Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 68

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхчимэг

Өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч  Өөлд овогт Энхчимэгийн Тэмүүлэнд холбогдох 2017170001680005 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 8 сар 25 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэцагаан сумын 10 жилийн сургуулийн 12-р ангийн “в” бүлгийн сурагч,  ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг ажилчдын 12-43 тоотод  оршин суух,  Өөлд овогт Энхчимэгийн Тэмүүлэн.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэн нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Гантулгын эзэмшлийн “Бидний хишиг”  дэлгүүрээс бэлнээр 410 000 төгрөг, 5 хайрцаг парламент тамхи, 5 хайрцаг эссэ тамхи, порто дарс  зэрэг эд зүйл хулгайлж, нийт 471 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   яллах  болон  хөнгөрүүлэх   талын   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 сарын 03-ны өглөө Гантулга ахынд очсон Тэгэхэд Гантулга ах Зотол Хан-Уулын тахилгад явна гээд гэрийнхээ түлхүүрийг надад өгсөн.  Тэгээд би гэр рүүгээ яваад буцаж ирээд гэрт нь ороход гэрээсээ дэлгүүр рүүгээ дамжиж ордог хаалга нь нээлттэй байсан. Дэлгүүрт нь ороход дэлгүүрийн орлого хийдэг бор хайрцаг  дотор нь мөнгө байсан. Тэгэхээр мөнгийг нь авсан. Гэтэл тамхи татаж үзмээр санагдсан. Тэгээд тамхи татчихаад байж байтал Порто дарс байхаар нь аваад уусан. Баригдахгүй байх гэж бодож байсан ч цагдаад баригдсан. Би дахиж ийм зүйл хийхгүй гэв.

     

- Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Тухайн үед  би ажилтай, аав нь сургалтанд гарсан байсан. Би хувиараа  суудал түрээслэж үсчин хийдэг байсан.Бид өглөө ажилдаа гараад орой ирдэг.Ажил дээр байхдаа утсаар нрьж юу хийж байгааг нь  асуухад найзындаа байна гэдэг байсан.Тэмүүлэн хичээл сурлагадаа сайн,  өөрөө хуульч болно гэж ярьдаг юм. Хүүхдээ ийм үйлдэл гаргасанд харамсаж байна. Одоо хүүхэддээ анхаарал тавьж хүмүүжүүлнэ гэв.

 

- Хохирогч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэмүүлэнг гаднаас ороод ирэхээр нь би гэрийнхээ тлүлхүүрийг өгөөд миний хүү гэр орон сайн харж байгаарай гэж хэлчихээд явсан юм. Тэгээд тахилганд явж ирээд 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүрлүүгээ  ороход манай дэлүүрийн лангуун дээр байсан Парламент тамхи 5 хайрцаг , Эссэ тамхи 5 ширхэг  алга болсон  1 шил Порто дарс алга болсон байхыг хараад би дэлгүүрийнхээ орлогыг харахад орлогын мөнгө болох 410 000 төгрөг алга болсон байсан. Нийт 471 000 төгрөгийн хохирол учирсан. Миний хохирол болох 471 000 төгрөгийг Тэмүүлэнгийн аав, ээж нь бүрэн төлж өгсөн тул хохирлын ямар нэг маргаан  байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16/

- Гэрч Т.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Тэмүүлэн нь төлөв томоотой ангийн хүүхдүүд болон багш нартаа нэр хүнд сайтай, хичээлдээ онц сурдаг, хүнд их тусархуу зантай хүүхэд байгаа юм. Би хүүгээ хулгайн хэрэг хийсэн талаар мэдээд их гайхсан. Уг асуудалд  эцэг, эх болох бид хүүхдээ  харж хандахгүй байснаас болж ийм хэрэгт оруулсандаа гэмшиж байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,  

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багийн Засаг даргын 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 5/132 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38/

-- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Егүзэр хутагт Ж.Галсандашийн нэрмжит ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн   2017 оны 07-р сарын 02-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт /хх-ийн 37/

- Н.Тэмүүлэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Өсвөр насны шүүгдэгч Н.Тэмүүлэн  нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Гантулгын  “Бидний хишиг”  дэлгүүрээс бэлнээр 410 000 төгрөг, 5 хайрцаг парламент тамхи, 5 хайрцаг эссэ тамхи, порто дарс  зэрэг эд зүйлсийг хууль бусаар  хулгайлан   471 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Гантулга, гэрч Т.Наранбаатар, Б.Отгончимэг нарын  мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон  тул түүнийг  хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “ өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах  хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”,    мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн  чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэжээ.  

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэн нь 16 нас 8 сар 25 хоногтой,  түүний хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг   харгалзан  ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.2-т зааснаар  зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэнд  ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн 6.5 дахь хэсгийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх   нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

           Өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэн нь  цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Гантулгад хохирлын  471 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2,  1.5, 1.8, 1.9,   36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Өөлд овогт Энхчимэгийн Тэмүүлэнг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн  8.1 дүгээр зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэнд   хүмүүжлийн чанартай албадлагын  арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн  8.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэнд зан үйлээ засах сургалтанд 1 /нэг/ жилийн хугацаагаар хамрагдах үүргийг  хүлээлгэсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн  8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн  8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тэмүүлэнг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Д.Энхчмэгт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Тэмүүлэнд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Өсвөр насны шүүгдэгч Н.Тэмүүлэн нь цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч  Д.Гантулгад 471.000  төгрөг төлсөн,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА