Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/150

 

     2025         08          22                                      2025/ШЦТ/150

      

         

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,

Улсын яллагч                                                                        Б.Халиунгоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Д.Цолмон,

Шүүгдэгч                                                                   *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д  холбогдох эрүүгийн 2504000000175 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр мужаан хийдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сум 6 дугаар баг 45 дугаар байр 9  тоот гэх хаягтай боловч Сүхбаатар аймгийн******* сум, 6 дугаар баг, 12 гудамжны  05 тоотод оршин суудаг,

Урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлйин 62.1-т заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлйин 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* .

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос Уул 11 дүгээр гудамжинд 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед 28-81 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,09 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  *******  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 4-р хуудас/,

- *******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 46-р хуудас/,

- Багануур дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/496 дугаартай шийтгэвэр /хх-ийн 84-85-р хуудас/ зэрэг баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос шинжлэн судлуулсан баримт:

- Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, хохирол төлсөн баримт,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-64-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгчид хохирол төлсөн баримтын хуулбар /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл  жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэмт хэрэгт тооцохоор заасан.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж,

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промил (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промил (%) илэрснийг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ.

Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/496 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос Уул 11 дүгээр гудамжинд 28-81 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,09 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт нь:  

-2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай: “...******* нь 28-81 УЕС улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2,09 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            Цагдаагийн албан хаагчийн “...Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч д/а Э.Ганбаяр би эрүүгийн цагдаагийн д/ч Э.Тэмүүжингийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Тогос Уул 11 дүгээр гудамжинд ******* нь цагаан өнгийн Тоёота приус 30 загварын 28-81 УЕС дугаартай тээврийн хэрэгслийг 2,09 хувийн согтолттой жолоодож цахилгааны шон мөргөж хугалсан байсныг Г-10т мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. ...” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 4-р хуудас/,

            - ЦЕГазраас ирүүлсэн *******ын жолоочийн лавлагаанд: “...Эрх хасагдсан төлөвтэй, Багануур дүүрэг, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл эрх хасагдсан...” гэсэн мэдээлэл /хх-ийн 46-р хуудас/,

- Багануур дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/496 дугаартай: “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэсэн шийтгэвэр /хх-ийн 84-85-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Улсын яллагчаас: “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

              Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба учрах хор уршигт болгоомжгүй ханддагаар тодорхойлогдоно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд *******д холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч “Багануур-Зүүн өмнөд бүсийн ЦТСүлжээ” ТӨХК-д учруулсан 1,630,201 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн байх тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Энэ хэргийн улмаас иргэний хариуцагч “Багануур-Зүүн өмнөд бүсийн ЦТСүлжээ” ТӨХК-д учруулсан 1,630,201 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Иймд дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв,

              Шүүгдэгч *******: “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн тайлбарыг гаргав.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/-н сарын  хугацаагаар хасаж,  240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 3 /гурав/-н сарын  хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 3 /гурав/-н сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч “Багануур-Зүүн өмнөд бүсийн ЦТСүлжээ” ТӨХК-д учруулсан 1,630,201 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.ӨЛЗИЙ-ОТГОН