| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/04550/И |
| Дугаар | 101/ШШ2023/00270 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/00270
2023 01 09 101/ШШ2023/00270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Схххххххххххххххх тоот хаягт байрлах, АХХК /РД: ххххххххххххх,
Нэхэмжлэгч: ххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, ххххххххххххх овогт А.Г /РД: 000000000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххххххтоот хаягт байрлах, Г ХХК /РД: 6297536/,
Хариуцагч: ххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, овогт Ухнаагийн Г /РД: хххххххххххххх/ нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч АХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энэбиш болон А.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г ХХК-ийн захирал У.Г нь АХХК-тай 2018 оны 04 сарын 26-ны өдөр АМ-05 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр АХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал А.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын 96,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г ХХК-д худалдахаар тохирсон.
Гэрээний нийт үнийн дүн 200,000,000 төгрөг бөгөөд төлбөрийг бараа материал болон орон сууц, авто машинаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Гэрээ байгуулагдах үед А.Г нь АХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцны түлхүүрийг Г ХХК-ийн захирал У.Гт хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр одоо уг орон сууцанд амьдарч байгаа.
Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй ба үнэ бүрэн төлөгдсөний дараагаар шилжүүлэхээр харилцан тохирсон.
Г ХХК-ийн захирал У.Г уг орон сууцанд амьдарч байгаа тул түүнийг хариуцагчаар татсан.
Гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч талд удаа дараа мэдэгдсэн боловч өнгөрсөн 4 жилийн хугацаанд 49,672,500 төгрөгийг л төлсөн ба үлдэгдэл төлбөрийг одоо болтол төлөөгүй.
Г ХХК болон захирал У.Гт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн ч биелүүлээгүй тул гэрээнээс татгалзан шүүхэд хандах болохоо мэдэгдсэн.
У.Г мөнгийг чинь төлнө, байрыг чинь суллаад өгнө, эвлэрье гэх зэргээр холбогддог бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие У.Г, А.Г бид хэд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 ч удаа уулзалт хийгээд бүтээгүй.
У.Г захирал орон сууц, тоёота хайландер маркийн машин өгөөд эвлэрье гэсэн боловч өөр хүний нэр байсан бөгөөд нэг удаа ирэхдээ энэ унаж яваа машиныг авчих гэсэн бөгөөд авах гэтэл болохгүй юм байна, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тавиад зээл авсан гэсэн.
Өмнөх хурлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрье гэж хурал хойшлуулаад гараад огт холбогдоогүй.
Иймд 2018 оны 04 сарын 26-ны өдрийн АМ-05 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээнээсээ татгалзсан тул Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204067652 дугаарт бүртгэлтэй, 96,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч У.Гийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Г ХХК болон У.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан тайлбартаа:
Ж.Баяржавхлан миний бие тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа А.Г, АХХК-ийн нэхэмжлэлтэй У.Г, Г ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тэдний эрх ашгийг хамгаалж байгаа билээ.
Тус нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байрны 57 тоот хаягт байрлах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр тодруулсан байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээг биелүүлэхээр олон талаар харилцан тохиролцож байсан боловч нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний үүрэг одоог хүртэл хэрэгжээгүй байна.
Цаашид ч бид нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож гэрээний үүргээ биелүүлэх талаар эвлэрэх боломжтой юм.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч АХХК болон А.Г нар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлүүд, А.Гын иргэний үнэмлэхийн хуулбар,
АХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, АХХК болон Г ХХК нарын 2018 оны 04 сарын 26-ны өдөр байгуулсан А.М-05 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ,
Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөн компанийн дүрэм,
Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил, /13313/,Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204067652 дугаарт бүртгэлтэй, 96,56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц А.Гын өмчлөлд бүртгэгдсэн тухай 000751655 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Г ХХК-ийн захирал У.Гийн АХХК-ийн захирал А.Гт хүргүүлсэн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн ГМ/2002 тоот төлбөр барагдуулах тухай албан тоот,
мерседес бенз 240 маркийн суудлын автомашины болон дугуйт ачигч /ковш/-ийн гэрэл зураг,
АХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Мөнхбаатарын Г ХХК-ийн захирал У.Гт хүргүүлсэн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 20/218 тоот албан бичгийн хариу,
АХХК-ийн захирал А.Гын Г ХХК-ийн захирал У.Гт хүргүүлсэн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 21/150 тоот мэдэгдэл,
АХХК болон Г ХХК нарын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Г ХХК, У.Г нар нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, У.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлүүд,
Гүйцэтгэгч Эрхэт монгол ХХК-ийн захиалагч Д.Цэрэндуламтай байгуулсан 2021 оны 11 сарын 11-ний өдрийн CR-11-19 дугаартай Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Сити резиденс хотхон, CR-03 байрны 3 давхар, 3F загварын 74,04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалгын гэрээ, байрны зохион байгуулалтын план зураг,
Эрхэт монгол ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тоёота хайландер маркийн 5568 УАХ улсын дугаартай суудлын авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г, АХХК нар нь хариуцагч Г ХХК, У.Г нарт холбогдуулан 2018 оны 04 сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзан, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204067652 дугаарт бүртгэлтэй, 96,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч У.Гийн эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Г ХХК-тай 2019 оны 04 сарын 26-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч АХХК нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204067652 дугаарт бүртгэлтэй, 96,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагч Г ХХК-д 200,000,000 төгрөгөөр худалдахаар,
2.1-т зааснаар 96,56 м.кь талбай бүхй байрыг 1 м.кь талбайг 2,071,251 төгрөгөөр тооцон, нийт 200,000,00 төгрөгийг бартерт тооцуулахаар,
2.2-т Бартерт 100,000,000 төгрөгт керамик улаан тоосго, элс нийлүүлэхээр, улаан тоосгоны нэгж үнэ 196 төгрөг, элс 1 м3 нь 22,500 төгрөг,
Үлдэгдэл 100,000,000 төгрөгөөс тоёота кроун 204 машин 30,000,000 төгрөгөөр, 70,000,000 төгрөгт орон сууц болон авто машин бартераар өгөхөөр,
2.3-т Орон сууцны гэрчилгээг төлбөр тооцоо нийлсэн актын дагуу дуусгавар болоход шилжүүлнэ,
1.4-т Энэхүү гэрээ 2018 оны 04 сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тус тус харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар болон уг гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 4, 9-16 дугаар тал/
Талуудын хооронд 2018 оны 04 сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед АХХК-ийн гүйцэтгэх удирдлага А.Г
байсан нь, Г ХХК-ийн гүйцэтгэх удирдлага У.Г байсан бөгөөд тэрээр өнөөг хүртэл хугацаанд уг хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа нь хуулийн этгээд тус бүрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 4, 12-16,45-49 дүгээр тал/
Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204067652 дугаарт бүртгэлтэй, 96,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нэхэмжлэгч А.Гын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдлоо.
/ХХ-ийн 17 дугаар тал/
Хариуцагч У.Г орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсантай холбоотой маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан гэрээнээс татгалзахад нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байгаа гэж тайлбарласан болно.
Гэрээнээс татгалзахад нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байгаа гэх боловч энэ байдал нь баримтаар тогтоогдоогүй болно.
Хариуцагч Г ХХК нь 2018 оны 05 сарын 24-ний өдөр 18 м3 элс буюу 405,000 төгрөг, 18 м3 элс буюу 405,000 төгрөг, 7м3 элс буюу 157,500 төгрөг,
2018 оны 05 сарын 24-ний өдөр тоосго 5,000 ширхэг, 980,000 төгрөг,
2018 оны 06 сарын 03-ны өдөр 7,000 ширхэг тоосго буюу 1,372,000 төгрөг,
2018 оны 06 сарын 06-ны өдөр ниссан тиана маркийн 1660УНТ дугаартай машин буюу 20,000,000 төгрөг,
2018 оны 12 сарын 31-ний өдөр зөрүү 18,353,000 төгрөг,
2021 оны 03 сарын 02-ны өдөр бенз Е-240 5050 УБТ дугаартай авто машин буюу 8,000,000 төгрөг,
Нийт 49,672,500 төгрөгийг 2018 оны 04 сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн бөгөөд хариуцагч нар үүнийг эсэргүүцээгүй ба эвлэрэх боломжтой гэх тайлбарыг гаргажээ.
/ХХ-ийн 24 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 сарын 26-ны өдрийн гэрээ ёсоор хариуцагч буюу худалдан авагч тал гэрээний төлбөрийг 2019 оны 12 сарын 31-ний өдрөөр төлж дуусгах бөгөөд худалдан авагч тал 2021 оны 03 сарын 02-ны өдрөөс хойш төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон ба хариуцагч нар энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал дээрхи гэрээний үүргийн биелэлттэй холбоотой зөрчил үүссэн хугацаанд хариуцагч Г ХХК-ийн захирал У.Гт 2020 оны 09 сарын 14-ний өдөр 20/162 тоот, 2021 оны 10 сарын 14-ний өдөр 21/150 тоот мэдэгдлүүдийг өгч байжээ.
/ХХ-ийн 18, 23 дугаар тал/
5
Хариуцагч Г ХХК-ийн захирал У.Г нь 2020 оны 11 сарын 02-ны өдөр ГМ/2002 тоот төлбөр барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч АХХК-ийн захирал А.Гт хүргүүлэхэд 2020 оны 11 сарын 09-ний өдөр 20/218 тоот хариуг хүргүүлсэн байна.
2020.11.09-ний 20/218 тоот албан бичигт ... Санал болгосон авто машинуудыг үзсэн. Дугуйт ачигч /ковш/-ыг үзэхэд хөдөлгөх боломжгүй, засвар үйлчилгээ ихээр шаардлагатай тул авах боломжгүй,
Мерседес бенз 240 авто машин он хуучин, оношлогоонд оруулах аардлагатай, буцаж өорлогдох магадлал бага тул 8,000,000 төгрөгөөр үнэлж байна.
Үлдэгдэл 102,000,000 төгрөгийг 2020оны 11, 12 саруудад багтааж төлж барагдуулах. Хэрэв заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авч байр чөлөөлүүлэх болохыг үүгээр мэдэгдье гэжээ.
/ХХ-ийн 19-22 дугаар тал/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагч нарт шаардлага хүргүүлсээр атал хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзах эрхтэй.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,
243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч АХХК нь Г ХХК-тай 2018 оны 04 сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсантай холбоотой нэхэмжлэгч А.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204067652 дугаарт бүртгэлтэй, 96,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч У.Гийн эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй.
Мөн хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч АХХК-иас гэрээний үнэд авсан 49,672,500 төгрөг гаргуулан хариуцагч Г ХХК-д олгох нь зүйтэй.
2022 оны 12 сарын 26-ны өдрийн 13:30 минутанд товлосон хуралдаанаар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагч нарт гардуулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхланд нотлох баримтаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэх, мөн талуудад эвлэрэх хугацааг олгон шүүх хуралдааныг хойшлуулсан ба дараагийн шүүх хуралдааныг товлохдоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тодруулан 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 15:30 цагт хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг товлосон болно.
Хариуцагч нарынн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан дээрх шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш 4 хоногийн дараагаар товлогдсон Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдаанд оролцохоор АХХК болон А.Г нарын нэхэмжлэлтэй Г ХХК, У.Г нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг өөрчлөх саналаа уламжлах боломжтой байсан, түүнийг энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгааны улмаас ирэх боломжгүй байсан гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 79-83 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405-р байр, 57 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204067652 дугаарт бүртгэлтэй, 96,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч У.Гийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч АХХК-иас 49,672,500 төгрөг гаргуулан хариуцагч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Г, АХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,228,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 1,157,950 төгрөг, хариуцагч У.Гөөс 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Г, АХХК нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН