Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/00196

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 04 101/ШШ2023/00196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............................... тоотод оршин суух, Г.Бын /РД: ............/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо .................................. тоотод оршин суух, Ш.О /РД: хххххххххххх/, Ж.Д /РД: 0000000/, Шийлэгцэвээний Шүрэнцэцэг /РД: 00000/ нарт холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа, М.Гантүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа, М.Гантүвшин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б нь 2020 оны 05 сард өөрийн эзэмшлийн тоёота рактис маркийн авто машинаар Мойлын Ганзориг, Мойлын Гантүвшин нараас Баянзүрх дүүргийн Хужирбулан, 4-р хэсэг, 65-р гудамж, 3803, 3804, 3805, 3806 тоот газруудыг бартераар худалдан авсан.

Уг газрыг М.Гантүвшин нь Ш.Оын хадам ээж Д.Эрдэнэчимэгээс анх худалдан авч байсан бөгөөд энэ талаарх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 2318 дугаар шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Баянзүрх дүүргийн Хужирбулан, 4-р хэсэг, 65-р гудамж, 3803, 3804, 3805 тоот газрууд эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан ба 3806 тоот газрын тухайд Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ өгсөн.

Ингээд Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжаар Гүррагчаагийн Бод Бхххххххххххх тоот хаягт байрлах нэгж талбарын 0000000000 дугаар бүхй 691 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон.

2021 оны 08 сарын 13-ны өдөр дээрхи газрыг эзэмших эрхийн 000172196 дугаартай гэрчилгээгээ авч Баянзүрх дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газрын төлбөрөө хуульд заасны дагуу төлж ирсэн.

Гэтэл уг газарт Ш.О, Ш.Оын эгч Ш.Шүрэнцэцэг, Ш.Шүрэнцэцэгийн нөхөр Ж.Даваасод нар амьдарч байгаа бөгөөд тэдэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээ үзүүлж нүүх, газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч нүүгээгүй, газрыг чөлөөлж өгсөнгүй.

Иймд Г.Бын эзэмшлийн Бхххххххххххх тоот дахь нэгж талбарын 0000000000 дугаар бүхйй 691 м.кв талбай бүхий газрыг Ш.О, Ш.Шүрэнцэцэг, Ж.Даваасод нарын эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч талын ярьж буй газар нь Б.Өнөгэрэлийн газар бөгөөд уг газрын хүсэлтийг 2020 оны 05 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд өгч Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 05 сарын 11-ний өдрийн А/263 тоот захирамж гарч Б.Өнөгэрэл эзэмших болсон.

Иргэн Г.Б нь М.Гантүвшингээс уг газрыг авсан гэх ба иргэн М.Гантүвшин хадам ээж Д.Эрдэнэчимэгтэй шүүхийн маргаан үүсгэж байх хугацаанд буюу сүүлд хүсэлт өгч захирамж гаргуулсан. Уг газар 3806 биш 3801 тоот газар болно.

Тус газарт Б.Өнөгэрэлийн зөвшөөрөл өгсний дагуу Ш.Шүрэнцэцэг амьдарч байгаа болно гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газрын гэрэл зургууд, Г.Бод Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-3806 тоот газрыг эзэмших эрх олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг,

Г.Бын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2021 оны 08 сарын 13-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 13/3873 тоот хариу албан бичиг,

Г.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлүүд,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 2318 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 1578 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 10 тоот тогтоол,

Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан, 4-р хэсэг, 65-3803 тоот газрыг Б.Хуншагайд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, мөн газрыг эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ш.О, Ш.Шүрэнцэцэг, Ж.Даваасод нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн А/263 дугаар бүхий газар эзэмших эрх олгох тухай захирамж, захирамжийн хавсралт, Б.Өнөгэрэл нь Ш.От Баянзүрх дүүрэг, 28-р хороо, 4-р хэсэг, Хужирбулан 65-3801 тоот газартай холбоотой үйлдэлд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,

Ж.Даваасод нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр нас барсныг нас барсны бүртгэлд 2022 оны 04 сарын 19-ний өдөр бүртгүүлсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оын хүсэлтийн дагуу тус шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 8771-р захирамжаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн 28-р хороо, 4-р хэсэг, Хужирбулан 65-3801 тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий газрын болон Баянзүрх дүүргийн 28-р хороо, 4-р хэсэг, Хужирбулан 65-3806 тоот хаягт байрлах 691 м.кв талбай бүхий газрын хувийн хэргийн хуулбарыг, уг 3801 тоот газар 3806 тоот болон өөрчлөгдсөн эсэх талаарх баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 13/62 тоот албан бичгээр дээр дурдсан баримтуудыг ирүүлжээ.

 

-Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оын хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 11421-р захирамжаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг маргаан бүхий газартай холбоотой дүгнэлт гаргах шинжээчээр томилсоны дагуу тус газар 2022 оны 08 сарын 13-ны өдрийн 2022/446 тоот дүгнэлтийг 2022 оны 08 сарын 23-ны өдөр 1/1619 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

 

-Тус шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 24684-р захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 08 сарын 13-ны өдрийн 2022/46 тоот шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэмэлт шинжилгээ-тодруулгыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу уг газраас 2022 оны 10 сарын 24-ний өдөр 1/1988 тоот дүгнэлтийг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ш.О, Ж.Даваасод, Ш.Шүрэнцэцэг нарт холбогдуулан Бхххххххххххх тоот хаягт байршилтай 691 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь Бхххххххххххх тоот хаягт байршилтай 691 м.кв талбайтай газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тул газраа чөлөөлүүлнэ,

Хариуцагч нар Уг газар нь Б.Өнөгэрэлийн эзэмшлийн газар 3801 тоот газар бөгөөд 3806 тоот газар биш. Б.Өнөгэрэлийн зөвшөөрлөөр 3801 тоот газрыг эзэмшиж байгаа гэж тус тус маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжаар Гүррагчаагийн Бод Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-3806 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий, 691 м.кв талбай бүхий газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Засаг даргын дээрх шийдвэрийг үндэслэн Г.Бод Э-2204009862 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 08 сарын 13-ны өдөр олгосон ба тэрээр уг өдөр нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

/ХХ-ийн 9-12, 105-114 дүгээр тал/

Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-3806 тоот газрыг эзэмшигч Г.Б нь газар эзэмших эрхтэйгээ холбоотой гомдлыг Баянзүрх үүргийн газар зохион байгуулалтын албанд гаргахад тус алба 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 13/3873 тоот албан бичгээр дор дурдсан хариуг өгчээ. Үүнд:

... таны эзэмшиж буй 691 м.кв талбайтай газарт зөвшөөрөлгүй амьдарч буй иргэн Ш.От манай албанаас газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Тус иргэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өөрийн биеэр ирж тайлбарласан тул маргааныг холбогдох шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Г.Б Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаа зохих албан тушаалтан, байгууллагаар шийдвэрлүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам зөрчөөгүй гэж үзлээ.

/ХХ-ийн 13 дугаар тал/

Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн А/263 дугаар захирамжаар Бандийн Өнөгэрэлд Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-3801 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 78-80, 92-114 дүгээр тал/

Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар Батаагийн Хуншагайд Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-3803 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18656311784771 дугаар бүхий, 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн засаг даргын дээрх шийдвэрийг үндэслэн түүнд 000602531 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 12 сарын 18-ны өдөр олгосон ба тэрээр уг өдөр нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

/ХХ-ийн 130-132 дугаар тал/

Тус шүүхийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 11421 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оын хүсэлтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилон доорхи асуудлаар дүгнэлт гаргахыг даалгажээ. Үүнд:

 

-Хариуцагч Ш.О, Ш.Шүрэнцэцэг нарын оршин сууж буй газар Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3806 тоот хаяг дахь 691 м.кв талбай бүхий газар эсэх,

эсхүл Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3801 тоотын 700 м.кв талбайтай газар болох, уг газруудын аль нь болох,

 

-Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3806 тоот хаягт байрлах 691 м.кв талбай бүхий газар болон Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3801 тоотын 700 м.кв талбайтай газрууд кадастрын зургаараа нэгж талбартай давхцалтай эсэх,

давхцалтай бол аль хэсгээрээ ямар хэмжээтэй давхцалтай болох, /ертөнцийн зүгээр зүг чигийг тодорхой тусгах/,

 

-Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3806 тоот хаягт байрлах 691 м.кв талбай бүхий газар болон Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3801 тоотын 700 м.кв талбайтай газруудад хашааны бодит хэмжилт хийн газруудын нэгж талбарын байршлын кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн баримтыг үндэслэн тухайн газрууд 1 газар мөн эсэх, эсхүл 2 өөр газар эсэхийг тогтоох гэжээ.

/ХХ-ийн 137-143 дугаар тал/

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 08 сарын 13-ны өдрийн 202/46 тоот дүгнэлтэд:

1. Ажлын хэсэг 2022 оны 07 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, иргэн Ш.О, Ш.Шүрэнцэцэг нарын хашаалсан гэх хашааг хэмжихэд 976 м.кв талбайтай байна.

Ш.О, Ш.Шүрэнцэцэг нарын хашаалан амьдарч буй газрыг хэмжсэн ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 691 м.кв талбайтайгаар Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамжны 3806 тоот хаягт байршилтай иргэн Г.Бын нэр дээр газар эзэмших эрхтэй бүртгэгдсэн газартай, нэгж талбарын 1332803419 дугаар бүхий 699 м.кв талбайтайгаар Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамжны 3808 тоот хаягт байршилтай иргэн Б.Хуншагайн нэр дээр газар эзэмших эрхтэй бүртгэгдсэн газруудтай давхцаж байна.

2. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 691 м.кв талбайтайгаар Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3806 тоот хаягт байршилтай иргэн Г.Бын нэр дээр газар эзэмших эрхтэй бүртгэгдсэн байна.

Нэгж талбарын 1332803419 дугаар бүхий 699 м.кв талбайтайгаар Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамжны 3808 тоот хаягт байршилтай иргэн Б.Хуншагайн нэр дээр газар эзэмших эрхтэй бүртгэгдсэн байх ба хоорондоо давхцалгүйгээр бүртгэгдсэн байх бөгөөд зэрэгцээ байрлаж байна.

3. Ажлын хэсэг 2022 оны 07 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий газарт очиж хэмжил зураглалын ажлыг гүйцэтгэхэд Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамжны 3806 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 691 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3808 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1332803419 дугаар бүхий 699 м.кв талбайтай газрууд нь бодит байдал дээрээ заагласан хашаа бариагүй байна.

Харин иргэн Ш.О, Ш.Шүрэнцэцэг нар нь 976 м.кв талбайтай газрыг хашаалсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Блюжей ланд ХХК-ийн 2020 оны 05 сарын 06-ны өдөр үйлдсэн иргэн Б.Өнөгэрэлийн нэгж, талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас албан хэрэгцээнд ашигладаг мэйл хаягаар авч солбицлын утгыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын 0000000000 дугаар бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна гэжээ.

/ХХ-ийн 154-161 дүгээр тал/

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 08 сарын 13-ны өдрийн 2022/46 тоот шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэмэлт шинжилгээ-тодруулгыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ирүүлсэн тус газрын 2022 оны 10 сарын 24-ний өдөр 1/1988 тоот дүгнэлтэд:

-... Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 1332803419 дугаартай газрын хашааны дугаар нь 3803 тоот гэж бүртгэгдсэн байна. Тус газраас хүргүүлсэн 2022/446 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдсан 1332803419 дугаартай нэгж талбарын хашааны дугаарыг 3808 гэж алдаатай явуулсаныг залруулан хүргүүлж байна гэсэн байна.

/ХХ-ийн 166-175 дугаар тал/

Хариуцагч Ш.О, Ш.Шүрэнцэцэг нарын хашаалан амьдарч буй 976 м.кв талбай бүхий газар нь Г.Бын эзэмшилд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамжны 3806 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 691 м.кв талбайтай газартай болон Б.Хуншагайн эзэмшилд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамж, 3803 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1332803419 дугаар бүхий 699 м.кв талбайтай газруудтай давхцалтай болох нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар ирүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан Блюжей ланд ХХК-ийн 2020 оны 05 сарын 06-ны өдөр үйлдсэн иргэн Б.Өнөгэрэлийн нэгж, талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын 0000000000 дугаар бүхий газартай буюу Г.Бын эзэмшлийн газартай бүхэлдээ давхцалтай байгаа нь мөн дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 101-102, 130-133, 155-158, 174 дүгээр тал/

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Ш.О, Ш.Шүрэнцэцэг нар нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй атлаа газар эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,

106.4Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-р гудамжны 3806 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 691 м.кв талбай бүхий газрын эзэмшигч Г.Б нь өөрийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-3806 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай, 691 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ш.О, Ш.Шүрэнцэцэг нарын эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ж.Даваасод /РД: ФД69101516/ нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр нас барсныг 2022 оны 04 сарын 19-ний өдөр нас барсныг бүртгэх бүртгэлийн 1100002077 дугаар бүртгэж нас барсны гэрчилгээ олгожээ.

/ХХ-ийн 136 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зохигч болох хүн нас барсан ..., мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д " 65.1.10-д заасан үндэслэл хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлтэй, Ж.Даваасодод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 2318 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Д.Эрдэнэчимэгээс 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гантүвшинд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Уг шийдвэрээр талууд 2014 оны 5, 6 сард газар шилжүүлэх асуудлаар хэлэлцэн, улмаар Баянзүрх дүүргийн 28-р хороонд байрлах газар очиж үзэж байсан, нэхэмжлэгч уг газарт хашаа барьсан, дээрх цаг хугацаанд хариуцагч Д.Эрдэнэчимэгт газар эзэмшүүлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, гэрээ, гэрчилгээг олгогдоогүй байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон,

хариуцагч Д.Эрдэнэчимэгтэй хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн гишүүд нь Баянзүрх дүүрэг, 28-рхороо, Хужирбулан 4 хэсэг, 65 гудамж, 3803, 3804, 3805 тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр газрын албанд гаргасан хүсэлтүүдээсээ хариуцагч татгалзан, үүнтэй холбоотой нэхэмжлэгч төлбөр төлөх үүрэг талуудад үүссэн гэж дүгнэсэн бөгөөд 3806 тоот газрын талаар хариуцагч Д.Эрдэнэчимэг үүрэг хүлээсэн баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэжээ.

Дээрхи шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 1578 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба Улсын дээд шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хариуцагч Д.Эрдэнэчимэгийн гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 56-68 дугаар тал/

 

Шүүх 2021 оны 12 сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 12 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Ш.Шүрэнцэцэгт 2022 оны 01 сарын 04-ний өдөр, Ш.От 2022 оны 01 сарын 24-ний өдөр, Ж.Даваасодын төлөөлөгч Ш.От 2022 оны 02 сарын 07-ны өдөр тус тус зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлгийг болон хэргийн баримтуудыг танилцуулсан байна.

Талуудад хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгох үүднээс шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулсан ба 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 15 цагт товлосон шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 8 хоногийн өмнө хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.От мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 хэсэг, 65-3806 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай, 691 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ш.О, Ш.Шүрэнцэцэг нарын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О, Ш.Шүрэнцэцэг нараас нийт 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасныг баримтлан Г.Бын нэхэмжлэлтэй, Ж.Даваасодод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН