Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/00604

 

2023 01 25 101/ШШ2023/00604

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Ц. Бийн /РД: ххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот хаяг, Х ХХК-д /РД: ххххххххххххххх/ холбогдох

Орон сууц захиалгын гэрээнээс татгалзан, 82,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь Х ХХК-тай 2021 оны 09 сарын 22-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 21/39 дугаартай гэрээг байгуулсан.

Тус гэрээний 1.2, 2.1, 2.2-т тус тус зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Цэргийн хотхонд байрлах, Эрчим Арт ХХК-ийн 2.036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 3-р давхрын 53,7 м.кв талбайтай /айл 4/ 2 өрөө орон сууцыг 82,000,000 төгрөгөөр захиалан бариулах, төсөл хэрэгжүүлэгч Х ХХК нь гэрээний зүйл орон сууцны барилгыг 2021 оны 04 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч Ц.Б орон сууц захиалан бариулах гэрээний үнэ 82,000,000 төгрөгийг гэрээний 3.1-т заасны дагуу Ч.Оюун-Эрдэнийн Хаан банкны 5126017530 тоот данс руу 2021 оны 09 сарын 22-ны өдөр шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Гэрээ байгуулагдах үед барилгын явц 40-50 хувьтай байсан бөгөөд өнөөдрийг хүртэл барилгыг барьсан зүйл байхгүй, барилга ашиглалтанд ороогүй, хариуцагч Х ХХК нь 2021 оны 04 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчиж байна.

Ц.Б нь барилга ямар шалтгаанаар баригдахгүй байгаа талаар Х ХХК-иас тодруулахад хөрөнгө мөнгө байхгүй гэсэн шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч Ц.Бийн тухайд гэрээний үүргээ биелүүлэхийг Х ХХК-д амаар болон утсаар, биечлэн очиж уулзан шаардсан ч ямар ч үр дүн гарсангүй.

Талуудын байгуулсан гэрээний дагуу бий болох үр дүн нь өнөөдрийг хүртэл нэмж баригдаагүй, цаашдаа ч гэсэн баригдаж ашиглалтанд орох боломжгүй нь тодорхой байгаа тул орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзан,82,000,000 төгрөгөө шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Х ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзаж байх тул хариуцагч Х ХХК-иас 82,00,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х ХХК-ийн захирал Ц.Тулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 01 сарын 12-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг иргэдтэй байгуулах үед барилгын материалын хэвийн бус хөдөлгөөнтэй байсныг гэрээлэгч талууд аль аль нь олж хараагүй байсан.

Барилга барих явцад барилгын материалын үнэ урд өмнө байгаагүйгээр өссөн. Жишээ нь: Гол материал цементийн үнэ 5 дахин өсөж 1 тонн нь 250,000 төгрөг байснаа гэнэт өсөж 600,000 төгрөг болсон. Дан цемент ч биш бүх материал хамгийн багаар бодоход 2 дахин өссөн. Ингэсний улмаас санхүүжилт зогсон хүнд байдалд орсон.

Мөн дэлхий даяар давагдашгүй хүчин зүйл гарч корона вируст өртөн орон даяар бүх ажил зогссон.

Одоо санхүүжилт авч байж ажлаа явуулна. Барилга ашиглалтанд ороогүй нь газрын эзэмшигч Эрчим арт ХХК-тай холбоотой ба тус компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн.

Манай компани А, Б, В гэсэн 3 блок барилгыг барьсан ба ажлын хөлсөнд Эрчим арт ХХК-иас А блок болон Б блокийн зарим хэсгийг бартераар шилжүүлэн авсан.

Ч.Оюун-Эрдэнэ нь манай компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулан гэрээний төлбөрт 48,758,500 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгө барилгад хөрөнгө оруулалт болсон.

Үүнээс хойш тэрээр орон сууцаа Ц.Бт 82,000,000 төгрөгөөр худалдсан байсан ба Ц.Бт байрыг нэмэгдсэн өртгөөр зарсан байна. Уг 82,000,000 төгрөг манай компанийн дансанд ороогүй.

