Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/00329

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 11 101/ШШ2023/00329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххх тоот хаягт оршин суух, Н.Т /РД: хххххххх/, Д.Б /РД: хххххххххххх/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххххх хаягт оршин суух, Д.Ч /РД: ххххххххххххххх/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай хэсэг 1-р гудамж, 7 тоот хаягт оршин суух, Б.Г /РД: хххххххххххх0/ нарт холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч Д.Ч, Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Т бид 2016 онд Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам дахь 2 айлын газрыг 3,000,000 төгрөгөөр Д.Чгээс худалдан авсан. Д.Ч нь хүүгийнхээ нэр дээр уг газрын бичиг баримтыг гаргуулж байгаа гэсэн.

2016 оны 07 сараас хойш 2021 оны 06 сар хүртэл газар эзэмших баримт бичгийг өгөхгүй байсан тул бид Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж газар эзэмших эрхийн бичиг баримтаа авсан.

Газар эзэмших гэрчилгээгээ аваад очиж уулзахад манай хашаанд амбаар, гэр барьсан байсан ба нүүхгүй өдий хүрч байна. Өмнө нь 2022 оны зун нэхэмжлэл гаргасан боловч шүүх хурал болдог өдөр хүү минь осолд ороод хуралд ирж чадаагүй.

Н.Т, Д.Б бидний эзэмшлийн Баянзүрх дүүрэг, дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам, нэгж талбарын 1332705987 дугаар бүхий 600 м.кв талбай бүхий газар, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам, нэгж талбарын 1332706107 дугаар бүхий, 699 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Ч, Б.Г нарын эзэмшлээс тус тус чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг газарт манайх 1993 оноос хойш амьдарч байгаа. Б.Г бид хоёр газрын албанд газар эзэмших хүсэлт гаргадаг боловч огт шийдэж өгдөггүй. Би газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасан боловч уг газрыг Д.Бад эзэмшүүлэхээр шийдвэр гарсан байсан.

Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын аманд байрлалтай, 699 м.кв талбайтай газрыг 2016 онд Д.Тт 3,000,000 төгрөгөөр зарсан. Уг газарт манайх гэр барьж зусж, намарждаг байсан ба 2022 оны 08 сард гэрээ буулгасан.

Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам дахь 600 м.кв талбайтай газарт хүү Б.Г 2021 оны 05 сарын 13-ны өдөр шон зоож 3 тал хашаа барин амьдарч байгаа. Газрыг чөлөөлмөөргүй байна гэв.

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 20-р хороон дахь уг газарт манайх 1993 оноос хойш амьдарч байгаа. Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын аманд байрлалтай, 699 м.кв талбайтай газрыг намайг Судан явахад зарсан байна лээ.

Би 2015 оны 08 сард Судан яваад 2016 оны 09 сард ирсэн. Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам дахь 600 м.кв талбайтай газарт би хашаа хатгаад гэр бариад амьдарч байгаа. Газрыг чөлөөлөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н.Т, Д.Б нар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбарууд, тэдэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/286 дугаартай захирамж,

Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам, нэгж талбарын 1332705987 дугаар бүхий 600 м.кв талбайтай газрын мөн Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам, нэгж талбарын 1332706107 дугаар бүхий 699 м.кв талбайтай газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зургууд, газрын гэрэл зургууд,

2021 оны 08 сарын 17, 2021 оны 09 сарын 08-ны өдрүүдэд Дүүргийн газар зохион байгуулалтын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 20297-р дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, 2022 оны 08 сарын 10-ны өдрийн 18825-р дугаартай нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Ч, Б.Г нар нь Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам дахь 699 м.кв талбайтай газрыг Н.Тт 2016 оны 07 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгөөр худалдсан гэрээ, газрын кадастрын зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

2022 оны 12 сарын 12-ны өдрийн 29183-р захирамжаар хариуцагч Д.Ч, Б.Г нар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх, гаргаж байсан бол хэзээ гаргасан, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болох үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэн баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т, Д.Б нар нь хариуцагч Д.Ч, Б.Г нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам, нэгж талбарын 1332705987 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай, 600 м.кв талбай бүхий газрыг болон Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам, нэгж талбарын 1332706107 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай, 699 м.кв талбай бүхий газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Т, Д.Б нар Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам дахь 600 м.кв, 699 м.кв талбайтай газруудыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тул газраа чөлөөлүүлнэ,

