Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/00708

 

 

 

 

 

 

 

 

                                             2023         01          31

                     101/ШШ2023/00708

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн хххххххххххх тоотод оршин суух, Урианхад овогт О.М-Э /рд:хххх/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ххххххххххх тоотод оршин суух Тугтан овогт Б.П /рд:ххххх/-д холбогдох,

 

4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.М-Э, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Хариуцагч Б.Пнь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Б.Птэй 2019 онд төмсний үр зарна гэсэн зарын дагуу танилцаж 2021 оны 5 сарын 19-ний өдөр Пийн хүүхдийнх нь ХААН банкны 5736163485 тоот дансанд нь 5 тонн төмсний үнэ болох 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 5 сарын 26-ны өдөр худалдан авсан төмсөө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүлээн авахад 1.2 тонн төмс дутуу хүлээн авсан тул энэ тухайгаа Пд нэн даруй хэлж зөрүү мөнгөө буцаан авахыг мэдэгдсэн. Пүрэвсүрэн ч мөнгийг ойрын хэд хоногийн дотор буцааж өгнө гэж амласан билээ. Хожим нь Б.Пгээс үрсэлгээний техникийг нь түрээслэхээр харилцан тохиролцож урьдчилгаанд түүний Худалдаа Хөгжлийн банкны харилцах дансруу нь 2022 оны 5 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч түрээсийн үнэ нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байгааг нь мэдээд үрсэлгээний техникийг нь түрээслэхээсээ тэр даруйд нь татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцаан авахаа 30 минутын дотор Б.Пд мэдэгдэхэд яг одоо буцаан шилжүүлье гэснээс хойш надад төлөх ёстой дээрх мөнгүүдийг маань өнөөг хүртэл буцаан төлөхгүй элдэв шалтаг, шалтгаан дурдан бултаж зугатсаар байна. Анх төмсний үнэд шилжүүлсэн 3,500,000 төгрөгөөс 700,000 төгрөгийн төмс нь шаардлага хангахгүй байсан. Хэрвээ 700,000 төгрөгт дүйцэх төмсний үрийг тарьсан байсан бол 2,500,000 төгрөгийн ашиг олох байсан.

Иймд дутуу нийлүүлсэн төмсний үрийн үнэд 2,500,000 төгрөг, үрсэлгээний техникийг түрээслэхээр өгсөн 2,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг Б.Пгээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариу тайлбар гаргах хугацаа дууссан боловч тэрээр шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан Б.Пгээс гараар бичсэн гэх бичвэрүүд, иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, фэйсбүүкээр харилцсан гэх захидал зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М-Э нь хариуцагч Б.Пд холбогдуулан  үрийн төмсний үнэ 2,500,000 төгрөг, үрсэлгээний техникийг түрээслэхээр өгсөн 2,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “иргэн Б.Пгээс 2021 онд худалдаж авсан үрийн төмсний зөрүүнд алдагдал болох 2,500,000 төгрөгийг 2022 оны 08 сарын 01-ний өдрийн дотогш хугацаанд боломжоороо 2 хувааж төлөхөөр тохиролцов” гэж, Мөн талууд “Б.Пиргэн М-Эээс 2022.05.23-нд тариалалтын урьдчилгаанд авсан 2 сая төгрөгийг 2022.06.19-нд төлөхөөр тохиролцоод шилжүүлж чадаагүй улмаас 2022.06.21-нд буцаан тохиролцлоо. 2022.06.21-нд мөнгөө шилжүүлэхээ амлаж байна” гэх баримтыг тус тус үйлдсэн байна. /хх-5-6/

 

3.1 Нэхэмжлэгч О.М-Э нь дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч Б.Пгээс нийт 4,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.2 Хариуцагч Б.Пнь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны хүсэлтийн шатанд үрсэлгээний техникийн түрээсийн үнэ 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төмсний үрийн үнэ 2,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 2,500,000 төгрөг төлөх тухай бичгийг надаар хүчээр бичүүлсэн гэж тайлбарласан.

 

4. Талуудын гаргасан тайлбараас үзэхэд зохигчид үрсэлгээний техникийн түрээсийн үнэ 2,000,000 төгрөгийг Б.Пнь О.М-Эд төлөх үйл баримтад маргахгүй байна. Харин үрийн төмсний үнэ 2,500,000 төгрөгий төлөх эсэх үйл баримт нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт тус тус зааснаар худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

 

4.1.1 Хэрэгт нотлох баримтаар авагдсан Голомт банк ХХК, Хаан банк ХХК-иудын дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч О.М-Ээс 2022 оны 05 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг Пүрэвсүрэнд тариалалт урьдчилгаа гэх гүйлгээний утгаар, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3,500,000 төгрөгийг төмсний үр гэх гүйлгээний утгаар тус тус хариуцагч Б.Пд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-8-10/

 

4.2 Нэхэмжлэгч О.М-Э нь шүүх хуралдаанд “...анх үрийн төмс худалдаж авахаар 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 700,000 төгрөгийн хэмжээний үрийн төмс нь нийлүүлээгүй. Хэрвээ 700,000 төгрөгийн үрийн төмс нийлүүлсэн байсан бол үүнээс 2,500,000 төгрөгийн ашиг олох байсан тул Б.Птэй уг тооцоог гаргаж, 2,500,000 төгрөгийг надад төлөх бичиг үйлдүүлсэн” гэж тайлбарласан.

 

4.2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

4.3 Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзэхэд 700,000 төгрөгийн хэмжээний үрийн төмсийг тарьж ургуулсан бол 2,500,000 төгрөгийн ашиг олох байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ийм хэмжээний ашиг олох байсан гэх баримтгүй, ямар тооцоо судалгааг үндэслэн 2,500,000 төгрөгийн үнийн дүнг гаргасан нь тодорхойгүй байна.

 

4.4 Хэдийгээр зохигчид 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг 2 хувааж төлөх талаар баримт үйлдсэн байх боловч уг баримтыг үйлдэх болсон үндэслэлийг нэхэмжлэгч О.М-Э нь шүүх хуралдаанд өөрөөр тайлбарласан, хариуцагч Б.Пгээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх баримтыг хүчээр бичүүлсэн гэж тайлбар гаргасныг хэрэгт авагдсан баримтуудтай тал бүрээс нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь 2,500,000 төгрөгийг үрийн төмсний үнэд шаардсан нь үндэслэлгүй байна.

5. Хариуцагч Б.Пнь нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан боловч өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

5.1 Хариуцагч Б.Пнь шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, үрийн төмсөнд 2,500,000 төгрөгийг төлөхгүй гэх боловч үүнтэй холбоотой баримтаа цуглуулж өгөөгүй.

 

5.2 Иймд хариуцагч Б.Пгээс үрсэлгээний техникийн түрээсийн үнэ 2,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон дутуу нийлүүлсэн үрийн төмсний үнэ 700,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-Эд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

6. Хариуцагч Б.Пнь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож хойшлуулсан. Хариуцагч Б.Пнь шүүх хуралдааны товыг мэдсээр атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 2,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 58,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг тус тус зааснаар хариуцагч Б.Пгээс 2,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БЯМБАЖАРГАЛ