Орон сууцны анхны үнэ 48,758,500 төгрөгийг Ц.Бт хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байгаа ба орон сууцны барилга одоо 80 хувьтай байгаа бөгөөд энэ хавар ашиглалтанд орно гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэл, хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

2021 оны 09 сарын 22-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 82,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргийг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Х ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлүүд,

2019 оны 06 сарын 25-ны өдрийн 19/17 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, Ц.Бийн Х ХХК-д гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2021 оны 09 сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзан, 82,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Захиалагч Ч.Оюундэлгэр нь гүйцэтгэгч Х ХХК-тай 2019 оны 06 сарын 25-ны өдөр 19/17 дугаар бүхий орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч Х ХХК нь Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах, Эрчим арт ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 3-р давхар, 53,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 09 сарын 30-ны дотор батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч нь гэрээ байгуулсан 2019 оны 06 сарын 25-ны өдөр гэрээний төлбөр 48,478,500 төгрөг бүрэн төлж талууд тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 28-29 дүгээр тал/

 

Захиалагч буюу нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч буюу гүйцэтгэгч-төсөл хэрэгжүүлэгч Х ХХК-тай 2021 оны 09 сарын 22-ны өдөр 21/39 дугаар бүхий орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч Х ХХК нь нь Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах, Эрчим арт ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 3-р давхар, 53,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд багтаан батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч Ц.Б нь гэрээний үнэд 82,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 4-6 дүгээр тал/

 

Захиалагч Ч.Оюундэлгэрийн гүйцэтгэгч Х ХХК-тай 2019 оны 06 сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу захиалсан Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р цэргийн хотхон, 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 3-р давхар, 53,7 м.кв талбайтай, 2 өрөө бүхий 2019 оны 09 сарын 30-ны дотор батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан орон сууцыг Ц.Б худалдан авахаар болж гүйцэтгэгч Х ХХК-тай 2021 оны 09 сарын 22-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан талаар зохигч тайлбарлалаа.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2021 оны 09 сарын 22-ны өдрийн гэрээнд талууд буюу захиалагч Ц.Б, гүйцэтгэгч Х ХХК нар нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Дээрх гэрээг байгуулсан талаар талууд маргахгүй байгаа ба Х ХХК-ийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 21/02 дугаар бүхий орон сууцыг Ц.Бт зарсан нь үнэн ... гэх тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзэв.

/ХХ-ийн 51 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 сарын 22-ны өдрийн гэрээний 2.2-т Энэхүү гэрээгээр захиалга хийсэн байрны нийт төлбөр нь 82,000,000 төгрөг байна,

3.1-т Орон сууцны төлбөрийг дараах хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн доорхи харилцах данснуудын аль нэгэнд саадгүй шиилжүүлнэ. Харилцах данс нэр: Ч.Оюундэлгэр, Хаан банк 5126017530,

3.2-т Төлбөрийн нөхцөл: 2019 оны 06 сарын 25-ны өдөр иргэн Ч.Оюундэлгэртэй 19/17 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн ба Ц.Бт зарж байгаа тул гэрээний төлбөр блох 82,000,000 төгрөгийг 3.1 заалтанд байгаа Ч.Оюундэлгэр тоот дансанд бүрэн барагдуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч буюу захиалагч Ц.Б нь гэрээний 3.1-т заасны дагуу төлбөрийг төсөл хэрэгжүүлэгчийн шилжүүл хэмээн гэрээгээр тохирсон Ч.Оюундэлгэрийн 5126017530 тоот дансанд 2021 оны 09 сарын 22-ны өдөр 82,000,000 төгрөгийг байрны үнэд шилжүүлсэн нь зохигчийн тайлбар болон мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Хариуцагч Х ХХК нь Ц.Бийн гэрээний дагуу төлсөн 82,000,000 төгрөгийг компанийн дансанд ороогүй гэж маргаж байх боловч талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 сарын 22-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгэгч буюу төсөл хэрэгжүүлэгч Х ХХК-ийн гэрээний төлбөрт шилжүүл гэж заасан дансанд шилжүүлсэн байх тул хариуцагч талын 82,000,000 төгрөг компанийн харилцах дансанд ороогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Захиалагч Ц.Б нь гэрээгээр тохирсоны дагуу орон сууц 2021 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд орох байсан боловч ийнхүү хугацаандаа ашиглалтанд оролгүй, 2022 оны 05 сарын 18-ны өдөр болсон тул гэрээний үнэд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг гүйцэтгэгч буюу төсөл хэрэгжүүлэгч Х ХХК-д гаргажээ.

/ХХ-ийн 50 дугаар тал/

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчид шаардлага хүргүүлсээр атал хариуцагч гэрээгээр тохирсоны дагуу 2021 оны 04 дүгээр улиралд байрыг ашиглалтанд оруулах гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул захиалагч тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,

343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар 205.1-т заасныг нэхэмжлэгч Ц.Б нь Х ХХК-тай 2021 оны 09 сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээсээ гэрээнээсээ татгалзсантай холбоотой нэхэмжлэгч Ц.Бийн гэрээний үнэд төлсөн 82,000,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар 205.1-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 82,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Х ХХК-иас 638,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

 

3. Тус шүүхийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 28414 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Х ХХК-ийн банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 82,000,000 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН