олгогч М д ХХК нь ажилтны бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Г.Бий өмчлөлийн хххх УАМ улсын дугаартай Тоуоta Prius 41 Аlphа маркийн тээврийн хэрэгсэлд нийт 7,400,000 төгрөгийн хохирол учирсан талаар Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан байна.

 

5.1 Мөн нэхэмжлэгч Г.Б нь Хас үнэлгээ ХХК-д үнэлгээний хөлс 372,000 төгрөг, дуудлагын хөлс 15,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон. /хх-7/

 

5.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Хариуцагч тал Хас үнэлгээ ХХК-иас гаргасан үнэлгээний тайланг үгүйсгэж няцаагаагүй. Уг үнэлгээний тайлантай холбоотойгоор холбогдох баримт, хүсэлт гаргаагүй.

 

5.3 Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирлын хэмжээг Хас үнэлгээ ХХК-ийн гаргасан тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 7,400,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 372,000 төгрөг, дуудлагын хөлс 15,000 төгрөг, нийт 7,787,000 төгрөгөөр тодорхойлж шаардсан нь үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан.

 

6.1 Зам тээврийн осол гарах болсон шалтгаан, учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч Г.Бий өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолооч С.Л нь согтуугаар жолоодон явсан үйлдэл нөлөөлсөн байх тул хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж нэхэмжлэгчид учирсан нийт хохирол болох 7,787,000 төгрөгийн тал хувь 3,893,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй. Иймд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М д ХХК-иас 3,893,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,893,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

Н.САРАНГҮН