| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/05885/И |
| Дугаар | 101/ШШ2023/00491 |
| Огноо | 2023-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/00491
2023 01 19 101/ШШ2023/00491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххөөрийн байр, Ү ХХК-ийн /РД: хххххххххххххх1/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххххххххх тоот болон хххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Д.Н-т /РД: 000000000/ холбогдох
8,768,435.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Тогтохбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай банк зээлдэгч Д.Нтай 2019 оны 04 сарын 19-ний өдөр АС-КЗ-19/007 тоот картын зээлийн эрхийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, ашигласан зээлийг эргэн төлөх хугацаа 90 хоног, зээлийн эрхийн хүчинтэй хугацааг 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.
Хариуцагч Д.Н өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1,18 төгрөг төлсөн ба үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс огт төлөөгүй.
Зээлийн төлбөрөө төлөхийг мэдэгдэхэд ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх боломжгүй гэж байсан бөгөөд манайх үүнтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргалгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг нь хүлээсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэн зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн.
Иймд зээлдэгч Д.Нтай байгуулсан 2019 оны 04 сарын 19-ний өдрийн АС-КЗ-19/007 тоот картын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,999,998.82 төгрөг, зээлийн хүү 4,086,574.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681,862.82 төгрөг, нийт 8,768,435.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н 2023 оны 01 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талтай эвлэрэх хүсэлтэй. 7,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх тухай төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн ТУЗ-18/20 тоот, 2021 оны 07 сарын 09-ний өдрийн ТУЗ/21-22, 2021 оны 08 сарын 02-ны өдрийн ТУЗ/21-25, 2022 оны 07 сарын 19-ний өдрийн ТУЗ/22-28, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн ТУЗ/22-29, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн ТУЗ/22-32, 2022 оны 09 сарын 23-ны өдрийн ТУЗ/22-40, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн ТУЗ/22-44 тоот тогтоолууд,
2019 оны 04 сарын 19-ний өдрийн АС-КЗ-19/007 тоот картын зээлийн эрхийн гэрээ, Д.Нт хүргүүлсэн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 20/03 тоот мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 сарын 14-ний өдөр гардан авсан бөгөөд тэрээр бичгээр тайлбар өгөөгүй ба 2023 оны 01 сарын 16-ны өдрийн хуралдаанд 7,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь хариуцагч Д.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,768,435.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2022 оны 09 сарын 14-ний өдрийн байдлаар:
-Үндсэн зээл 3,999,998.82 төгрөг,
-Зээлийн хүү 4,086,574.15 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 681,862.82 төгрөг,
Нийт 8,768,435.79 төгрөг.
Хариуцагч Д.Н нь Үндэсний хөрөнгө оруулалтын банктай 2019 оны 04 сарын 19-ний өдөр АС-КЗ-19/007 тоот картын зээлийн эрхийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг эзэмшихээр,
Гэрээний 1.2.1-т зааснаар зээлийн үндсэн хүү сарын 2,5 хувь,
1.2.2-т зээлийн эрхийн хүчинтэй хугацаа 12 сар,
1.2.3-т Ашигласан зээлийг эргэн төлөх хугацаа 90 хоног, мөн зээл олгох хэлбэрийг бэлэн болон бэлэн бусаар, зээлийн шимтгэл төлөхгүйгээр,
Зээлийг эргэн төлөх хугацааг зээлийн эрхийг ашигласан өдрөөс тооцохоор, гэрээний хугацаанд ашигласан зээлийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 13-14 дүгээр тал/
Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон хариуцагч Д.Н нарын хооронд 2019 оны 04 сарын 19-ний өдөр байгуулсан АС-КЗ-19/007 тоот картын зээлийн эрхийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч Д.Нын нэр дээр 2916002670 тоот зээлийн данс нээн тэрээр 2019 оны 04 сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөгийн зарлага гарган гүйлгээ хийжээ.
/ХХ-ийн 17-20 дугаар тал/
Дээрхи байдал нь 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон хариуцагч буюу зээлдэгч Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зээлдэгч Д.Нтай байгуулсан дээр дурьдсан картын зээлийн эрхийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч Д.Н гэрээний дагуу зээлийн картыг ашиглаж эхэлсэн нь зээлийн дансны хуулга, зээл хүүгийн тооцоололоор тогтоогдсон бөгөөд хариуцагч Д.Н энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 16-20 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 19-ний өдөр АС-КЗ-19/007 тоот картын зээлийн эрхийн гэрээний 1.2.1-т зээлийн үндсэн хүү сарын 2,5 хувь, 1.2.3-т Ашигласан зээлийг эргэн төлөх хугацаа 90 хоног,
1.4-т Гэрээний 1.2.3-т заасан ашигласан зээлийг эргэн төлөх хугацаа нь зээлийн эрхийг ашигласан өдрөөс эхлэн тооцогдох ба уг хугацаандаа багтаан төлсөн тохиолдолд дараагийн сард зээл ашиглах эрх нээгдэнэ,
1.5-д Зээлдэгч нь гэрээний 1.2.3-т заасан хугацаанд ашигласан зээлийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2.2.2-т Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.3-т заасан хугацаанд багтаан ашигласан зээл, зээлийн хүүг төлөх бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэнээр зээлийн эрхээ үргэлжлүүлэн ашиглах боломжтой болох гэж тус тус заасан байна.
Хариуцагч Д.Н нь 2019 оны 04 сарын 19-ний өдрийн АС-КЗ-19/007 тоот картын зээлийн эрхийн гэрээний үүрэгт 2019 оны 05 сарын 19-ний өдөр 1,18 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөрөөр гэрээний үүргээ гүйцэтгээгүй хэмээн зээлдүүлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк нэхэмжлэл гаргасан ба зээлдэгч Д.Н үүнийг эсэргүүцээгүй болно.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч буюу зээлдэгч Д.Нын гүйцэтгэх үүрэг 2022 оны 09 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3,999,998.82 төгрөг, зээлийн хүү 4,086,574.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681,862.82 төгрөг, нийт 8,768,435.79 төгрөг байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Наас үндсэн зээл 3,999,998.82 төгрөг, зээлийн хүү 4,086,574.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681,862.82 төгрөг, нийт 8,768,435.79 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд бичгээр тайлбар өгөөгүй болно.
/ХХ-ийн 31-34 дүгээр тал/
2023 оны 01 сарын 16-ны өдрийн 16 цагт товлосон хуралдаанд хариуцагч Д.Н нь 7,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасантай холбоотой талуудад эвлэрэн хэлэлцэх хугацаа олгон хуралдааныг 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
/ХХ-ийн 37, 54-59 дүгээр тал/
Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Д.Нын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Наас 8,768,435.79 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 155,245 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН