Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/00166

 

 

 

 

 

 

 

2023 01 04

101/ШШ2023/00166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ххххххххххххххххх тоотод оршин суух, Сартуул овогт С.Д /рд:0000/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ххххххххххххх тоотод оршин суух, Дандаа лам овогт Ч.Н /рд:0000/-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д, хариуцагч Ч.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 04 дүгээр сард Э гэдэг хүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн хххххххххххх тоотод байрлах, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдаж авсан. Би уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн газрын албанаас авсан. Гэтэл миний эзэмшлийн уг газар дээр Ч.Ннь амьдраад нүүхгүй байна. Анх намайг уг газрыг худалдан авахаар Эын хамт очиж үзэхэд уг газарт айл байгаагүй. Би Ч.Н-г нүүхийг олон жил харсан боловч нүүхгүй байна. Иймд Ч.Н-гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн хххххххххххх тоотод байрлах, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2012 онд Э гэдэг танилдаа автомашинаа өгч уг газрыг худалдан авахаар ирж буусан. Газрын гэрчилгээгээ гаргуулъя, гэрээ байгуулъя гэхэд Э нь тэгж байгаад гаргаж өгнө гэсээр өдийг хүрсэн. Би энэ газарт 2012 онд намагтай, хэн ч тоохгүй байхад нь ирж буусан. С.Д нь худалдаж авахдаа надаас асууж авахгүй яасан юм бэ, би гомдолтой байна. Би Эт залилуулсан талаар цагдаад гомдол гаргасан боловч шийдэж өгөөгүй. Би энэ газарт 2012 оноос хойш амьдарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг,

3.2 Хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас ирүүлсэн газрын хувийн хэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ч.Намжилмаад холбогдуулан Баянзүрх дүүргийн хххххххххххх тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Хариуцагч 2012 оноос маргаан бүхий газарт амьдарсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

2.1 Нэхэмжлэгч С.Дыг Баянзүрх дүүргийн хххххххххххх тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмшигчээр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4/

 

2.1.1 Маргаан бүхий газрын эзэмшигчээр өмнө нь Ц.Э нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ авчээ. /хх-34-39/

2.1.2 Нэхэмжлэгч С.Д нь дээрх маргааны зүйл болох газрыг эзэмших эрхийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ц.Этай газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ц.Эын эзэмшлээс шилжүүлж авсан байна. /хх-42/

 

2.1.3 Ингээд нэхэмжлэгч С.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргатай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, маргаан бүхий газрын татвар төлж, кадастрын зураг гаргуулан эзэмших эрхийн гэрчилгээг авсан болох нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас ирүүлсэн газрын хувийн хэргийн баримтуудаар тогтоогдсон. /хх-38-44/

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

4. Хариуцагч Ч.Ннь ...2012 оноос хойш уг газарт амьдарч байна. Ц.Эаас худалдаж авсан тул маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.1 Хариуцагчийн хүсэлтээр шүүх Баянзүрх дүүргийн газрын алба, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс маргаан бүхий газрын хувийн хэрэг, Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийн лавлагааг тус тус хэрэгт нотлох баримтаар гаргуулахад хариуцагч Ч.Н-г уг газрыг эзэмших эрхтэй талаарх баримтад мэдээлэл ирээгүй.

 

4.1.1 Хариуцагч Ч.Ннь Ц.Э гэх иргэнээс маргаан бүхий газрыг худалдаж авсан гэх боловч энэ талаар тэдгээрийн хооронд байгуулагдсан бичгийн гэрээ байхгүй байна.

 

4.1.2 Түүнчлэн хариуцагчаас гаргасан 2012 оноос хойш одоог хүртэл уг газарт удаан хугацаанд амьдарч байгаа тул газрыг өмчлөх эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй болно. Газрын эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан байх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх/эзэмших/ эрх нь зохих этгээдийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, улсын бүртгэлд үндэслэгддэг журамтай.

 

5. Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Ч.Ннь маргаан бүхий газрыг эзэмшигч Д.Даринчулууны зөвшөөрөлгүй, хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг газрыг чөлөөлж шийдвэрлэв.

 

6. Бусад:

 

6.1 Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Ц.Эыг оролцуулахаар шийдвэрлэж, тухайн гэрчийг хариуцагчаас тодорхойлсон хаягийн дагуу шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаас Чулуут амины орон сууцны 2 дугаар гудамж, 24 тоотод Ц.Э гэх иргэн бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг ирүүлсэн. Хариуцагч талаас гэрч Ц.Эын оршин суух хаягийг шинээр тодруулж өгөөгүй тул шүүх уг гэрчийг дуудан ирүүлж, мэдүүлэг авах боломжгүй болсныг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Н-гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн хххххххххххх тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