Хариуцагч Д.Ч, Б.Г нар Тухайн газарт 1993 оноос амьдарсан. Газрын алба газар эзэмших хүсэлт шийдвэрлэж өгдөггүй. Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам дахь 699 м.кв газрыг Н.Тт 2016 онд худалдсан, тухайн газарт барьсан гэрээ буулгасан. 600 м.кв талбайтай газрыг чөлөөлөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамжаар Д.Бад Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам дахь 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, Н.Тт Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам дахь 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Засаг даргын дээрх шийдвэрийг үндэслэн Н.Тт Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам хаягт байрлах нэгж талбарын 1332706107 дугаар бүхий 699 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн Э-2204016281 дугаарт бүртгэн 000172386 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 09 сарын 08-ны өдөр,

Д.Бад мөн хаяг дахь нэгж талбарын 1332705987 дугаар бүхий 600 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн Э-2204015670 дугаарт бүртгэн 000171954 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 08 сарын 17-ны өдөр тус тус олгосон бөгөөд газар эзэмшигч нар гэрчилгээ олгосон өдрүүдэд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

/ХХ-ийн 5-7, 10-12, 15-16, 55-68 дугаар тал/

Нэхэмжлэгч Н.Т, Д.Б нар газар эзэмших эрхтэй холбоотой өмнө нь шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2022 оны 08 сарын 10-ны өдрийн 18825-р захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг нь буцаан шийдвэрлэж байсан ба нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаа зохих албан тушаалтан, байгууллагаар шийдвэрлүүлсэн гэж үзлээ.

/ХХ-ийн 13-14 дүгээр тал/

2022 оны 12 сарын 12-ны өдрийн 29183-р захирамжаар хариуцагч Д.Ч, Б.Г нар газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх, гаргаж байсан бол хэзээ гаргасан, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болохтой холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэн үүний дагуу доорхи баримтуудыг ирүүлсэн байна.

Иргэн Д.Ч нь Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Шарын аманд газар эзэмших хүсэлт 2022 оны 05 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргахад 2022 оны 12 сарын 13-ны өдөр 16/813 тоот албан бичгээр:

Баянзүрх дүүргйн 35-р хороо, Улиастай аманд шинээр газар эзэмших хүсэлт гаргасан байршил давхцалтай байна. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалтаар, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдыг эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.

/ХХ-ийн 45-54 дүгээр тал/

Иргэн Б.Г нь Баянзүрх дүүргийн 35-р хороо, Шарын аманд газар эзэмших хүсэлт тус албанд хандаж гаргаж байгаагүй нь мөн албаны 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 16/6 тоот албан бичгээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 76 дугаар тал/

Хариуцагч Д.Ч нь 2016 оны 07 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам дахь 699 м.кв талбай бүхий газрыг Д.Тт 3,000,000 төгрөгөөр худалдсан ба дээрх цаг хугацаанд хариуцагч нарт уг газрыг эзэмшүүлэх газар эзэмшүүлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байсан талаар хэн аль маргаагүй.

/ХХ-ийн 38-39 дүгээр тал/

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ,

27.3Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна,

27.4Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Д.Ч, Б.Г нар нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй атлаа газар эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,

106.4Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам, нэгж талбарын 1332705987 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай, 600 м.кв талбай бүхий газрын эзэмшигч Д.Б, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам, нэгж талбарын 1332706107 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай, 699 м.кв талбай бүхий газрын эзэмшигч Д.Т нар өөрсдийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам, нэгж талбарын 1332705987 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай, 600 м.кв талбай бүхий газрыг болон нэхэмжлэгч Н.Тын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам, нэгж талбарын 1332706107 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай, 699 м.кв талбай бүхий газрыг тус тус хариуцагч Д.Ч, Б.Г нарын эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх 2022 оны 10 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 10 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Д.Чд 2022 оны 10 сарын 17-ны өдөр, хариуцагч Б.Гт 2022 оны 10 сарын 24-ний өдөр тус тус зохигчийн эрх, үүрэг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувь гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн баримтуудыг танилцуулсан ба талуудад хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгох үүднээс шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастайн ам, нэгж талбарын 1332705987 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай, 600 м.кв талбай бүхий газрыг болон нэхэмжлэгч Н.Тын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Улиастай шарын ам, нэгж талбарын 1332706107 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай, 699 м.кв талбай бүхий газрыг тус тус хариуцагч Д.Ч, Б.Г нарын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т, Д.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч, Б.Г нараас нийт 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т, Д.Б нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН