Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 67

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Улсын яллагч Г.Амарсайхан 

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай

Шүүгдэгч Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар овогт Ганболдын Батболдод холбогдох эрүүгийн 201717000069 тоот хавтаст хэргийг 2017 оны 08-р сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчийн туслах ажилтай,  ам бүл 4, эхнэр  хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 23-35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баатар овогт Ганболдын Батболд.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.Батболд  нь 2017 оны 03-р сарын 01-ний өдөр 06 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 52 километрт Тоёота Ландкруйзер-80 маркийн 39-61 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ /хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдсоноос зорчигч О.Гантулгын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Г.Батболд  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 01-нд өөрийн найз Гантулгатай утсаар ярьж өвөө дээр чинь очиж золголт хиймээр байна гэсэн. Тэгэхэд  “Гачуурт”-д өвөөгийндөө байна, одоо ирээд золголт хийчих, би тосоод авъя гэсэн. Би найзтайгаа уулзаад хүүтэйгээ хамт  өвөөгийнд нь  очсон. Очиход өвөө, эмээ, ээж нь байсан. Бид юм ярьж байгаад би найзтайгаа хотын төв рүү орсон. Хотын төв рүү орж байх замд манай найз сайхан хийморио сэргээх юмсан гэж ярьсан. Тэгээд Сүхбаатар аймаг явах санаачилгыг гаргасан. Тэгэхээр нь би хол юм байна, миний машин жижиг учраас явж чадахгүй гэсэн. Тэгтэл ахын Land байгаа байх гээд утсаар ярьж асууя гэсэн. Ахтайгаа утсаар ярьж асуухад гэрээс ирээд машины түлхүүр ав гэсэн. Тэгээд манайхаар орж цай уугаад ахынд нь очиж  түлхүүр авсан. Тэгээд Энхбат ахын гэр рүү нь очиж, жижүүрт нь хэлээд машиныг аваад өөрийнхөө машиныг оронд нь орхисон. Дараа нь  манай аавынд ирээд аав, ээж, эмээтэй золгоод тэндээсээ дээл хувцас, овоонд өргөх цай авсан. Яах гэж байгаа юм гэхэд нь ууланд гарчихаад ирье гэсэн. Сүхбаатар аймаг явлаа гэж бол хэлээгүй. Шилийн богд уул руу явахад хэдэн километр юм бол гэж GPS ажиллуулахад 600 километр гэж заасан. Тэгэхээр нь яасан хол юм бэ гэж хэлээд Улаанбаатар хотоос орой 21 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад Хэнтий аймагт шөнө хоолонд ороод, тэндээ 2 цаг хэртэй унтсан. Шөнө машинд даараад байсан болохоор машинаа асааж замдаа хөдөлсөн. Мөнххаан сумаас наашаа явж байгаад осол гарсан газраас цаана бууж нойроо сэргээж бие засаад хөдөлсөн. Тэгэхэд нар мандаж байсан. Би хараа муутай учраас машин бариад хурдан явж чаддаггүй. Тэгээд яасныг сайн  мэдэхгүй, нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан  гэв.

 

  - Хохирогч Л.Жигжид мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгачийн ээж Оюунбат  манай охин бөгөөд тэд надтай хамт нэг ам бүлд амьдардаг. Талийгаач О.Гантулга 2014 онд Тагнуулийн сургууль төгсөөд Оросын Холбооны Улсад нэг жил ажиллаад 2015 оны 12 дугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Тагнуулын газарт ажиллаж байсан. Талийгаач маань 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгаас ирээд гэр бүлийнхэнтэйгээ золгосон. Тэгээд маргааш нь Төрбат гэдэг ахтайгаа хамт төв рүү 12 цагийн орчимд явсанаа эргээд барагцаагаар нэг цагийн дараа өөрийн найз гэх Батболд түүний хүү гээд нэг жаахан хүүхдийн хамт  ирсэн. Би найзтай нь золгочихоод тэд нар манайд нэг цаг орчим болоод хотын төв орно гээд гарсан. Би талийгаачид чи маргааш вагоноор явах ёстой шүү гэж хэлсэн чинь за гэж хэлээд гарсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймагт осолдсон гэж сонссон ... гэх мэдүүлэг /хх-19/, 

 

- Хохирогч Л.Жигжид, Ж.Оюунбат нар Цагдаагийн газарт гаргасан: Миний хүү О.Гантулга нь ослын улмаас нас барж хүнд гарз тохиосон  осол гаргасан Батболдын биеийн байдал муу тааруухан, ар гэр нь  биднээс уучлал гуйж байгаа, 10 000 000 төгрөг оршуулгын зардал болгож өгсөн, мөн эвдэрсэн машины эзэнд 10 000 000 төгрөг өгч үнэн байдлаа хэлж гуйж байгаа учир бидний хувьд гомдолгүй.  гэх хүсэлт /хх-ийн 115/

- Гэрч Ж.Энхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би талийгаачид чи миний приустэй явалдаа гэсэн чинь үгүй цастай байгаа байх би уулан дээр гарна гэж хэлээд намайг дагаад бүр гуйгаад байхаар нь машиныхаа түлхүүрийг өгөөд чи тэр найздаа буцаагаад яг байранд нь тавиарай гэж хэлээрэй гэсэн. Миний машиныг гражаас аваад оронд нь Витз маркийн машин үлдээсэн байсан.  Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд талийгаачийг Сүхбаатар аймагт осолдсон талаар сонссон. Ланд-80 маркийн 39-61 УБО улсын дугаартай машин Жигжид овогтой Үнэнбат ахын нэр дээр бүртгэлтэй боловч миний эзэмшлийн машин юм. Машин бүр эвдэрсэн  учир 10 000 000 төгрөг авсан ... гэх мэдүүлэг /хх-24/,

-Гэрч Ж.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач хүү маань 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өвөө, эмээ, бид нар дээр ирж золгочихоод ах, эгч нартайгаа Гачууртаас хотруу буцна гээд гарцгаасан. Тэгтэл удаагүй талийгаач хүү минь Батболд болон түүний хүүгийн хамтаар ирж золгоцгоосон. Тэгээд удаагүй хот руу явсан. Талийгаач хүү маань бидэнд хөдөө явлаа гэж огт хэлээгүй байсан. Харин Энхбат ахдаа Цонжин болдог орчихоод ирье гээд машиныг нь аваад явсан гэж сүүлд бид нар мэдсэн.  Миний хувьд гомдол санал гээд байх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/

-Насанд хүрээгүй гэрч Б.Түмэнхүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 02-р сарын 28-ны өдөр  аав Батболд,  аавын найз Гантулга ахын хамт бид гурав  Шилийн богд уул орохоор явсан  машиныг манай аав жолоодсон. Хажууд нь Гантулга ах сууж би машины ард суусан. Тэгээд би явж байхдаа унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь би машин дотроо миний аав жолооныхоо ард нь байсан харин Гантулга ах машинд байхгүй, гадаа өвсөн дээр уначихсан байсан. Тэгээд замд явж байсан машин зогсож эмнэлэг дуудаж өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 117/ 

- Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 12 дугаартай дүгнэлтэд: 

-Талийгаач О.Гантулгын гавлын зүүн ухархайн хананаас нугасны хөндийн дамжин дагз руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн чамархай, дагзны хуйхан дор, гавлын булчинд цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, олон хавирганы хугарал, уушигны няцрал, элэгний задрал, баруун зүүн талын хацарт, доод эрүүнд, баруун гарын сарвууны гадна хэсэгт ар нурууны бүсэлхий хэсэгт, зүүн хөлийн өвдөгний гадна хэсэгт зулгаралт, баруун гарын бугалагны доод 1/3 гадна хэсэгт хатгагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. /хх-ийн 30/

-Сүхбаатар аймгийн автотээврийн  шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 45/

-Шинжээчийн 13 дугаартай дүгнэлт . 1.Ланд-80 маркийн УБО улсын дугаартай автомашины жолооч Г.Батболд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.  2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ /хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.  /хх-ийн 52/

- Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-06-08/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-09/

- Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Г.Батбодлын ам бүл, оршин суугаа газрын  тодорхойлолт /хх-71/

- Г.Батболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-152 /зэрэг баримтуудыг шинжлэн судалсан  болно.

Шүүгдэгч Г.Батболд нь 2017 оны 03-р сарын 01-ний өглөөний 06 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 52 километрт Тоёота Ландкруйзер-80 маркийн 39-61 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон  явахдаа   автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас   хохирогч О.Гантулгын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Жигжидийн мэдүүлэг,  шинжээчийн 12, 13  дугаартай дүгнэлтүүд, гэрч Ж.Оюунбат,  Ж.Энхбат, насанд хүрээгүй гэрч Б.Түмэнхүслэн нарын мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Г.Батболд нь 2017 оны 03-р сарын 01-ний өглөөний 06 цагийн орчимд  иргэн Ж.Энхбатын эзэмшлийн Тоёота Ландкруйзер-80 маркийн 39-61 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. б-д  “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,  мөн дүрмийн 9.1-д  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч О.Гантулгын амь насыг хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  үйлдсэн байна. 

Шүүгдэгч Г.Батболдод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Г.Батболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Г.Батболдын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн  хугацаагаар тэнссэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна” гэж заасан тул Г.Батболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батболдод авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй.

Шүүгдэгч Г.Батболд нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид оршуулгын зардалд 10 000 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад машины төлбөрт 10 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурьдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Батболдын 216260  дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх  нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2,  1.5, 1.7,  1.8, 1.9,   36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатар овогт Ганболдын Батболдыг  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Г.Батболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батболдод авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Батболд нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид оршуулгын зардалд 10 000 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад  10 000 000 төгрөг төлсөнийг  тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Батболдын 216260 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА