| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 2119000050015 |
| Дугаар | 2021/ДШМ/26 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.А |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/26
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,
Яллагдагч: Б.Б /зайнаас цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч: З.А /зайнаас цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.О /зайнаас цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.А /зайнаас цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/242 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Б-т холбогдох, эрүүгийн 2119000050015 дугаартай, 4 хавтас, 799 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Э.А-ын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг, Данзанваанчигийн ** тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 71/А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Б-ийн Б-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Яллагдагч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн Улаан хошуу гэх газарт О.О-ийн хоолойг хэрчиж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б-гийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2119000050015 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч О.О-ийн өмсөж явсан гэх ягаан өнгийн урд талдаа цахилгаантай богино куртик 1 ширхэг, дөрвөлжин шоон судалтай хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар өнгийн турсик 1 ширхэг, олон тооны цэцгийн дүрс бүхий хээтэй даавуун цамц 1 ширхэг, хажуу хэсэгтээ fashion бичиглэлтэй хар өнгийн пүүз 1 хос болон эд мөрийн баримтаар тооцсон яллагдагч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улаан өнгийн бариултай цаасны хутга 1 ширхэг, хэрэгт хавсаргагдсан хэргийн газрын үзлэг, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа болон бусад мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн бичлэг бүхий хуурцаг 9 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.А эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсгийн 2 дахь заалт: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэзээнээс хэднийг хүртэл эрэх хайх ажиллагаа хийсэн, хэн хэн оролцсон болохыг тогтоож эрэн хайсан гэрч нараас мэдүүлэг авч хаагуур эрэн хайж байсан талаарх маршрутыг тогтоох гэсэн нь үндэслэлгүй, учир нь хэрэгт хавсаргагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-ын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...Манай дүү О түүний нөхөр Б, Б-ын дүү Б, А, А нар байсан. Бид хоорондоо ярилцаж байгаад гэрийнхээ ойр хавьд зогсож харж байя гэж тохирсон, хаана, хаана зогсох талаараа ярилцахад гэрийн зүүн урд хэсэг буюу овооны наад талд би Б, А хоёрыг зогс гэж хэлээд бид өөрсдөө гудманд зогсож харж байсан, бид нийт 5,6 хоног зогсож харсан, энэ хугацаанд О түүний нөхөр Б, Б-ын дүү Б, А, А нар манайд унтаж нойр аваад л байнгын зогсож харж байсан” гэх мэдүүлгээр хэдэн өдөр, хаагуур амь хохирогчийг хайж байсан нь тогтоогддог. Түүнчлэн хохирогчийн ар гэрийнхнээс талийгаачийг эрэн хайж байсан эсэх, хэрэв хайж байсан бол хаагуур, хэдий хугацаанд хайж байсан зэрэг нь Б.Б-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухам ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
2. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хохирогчийг олох хүртэлх цаг агаарын үнэлгээг гаргуулах...” –аар заасан нь мөн ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл О.О-ийн нас барсан шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлгийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд түүний үхэлд байгалийн хүчин зүйл, цаг агаарын бодит байдал ямар нэг байдлаар хамааралгүй тул энэ заалт үндэслэлгүй гэж үзэж байна.
3. Захирамжийн 4 дэх заалт “...Б.Б, Ф.О нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй...” гэжээ. Энэ нь хавтаст хэрэгт хавсаргагдсан яллагдагч Б.Б-ын мэдүүлэгт ...2020 оны 12 дугаар сарын 11-ний орой ах Б.Б-ын гэрт түүний эхнэр, хүүхдүүдийн хамт хоносон талаар тогтвортой мэдүүлдэг, мөн Ф.О тухайн өдөр Б.Б-ыг гэрт нь ирж хоносон талаар тодорхой мэдүүлдэг ба мэдүүлэгтээ ...яагаад санаж байна гэхээр тухайн өдөр манай эгч П.О дүү О.О-ийг гэртээ ирэхгүй алга болсон талаар хэлж утсаар ярихад нь би хүүхдүүдээ Б-т орхиод очиж хамт хайлцах уу гэж хэлсэн талаар дурдагддаг. Өөрөөр хэлбэл Б.Б, Ф.О нар тухайн асуудлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд харин Б.Б-ын хувьд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн оройн 19 цагт ээлжийн ажилдаа яваад, өглөө бууж ирсэн нь түүний болон гэрч Ф.О, яллагдагч Б.Б нарын мэдүүлгээр нотлогддог ба Б.Б нь тухайн шөнө гэртээ хоноогүй бөгөөд Б.Б-ыг гэрт нь хоносон талаар шууд тодорхой мэдэх гэрч биш тул тэдний мэдүүлгийг ноцтой зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
4. Захирамжийн 5 дахь заалтад “...өмгөөлөгч З.А-ээс гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй байна...” гэж дурдаж хүсэлтийг хүлээн авсан байна.
Гэтэл өмгөөлөгч З.А-ээс шүүхэд гаргасан хүсэлтэд 4 үндэслэл дурдагдсан.
Үүнд: эд мөрийн баримт болох ир үзүүртэй зүйлийг олж илрүүлэх тухай хүсэлт нь шүүгчийн захирамжийн 1 дэх заалттай агуулгын хувьд давхардсан бөгөөд энэ асуудлыг шалгаж тодруулах шаардлагатай гэсэн захирамжийн заалтад эсэргүүцэл бичээгүй хүлээн авсан болно.
Харин ...гэрч О, Н нарыг Б-тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг арилгах хүсэлт нь мөн шүүгчийн захирамжийн 4 дэх заалттай давхардсан бөгөөд тухайн ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй талаар эсэргүүцлийн 3 дахь заалтад тодорхой дурдаж бичсэн болно.
Өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн нэг болох “...хохирогчийн барьж байсан утасны ярианы бичлэгт дуу авианы адилтгах шинжилгээг хийлгүүлэх тухай...” хүсэлт нь хийгдэх боломжгүй ажиллагаа бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагаа биелүүлэх боломжтой байх шаардлагад нийцэхгүй байна. Мөн хэрэгт хавсаргагдсан “Скайтел” үүрэн телефоны оператороос гаргаж өгсөн 9685**** дугаарын орсон, гарсан ярианы жагсаалтад гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 9022**** дугаараас хамгийн сүүлд холбогдсоны дараа тухайн 2 дугаар хамт унтарсан, дахин асаагүй, ямар нэг дуудлага хийгдээгүй болох нь тогтоогддог.
Мөн хохирогчийн явсан зүгийг тогтоох, энэ нь яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар нотлогддог ба ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөөтэйгөөр амь хохирогчийн мэдүүлэг гэж хэрэгт авагдаагүй боломжгүй учраас түүний явсан зүг, маршрутыг тогтоох талаар гаргаж буй өмгөөлөгчийн хүсэлт ойлгомжгүй үндэслэлгүй байна.
Иймд шүүгчийн захирамжийн 5 дахь заалтад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байх тул шүүгчийн 2021/ШЗ/242 дугаар захирамжийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа прокуророос холбогдох хэрэгт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу бичсэн прокурорын эсэргүүцэл тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Уг хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрж хайсан талаар бол яг яриад байгаа жалгаар явж үзээгүй. Овоон дээгүүр нь бид нар явсан...” гэв.
Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надаас байцаалт авахдаа амь хохирогчийг хаанаас олсныг мэдэх үү гэсэн, би мэдэхгүй гэсэн. Танайхан ямар нэг юм яриагүй юу гэхэд би ярьсан гэсэн. Амь хохирогчийг гэрийнх нь зүүн урд байдаг сэтэрхий овооны замын хажуу талын жалганаас олсон гэж хэлсэн гэхэд цагдаа чи наад газраа заагаад өгчих гэсэн. Миний хэлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй, бичигдээгүй байгаа, өөр зүйл бичсэн байна. Намайг хэргийн газрыг зааж өгсөн гээд байх юм, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бэр эгч О хэргийн газрыг цагдаагаас тодруулаад ирье гэж яваад ирэхдээ гэрийн урд талын зүүн жалганаас олсон гэж байна, тодорхой газар байдаг гэж хэлсэн, энэ талаар би цагдаад хэлэхэд шалгана гэж хэлсэн. Хэргийн газар очоод цагдаа надаас гэр нь аль вэ гэсэн би энэ гэсэн, нойл нь аль гэсэн энэ гэж би зааж өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл талийгаачийг тасралтгүй хайсан, жалга, дов гээд ер нь хайгаагүй газар байхгүй, талийгаачийг хайхад 14 хүн оролцсон. Түвшнээ ах, Отгоо эгч, Б ах, Н ах, Х, Т, Г, А эгч, Ж эгч, Э ах гэх хүмүүс оролцсон, оройны 19 цагаас шөнийн 03 цаг хүртэл тасралтгүй хайж байсан. Би гар утсаа барихаасаа барихгүй нь их байдаг, миний утас асаж, унтраад байдаг учир талийгаачийнд орхидог, талийгаач миний утсыг ашигладаг байсан. Тухайн үед ямар мессеж бичсэнийг мэдэхгүй байна. Би хурандаа Б гэх хүнд мэдүүлэг өгөхөө хэлсэн, манай бэр эгч 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагаас талийгаачийг хаанаас олсныг мэдээд ирье гээд яваад ирэхдээ гэрийнх нь урд талын зүүн талын хогтой жалганаас олсон гэж хэлсэн гэхэд, чи зүгээр байгаарай би чамайг ална шүү, хүн алсан гэж хэлэхгүй бол гэр бүлийг чинь хорино шүү гэж намайг дарамталсан. Бэр эгч Төгсөө хэлсэн үгнүүдээ мэдэж байгаа, тухайн үед миний ярьсан зүйлийг бичээгүй байгаа юм. Намайг хэргийн газрыг зааж өгсөн гээд байгаа, би Төгсөө эгч хэлж өгсөн, тодорхой газрыг ярьсан гэж хэлсээр байтал өөр зүйл бичсэн байгаа. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой би 17 цагийн үед талийгаачийнд орсон, ороход талийгаач, ээж, аавтайгаа бүгд байсан. Би 18 цаг өнгөрөөд Б ахын очихоор явсан, ахынд очиход бэр эгч хүүхдүүдтэйгээ байсан, Б ах байгаа юм уу гэхэд ах нь өнөөдөр ажилтай байгаа гэсэн, би тэндээ 22 цаг өнгөрөөгөөд амарсан. Маргааш өглөө нь 12 цагийн үед би 60 гэр рүү явсан, 60 гэрээс орой харанхуй болж байхад такси бариад Б ахын очиж хоносон. Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ирээд талийгаачийнд ороход аав, ээж нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш талийгаачийг гэртээ ирээгүй гэж ярьж байсан. Би талийгаачийн амийг бүрэлгээгүй, үүнийг нотолно, намайг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хаана байсныг нотлох хүмүүс байгаа” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад Б.Б-ыг тухайн хэрэгт бүрэн яллах боломжтой баримт хэргийн материалаас тодорхойлон тогтоогдож харагддаггүй. Өмгөөлөгч би шүүхийн анхан шатны хэлэлцүүлэг зарлуулж анхан шатны шүүх дээр хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжид зааснаар хүсэлтүүд тодорхой байгаа. Үүнд дээр прокурор ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, мөн амь хохирогчийн амь насыг хохироосон гэх хутгыг эргэлзээгүй, үнэн зөв, хэрэгт бодитой талаас нь олж тогтоогоогүй байна. Өмгөөлөгч миний зүгээс уг хэрэг мөрдөн байцаах шатанд явж байхад уг хүсэлтийг прокурорт удаа дараа гаргаж байсан. Гэтэл хүлээж авалгүй заавал шүүхийн шатанд хүсэлтийг үзэж байгаа нь ямар шалтгаан байдаг юм, үүнд эргэлзээгүй талаас нь тайлбар хэлэх байх. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэзээнээс эрэн хайх ажиллагаа хийсэн бэ, хэн хэн оролцсон болохыг тогтоох, эрэн хайсан хүмүүсээс мэдүүлэг авч, хаагуур эрэн хайсан маршрутыг тогтоох нь хэрэгт зайлшгүй хэрэгтэй, ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн хэдхэн тооны гэрчүүд оролцсон байгаа, хохирогч 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гараад алга болсон 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл эрэн хайсан байдаг. Энэ эрэн хайх ажиллагаанд О, О, А, А гэх нэлээдгүй олон хүн хайсан, эдгээр хүмүүс хаагуур хайсан бэ гэдэг зүйл хэрэг тусгагдаагүй, бусад хайсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр амь хохирогчийг жалганаас олсон гэх зүйлийг прокурор таамаг төдий ярьдаг, гэтэл энэ эрэн хайсан гэрч нар тухайн жалгыг өмнө нь үзэж байсан юм уу, ямар нөхцөл байдалтай байсан юм, үнэхээр хайсан юм уу, хайгаагүй юм уу гэх нөхцөл байдал эрэн хайсан гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болно. Прокурор анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг цаг агаарын нөхцөл байдал тухайн үед нэлээд цастай байсан. Амь хохирогч 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр алагдаад цасанд дарагдсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд албан ёсоор цаг уурын байгууллагаас авсан, цаг агаарын төлөв байдлыг тогтоосон баримт бичиг байдаггүй, энэ баримт нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой баримт учир хүсэлт гаргасан. Эрэн хайх ажиллагаанд оролцсон гэрч нарыг бүгдийг асууж, жалганд хэзээнээс байсан юм гэх зэргээр, өөрөөр хэлбэл гэмт хэргийн цаг хугацааг тогтоох зайлшгүй ач холбогдолтой байгаа учир эдгээр ажиллагааг хэрэгт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад цаг агаарын төлөв байдал ямар байсан талаар баримт хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь амь хохирогч цасанд дарагдсан олох боломжгүй байсан гэж прокурорын зүгээс ярьдаг, үүнийг баримтаар тогтоох ёстой юм. Захирамжийн 4 дэх заалтад гэрч Б, О, Н-ын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, зөрүүтэй байдлыг арилгуулъя гэсэн хүсэлтийг гаргасан. Б-ын мэдүүлэгт /187-188хх/ маргааш өглөө нь гэртээ ирэхэд хүн ирсэн гэж эхнэр нь хэлээгүй, гэрч О-ийн мэдүүлэгт Б.Б манайд ирээд хоносон, маргааш нь нөхрийг ажлаасаа буугаад ирэхэд нь байсан гэдэг, үүнээс харахад гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй О, Б нарын машинаас гарч ирсэн хутганы талаар тодорхой мэдүүлэг байдаггүй. Гэрч нарын мэдүүлгээс харахад Б.Б тухайн машины эд ангийг янзалж байгаад цаасны хутгийг авсан юм шиг яллагдагч өөрөө мэдүүлдэг, гэтэл энэ талаар сайн мэдэх Б, О нараас гэрчийн мэдүүлэг авсан нь хоорондоо зөрүүтэй байдаг. Гэрч Н-ын мэдүүлэгт Б.Б 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагт унтахаар байж байхад ороод ирсэн, дахин мэдүүлэг авахад сайн нарын хэлж мэдэхгүй байна гэдэг. Б.Б-ын мэдүүлэгт би гэрээс гараад Б-нд очсон байдлаар мэдүүлсэн байдаг. Эдгээр гэрч болон яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа энэ зөрүүтэй байдлыг арилгуулъя гэсэн хүсэлт гаргасан. Мөн амь хохирогчийн барьж байсан утас руу 9022**** гэсэн дугаарын утас хоорондоо холбогдож ярьсан байна, энэ ярианы бичлэгийг дуу авианы адилтгах шинжилгээнд хамруулж үүгээр Б.Б ярьсан юм уу, хамгийн сүүлд хэнтэй байнгын харилцаатай байсан нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой баримт гэж үзэн хүсэлт гаргасан. Гэтэл прокурорын зүгээс амь хохирогчийн барьж байсан утастай яллагдагч Б.Б-ын 9022**** гэсэн S7 маркийн утастай таарч байна гэсэн таамаг дэвшүүлээд байдаг. Гэтэл утсаар ярьсан ярианы бичлэгийг “Скайтел” ХХК-иас авах боломжтой юу, боломжгүй юу гэдгийг албан тоот бичиж мэднэ үү гэхээс өөрөөр мэдэх боломжгүй юм. Б.Б-ын барьж байсан утсыг амь хохирогч өөрөө авдаг байсан гэж хэлдэг, амь хохирогч тухайн үед хоёр утсаа барьж байгаад хоёр утсаа хаагаад орхисон юм уу, эсвэл хоорондоо утсаар ярьж байгаад гараад явсан юм уу, тийм бол харилцан ярьсан ярианы бичлэгээс тогтоогдох боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 5 дахь үндэслэл дээр яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах нь үндэслэлтэй байна гэж зааж өгсөн. Иймээс анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Э.А-ын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос яллагдагч Б.Б-т холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн Улаан хошуу гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн оройн 20 цагийн орчимд иргэн О.О-ийн хоолойг хэрчиж алсан буюу хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “... Яллагдагч Б.Б ... мэдүүлэгтээ шар өнгийн цаасны хутгыг авч явсан, уг хутгаар амь хохирогчийн хоолойг хэрчсэн талаар мэдүүлсэн атал хэрэгт улаан өнгийн бариултай цаасны хутгыг хураан авч шинжилгээнд явуулж, шар өнгийн бариултай цаасны хутгыг хураан авах ажиллагаа хийгээгүй, ... амь хохирогчийг эрэн хайх ажиллагааны маршрутыг тогтоох, ... цаг агаарын үнэлгээ гаргуулах, ... гэрч Б.Б, Ф.О нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, ... яллагдагчийн өмгөөлөгч З.А-ийн хүсэлтийг хангах... ” гэсэн үндэслэлээр энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаажээ.
Прокурор уг шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнээс үзэхэд энэхүү хэргийн хувьд ерөнхийд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийхийг эсэргүүцээгүй гэж үзэхээр байгаа боловч түүний эсэргүүцэлд заасан үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульчилж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутганы өнгө /яллагдагчийн мэдүүлэгт дурдсан өнгө/ хэрэгт хураагдсан хутганы өнгөнөөс зөрүүтэй нь тогтоогдсон тул энэхүү нөхцөл байдлыг эргэлзээгүй шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан хэрэг гарсан байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэх тул анхан шатны шүүх энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэсэн нь үндэслэлтэй.
Харин амь хохирогчийг “...эрэн хайх ажиллагааны маршрутыг тогтоох, ... цаг агаарын үнэлгээ гаргуулах, ... гэрч Б.Б, Ф.О нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ...” гэсэн нь ойлгомжгүй ба эдгээр нөхцөл байдлыг дахин шалгаж тогтоох нь хэргийн талаар нотолбол зохих байдалд ямар хамааралтай, ач холбогдолтой нь тодорхойгүй байна.
Түүнчлэн яллагдагчийн өмгөөлөгч З.А-ээс гаргасан хүсэлтийг хангах гэсэн нь түүний хэзээ хаана гаргасан ямар хүсэлтийг хангах нь тодорхойгүй, ойлгомжгүй ба “...эрэн хайх ажиллагааны маршрутыг тогтоох, ... цаг агаарын үнэлгээ гаргуулах, ... гэрч Б.Б, Ф.О нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ...” зэрэг нь өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай бичгээр гаргасан хүсэлтэд дурдагджээ.
Улмаар яллагдагчийн өмгөөлөгч З.А нь дээрх хүсэлтдээ хохирогчийг эрэн хайсан гэх гэрч нараас мэдүүлэг авахуулах, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүү арилгах, хохирогчийн гар утсанд дуу авианы шинжилгээ хийлгүүлэх, хохирогчийн явсан зүгийн маршрутыг тогтоох гэж дурдсан байх ба түүний эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн үндэслэл тодорхойгүй, мөн энэхүү ажиллагааг хийснээр хэргийн талаар нотолбол зохих ямар байдлыг тогтооход ач холбогдолтой талаар үндэслэл бүхий тайлбар саналыг гаргаагүй байна.
Тодруулбал гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэж үзвэл шүүх хуралдаанд оролцуулах замаар эргэлзээтэй гэж үзсэн асуудлаа тодруулах боломжтой, мөн хохирогчийг эрэн хайх ажиллагааны талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон нэр бүхий гэрчүүдээс тодруулах боломжтой зэргээр эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй, харин хохирогчийн утсанд шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч прокурорт гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох эрхтэй тул нэгэнт хэрэг прокурорт буцаж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа нөхцөлд өмгөөлөгчийн энэхүү эрхийг энэ шийдвэр хязгаарлах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/242 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.А-ын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9, дүгээр зүйлд зааснаар яллагдагч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Н.БАТЧИМЭГ