Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/00566

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 24 101/ШШ2023/00566

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоот хаягт оршин суух, С.Лын /РД: хххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххххх тоот хаягт оршин суух, одоо 407 дугаар хорих ангид ял эдэлж буй гэх, Д.О /РД: хххххххххххх/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 280,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л,

Хариуцагч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Л би Д.Оийн хүсэлтээр 2019 оны 06 сарын 26-ны өдөр 130,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцон түүнд зээлдүүлсэн.

Мөн уг өдөр Д.Отэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бичгээр байгуулан уг зээлийн гэрээний үүрэгт тэрээр өөрийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17020, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоот хаягт байршилтай, 128,37 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2019 оны 06 сарын 26-ны өдөр Д.Оийн Хаан банк дахь 5131071512 тоот дансанд шилжүүлэн өгсөн.

2019 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 сарын 26-ны өдөр дууссан бөгөөд гэрээний хугацааг уг өдрөөс 2019 оны 11 сарын 26-ны өдөр хүртэл 2 сараар сунгасан. Мөн 2019 оны 11 сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 сарын 26 хүртэл 2 сараар тус тус сунгасан.

Анх нэхэмжлэл гаргахдаа Д.Оийн төлсөн зээлийн хүүг 54,600,000 төгрөг гэж тооцсон байсан ба сүүлд дансны хуулга шүүн үзэхэд тэрээр зээлийн гэрээ байгуулсанаас хойш 13 удаагийн төлөлтөөр 2021 оны 05 сарын 28-ны байдлаар 52,100,000 төгрөг төлсөн байсан.

Хариуцагч Д.Оээс үндсэн зээл 130,000,000 төгрөг, зээлийн хүү 2019 оны 07 сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл нийт 140,400,000 төгрөгийн хүү төлөх байснаас төлөөгүй үлдсэн 85,800,000 төгрөгийг нэхэмжилнэ.

Би Д.Отэй уулзаад хүү төлөхгүй бол шүүхэд хандана гэтэл байраа барьцаалсан тул хүү төлнө, чамайг алдагдалгүй болгоно гэсэн тул 2022 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл хугацааны хүү нэхэмжилсэн.

Үндсэн зээл 130,000,000 төгрөгийн 0,1 хувь хоногт 130,000 төгрөг болох ба зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2022 оны 07 сарын 26-ны өдөр хүртэл 1080 хоногт, нийт 140,400,000 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу үндсэн зээл 130,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 65,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар, мөн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17020 Дүнжингарав гудамж, 208 2 байр, 34 тоот хаягт байршилтай, 128,37 м.кв, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Д.Отэй арай гэж холбогдож байж гэрээний хугацаагаа сунгуулсан ба үүнээс хойш холбогдохгүй байсны эцэст зун 1 удаа холбогдоход утасны дугаараа сольсон байсан бөгөөд цагдаа дээр асуудал үүсээд байна гэж байсан. Гэрт нь 2-3 удаа очиход гэртээ байгаагүй.

2022 оны зун бартер хийх моторын тос байна гэсэн бөгөөд 4 торх, 1 торх нь 208 литр хэмжээтэй, 1 литр нь 13,500 төгрөгийн үнэтэй тос байгаа гэсэн. Уг моторын тосыг 2022 оны 04 сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг руу тээвэрлэсэн ба бид хоёр замын зардлыг нь тэнцүү хариуцахаар тохирсон.

Монос орчмоос портерт ачаад Өмнөговь явах машинд ачуулахад 300,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд моторын тосыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд аваачсан ба нийт 2,500,000 төгрөгийн зардал гарсан.

2 торх зарагдсан ба 2 торх тос Өмнөговь аймагт айлын хашаанд байгаа, уг моторын тосны үнэ 11,232,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй.

Иймд хариуцагч Д.Оээс үндсэн зээл 130,000,000 төгрөг, зээлийн хүү 85,800,000 төгрөг, алданги 65,000,000 төгрөг, нийт 280,800,000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17020, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоотын 128,37 м.кв 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О нь 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс Нарны хүү сарны охин ХХК-д ажилд орж 2019 оны 07 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг компанид ажиллаж байх үедээ захирал Д.Гүрсоронз компанийн үйл ажиллагаатай холбоотой зээл авах шаардлагатай гэсний дагуу бусдаас зээл авсан.

Үүний дагуу Д.О нь 2019 оны 06 сарын 26-ны өдөр С.Лтай зээлийн гэрээ 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 130,000,000 төгрөг зээлэн авч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан.

Уг зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17020, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоотын 128,37 м.кв 4 өрөө орон сууцаа барьцаалсан.

Зээлийн эргэн төлөлтийг Нарны охин сарны охин ХХК-ийн захирал Д.Гүрсоронз болон компанийн ажилтан М.Уянга нарын данснаас төлж байсан бөгөөд нийт 52,100,000 төгрөгийг дансаар төлсөн.

2019 оны 07 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2018 оны 08 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 29-ний өдөр 5,070,000 төгрөг, 2019 оны 12 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 01 сарын 25-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 02 сарын 19-ний өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 03 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 05 сарын 05-ны өдөр 7,800,000 төгрөг, 2020 оны 05 сарын 11-ний өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 06 сарын 05-ны өдөр 3,900,000 төгрөг, 2021 оны 05 сарын 28-ны өдөр 4,030,000 төгрөг, нийт 52,100,000 төгрөгийг дансаар төлсөн.

2022 оны 04 сарын 21-ний өдөр 11,232,000 төгрөгийн үнэ бүхий 4 торх моторын тос өгсөн. Ингээд нийт 63,332,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон бартераар зээлийн гэрээний үүрэгт төлсөн.

130,000,000 төгрөгийн сарын хүү 3,900,000 төгрөг, сунгасан хугацааны 7 сарын хүү 27,300,000 төгрөг, нийт 157,300,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс Д.Оийн төлсөн 63,332,000 төгрөгийг хасахад гүйцэтгээгүй үүрэг 93,968,000 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 46,984,000 төгрөгийн алданги тооцох эрхтэй.

Иймд хариуцагч Д.О нь гүйцэтгээгүй үүрэг 96,968,000 төгрөг, алданги 46,984,000 төгрөг, нийт 140,952,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас 139,848,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Талуудын ирүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгч С.Л нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Хан-уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17020, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоотын 128,37 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

зээлийн гэрээний хугацаа сунгалтууд, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Хаан банк дахь 5134066134 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Д.О нь хариу тайлбар, Б.Уранзаяад олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, Нарны хүү сарны охин ХХК-тай байгуулсан 2019 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 130,000,000 төгрөгийг 2019 оны 06 сарын 26-ны өдөр Нарны хүү сарны охин ХХКд шилжүүлсэн гэх баримт,

2022 оны 04 сарын 21-ний өдөр С.Лд 11,232,000 төгрөгийн моторын тос хүлээлгэн өгсөн гэх баримт,

2020 оны 05 сарын 27, 2020 оны 06 сарын 27-ны өдрүүдэд М.Уянгын Голомт банк дахь данснаас зээлийн төлбөр төлсөн баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2022 оны 12 сарын 07-ны өдрийн 28744 дугаар захирамжаар зохигчийн хүсэлтээр С.ЛынХаан банк дахь 5134066134 тоот дансны 2019 оны 07 сараас 2022 оны 04 сарын 21-ний өдрийг дуустал хугацааны хуулгыг,

Хаан банк дахь 5034462143, 5753352711 тоот данс эзэмшигчийн талаарх лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 215,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 65,000,000 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

/Үндсэн зээл 130,000,000 төгрөг

Зээлийн хүү 85,800,000 /2019.07.26-2022.06.28-ны хооронд 140,400,000 төгрөгийн хүү төлөхөөс төлөөгүй үлдсэн хүү гэх/

Алданги 65,000,000 төгрөг/

 

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Д.Отэй 2019 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 130,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэн, зээлдэгч нь төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

Мөн дээрх гэрээний талууд 2019 оны 10 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2019 оны 09 сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 сарын 26-ны өдөр хүртэл 2 сараар, 2019 оны 12 сарын 03-ны өдөр мөн гэрээний хугацааг 2019 оны 11 сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл 2 сараар тус тус сунгаж байсан нь хугацаа сунгалтын гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон болно.

 

2019 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, хугацаа сунгалтын гэрээ бүрт талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 3-6 дугаар тал /

 

Зээлдэгч О нь зээлдүүлэгч С.Лтай 2019 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр нь буюу 2019 оны 06 сарын 26-ны үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17020, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоотын 128,37 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206056290 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг барьцаалсан нь мөн өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 06 сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2019 оны 06 сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 4, 20 дугаар тал/

 

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоотын хаягт байршилтай, 128,37 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206056290 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц хариуцагч Д.Оийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 20 дугаар тал/

 

Зээлдүүлэгч С.Л нь гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 06 сарын 26-ны өдөр 130,000,000 төгрөгийг хариуцагч Д.Оийн Хаан банк дахь 5131071512 тоот дансанд шилжүүлсэн нь түүний 5134066134 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч Д.О 130,000,000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргахгүй байгаа ба гагцхүү уг мөнгийг Нарны хүү сарны охин ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа болно.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Хариуцагч Д.О нь 130,000,000 төгрөгийг СЛаас шилжүүлэн авсан өдрөө Нарны хүү сарны охин ХХК-тай зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг шилжүүлсэн гэж зээлийн гэрээ болон мөнгө шилжүүлсэн баримт ирүүлсэн бөгөөд зээлдэгч нь тухайн зээлийг хэнд шилжүүлснээс үл шалтгаалан зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

/ХХ-ийн 60-61 дүгээр тал/

 

Хариуцагч тал 2019 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 07 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2018 оны 08 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 29-ний өдөр 5,070,000 төгрөг, 2019 оны 12 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 01 сарын 25-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 02 сарын 19-ний өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 03 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 05 сарын 05-ны өдөр 7,800,000 төгрөг, 2020 оны 05 сарын 11-ний өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 3,900,000 төгрөг, 2020 оны 06 сарын 05-ны өдөр 3,900,000 төгрөг, 2021 оны 05 сарын 28-ны өдөр 4,030,000 төгрөг, нийт 52,100,000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 8-19, 63-64, 73-155 дугаар тал/

 

Мөн хариуцагч тал зээлийн төлбөрт 2022 оны 04 сарын 21-ний өдөр 4 торх, 1 торх нь 208 литр, 1 литр нь 13,500 төгрөгийн үнэтэй, нийт 11,232,000 төгрөгийн үнэ бүхий моторын тосыг зээлдүүлэгч С.Лд хүлээлгэн өгсөнтэй нэхэмжлэгч С.Л маргаагүй ба гагцхүү тэрээр уг тос зарагдахгүй байгаа тул уг мөнгийг зээлийн төлбөрөөс хасах боломжгүй гэж тайлбарлалаа.

/ХХ-ийн 62 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалтууд ёсоор зээлдэгч Д.О гэрээний хугацаа дууссан 2020 оны 01 сарын 26-ны өдөр үндсэн зээл 130,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон ч тэрээр уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

талуудын хооронд байгуулсан гэрээний 3-т Зээлдэгч төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 0,1 хувиар тооцож төлж байхаар тохиролцов хэмээн заасан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч Д.Оээс алданги шаардсан нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба бөгөөд зээлдүүлэгч С.Л нь 2022 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү нэхэмжилж байх боловч талууд 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, хүүг цаашид төлөх талаараа тохиролцон бичгээр баталгаажуулаагүй тул 2022 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хүүг хариуцагч Д.Оээс гаргуулах боломжгүй бөгөөд гэрээгээр тохирсон нийт 7 сарын хүүг тооцон гаргуулах үндэслэлтэй.

 

Хариуцагч Д.Оийн гүйцэтгэх үүрэг:

Үндсэн зээл 130,000,000 төгрөг,

Зээлийн хүү 27,300,000 төгрөг, /1 сарын хүү 3,900,000 төгрөг, 7 сарын хүү/

Нийт 157,300,000 төгрөг-63,332,000 төгрөг=93,968,000 төгрөг, /гүйцэтгээгүй үүрэг/

Алданги -46,984,000 төгрөг /Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

96,968,000 төгрөг+46,984,000 төгрөг=140,952,000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Оээс 140,952,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Лд олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 139,848,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.О зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Д.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоотын хаягт байршилтай, 128,37 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206056290 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулах болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Оээс 140,952,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Лд олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 139,848,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Лын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,790,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 932,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Лд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.О зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Д.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 34 тоотын хаягт байршилтай, 128,37 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206056290 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН